Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 17

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “Б” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн Ж.Э, Б.Х нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Адаацаг сумын Сонгуулийн хороонд хариуцагдах

Нэхэмжлэлийн шаардлага: “Сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын Ж.Э, Б.Х нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, Б.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ц, хариуцагч Б.У,  шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгч: Ж.Э, Б.Х нар 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр тус аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Адаацаг сумын .. багийн үндсэн харьяат Б овогт Жын Э, С овогт Бын Х нар Адаацаг сумын орон нутгийн сонгуульд өөрийн хүсэлтээр сумынхаа Ардчилсан намаас нэр дэвшиж бүртгүүлсэн юм.

       Гэтэл сумын Монгол Ардын Намын гишүүн ... багийн Засаг дарга Ж.С нэрийг татуулахаар орон нутгийн сонгуулийн хороонд хүсэлт гаргаж, сумын сонгуулийн хороо нь өргөдөл гомдлын дагуу урьдчилан нэр дэвшигчдэд мэдэгдээгүй хуралдаж шийдвэрлэснийхээ дараа нэг тал барьж Монгол Ардын Намд үйлчилж нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж байна.Учир нь Ж.Э миний бие Монгол Ардын Намын гишүүний батлахтай байсан ч 2016 оны 02 сарын сүүлээр Монгол Ардын Намаас гарах хүсэлтээ багийн дарга Ж.Сд ажлын өрөөнд нь орж  Ардчилсан намд элсэхээ хэлсэн. Үүний дараа 2016 оны Улсын Их Хурлын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас Адаацаг суманд нэр дэвшигч Ж.Гын шадар туслахаар ажиллаж Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд явсан. Иймээс Монгол Ардын Намын дүрмийн 6 дугаар зүйлийн дагуу би өөрийгөө Монгол Ардын Намаас гарсанд тооцож явсан.

      Б.Х миний бие  2000 онд оюутан байх хугацаандаа Ардчилсан намын гишүүнээр өөрийн хүсэлтээр элсэн орж ардчилсан үзэл санаандаа тууштай зүтгэж ирсэн. Улмаар Монгол Ардын Намын үзэл баримтлал бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй өөрийн гэсэн үзэл бодолтой миний үзэл бодлыг хэн ч захирах эрхгүй, миний санал өргөдөл хүсэлт анкет мэдүүлэг аваагүй шууд Монгол Ардын Намын үнэмлэх олгохоор тулгасан нь миний эрхийг зөрчсөн надад тэр Монгол Ардын Намын батлах байхгүй өөрийн хүсэлтээрээ Монгол Ардын Намд элсээгүй учир Монгол Ардын Намаас гарах өргөдөл өгөх шаардлагагүй гэж боддог.

Мөн сумын сонгуулийн хороонд Орон нутийн хурлын сонгуулийн тухай хуулийн 157-ийн 9 дэх заалтын дагуу манай сумын Ардчилсан намын хорооноос 9 дүгээр сарын 1-нд нэр дэвшигчийг бүртгүүлэх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн боловч сонгуулийн хороо нь хуулийн хугацаа зөрчиж 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гараагүй албан тоотоор хариу ирүүлсэн нь энэ зүйл заалтыг зөрчснөөс гадна намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг гүйцэт эсэхийг нягтлан шалгаж дутагдлыг тухайн үед мэдэгдээгүй албан ажилдаа хариуцлагагүй хандсан нь нэр дэвшигчийн эрхийг зөрчсөн.

Иймд Адаацаг сумын сонгуулийн хорооны “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын Ж.Э, Б.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож бидний сонгогдох эрхийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э, Б.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2 тоот “нэр дэвшигчээр бүртгэсэн болон бүртгэхээс татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулахаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үед Адаацаг сумын Сонгуулийн хороо шийдвэрээ албан тоотоор ирүүлсэн. Нэхэмжлэл гаргасны дараа Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2 тоот “ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг гарган ирүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот “нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын Ж.Э, Б.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Э, Б.Х нарыг нэр дэвшигчээр бүртгүүлэх шийдвэр гаргуулж өгнө үү гэж /хх-76/ өөрчилжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Б.Х, Ж.Э нарыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Эдгээр хүмүүс 2016 оны сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших гэсэн боловч Адаацаг сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзээд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

Ж.Э өмнө нь Монгол Ардын намын гишүүн байсан, намынхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан. 2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд тус суманд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Гын шадар туслахаар ажилласан. Улмаар тэрээр Монгол Ардын Намын дүрмийн дагуу өөрийгөө Монгол Ардын Намаас гарсан гэж үзээд Ардчилсан Намд элссэн. Мөн Монгол Ардын Намын 3 дугаар үүрийн дарга Сүнжидмаад Монгол Ардын Намаас гарах тухай амаар мэдэгдэж байсан.

Б.Х нь Архангай аймагт байхдаа Ардчилсан Намын гишүүнчлэлтэй байсан. Түүнийг Адаацаг суманд амьдарч байхад нь Монгол Ардын Намын үнэмлэх өгөхөд тус үнэмлэхийг зайлшгүй шаардлагаар авсан. Тухайн үед тэрээр Ардчилсан Намын үнэмлэхтэй гэж хэлэхэд тэр хамаагүй гээд Монгол Ардын Намын гишүүний үнэмлэхийг түүнд өгсөн байдаг.

Адаацаг сумын сонгуулийн хороо Ж.Э, Б.Х нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргахдаа Ардчилсан Намын гишүүн мөн эсэхийг тогтоогоогүй. Монгол Ардын Намын гишүүн мөн гэсэн байр сууринаас нотлох баримтуудыг бүрдүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь тэдгээрийн сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон. Иймд Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 дугаар тогтоолын Ж.Э, Б.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдгээрийг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

  1. Хариуцагч Адаацаг сумын Сонгуулийн хорооны дарга Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154,157,158 дугаар зүйлийн дагуу сумын Сонгуулийн хороо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн Монгол Ардын Нам, Ардчилсан намын нийт 42 нэр дэвшигчийн материалыг хуулийн хугацаанд хүлээн авч, мөн хуулийн хугацаанд нягтлан шалгаж, нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг шийдвэрлэсэн. 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 14 цаг 55 минутад сумын сонгуулийн хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаж нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгасан. Сонгуулийн хороо хуралдаж байхад Адаацаг сумын Монгол Ардын Намын хорооноос сумын сонгуулийн хороонд гомдол ирүүлсэн. Гомдлын утга нь: Ардчилсан намаас 3 дугаар тойрогт нэр дэвшигч Т.О, Б.Х, Ж.Э нар нь сонгуулийн тухай хуулийн 154.6 дах заалтыг зөрчин нэр дэвшсэн гэж гаргасан.

Б.Хгийн хувьд 2011 оны 2 дугаар сарын 16-нд Монгол Ардын Намд элссэн 0014840 дугаар бүхий бат илэрхийлэл авсан нь Монгол Ардын Намын 3 дугаар үүрийн гишүүдийн бүртгэлийн дэвтэр мөн өөрийн сонгуулийн хороонд гаргаж өгсөн тайлбараар нотлогдож байна. Мөн 3 дугаар багийн иргэн Н овогтой Отэй хамт Монгол Ардын Намын батлах авсныг нь Н.О нотолж байгаа гэж Б.Х сонгуулийн хороог тайлбар авах гээд очиход хэлсэн бөгөөд сонгуулийн хорооны гишүүн Ж.Э, Ц.А нар байсан учир нотолгоотой. Б.Х нь Монгол Ардын Намд элссэнээ өөрөө нотолж хүлээн зөвшөөрч байгаа гагцхүү батлахаа олохгүй байна гэж хэлээд байгаа юм. Б.Хийн намын бат илэрхийлэлээ олохгүй гээд байгаа нь Ардчилсан Намын шахалтаар хэлж байгаа гэж сумын сонгуулийн хороо ойлгож байна. Иймд Б.Х нь сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дах заалтыг зөрчсөн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Ж.Эын хувьд 2011 оны 1 дүгээр сарын 07-нд Монгол Ардын Намд элссэн 0014784 тоот бат илэрхийлэлтэй нь Монгол Ардын Намын 3 дугаар үүрийн гишүүний дэвтрийн бүртгэлээр нотлогдохын зэрэгцээ Сонгуулийн хорооны дарга Б.У миний бие Ж.Этой утсаар ярьж та Монгол Ардын Намын гишүүний батлахтай хүн юм байна аа та ирээд батлахаа үзүүлчих гэхэд авчирч үзүүлснээр Ж.Э Монгол Ардын Намын батлахтай нь нотлогдож байгаа юм. Энэ үйл явдлыг хуралдааны тэмдэглэлд тусгасан болно. Сонгуулийн хороо бат илэрхийллийг нь канондаж авах гэсэн боловч тухайн үед манай суманд тог тасарсан байсан учир канондаж авч чадаагүй. Канондчихаад өгье гээд сумын сонгуулийн хороо бат илэрхийллийг нь авч үлдсэн байсан боловч Ж.Э эргэн орж ирээд Монгол Ардын Намын даргад үнэмлэхээ өгье гэж авч гараад эргэж бидэнд батлахаа авчирч өгөөгүй. Ардчилсан намын дарга Ч.Утэй сонгуулийн хорооноос утсаар холбогдоход Ж.Э, Б.Х нар Монгол Ардын Намын батлахтай юм байна лээ өөрсдөө авъя гэж аваагүй л юм байна лээ гэсэн хариултыг өгсөн. Түүнчлэн Ж.Э нь Дундговь аймгийн Адаацаг сумын Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдийн 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд Монгол Ардын Намаас 8 дугаар тойргийн 38 дугаар хэсэгт ажиглагчаар томилогдон ажилласан байгаа зэрэг нь Монгол Ардын Намын гишүүн гэдэг нотлогдож, сонгуулийн тухай хуулийн 154.6 дах заалтыг зөрчсөн нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Сумын сонгуулийн хороо хуралдаанаараа 42 хүний материалыг нягтлан шалгаж хуулийн шаардлага хангасан 39 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 01 тоот тогтоол гаргасан. Мөн хууль зөрчин нэр дэвшүүлсэн нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ шаардлагатай баримт бичиг дутуу ирүүлсэн зэрэг зөрчилтэй 3 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзан сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн ... тоот тогтоолыг тус тус гаргасан. Дээрх тогтоолуудын 1 хувийг аймгийн сонгуулийн хороонд файлаар болон цаасаар хүргүүлсэн харин холбогдох намуудад нэр дэвшигчээр бүртгэсэн эсэх талаарх мэдээллийг албан бичгээр хүргүүлсэн болно. Намууд хүсвэл сонгуулийн хорооны тогтоолыг хуулбарлаж авах боломж нээлттэй байсан. Ардчилсан Намын дарга Ч.У сонгуулийн хороонд хандан та нар надад хуулийн талаарх мэдээллийг сайн өгөхгүй сайн мэдсэнгүй гэх зэргээр гомдоллож байсан бөгөөд мөн дээрх нэхэмжлэлд ирүүлсэн баримт бичгийг гүйцэт эсэхийг нягтлан шалгаж дутагдлыг нь тухайн үед мэдэгдээгүй гэж хэлсэн нь хууль судлаагүй мэдээгүйгээс хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Учир нь нэр дэвшигч бүр сонгуулийн тухай хуулиа бүрэн дүүрэн судлах нь нэр дэвшигчийн үүрэг болохоос сумын сонгуулийн хороо тэд нарт хуулийг судлуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Сумын сонгуулийн хороо нотлох баримтад үндэслэн хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Ж.Э, Б.Х нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Адаацаг сумын  иргэн Ж.Э, Б.Х, Г.Э   нараас Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн ... тоот “Нэр дэвшигчээр бүртгэсэн болон бүртгэхээс татгалзах тухай“ шийдвэрийг /хх-5/ хүчингүй болгуулах шаардлага бүхий  нэхэмжлэл /хх-1-2/ гаргасныг тус шүүх 2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр хүлээн авч/хх-1/ захиргааны хэрэг үүсгэн /хх-7/ хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулав.  

Нэхэмжлэгч Г.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Г.Э холбогдох шаардлагыг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,/хх-88/ шүүгчийн захирамжаар /хх-105-106/ тусад нь шийдвэрлэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгчөөс шүүхэд анх гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Адаацаг сумын  сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын Ж.Э, Б.Х  нарт холбогдох  хэсгийг  хүчингүй болгуулж, Ж.Э, Б.Х нарыг нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн  шаардлага бичгээр ирүүлж /хх-76/ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Нэхэмжлэгч Ж.Э, Б.Х нар иргэн Б.Цд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасан  ”нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх ихэсгэх багасгах”..... зэрэг эрхийг итгэмжлэлээр 1 жилийн хугацаагаар /хх- 74,75/ олгожээ.

Адаацаг сумын сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын  6-ны өдрийн 02 тоот “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг /хх-49/ гаргахдаа намаас бүрдүүлж өгсөн баримт материалыг хуулийн хугацаанд хүлээн аваагүй, бүрэн гүйцэд шалгаагүй гэж нэхэмжлэгч нар гомдолложээ.

1.Дундговь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн  01 тоот  тогтоол, түүний хавсралтаар /хх-125 ард талд/ Адаацаг сумын сонгуулийн хороог дарга, 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байх ба сумын сонгуулийн хороо нь сонгуулийн хуулиар тогтоосон цагалбарын хүрээнд намуудаас ирүүлсэн нэр дэвшигчдийн холбогдох баримт материалыг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн хүлээн авч  хуралдаанаараа хэлэлцэж тогтоол, тэмдэглэл /хх-49-59/ үйлдсэн болох нь хэрэгт ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот” нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай”  тогтоолын нэг дүгээр заалтад Ж.Э, Б.Х нарыг сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2-т заасан заалтыг үндэслэн нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хангаагүй учир  нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, тогтоол /хх-49/ гаргажээ.

Адаацаг сумын сонгуулийн хороо нэхэмжлэгч нарын сумын сонгуульд нэр дэвшүүлэх материалыг хүлээн авч шалгахдаа Адаацаг сумын 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн бүрдүүлсэн материалын жагсаалтын 20, 21-т /хх-31/ Жын Э, Бын Х нар Ардчилсан Намын  харьяалалтай, нэр дэвшүүлсэн шийдвэр, иргэний үнэмлэх,  нэр дэвшигчийн жагсаалт, нэр дэвшигчийн бичгээр өгсөн шийдвэр, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох мэдүүлэг болон лавлагаа, нэр дэвшигчийн намтар  тийм  буюу шаардлага хангасан гэж хүлээн авсан атлаа нэхэмжлэгч нараас сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн дээрхи материалыг бүрэн гүйцэд шалгаагүй нь сонгуулийн  тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д заасан  “Аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгах“ ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал: Ж.Э 2011 онд Монгол Ардын Намд элсэж, 0014784 тоот бат илэрхийлэлтэй гэж Адаацаг сумын Монгол Ардын Намын 3 дугаар үүрийн бүртгэлд /хх-44-р ар талд/ бүртгэгдсэн хэдий ч Сумын сонгуулийн хороонд өгсөн мэдээлэлдээ Ардчилсан намын харьяалалтай /хх-35, 37 ар талд/, Ардчилсан намд 2016 оны 7 дугаар сарын 7-нд элссэн /хх-4/, сумын сонгуулийн хорооны тэмдэглэлд “Ж.Эыг Монгол Ардын Намын гишүүн байж уу гэдгийг эхний ээлжинд тодруулцгаая, Ж.Э Монгол Ардын Намын батлахаа авчирч үзүүлсэн /хх-53/ үүнээс өөрөөр Ардчилсан намын харьяалалтайг огт шалгаагүй, бид шалгах үүрэгтэй байсан” гэх сумын сонгуулийн хорооны дарга Б.Уийн шүүх хуралдаанд өгсөн” мэдүүлэг /хх-145/, гэрч Ж.Сийн “Ж.Э өөрийгөө намаас гарсан гэж байгаа бол Улс, аймаг, нийслэлийн сонгуулиас хойш намын батлахаа авчраад өгчих хугацаа зөндөө байсан. 2016 оны хавар сум хөгжлийн сангийн зээлийн асуудлаас болж Засаг даргатай муудаад танай намаас гарч Ардчилсан намд орно гэсэн юм гэнэ лээ. Түүгээрээ л яваад байгаа байх” гэж мэдүүлсэн зэргээс Ж.Э аль намын харьяалалаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж буйг бүрэн гүйцэд шалгаагүй байна гэж үзэхээр байна.

Ж.Э 2011 онд Монгол Ардын намд элссэн бүртгэлтэй /хх-44 ар талд/ ч сүүлд 2016 оны 7-р сарын 7-нд Ардчилсан намд элссэн гишүүний үнэмлэхтэй /хх-4/ байх тул Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Адаацаг сумын Ардчилсан намын зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолыг /хх-126/ үндэслэн Ж.Эыг нэр дэвшигчээр бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ 2000 онд  оюутан байх хугацаандаа Ардчилсан намын гишүүнээр элсэн орсон гэж /хх-1/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 2003 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн АР12/182 дугаартай Ардчилсан намын гишүүний батлах зэргээс дүгнэж үзэхэд тэрээр  сумын сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн нэр дэвшигчийн материалдаа ямар нэгэн намын харьяалал зааж мэдүүлээгүй /хх-124/ дээрх  мэдээллээ бүрэн гүйцэд тусгаагүй байна.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.4-т зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн төв  байгууллагаас баталсан маягт бичиг баримтын загвараар өөрийн  намтар болон бусад түүхээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Б.Х нь 2003 онд Ардчилсан намд элссэн гэх гишүүний батлахыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн /хх-122/, 2011 онд Монгол Ардын Намд элссэн гэх бүртгэл /хх-49,53-56,65-66/ зэргээс үзэхэд сүүлд элссэн харьяаллаар намын харьяалалыг тооцох нь зүйтэй бөгөөд тэрээр сумын сонгуулийн хороонд намын харьяалалын талаар үнэн зөв мэдүүлээгүй /хх-28 ар талд/, мөн нэхэмжлэлдээ миний өргөдөл, хүсэлтийг авалгүйгээр Монгол Ардын Намын үнэмлэх олгож тулгасан /хх-1/, сумын сонгуулийн хороонд өгсөн тайлбартаа “ Монгол Ардын намын үнэмлэхээ олохгүй байна” /хх-58/ гэх зэргээр зөрүүтэй мэдүүлдэг нь сумын сонгуулийн хороог буруутгах, түүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргасан  гэж үзэх  үндэслэлгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13-т заасныг  удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримтлан Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн... тоот “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын Б.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2.Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг баримтлан Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот “нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолын Ж.Э холбогдох хэсгийг хүчингүй болгож,  Ж.Эыг 2016 оны Адаацаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчээр бүртгэхийг Адаацаг  сумын сонгуулийн хороонд даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас /Ч.Уээс/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    4.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.С