Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01592

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01592

 

 

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэнНийгий хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01176 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т--д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 9 766 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, Ч.Сувдмаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 6 729 600 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Т--д Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-д заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17.1.1, 17.1.4-т ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэгтэй гэснийг зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 6 729 600 төгрөгөөс төлөгдсөн 2 100 000 төгрөгийг хасч үлдэх 4 629 600 төгрөг, алданги 3 037 200 төгрөг нийт 7 666 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т- нь шүүхэд болон төлөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6 729 600 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор багтаан төлөх бөгөөд алданги тооцсон 3 037 200 төгрөгийг төлөх боломжгүй. Нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 3 дугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон болохыг мэдэгдсэн. Т- нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1 500 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 600 000 төгрөг нийт 2 100 000 төгрөг төлсөн тул хасч тооцуулна гэв.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т--аас 6 944 400 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 822 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т--аас улсын тэмдэгтийн хураамжид 126 060 төгрөгийг гаргуулж улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдолдоо:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, Ч.Сувдмаа нарт олгосон итгэмжлэл нь эвлэрэхээс бусад эрхийг олгосон итгэмжлэл байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтантай уулзсан, эвлэрүүлэн зуучлах туслалцаа авсан тохиолдолд эвлэрэх бүрэн боломжтой байсан. Шүүхээс зүгээс иргэний хэрэг үүсгэснээс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх хэсэгт заасан ажиллагааг огт хийгээгүй. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгчийн эвлэрэх эрхгүй төлөөлөгч нараас эвлэрэх боломжтой эсэхийг асууж, хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, эрхээр нь хангаагүй гэж үзэж байна. Үүнээс гадна тус шүүхийн шүүгчийн 2019.5.20 өдрийн 4301 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. 2. Шүүхийн шийдвэрийн талаар: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийхээр хуульчилсан. Аливаа байгууллага харъяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэстэй анхлан бичгээр гэрээ байгуулж, нийгмийн даатгалын тайлан гаргаж явуулах, нийгмийн даатгал төлөх эрх үүсдэг. Хэргийн материалд Т- нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй анх байгуулсан гэрээ авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу алданги тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Т--д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 6 729 600 төгрөг, алдангид 3 037 200 төгрөг, нийт 9 766 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч Т- нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.7 дахь хэсэгт заасан шимтгэл төлөгч, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу оногдох шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчсөн үйл баримтад маргаангүй. Харин алданги төлөх хууль зүйн үндэслэлийн талаар талууд маргажээ. /хх 6,7,15/

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ. Хариуцагч Т- нь ажиллаж буй даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь багтаан төлөх үүргээ зөрчсөн тул дээрх хуульд заасан үүрэг үүсчээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, Нийгмийн даатгалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас шимтгэл, алдангид 6 944 400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

Хариуцагч тал шүүх эвлэрүүлэх ажиллагаа явуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл заан давж заалдах гомдол гаргасан байна. Хэргийн 29, 42-47 дугаар талд авагдсан итгэмжлэл, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч байгуулага нь Э.Ариунаа, Ч.Сувдмаа нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч тал эвлэрэх хүсэлтээс татгалзжээ. Үүний улмаас шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт нийцэж байх тул зохигчдыг эвлэрэх боломжоор хангаагүй, тэдгээрийн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД