Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2019/01176

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж  тоот хаягт байрлах, Ч хэлтэсийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: дүүрэг, хороо, хороолол байр  тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-д холбогдох

 

            Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 9,766,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А, Ч.С, хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч хэлтэс шүүхэд болон төлөөлөгч Э.А, Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 6,729,600 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.  Тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.  Т ХХК-д Ч хэлтэсийн Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага,2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөөгүй.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-д заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17.1.1, 17.1.4-т ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэгтэй гэснийг зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 6,729,600 төгрөгөөс төлөгдсөн 2,100,000 төгрөгийг хасч үлдэх 4,629,600 төгрөг, алданги 3,037,200 төгрөг нийт 7,666,800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангийг хасах боломжгүй тул эвлэрэхгүй гэв.

 

Хариуцагч Т ХХК нь шүүхэд болон төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,729,600 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны дотор багтаан төлөх бөгөөд алданги тооцсон 3,037,200 төгрөгийг төлөх боломжгүй. Нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 03 сард үйл ажиллагаагаа зогсоосон болохыг мэдэгдсэн. Т ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг нийт 2,100,000 төгрөг төлсөн тул хасч тооцуулна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж алдангийг хасч эвлэрэх саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Ч хэлтэс нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6,729,600 төгрөг, алданги 3,037,200 төгрөг нийт 9,766,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т ХХК нь компанийн үйл ажиллагаа доголдсон тул алданги төлөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчид нийгмийн даатгалын шимтгэлийн 9,766,800 төгрөгийн өр үүссэн тооцооллын тухайд маргаагүй.

 

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргийг ажил олгогч буюу Т ХХК хүлээсэн бөгөөд тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь Албан шаардлага, Мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан бөгөөд хариуцагч Т ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч энэхүү хуульд зааснаар алданги тооцсон нь үндэслэлтэй.

 

Харин хариуцагч Т ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг нийт 2,100,000 төгрөг төлсөн болох нь Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 2,100,000 төгрөгийг үндсэн үүрэгт тооцож хасч тооцон үлдэх 4,629,600 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангид 2,314,800 төгрөг, нийт 6,944,400 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж Ч хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,822,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхүй болгох үндэстэй.

 

Хариуцагч шүүхэд алданги хасч тооцох хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрөөгүй бөгөөд хариуцагч компанийн үйл ажиллагаа доголдож алданги төлөх боломжгүй гэж мэтгэлцэж байгаа боловч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 6,944,400 /зургаан сая есөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Ч хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,822,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 126,060 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ