Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02337

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02337

 

 

 

 

П.Ганхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02163 дугаар шийдвэртэй П.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болон албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч П.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1184 дугаар захирамжаар П.Ганхуягаас 45 729 700 төгрөгийг гаргуулж Арвайн үр ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн 27 цугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 18270170/4 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18270170/6 тоот тогтоолоор хураасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4/5371 тоот албан мэдэгдлээр ...төлбөр төлөгч П.Ганхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 62 943 394 төгрөгийн 70 хувь буюу 44 060 376 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдье гэжээ. Битүүмжлэх тогтоол үйлдэх үед шийдвэр гүйцэтгэгчид 87 200 000 төгрөгийн үнэтэй гэдгээ хэлж үнийн саналаа өгсөн. Тус 2 өрөө орон сууц эдийн засгийн хямралын үүднээс байрны үнэ тогтворгүй байгаа ч 80 000 000 төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байгаа. Зар мэдээ, Шуурхай зар сонинуудад Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцны зарагдах доод үнэ нь 85 000 000 төгрөгийн үнэтэй гэж зарлагдаж хэвлэгдсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч миний өгсөн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах боломжгүй гэж шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийсэн шинжээч нь ямар нэгэн зах зээлийн тооцоо судалгаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур 62 943 394 төгрөгөөр үнэлсэнд маш их гомдолтой байна. Шинжээч ямар тооцоо судалгааг баримтлан үнэлгээ хийснийг би мэдээгүй, энэ тухай болон үнэлгээ хийсэн тогтоол, үнэлгээний тайлан зэргийг шийдвэр гүйцэтгэгч танилцуулаагүй. Шинжээчийн үнэлсэн үнэ болох 62 943 394 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд орох талаар 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлоо шүүхэд гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас төлбөр төлөгч П.Ганхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 44 060 376 төгрөгөөр тогтоосныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1184 дугаар захирамжаар П.Ганхуягаас 45 729 700 төгрөгийг гаргуулж Арвайн үр ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.Ганхуягийн өмчлөлийн зээлийн барьцааны хөрөнгө болох Соигинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэх талаар 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/4156 тоот мэдэгдэл хүргүүлэхэд нь 87 200 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ирүүлэхэд төлбөр авагч Арвайн үр ХЗХ нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 18/18 тоот албан бичгээр шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсний дагуу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 62 943 394 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/5371 тоот мэдэгдлээр шинжээчийн үнэлгээг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч П.Ганхуягт хүлээлгэн өгч, үнэлгээг мэдэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын хугацаа авсан боловч барьцаа хөрөнгийг худалдан борлуулаагүй бөгөөд төлбөр төлөөгүй тул 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус газарт зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 дүгээр байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, Ү-2201030032 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД 000365598 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны үнэлгээ тогтоосон ажиллагааг болон албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч П.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Ганхуягаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч П.Ганхуягаас шүүхийн шийдвэрийн дагуу 45 729 700 төгрөг гаргуулж Арвайн үр ХЗХ-д олгохоор болсон. Тухайн төлбөрөөс 21 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 24 729 700 төгрөгийн үлдэгдэлтэй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч П.Ганхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах , 54.5 м.кв талбайтай , 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураан авч шинжээчээр үнэлгээ хийлгэж анхны дуудлага худалдаанд оруулсан. Үнэлгээ хийсэн Бэсгэ ХХК-ийн шинжээч зах зээлийн ямар ч тооцоо судалгаагүй байрыг хэт доогуур буюу 62 943 394 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч П.Ганхуягт 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон талаар 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл өгсөн. Үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж иргэний хэрэг үүсгэсэн байхад 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаанд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолоор оруулсан нь хууль зөрчөөгүй гэж үзсэнд маш их гомдолтой байна. Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэгч П.Ганхуяг өөрөө өгч ,амаар албадан дуудлага худалдааг хойшлуулж өгөх хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч П.Ганхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулан оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч П.Ганхуяг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7/5371 тоот Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу хийгдсэн Бэсгэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг болон 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 тоот Албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1184 дүгээр захирамжаар П.Ганхуягаас 45 729 000 төгрөгийг гаргуулан Арвайн үр ХЗХ-д олгохоор, төлбөр төлөгч заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. Шүүхээс уг шийдвэрийг гүйцэтгүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичигдсэн 28 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 18270170 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч П.Ганхуягийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18270170/4 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18270170/6 дүгээр тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан байна.Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасанд нийцэх ба шийдвэр гүйцэтгэгч нь түүнээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч П.Ганхуяг нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах , 54.5 м.кв талбайтай , 2 өрөө орон сууцыг 87 200 000 төгрөгөөр үнэлсэн саналыг хүргүүлсэн ба төлбөр авагч нь уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлжээ. /хх-ийн 47-48 дугаар тал/

Хариуцагч байгууллагаас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг явуулсан, энэ талаар болон холбогдох тогтоолуудыг өмчлөгч П.Ганхуягт хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 8-13, 29, 32, 41-42, 49 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх-ийн 49 дүгээр тал/

Бэсгэ ХХК-ийн шинжээч 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр П.Ганхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах , 54.5 м.кв талбайтай , 2 өрөө орон сууцыг 62 943 394 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 51-88 дугаар тал/

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан дээрх болон эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан шаардлагатай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч П.Ганхуягт 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж, албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг 44 060 376 төгрөгөөр тогтоох болсон тул энэ талаар хариуг бичгээр ирүүлэх тухай мэдэгдлийг тэрээр 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан зэрэг нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг баримтаар нотлогджээ. /хх-ийн 68-71 дүгээр тал/

Нэхэмжлэгч үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлоо 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор буюу хуулийн хугацаанд гаргаагүйг шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нэгэнт шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн учир албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зар сонинуудад Сонгинохайрхан дүүрэгт 2 өрөө орон сууцны доод үнэ нь 85 000 000 төгрөгийн үнэтэй гэж зарлагдаж, хэвлэгдсэн, 80 000 000 төгрөгөөс дээш үнэтэй байхад зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээний талаар гомдлоо шүүхэд гаргасан болохоо мэдэгдсээр атал дуудлага худалдаа явуулсан гэж тайлбарласан боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ