Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02017

 

 

Айвико интернэшнл ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Айвико интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Оргилфарм ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 134 680 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батдэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оргилфарм эм ханган нийлүүлэх байгууллага нь манай байгууллагатай байнгын харилцаатай байсан. Тухайн компаниас захиалга өгсөн тохиолдолд бид захиалгын дагуу хүргэж өгдөг байгаа. Бүтээгдэхүүн нь онцгой учраас өөрийн байгууллагын унаагаар хүргэж өгдөг байсан. Тэрээр Оргилфарм эм ханган нийлүүлэх байгууллага нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1 994 580 төгрөгийн дуслын шингэнүүд, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 453 992 төгрөгийн дуслын шингэнүүд, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 983 576 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 552 232 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 150 300 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалж худалдан авсан байдаг. Нийт 5 удаагийн захиалгаар 5 134 680 төгрөгийн дуслын шингэнүүд, эм худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Төлбөрөө төл гэж удаа дараа шаардсан боловч өгдөггүй. Нягтлан, нярав, тооцоо хариуцсан хүн, гүйцэтгэх захирал хүртэл энэ байгууллага руу ярьсан. Захирал Оргил нь эхлээд өгнө гэдэг байсан боловч сүүлдээ биднийг шүүхдээ өг гээд тоохоо больсон. Иймд хариуцагч Оргилфарм ХХК-иас 5 134 680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Оргилфарм ХХК-иас 5 134 680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Айвико интернэшнл ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Айвико Интернэшнл ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 97 105 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Оргилфарм ХХК-иас 97 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Айвико интернэшнл ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Оргилфарм" ХХК хариуцагчтай, "Айвико интернэшнл" ХХК нэхэмжлэгчтэй холбогдох иргэний хэргийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралдаанд хариуцагч "Оргилфарм" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оргил миний бие нь Монгол Улс,Төв аймаг, Заамар суманд хойшлуулах боломжгүй ажилтай байсан тул өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж чадаагүйд хүлцэл өчиж байна. Энэ тухай шүүгчийн туслахад утсаар мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн боловч албан бичгээр хүргүүлж амжаагүй болно. Иймд дээрх анхан шатны шүүх хуралдаанаар гарсан шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч тал өөрийн биеэр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй. Нэхэмжлэгч байгууллага ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй. Хэргийн материалтай хариуцагч талыг танилцуулаагүй. Танилцахаар очсон боловч хариуцсан шүүгч, шүүгчийн туслах ээлжийн амралттай байсан. Дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул уг гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Айвико интернэшнл ХХК нь Оргилфарм ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 134 680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй болно. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дах хэсэгт хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох , мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зохигч нотлох баримт шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, түүний төлөөлөгч Э.Оргилд хэргийн материал танилцуулсан талаар болон 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн талаарх баримт хэрэгт үйлдээгүй байгаа нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийж мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх үндэстэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14ий өдрийн 182/ШШ2018/01573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 105 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ