Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00626

 

 

“Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01329 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 457 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Түмэндэлгэрт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 240 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн машины үнийн зөрүү болох 23 912 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гэрэлийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Түмэндэлгэр 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй Солонгос улсаас барилгын материал оруулж барилгын дотор засал хийхээр зээлж авсан. 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 9 492 000 төгрөг нэмж авсанаа төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 01-ний дотор зээл хүүгээ бүрэн төлж барагдуулна гэж харилцан тохиролцсон боловч төлөлт хийгдээгүй. Эхний үед зээлийн хүүгээ төлж байгаад сүүлдээ төлөхөө больсон. Өнөөдрийг хүртэл зээл, хүү төлөгдөөгүй учраас 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 34 492 000 төгрөг, үндсэн хүү 32 008 570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 401 710 төгрөг, нийт 72 902 280 төгрөгийн төлбөр хуримтлагдсан. Зээлдүүлэгчийн зүгээс энэхүү хуримтлагдсан төлбөрийн нэмэгдүүлсэн хүүгийн хэсгээс татгалзаж үндсэн зээл, хүүг нэхэмжилж байна. Энэ нь 66 500 570 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа төлөгдөөгүй зээл болон зээлийн хүүг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тооцож 51 240 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 000012286 тоот гэрчилгээтэй, Ү-2205001096 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 98 тоот орон сууцаар хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М.Түмэндэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч 2012 оны 01 дүгээр сарын З0-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Зээлж авсан мөнгөө зээлийн гэрээнд заасан хүү болох сарын 800 000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 4 853 350 төгрөгийг төлсөн. Ингээд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 800 000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1 920 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3 840 000 төгрөг нийт 10 560 000 төгрөг төлсөн. Энэ нь зээлээс төлсөн учраас үндсэн зээлээс хасагдана гэж үзэж байна. 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 9 492 000 төгрөг зээлж авсан боловч буцааж төлсөн. Уг зээлийг төлсөн учраас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй. 25 000 000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээ хугацаандаа 4 853 350 төгрөгийн хүү төлсөн. Зээлийн гэрээний дагуу тооцохоор нийт 14 440 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 14 600 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01329 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Түмэндэлгэрээс 51 186 650 төгрөгийг гаргуулан "Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 53 350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Түмэндэлгэр машины үнийн зөрүү болох 3 912 000 төгрөгийг "Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан болохыг баталж, нэхэмжлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 413 883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 275 500 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 457 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар М.Түмэндэлгэрээс төгрөгийг 27 142 899 төгрөгийг гаргуулан "Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 097 101 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Түмэндэлгэр шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлвэл барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 24 дүгээр байрны 98 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн 3 дахь заалтын 413 883 төгрөг гэснийг 293 664 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн төлсөн 342 000 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааны агуулгыг зөв тодорхойлж чадаагүйн улмаас зээлдэгчийн төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүүг буруу тооцоолон нэхэмжлэлийн шаардлагаас 24 097 101 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар М.Түмэндэлгэрээс үндсэн зээл 25 000 000 төгрөг болон уг зээлийг ашигласан хугацаа болох 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 54 сарын хүү болох 43 200 000 төгрөгийг нэхэмжлэн авах эрхтэй. Гэтэл зээлдэгч өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байхад түүний төлөх үүргийн дүнг үндэслэлгүйгээр багасгаж тооцсон нь ойлгомжгүй байхаас гадна хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 6 сар гэж тооцож, зээлдэгч нь зөвхөн 6 сарын хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байдлаар дүгнэсэн нь буруу юм. Хэрэгт хариуцагчийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагад гаргасан хүсэлт авагдсан ба энэ хүсэлтээр үндсэн зээл, хүү төлөөгүй байгаа учраас 2014 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж өөрийн хүлээсэн үүргээ тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн. Шүүх энэ баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:      

Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК нь нэхэмжлэлийг бүрэн хангаж өгөхийг хүсч, хяналтын журмаар гомдол гаргажээ.

 “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК нь хариуцагч М.Түмэндэлгэрээс 2012 оны 01 дүгээр сарын 30-ны, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хоёр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34 492 000 төгрөг, хэтэрсэн хугацааны зээлийн хүүд 32 008 570 төгрөг, нийт 66 500 570 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан боловч 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үндсэн зээл 9 492 000 төгрөгийг хариуцагч төлснийг зөвшөөрч, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 51 240 000 төгрөг гаргуулахаар тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжжээ. 51 240 000 төгрөгийн шаардлагаас 25 000 000 төгрөг нь үндсэн зээл, 26 240 000 төгрөг нь зээлийн хүү байна.

 Хариуцагч  нэхэмжлэлээс 14 440 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг нь төлөхгүй гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад машины үнийн зөрүү 23 0912 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч  татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зээлийн гэрээнээс үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж, зөвтгөхдөө  зээлийн гэрээний хэтэрсэн хугацааг буруу тооцож, зээлдэгчийн биелүүлэх үүргийн хэмжээг тодорхойлж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болсон байх ба гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1.2-т заасан зохицуулалтад нийцүүлэн дүгнэсэн байна.

2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК нь зээлдэгч М.Түмэндэлгэрт 25 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Хариуцагч нь үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 4 800 000 төгрөгийг тохирсон хуваарийн дагуу буцааж төлөх үүрэг хүлээсэн байна.

Гэрээний хугацаа 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусахад хариуцагч үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 4 853 350 төгрөг төлсөн байжээ. Гэрээний үүрэг 29 800 000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 4 853 350 төгрөгийг хасахад гэрээний хугацааны хүү бүрэн төлөгдөж, үндсэн зээлээс 53 350 төгрөг хасагдаж 24 946 650 төгрөгийг үндсэн зээл үлдсэн байна.

  Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон тул зээлдэгчийн хийсэн төлөлтийг дээрх журмын дагуу тооцно.

2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 24 946 650 төгрөгийн үндсэн зээл үлдсэнийг хариуцагч төлөөгүй, ашигласан хэвээр байсан байх ба 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 800 000 төгрөг төлжээ. Энэ хүртэл хугацаанд хариуцагч нь зээлийн хүүд 798 289 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд 800 000 төгрөгийг үндсэн зээлээс хасахад 24 146 550 төгрөг үлдэнэ.

 Хариуцагч нь дараагийн төлөлтөд  2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг төлжээ. Уг мөнгийг төлөх хүртэл хугацаанд сард 772 689 төгрөгийн хүү төлөх бөгөөд 2012 оны 09 дүгээр сарын 02-ноос 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 4 сар 13 хоногийн хугацааны хүү 3 425 587 төгрөгийг төлөх үүрэгтэй ба үндсэн зээлээс 4 000 000 төгрөг хасагдаж 20 946 550 төгрөгийн үндсэн зээл үлдэнэ. 

Хариуцагч нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1 920 000 төгрөгийг төлжээ. 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс төлөлт хийсэн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хариуцагч нь 20 946 550 төгрөгийн зээлийн сарын хүү 670 289 төгрөг, нийт 1 сар 20 хоногийн хүүд 1 117 148 төгрөг төлөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үндсэн зээлээс 1 920 000 төгрөгийг хасахад 19 026 550 төгрөгийн зээл үлдэнэ.

Хариуцагч нь 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3 840 000 төгрөгийг төлжээ. 2013 оны 03 дугаар сарын 07-ноос 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд төлөх зээлийн хүү 2 681 156 төгрөг болох ба үндсэн зээлээс 3 840 000 төгрөгийг хасахад 15 186 550 төгрөгийн үндсэн зээл үлджээ.

Хариуцагч нь үндсэн зээл 15 186 550 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон 2016 оны 07 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд буюу 36 сараар, нэг сарын хүү 485 969 төгрөгөөр тооцоход нийт 17 494 884 төгрөгийн  хүүг төлөх үүрэгтэй байна.

Үүргийг нэгтгэн дүгнэвэл зээлдэгч нь үндсэн зээл 15 186 550 төгрөг, зээлийн хүүд 25 517 064 төгрөг, нийт 40 703 614 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэх ёстой  байна.

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцааж төлөх үүрэгтэй бөгөөд авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт  зохицуулагджээ. Хариуцагч нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүргээ хүлээн зөвшөөрч байсан нь бичгийн баримтаар нотлогдож байх ба зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн  байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 457 дугаар магадлал, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М.Түмэндэлгэрээс 40 703 614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10 536 386 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч сайн дураар үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байрны 98 тоот орон сууцыг албадан худалдаж, орон сууцны үнээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...413 883... гэснийг ...361 468.07...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА