Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02338

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02338

 

 

А.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03122 дугаар шийдвэртэй А.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Л.Нансалмаад холбогдох, хүүхдийн асрамж өөрчлүүлэх, орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Нансалмаа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нарандаваа ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч А.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Л.Нансалмаатай гэр бүл болон амьдарч байгаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2087 тоот шийдвэрээр гэрлэлтийг цуцлуулсан. Охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг Л.Нансалмаагийн асрамжид үлдээж тэдэнд тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгэхээр болсон. Гэвч Л.Нансалмаа нь охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй. Хүү Х.Чингүүнийг 2017 оны 9 дүгээр сард 1 дүгээр ангид оруулаагүй, охин Х.Хонгорзулыг номын санд суухаар явахад нь дүү Х.Чингүүний хамт явуулж тэнд нь удаан хугацаагаар байлгадаг, дүүгийндээ орхидог. Хөдөө явахдаа гудамжинд үлдээсэн байсныг цагдаагийн байгууллага олж хаяг тогтоон Л.Нансалмаагийн дүүд хүлээлгэн өгсөн байсан. Мөн Л.Нансалмаа нь би хоёр хүүхдээ өсгөж чадахгүй, чи өсгөөрэй надад хамаагүй шүү гэж удаа дараа утсаар ярьсан бөгөөд Х.Хонгорзулын багшид энэ хүүхэд одоо надад хамаагүй болсон эцэг А.Хүрэлбаатартай нь яриарай гэж хэлсэн байсан. Иймд хүүхдүүдээ өөрөө асран хамгаалж, хүмүүжүүлэх эдийн засгийн болон ёс суртахууны хувьд боломжтой, хоёр хүүхэд одоо надтай хамт амьдарч байгаа учир охин Х.Хонгорзул, Х.Чингүүн нарыг миний асрамжид өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Нансалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 онд гэр бүлийн удаа дараагийн хүчирхийллийн улмаас А.Хүрэлбаатараас гэрлэлтээ цуцалсан. А.Хүрэлбаатар нь үр хүүхдүүдийн маань дэргэд зодож нүдэж эцэг хүний байж боломгүй алдаануудыг гаргаж, нүдэн дээр минь өөр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж гэр бүлийг үнэ цэнэгүй болгож охиндоо, хүүдээ эхийг нь гутаан доромжилж ярьдаг. А.Хүрэлбаатар нь гар хөл, нүүр нүд рүү бөгжтэй гараараа хөх няц болтол нь цохидог, биед гэмтэл учруулж зоддог. Дахиж зодохгүй гэж хэлчхээд удаа дараа тэр үйлдлээ давтдаг ч уучилж байсан. Мөн хувцас хунар урж тастаж байрны хогийн сав руу хийж хоолойг базаж шахаад ухаан алдуулж унагаад өөрөө зугтдаг. Тэрээр надаас зүгээр салчих тэгвэл чамд хэрэгцээтэй зүйлүүдийг гэр орныг чинь өгнө, зүгээр надаас холдчих би чамайг алчихсан ч маргааш нь шоронгоос гарна. Тийм учраас эртхэн холд гэдэг. Миний хувьд охин болон хүүдээ аавынх нь талаар сайхан бүгдээр ярьдаг, аавтайгаа уулзъя гэсэн үед нь уулзуулж, хаана уулзана гэнэ тэр газарт нь өөрийн биеэр хүргэж өгдөг. Хүүхдүүдийн талаар ярилцах хүсэлтэй байгаа талаар түүнд маш олон удаа утастаж ярьж хэлж байсан. Би чамтай уулзах шаардлагагүй гээд миний дугаарыг блоклочихдог байсан. Нэг бол би хөдөө байна сарын дараа очно гээд худал хэлдэг. А.Хүрэлбаатарын худал үгэнд хууртсаар байгаад эрүүл мэнд, амьдрал, элэг бүтэн байсан үр хүүхдүүд минь ийм байдалд байна. Бие өвдөж байгаа тухай ярихад хохино надад хамаагүй гэдэг. Үр хүүхдүүдтэйгээ уулзах гэсэн юм гэхэд чамтай уулзахгүй, би чамайг танихгүй гээд уулзуулдаггүй байсан. Удаа дараа эдгээр үгийг хэлдэг гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Х.Хонгорзул, 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.Чингүүн нарыг эцэг А.Хүрэлбаатарын асрамжид байлгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Хүрэлбаатар хариуцагч Л.Нансалмаад холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нансалмаагаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хүрэлбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Нансалмаа давж заалдах гомдолдоо: А.Хүрэлбаатар нь гэр бүл цуцлахаас өмнө намайг зодож, доромжилж элдвээр дарамталж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр намайг мөрдөж мөшгүүлж, үл таних 2 этгээдийн хамт хүчээр хаалга эвдэж, дайрч орж ирсэн бөгөөд элдвээр дарамтлан сүрдүүлсэн ба дагуулж ирсэн 2 этгээд намайг алах зорилготой байсан гэж айж байна. Би орох гэр оронгүй, орц хонгилоор гадуур явж хоног өдрийг гадуур өнгөрөөж байх хооронд шүүх хуралдаан зарлагдсан талаар надад хурлын тов мэдэгдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би хүчирхийлэл үйлдэгдсэн талаар баримтыг өгөхдөө шүүх хуралдаан зарлагдсан тухай гэнэт мэдэж, өмгөөлөгч болон сэтгэл зүйчийн туслалцаа авах шаардлагатай учраас шүүгчээс татгалзаж гарч явсан. Миний эзгүйд анхан шатны шүүх хуралдаан хийсэн.

А.Хүрэлбаатар нь удаа дараа дарамталж утсаар чамайг алчхад би маргааш нь шоронгоос гарна гэж сүрдүүлсэн учраас надад шүүгч болон ерөнхий шүүгчтэй танил талын холбоотой юм байна гэсэн сэжиг айдас төрсөн бөгөөд удаа дараа татгалзсан. Би сэтгэлзүйн хувьд байнгын хямралтай байгаа бөгөөд өмгөөлөгч, сэтгэл зүйчийн тусламж шаардлагатай байхад шүүх нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд миний хувийн нөхцөл байдлыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай шүүгч Д.Золзаяа болон шүүгчийн туслах н.Тамир нарт өөрийн биеэр мэдэгдсээр байхад үл тоож, хариуцагчид мэдэгдэлгүй шүүх хуралдаан явуулсан. Шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, хүүхдийн асрамжийн талаар шинжээч томилоогүй, мөн үндсэн хуулинд заасан хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд биеэр оролцох, хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, сэтгэл зүйн хувьд хохиролтой байгаагаа хэлсээр байхад шүүх хуралдаан хийсэн. Би эх хүний хувьд хоёр хүүхдээ зүй зохистой өсгөн хүмүүжүүлж байсан бөгөөд намайг хүүхдээ хэрхэн асарч, өсгөн хүмүүжүүлж байсан талаар 111 дүгээр сургуулийн захирал, удирдлагаас нь эхлэн бүх хамт олон мэдэж байгаа. Тийм учраас охин Х.Хонгорзулын бага ангийн багш н.Өлзийжаргалыг гэрчээр асуулгах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл 2 хүүхдийн хувь заяаг шийдэж байж зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүдийг асуусан төдийгөөр хязгаарлаж, хувьдаа компанитай гэсэн нотлох баримтыг үндэслэн хүчирхийлэл үйлддэг хүний асрамжид хүүхдүүдийг байлгахаар шийдвэрлэсэн. Хүүхдүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, шинжээч томилох хүсэлтэй байхад миний хүсэлтийг хангаагүй. Энэ нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. А.Хүрэлбаатар намайг янз бүрээр худал гүтгэж доромжилж байгаа бөгөөд түүний хамтран амьдарч байгаа эмэгтэй нь хүүхдүүдэд төрсөн эхийг нь орлож чадах эсэх нь эргэлзээтэй учраас нөхцөл байдлын үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай. А.Хүрэлбаатар нь надтай хүүхдүүдийг минь огт уулзуулдаггүй бөгөөд эхийнх нь талаар хүүхдүүдэд минь сэтгэлзүйд нь нөлөөлтөл муугаар ярьдаг, Л.Нансалмаа миний бие хүүхдүүдтэйгээ уулзахаар ярихад Зайл, цаашаа гэх мэтээр элдэв муу муухай үгээр гутаан доромжилдог. Яагаад миний хүүхдүүд тэгж худал мэдүүлснийг мэдмээр байна. А.Хүрэлбаатарыг хүчирхийлэл үйлдсэн нотлох баримтыг үнэлэлгүй асрамжийн асуудлыг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд тухайн үеийн нөхцөл байдал тодорхой харагдах байх. Цаашид хийхээр зорьж байгаа ажлыг маань харгалзан үзэхгүйгээр хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг болон хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлөгч А.Хүрэлбаатар нь хариуцагч Л.Нансалмаад холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2087 тоот шийдвэрээр А.Хүрэлбаатар Л.Нансалмаа нарын гэрлэлтийг цуцлаж, охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг Л.Нансалмаагийн асрамжид үлдээж эцгээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан тохиолдолд хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоосны эцэст шийдвэрлэх учиртай. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх талаар заасан.

Гэтэл анхан шатны шүүх хоёр хүүхдийн асрамжийг өөрчилж, хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүхээс хэргийн оролцогчид эрх үүрэг, нотлох баримт гаргах, цуглуулах эрх, үүргийн талаар үндэслэл бүхий байдлаар тайлбарлаагүй, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүдийн саналыг асуух төдийгөөр хязгаарлан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн өмгөөлөгчөөр асуулт тавиулах байдлаар хүүхдийн эцэг, эхийн хэний асрамжид байх хүсэл зоригтой байгаа нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийсэн байх тул уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. /хх-ийн 28-32 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 125.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн хүүхдийн асран хамгаалалтын талаар маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ хуулийн үндсэн зарчмыг баримтлахаас гадна 12 дугаар бүлэгт зохицуулсан журмыг баримтлах учиртайг анхаараагүй. Түүнчлэн хүүхдийн асрамжийн асуудлаар эвлэрүүлэх арга хэмжээг авах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар хийсэн талаарх баримт хэрэгт байхгүй.

Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэхэд баримтлах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасан онцлог зохицуулалтыг шүүх хэрэгжүүлэх учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч хүүхдүүдийг халамжлах, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломж, нөхцөлгүй гэж, хариуцагч өөрийн татгалзлаа нэхэмжлэгч нь байнгын хүчирхийлэл үйлддэг, түүний асрамжид хүүхдүүдийг үлдээх нь ноцтой хохирол учирч болзошгүй гэж тус тус удаа дараа тайлбарлан маргасан байх боловч тэдний шаардлага, татгалзлыг нотолсон болон эдгээр нөхцөл байдлыг хангалттай тогтоосон баримт хэрэгт байхгүй байна.

Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Эцэг эхийн хэнтэй байх нь хүүхдийн эрх ашигт илүү нийцэх, хүчирхийлэл байгаа эсэх, ёс суртахуун болон сэтгэл зүйн байдал, эцэг эхийн халамж, ахуйн бололцоо болон эдийн засгийн байдлын хувьд хэнтэй байх нь зохимжтой болохыг тогтоох, шаардлагатай тохиолдолд шинжээч томилуулах, хүүхдийн болон гэр бүлийн эрхийг хамгаалдаг эрх бүхий байгууллагаас нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах зэрэг болон бусад ажиллагаа хийгдэх боломжтой эсэх нөхцөл байдлыг шүүх тодруулах шаардлагатай болно. Хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ