Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0702

 

  Ж.Э*******, Б.Х******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, хариуцагч Б.У******* нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Э*******, Б.Х******* нарын нэхэмжлэлтэй, Д*******нд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э*******, Б.Х******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Адаацаг сумын Сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Э*******, Б.Х******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “...Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын Ж.Э*******, Б.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ж.Э*******, Б.Х******* нарыг нэр дэвшигчээр бүртгүүлэх шийдвэр гаргуулж өгнө үү” гэжээ.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримтлан Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолын Б.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг баримтлан Адаацаг сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоолын Ж.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Э*******ыг 2016 оны Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчээр бүртгэхийг Адаацаг сумын сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын сонгуулийн хорооны дарга Б.У******* давж заалдах гомдолдоо: “...Монгол ардын намаас сумын сонгуулийн хороонд ирсэн гомдлын дагуу нягтлан шалгахад Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр хүсэлтээ ирүүлсэн Ж.Э******* 2011 оны 01 дүгээр сарын 07-нд Монгол ардын намд элссэн 0014784 тоот бат илэрхийлэлтэй болох нь Монгол ардын намын 3 дугаар үүрийн гишүүний дэвтрийн бүртгэлээр нотлогдсон.

Мөн миний бие Ж.Э*******той утсаар ярьж “Та Монгол ардын намын гишүүний батлахтай юм байна. Та ирээд батлахаа үзүүлчих” гэхэд Ж.Э******* Монгол ардын намын батлахаа авчирч сумын сонгуулийн хорооны гишүүдэд үзүүлсэн учир Монгол ардын намын батлахтай нь нотлогдсон. Энэ үйл явдлыг хуралдааны тэмдэглэлд тусгасан. Сонгуулийн хороо бат илэрхийллийг нь канондож авах гэсэн боловч тухайн үед тог тасарсан байсан учир канондаж чадаагүй. Канондчихаад өгье гээд сумын сонгуулийн хороо бат илэрхийллийг нь авч үлдсэн боловч Ж.Э******* эргэж ирээд Монгол ардын намын даргад үнэмлэхээ өгье гэж гараад эргэж бидэнд авчирч өгөөгүй. Монгол ардын намын батлахтай гэдгийг сумын сонгуулийн хорооны гишүүд харсан учир гэрчилнэ.

Ардчилсан намын дарга Ч.Уранчимэгтэй сонгуулийн хорооноос утсаар холбогдоход “Ж.Э*******, Б.Х******* нар Монгол ардын намын батлахтай. Гэхдээ өөрсдөө авья гэж аваагүй юм байна лээ” гэсэн хариулт өгсөн. Түүнчлэн Ж.Э******* нь Дундговь аймгийн Адаацаг сумын Монгол ардын намын хорооны Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор УИХ-ын 2012 оны сонгуульд Монгол ардын намаас 8 дугаар тойргийн 38 дугаар хэсэгт ажиглагчаар томилогдон ажилласан зэргээр Монгол ардын намын гишүүн, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг зөрчсөн нь нотлогдож байна.

Мөн Ж.Э******* 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн материалд намын харьяаллаа Ардчилсан нам гэж бичсэн боловч сумын сонгуулийн хороонд Монгол ардын намын батлахаа үзүүлэхдээ Ардчилсан намын батлахаа хамт үзүүлчих боломж байсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ардчилсан намд элссэн гэх Ардчилсан намын батлахыг хэргийн материалд хавсаргасан байсан. Үүнийг сумын сонгуулийн хороо хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлүүд байна.

Ардчилсан намын дүрмийн дагуу гишүүн элсүүлэхдээ тухайн хүний хүсэлтийг бичгээр авдаг бөгөөд Ж.Э*******ын хувьд Ардчилсан намд элсэхээр гаргасан хүсэлт байхгүй. Ж.Э******* нь сумын сонгуулийн хороонд Монгол ардын намын батлахаа үзүүлэхдээ Ардчилсан намын батлахаа хамт үзүүлэх боломжтой байсан. Ж.Э******* нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Г*******ын шадар туслахаар ажиллахдаа Ардчилсан намд албан ёсоор элсэхгүй, заавал 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр элссэн нь нөхөн бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Ж.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэгч Ж.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Д*******ны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт Ж.Э*******ыг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, тодруулбал, нэр дэвшигч Ж.Э******* нь Монгол ардын намын гишүүн байхад түүнийг Ардчилсан намаас нэр дэвшүүлж буй нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Нэр дэвшигч Ж.Э******* нь уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Би 2016 оны 02 дугаар сарын сүүлээр Монгол ардын намаас гарах хүсэлтээ Монгол ардын намын 3 дугаар үүрийн дарга Ж.С*******д хэлсэн, үүний дараа 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд явсан учир өөрийгөө Монгол ардын намаас гарсанд тооцсон” гэж тодорхойлон маргаж байна.

Ж.Э******* нь 2011 онд Монгол ардын намд элсэж, 0014784 тоот бат илэрхийлэх авч байжээ.

Монгол ардын намын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 болон 6.3-д Монгол ардын намын гишүүн нь намаас гарах тохиолдолд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол ардын намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгөх, дээрх шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцох талаар зохицуулжээ.

Гэтэл хэрэгт авагдсан гэрч Ж.С*******гийн “...Би мэдээгүй, надад хэлэээгүй. Бичгээр намаас гарах өргөдлөө өгөөгүй...” гэх мэдүүлэг, хариуцагчийн “...Ж.Э*******той утсаар ярьж та Монгол ардын намын гишүүн юм байна. Та ирээд батлахаа үзүүлчих гэхэд авчирч үзүүлснээр...” гэх тайлбар, Д*******ны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар хурлын “...Ж.Э******* Монгол ардын намын батлахаа авчирч үзүүлсэн...” гэх тэмдэглэл зэрэг баримтаар нэхэмжлэгч Ж.Э******* Монгол ардын намаас гарах хүсэлтээ бичгээр илэрхийлж, намын бат илэрхийлэхээ эргүүлэн өгөөгүй нь тогтоогдож байна.

Мөн Монгол ардын намын үндсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.5.1-д “...нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн” тохиолдолд Монгол ардын намын гишүүнийг намаас гарсанд тооцохоор, ингэхдээ Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо намын гишүүний зөрчлийг хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулах, Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж, тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Г*******ын шадар туслагчаар ажилласан[1] гэх боловч Монгол ардын намын эрх бүхий байгууллагаас түүний энэхүү үйлдэлтэй холбогдуулан хяналт шалгалт хийгээгүй, намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаагүй байна. Иймээс нэхэмжлэгчийг албан ёсоор Монгол ардын намаас гарсан гэж үзэх боломжгүй байна.

Дээрх байдлаар Ж.Э*******ыг Монгол ардын намын гишүүн хэвээр байхад Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэж заасантай нийцээгүй байх тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасны дагуу Ж.Э*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ж.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э*******ын “Адаацаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын Ж.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ж.Э*******ыг нэр дэвшигчээр бүртгүүлэх шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН