Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ... тоотод оршин суух Б овогт Мийн Б,

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны дарга Б.Огт хариуцагдах, 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн .. тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг даалгах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Б.О, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сайнцагаан сумын сонгуулийн хороонд миний бие Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд бие даан нэр дэвших шаардлагатай материалыг хуулийн хугацаанд 2016 оны 9 сарын 2-ны өдөр сумын сонгуулийн хорооны дарга Б.О, гишүүн Б нарт өөрийн биеэр хүлээлгэж өгсөн. Би Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгогч дэмжигчийн жагсаалтаар 78 иргэний нэрсийн жагсаалт өгсөн. 78 иргэний жагсаалтаас 9-р сарын 1-нд гарын үсэг зуруулсан 20, регистрийн дугааргүй 2, тулгалт хийхэд зөрчилтэй гэх 5 хүн хасагдсан. 78 иргэний зөрчилтэй 27 иргэн хасагдаж, 51 иргэн зөрчилгүй байгаа. Тулгалт хийсэн 5 хүнтэй миний бие 9 сарын 8-ны үдээс хойш ярихад нэг нь холбогдоогүй, 4 хүн нь хаанаас юуны тухай, ямар зорилгоор асууж байгаагаа сайн тайлбарлаагүй, хичээлтэй, хөдөө явсан үед, машин засварлаж байх үед, амбаарт юм хийгээд завгүй үед ярьсан тул завгүй байна, хэний төлөө зурсан нь та нарт ямар хамаа байна гэх зэргээр сайн тайлбарлаагүй иргэн байсан. Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-т сумын сонгуульд нэр дэвшигч нь 51-ээс доошгүй дэмжигч-сонгогчийн бүртгэл байх ёстой заалтыг биелүүлсэн. Миний дэмжигч сонгогчийн зөрчилгүй иргэний тоо 51 байгаа нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 156.2.3 дах заалтыг зөрчөөгүй болно.

Энэ байдлаа Сайнцагаан сумын сонгуулийн хороо, аймгийн Цагдаагийн газарт тус тус хандсан. Би Сайнцагаан сумын сонгуулийн хорооны 9 дүгээр сарын 8-ны өдрийн .. тоот тогтоолыг эс зөвшөөрч өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандлаа. Зөрчилтэй гэх Д.Б, Б.Д нар өөрсдөө зурсан. Ч.Э, А.Т, Б.А нарын гарын үсгийг нөхөр, эхнэр нь зурсан байсан.

Иймд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн .. тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү ” гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Би хуулийн дагуу дэмжигч 78 хүний нэрсийн жагсаалтыг гарын үсэгтэй нь сонгуулийн хороонд өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зуруулсан гээд 20 хүн, 2 хүн  регистрийн дугааргүй, 5 хүн тулгалт хийгдээд тус тус дэмжигч 78 хүнээс хасагдсан. Ингээд 78 дэмжигчээс 51 дэмжигч үлдсэн тул сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-т заасны дагуу 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан байна гэсэн шаардлагыг хангасан. Хасагдсан 20 хүний хувьд би уг нь асуудалгүй гэж ойлгосон. Гэтэл сонгуулийн хороо ганц бие даагч надад Сонгуулийн тухай хуульд заасан хуулийн хугацааг тайлбарлаж өгөөгүй. Би хуулийн хугацаа өнгөрсөн байхад буюу 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 20 хүний гарын үсгийг зуруулж авсан байсан. Тулгалт хийсэн таван хүний гурав нь манайд ажилладаг Ш, Са, Б нар эхнэр, нөхрийнхөө өмнөөс гарын үсэг зурсан. Б Д хоёроор 2016 оны аймгийн сонгуульд миний дор ажиллаж байсан Э гарын үсэг зуруулсан байсан. Би 2016 оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Улаанзагалмайн хорооны хуралтай байсан. Тухайн үед сонгуулийн хорооны дарга Б.Отэй утсаар ярихад манайд ч гэсэн Мандал багийн хүмүүс байгаа та гарын үсгээ зуруулчих гэж өөрөө хэлж байсан  мөртлөө дараа нь зөрчил гэж үзсэн. Ер нь сонгуулийн хороо яавал өө гарах вэ гэдэг үүднээс хандсан. Гарын үсэг зурсан хүмүүсийг 51-ээс доош байлгах зорилго тавьсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.

Хариуцагч Сайнцагаан сумын сонгуулийн хорооны дарга Б.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх материалыг хуулийн хугацаанд ирүүлсэн. Сонгогчдын цуглуулсан 78 иргэний гарын үсэгтэй жагсаалтыг хүлээлгэн өгснөөс 20 иргэний гарын үсгийг 09 сарын 01-нд зуруулсан нь Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 154.2, 158 дүгээр зүйлийн 158.1.1 дэх заалтыг зөрчсөн. Гарын үсэгтэй жагсаалтын 7, 8, 12-т бичигдсэн иргэнийг М.Б өөрөө энэ багийнх биш гэсэн тул нийт 55 иргэний гарын үсэг үнэн зөв эсэхийг сонгуулийн хорооны гишүүд түүвэрлэн утсаар ярьж тулгахад 5 иргэн гарын үсэг зураагүй гэсэн тайлбарыг өгсөн нь Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.1.4 “а” заалтыг зөрчсөн. Иймд сонгуулийн хорооны 03 тоот тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан болно. Ер нь 158 дүгээр зүйлийн 158.1.1-ийг зөрчсөн нь татгалзах бүрэн үндэслэл болж байна. Сумын сонгуулийн хороо хуулийн дагуу ажилласан болно” гэжээ.

Хариуцагч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Сонгуулийн хороонд Б нь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр буюу хуулийн хугацаанд материалаа бүрэн өгсөн. Хуулийн дагуу эхлээд намаас нэр дэвшсэн хүмүүсийн материалтай танилцаад тогтоолоо гаргадаг. Дараа нь бие даан дэвшигч нарын материалтай танилцаад тогтоол гаргадаг. М.Бгаас 78 хүний гарын үсэг зурсан нэрсийн жагсаалтыг сонгуулийн хороонд өгсөн. Үүнээс 20 хүний гарын үсэг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдах хуулийн хугацаа өнгөрсөн үед зурагдсан, 3 хүнийг Б өөрөө материалаа өгөхдөө энэ 3 хүн энэ багийнх биш гэж хэлсэн. Иймд тухайн 3 хүнийг нь хасахад 55 хүний нэр үлдсэн. Улмаар нийт 55 иргэний гарын үсгийг үнэн зөв эсэхийг шалгасан. Утсаар ярьж лавлаж асуухад 5 хүн нь өөрөө гарын үсэг зураагүй гэсэн. Ингээд 50 хүний гарын үсгийг хуулийн шаардлага хангасан гэж үзсэн. Хамгийн гол нь 51-ээс доошгүй хүний гарын үсэг гэх тоондоо биш Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасны дагуу хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулаагүй нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах бүрэн үндэслэлтэй байгаа. Энэ үндэслэлээр М.Бг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах шаардлагатай байсан байна гэж одоо бодож байна. Гарын үсэг хуурамчаар зурсан гэдгийн хувьд сонгуулийн хорооны гишүүддээ М.Бгийн өгсөн нэрсээс нилээдгүй хэсгийг хувааж өгөөд гарын үсэг зурсан эсэх тухай утсаар лавлуулахад 5 хүн нь гарын үсэг зураагүй гэж хариулсан. Зурсан гэж хариулсан хүмүүсийн ярианы бичлэгийг хийх шаардлагагүй гэж үзсэн. Зөвхөн зураагүй гэж хариулсан хүмүүсийн яриаг баримтжуулсан. CD бичлэгийн 5 дах хүн нь бүртгэлийн 28-д бичигдсэн А гэдэг хүн. Энэ хүнтэй Э ярьсан юм. Иймээс ... тоот тогтоолд хуурамчаар үйлдсэн тухай оруулж өгсөн. Сонгуулийн хороо гарын үсгийг судалж байна гэдэг нь нэхэмжлэгчид боломж олгож байгаа хэлбэр юм. 78 хүний гарын үсэг эсэхэд эргэлзээ байгаа. Яг өөрөө зурсан хүмүүс цөөхөн байгаа гэж бодож байна. Сонгуулийн хороо хуулийн дагуу шийдвэрээ гаргасан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн ... тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн ... тоот тогтоолоор Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.8, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.4 “а” дахь заалтуудыг үндэслэн Маньдаагийн Бг орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мөн хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д “Нэр дэвшигчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгоно”, 157.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уул ажлыг санал авах байраар гүйцэтгүүлж болно”, 157.9-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана”, 158 дугаар зүйлийн 158.1.1-д “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй”, 158.1.4.а.-д “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж тус тус заасан байна.   

1.Нэхэмжлэгч М.Б нь бие даан нэр дэвшигчийн дэмжигч сонгогчийн бүртгэлд нийт 78 сонгогчдын гарын үсгийг цуглуулж холбогдох материалыг хуулийн хугацаанд Сайнцагаан сумын сонгуулийн хороонд ирүүлсэн байна.   

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Сайнцагаан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, хариуцагч Б.Оийн шүүх хуралдаан дээр гаргасан “…Үүнээс 20 хүний гарын үсэг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдах хуулийн хугацаа өнгөрсөн үед зурагдсан, 3 хүнийг Б өөрөө материалаа өгөхдөө энэ 3 хүн энэ багийнх биш гэж хэлсэн. Улмаар 55 хүний нэр үлдсэн. Бийн өгсөн нэрсээс нилээдгүй хэсгийг хуваан гишүүддээ өгөөд утсаар ярьж лавлаж асуухад 5 хүн нь өөрөө гарын үсэг зураагүй гэсэн. Ингээд 50 хүний гарын үсгийг хуулийн шаардлага хангасан гэж үзсэн …” гэх тайлбараас дүгнэхэд Сайнцагаан сумын сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн М.Бийн дэмжигч сонгогчийн бүртгэлд цуглуулсан 78 сонгогчдын гарын үсэгнээс 50 сонгогчдын гарын үсгийг хуулийн шаардлага хангасан гэж үзсэн байх тул эдгээр 50 сонгогчдын бүртгэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин маргаан бүхий актыг гаргах гол үндэслэл болгосон 28 хүн буюу хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй 20, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 5, тухайн багийн иргэн биш гэсэн үндэслэлээр сонгогчдын тоонд оруулаагүй 3 хүний бүртгэлд тус тус дүгнэлт хийх нь зүйтэй байна.

А/ Сонгогч дэмжигчийн бүртгэлийн 20, 21, 22, 23, 24, 25, 26, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78  гэсэн дугааруудад бүртгэгдсэн сонгогчид нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсгээ зурсан байх бөгөөд энэ нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг зөрчиж байх тул Сайнцагаан сумын Сонгуулийн хороо нь дээрх дугааруудад бүртгэгдсэн нэр бүхий 20 сонгогчдын гарын үсгийг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдах хуулийн хугацаа өнгөрсөн үед зуруулсан байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Б/Хариуцагч Б.Онь бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “…Б өөрөө материалаа өгөхдөө жагсаалтын 7, 8, 12-т бичигдсэн энэ 3 хүн энэ багийнх биш гэж хэлсэн. Иймээс тухайн 3 хүнийг нь хасахад 55 хүний нэр үлдсэн. Улмаар нийт 55 иргэний гарын үсгийг үнэн зөв эсэхийг шалгасан …” гэх тайлбарыг гаргах хэдий ч энэхүү тайлбар нь сонгуулийн тухай хуулиар өөрт олгогдсон нягтлан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл шалтгаан биш болно.

Бүртгэлийн 7, 8 дугаарт бүртгэгдсэн Б.А, Ц нарын регистрийн дугаар нь дэмжигч сонгогчийн бүртгэлд бичигдээгүй байсан тул бүртгэлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байх ба харин бүртгэлийн 12 дугаарт бүртгэгдсэн П.М нь Сайнцагаан сумын 9-р багийн иргэн мөн эсэх талаар тодруулахад гэрч Б.Хийн “… манай багийн үндсэн харъяат мөн, зөвхөн хашаагаа л өөрчилсөн…” гэх мэдүүлэг, Пийн Мын иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудаар Пийн Мнь бүртгэлд бүртгэгдсэн Мандлын ...тоотод байнга оршин суудаг, мөн Сайнцагаан сумын 9-р багийн үндсэн харъяат болох нь тогтоогдож байна.

Иймээс Сайнцагаан сумын Сонгуулийн хороо нь сонгогч дэмжигчийн бүртгэлд бүртгэгдсэн нэрсийн жагсаалтаас Пийн Мыг тухайн багийн иргэн биш гэсэн үндэслэлээр хассан нь үндэслэлгүй байна.  

В/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын сонгуулийн хорооноос нотлох баримтаар ирүүлсэн CD бичлэгт 6 хүнтэй утсаар ярьсан яриа бичигдсэн байсан бөгөөд уг бичлэгээр Б.Д “… зурж амжаагүй…”, Цэийн М “… зурсан…”, Ту ”… зураагүй…”, Б.Б ” … мэдэхгүй…”, 5 дахь этгээд “… үгүй ээ…”, Э“… мэдээ ч…” үгүй гэж тус тус хариулсан байна.

Бичлэгийн 5-д бичигдсэн яриаг хариуцагч Б.О “… Э бүртгэлийн 28-т бичигдсэн Адтэй ярьсан яриа байна” гэж тайлбарлах боловч бичлэгт бичигдсэнээр хэн гэдэг хүнтэй ярьсан нь тодорхойгүй буюу энэ нь баримтаар тогтоогдохгүй байх тул “… зураагүй …” гэж хариулсан дэмжигч сонгогчдын тоонд оруулан тооцох боломжгүй байна.

Мөн бүртгэлийн 28 дугаарт бүртгэгдсэн Бы Аийн утасны дугаар нь 7 орон тоотой тоогоор бичигдсэн /гүйцэт биш/ байгаа нь хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэх нөхцөл болж байсныг дурьдах нь зүйтэй байна.  

CD бичлэг дэх 6 хүний ярианаас дүгнэхэд Б.Д, Т, Д.Б, Э нар нь дэмжигч сонгогчийн бүртгэлд өөрсдөө гарын үсгээ зураагүй болохоо хүлээн зөвшөөрсөн нь нотлогдож байх тул Сайнцагаан сумын Сонгуулийн хороо дээрх нэр бүхий 4 хүний гарын үсгийг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 “а” дахь заалтыг зөрчиж цуглуулсан гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.

2. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч М.Б нь дэмжигч сонгогчийн бүртгэлийн 3, 7, 8, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 33, 52, 54, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78 гэсэн дугаарт бүртгэгдсэн нэр бүхий 26 хүний гарын үсгийг хуулийг  зөрчиж зуруулсан байх тул дэмжигч сонгогчийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 78 сонгогчдоос 26 сонгогчдын гарын үсгийг хасч тооцох нь зүйтэй байна.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.3-т “сумын хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 51-ээс доошгүй” байна гэж заасан байх ба нэхэмжлэгч М.Бгийн хувьд дэмжигч сонгогчдын тоо 52 байгаа нь хуульд заасан тоонд хүрсэн байна.

Ийнхүү дэмжигч сонгогчдын бүртгэлд нийт 52 сонгогчдын гарын үсгийг зуруулсан, мөн эдгээр сонгогчдод Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 03 тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр Мийн Бг бүртгэх шийдвэр гаргахыг Сайнцагаан сумын сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 156 дугаар зүйлийн 156.2.3, 157.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Мийн Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай ...тоот тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн 2016 оны сонгуулийн Сайнцагаан сумын 9-р тойрогт бие даан нэр дэвшигчээр Мийн Бг бүртгэх шийдвэр гаргахыг Сайнцагаан сумын сонгуулийн хороонд даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сайнцагаан сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч М.Б, хариуцагч Б.О нар шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           В.Ц