Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 38

 

Б.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1239 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1033 дугаар магадлалтай, Б.С-д холбогдох 1706014100031 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, Б овогт Б-н С.

Б.С- нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий хохирогч нарын орон байранд нэвтэрч, 41 удаагийн үйлдлээр эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 35,545,154 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар, бусдын орон байранд нэвтрэн авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар Б.С-ыг 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.С- гаргасан гомдолдоо “...Үйлдсэн хэргийн талаар зарим эргэлзээ бүхий нөхцөл байдлууд, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулж миний эрх зүйн байдлыг дордуулсан асуудал байгаа тул хүсэлт гаргаж байна. ...Мөрдөгчид ...үйлдсэн хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, ...хэргийг чинь нэгтгэх учир санаа зоволтгүй гэсэн. ...Гэтэл миний эрх зүйн байдлыг дордуулж, нэмж нэгтгэн шийдвэрлэлгүй тус тусад нь шийтгэж байна. ...Мөн анхан шатны шүүх дээр уг санал хүсэлтийг гаргасан боловч учир битүүлэг шалтгаанаар шийдвэрлэж өгөөгүй болно. Миний бие 70 гарсан өндөр настай эх болон 10 настай хүүгийн хамт амьдардаг, ...бусадтай бүлэглэн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлээд байхад тусгаарлаж шийтгэж байгааг ойлгохгүй байна. Мөн Эрүүгийн шинэчилсэн хуульд 9, 1, 6-д зааснаар хүн бүр адил тэгш үүрэг эдэлнэ гэсэн байдаг.

Иймд миний бие Г.Б, н.С, хөмсөг хочтой н.З нартай хулгайлах гэмт хэрэг хамт үйлдсэнээ үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байгаа тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.С-ад холбогдох хэргийн тухайд анх 2018 оны 09  дүгээр сарын 13-ны өдөр Б.С-, н.Н, н.Н нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг зүйлчлэхдээ хулгайлах гэмт гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байна гэсэн үндэслэлээр Б.С-ын хэргийг тусгаарласан. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тусгаарлах тогтоолоо үйлдсэн. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б.С-ад холбогдох 41 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Б.С- нь 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор Б.С-, н.У, н.О нарт холбогдох хэргийг Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолоор хэргийн дугаар, үйлдэл нь тохирч байгаа учраас иргэн Б.С- нь нэг удаагийн үйлдэлтэй юм байна, хоёр удаагийн үйлдэл биш юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Б.С-ын гомдолд  дурдаад байгаа н.Б-тай хамтарч хулгайн хэрэг үйлдсэн тухайд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 417 тоотод эд зүйл хулгайлж 635,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Б- олдохгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг тусгаарласан. Б-ы үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн байгаа учраас Б.С-ын үйлдэл үлдээгүй гэж үзэж байна. Б.С-ад холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.С-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.С- нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий хохирогч нарын орон байранд нэвтэрч, 41 удаагийн үйлдлээр эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 35,545,154 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.С-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилжээ.

Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харьцуулан дүгнэж, нэгтгэн үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үндэс болгосон гэх шинжид хамааруулан зүйлчилж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.

Түүнчлэн хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэрэгт авагдаагүй, шүүхээр хянан хэлэлцээгүй баримт мэдээлэлд үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...хэргийг нэмж нэгтгэлгүй эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн, бусадтай бүлэглэж үйлдсэн хулгайлах хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1239 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1033 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.С-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН