Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00232

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01573 дугаар шийдвэр,                        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2017 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“О” ХХК-д холбогдох,

гэрээний үүрэгт 5.134.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Цэрэндоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдэлгэр, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О эм ханган нийлүүлэх байгууллага нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1.994.580 төгрөгийн дуслын шингэнүүд, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 453.992 төгрөгийн дуслын шингэнүүд, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 983.576 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1.552.232 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 150.300 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалж худалдан авсан байдаг. Нийт 5 удаагийн захиалгаар 5.134.680 төгрөгийн дуслын шингэнүүд, эм худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Төлбөрөө төл гэж удаа дараа шаардсан боловч өгдөггүй. Захирал Оргил нь эхлээд өгнө гэдэг байсан боловч сүүлдээ биднийг шүүхдээ өг гээд тоохоо больсон. Иймд хариуцагч О ХХК-иас 5.134.680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “О” ХХК шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01573 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О ХХК-иас 5.134.680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 97.105 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 97.105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2017 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.105 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Цэрэндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхэд гомдол гаргаж дээрх шүүх хурлаас 2018оны 09-дүгээр сарын 14-ны өдрийн Дугаар-2019 тоот магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018оны 8-дугаар сарын 14-ны өдрийн 182/ШШ2018/01573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийг манай компани үл зөвшөөрч байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхээс хариуцагч “Оргил-фарм”ЭХНБайгууллагад мэдэгдэл өгч шүүхийн материалтай танилцах, шүүх хуралд суух удаа дараагийн шаардлагыг. үл тоож материалтай танилцахгүй, анхан шатны хуралд суухгүй ,мөн давж заалдах Нийслэлийн хуралд төлөөлөгчөө суулгахгүй байдал гаргаж байгааг манай компаниас шүүхийг үл хүндэтгэхгүй байна гэж үзэж байна.

Манай анхан шатны шүүхэд өгсөн материал үнэн зөв бөгөөд тус “Оргил- фарм”ЭХНБайгууллагын холбогдох хүмүүс бараа материалыг хүлээж авсан гарын үсэгтэй падаан нэхэмжлэлүүдийг хавсаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус компаниас 5.134.680төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Айвико-Интернэшнл” ХХК нь хариуцагч “О” ХХК-с барааны үнэ 5.134.680 төгрөг нэхэмжилжээ.

“О” ХХК нь “Айвико-Интернешнл” ХХК-с 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдрөөс 9 дүгээр сарын 12-ний хооронд 5 удаа нийт 5.134.680 төгрөгийн эм тариа худалдан авсан төлбөрийн баримт хэргийн 6-10 дугаар талд авагдсан, нэхэмжлэгч уг баримтыг  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурджээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Э.Оргилд нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гардуулан, улмаар эрх үүргийг тайлбарлан өгчээ /хэргийн 18-19 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба мөн зүйлийн 72.3.-т” хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэжээ.

Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх хэргийг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, хуралдааны товыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу хариуцагчийн төлөөлөгчид утсаар болон байгууллагын хаягаар хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагджээ /хэргийн 25-26 дугаар тал/.

Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх “...Э.Оргилд хэргийн материал танилцуулсан болон шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй”  гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа дээрх баримтыг үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ. 

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхээс гадна, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх бүрэн эрхтэй ба мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1.-т заасан, худалдан авсан барааны үнийг төлөөгүй талаарх  нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж, шийдвэрийн үндэслэл болгох баримтыг нэрлэн зааж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 97.105 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ