Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00514

 

П ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02163 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2337 дугаар магадлалтай,                                                              П ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 1184 дугаар захирамжаар П аас 45,729,700 төгрөгийг гаргуулж “Арвайн үр” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 02 сарын 27-ны өдөр 18270170/4 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 18270170/6 тоот тогтоолоор хураасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 05 сарын 25-ны өдрийн 4/5371 тоот албан мэдэгдлээр ...төлбөр төлөгч П ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 62,943,394 төгрөгийн 70 хувь буюу 44,060,376 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдье гэжээ. Битүүмжлэх тогтоол үйлдэх үед шийдвэр гүйцэтгэгчид 87,200,000 төгрөгийн үнэтэй гэдгээ хэлж үнийн саналаа өгсөн. Тус 2 өрөө орон сууц эдийн засгийн хямралын үүднээс байрны үнэ тогтворгүй байгаа ч 80,000,000 төгрөгөөс дээш үнэтэй зарагдаж байгаа. Зар мэдээ, Шуурхай зар сонинуудад Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцны зарагдах доод үнэ нь 85,000,000 төгрөгийн үнэтэй гэж зарлагдаж хэвлэгдсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч миний өгсөн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах боломжгүй гэж шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээ хийсэн шинжээч нь ямар нэгэн зах зээлийн тооцоо судалгаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур 62,943,394 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Шинжээч ямар тооцоо судалгааг баримтлан үнэлгээ хийснийг би мэдээгүй, энэ тухай болон үнэлгээ хийсэн тогтоол, үнэлгээний тайлан зэргийг шийдвэр гүйцэтгэгч танилцуулаагүй. Шинжээчийн үнэлсэн үнэ болох 62,943,394 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд орох талаар 2018 оны 05 сарын 25-ны өдөр мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гомдлоо шүүхэд гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас төлбөр төлөгч П ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 44,060,376 төгрөгөөр тогтоосныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 1184 дугаар захирамжаар П аас 45,729,700 төгрөгийг гаргуулж “Арвайн үр” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П ийн өмчлөлийн зээлийн барьцааны хөрөнгө болох Соигинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал ирүүлэх талаар 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 4/4156 тоот мэдэгдэл хүргүүлэхэд нь 87,200,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг 2018 оны 03 сарын 12-ны өдөр ирүүлэхэд төлбөр авагч “Арвайн үр” ХЗХ нь 2018 оны 03 сарын 12-ны өдөр 18/18 тоот албан бичгээр шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсний дагуу 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 74 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 62,943,394 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 4/5371 тоот мэдэгдлээр шинжээчийн үнэлгээг 2018 оны 03 сарын 29-ний өдөр төлбөр төлөгч П т хүлээлгэн өгч, үнэлгээг мэдэгдэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын хугацаа авсан боловч барьцаа хөрөнгийг худалдан борлуулаагүй бөгөөд төлбөр төлөөгүй тул 2018 оны 06 сарын 08-ны өдөр тус газарт зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02163 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 дүгээр байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, Ү-2201030032 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД 000365598 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны үнэлгээ тогтоосон ажиллагааг болон албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч П ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2337 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбекийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/02163 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2337 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч П аас шүүхийн шийдвэрийн дагуу 45,729,700 төгрөг гаргуулж "Арвайн р" ХЗХ-д олгохоор болсон. П  нь төлбөрөөсөө 21,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 24,729,700 төгрөг төлөх ёстой байхад 2 өрөө орон сууцанд нь НШШГГ-аас үнэлгээ хийж, анхны дуудлага худалдаанд оруулсан. Үнэлгээ хийсэн "Бэсгэ" ХХК-ийн шинжээч зах зээлийн ямар ч тооцоо судалгаагүй байрыг хэт доогуур 62,943,394 төгрөгөөр үнэлсэн байдаг . Төлбөр төлөгч П  нь ингэж үнэлсэн үнэлгээг 2018 оны 05 сарын 25-ны өдөр албадан дуудлага худалдаанд 2018 оны 06 сарын 10-ны өдөр оруулахаар болсон мэдэгдэл өгснөөр мэдэж үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргаж иргэний хэрэг үүсгэсэн байхад анхан болон давж заалдах шүүхээс 2018 оны 06 сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаанд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолоор оруулсан нь хууль зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэгч П  өөрөө өгч, амаар албадан дуудлага худалдааг хойшлуулж өгөх хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан байдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч П ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол, ХД 41 байрны 153 тоотод байрлах 54.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 06 сарын 10-ны өдөр зохион байгуулан оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П  нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа өнгөрсөн, анхны албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө шүүхэд гомдол гаргасан тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй  тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/01184 дугаартай захирамжаар П аас 45,729,700.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арвайн Үр” Хадгаламж зээлийн хоршоонд олгох, хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд   Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 дүгээр байрны 153 тоотод байрлах, 54.5 м.кв талбайтай, Ү-2201030032 тоот улсын бүртгэлийн дугаартай, ГД 000365598 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/11132018/00197 дугаар захирамжаар 00028 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18270170 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, шүүгчийн захирамжид заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авах талаар мэдэгдэхэд өмчлөгч П  нь орон сууцыг 87,200,000.00 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Арвайн үр” Хадгаламж зээлийн хоршоо нь өмчлөгчийн саналыг татгалзаж, хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлүүлэх хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 'Шинжээч томилох тухай” 74 дугаар тогтоолоор “Бэсгэ” ХХК-ийг шинжээчээр томилж, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18/16 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 62,943,394.00 төгрөгөөр үнэлжээ.

Хариуцагчийн шинжээч томилсон болон шинжээчийн дүгнэлт гаргасан ажиллагаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч П т 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4/5371 тоот мэдэгдлээр мэдэгдэн, шинжээчийн үнэлсэн үнэ болох 62,943,394.00 төгрөгийн 70 хувиар тооцон 44,060,376.00 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн,   нэхэмжлэгч нь энэ тухай 2018 оны З дугаар сарын 29-ний өдрийн 4/5371 дугаартай мэдэгдлээр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл болон төлбөр төлөгч П ийн гарын үсэг бүхий баримтууд хэрэгт авагджээ. Орон сууцны үнэлгээний талаарх гомдлоо төлбөр төлөгч П  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг 63 хоногоор хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна. Албадан дуудлага худалдаа 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болохоос өмнө шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасан талаараа ахлах шийдвэр гүйцэтгэгчид амаар мэдэгдсээр байтал дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн гэх тайлбараа төлбөр төлөгч П  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй, орон сууцны үнэлгээний талаарх гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн байх тул албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зар сонинуудад Сонгинохайрхан дүүрэгт 2 өрөө орон сууцны доод үнэ нь 85,000,000.00 төгрөгийн үнэтэй гэж зарлагдаж, хэвлэгдсэн, 80,000,000.00 төгрөгөөс дээш үнэтэй байхад зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээний талаар гомдлоо шүүхэд гаргасан болохоо мэдэгдсээр атал дуудлага худалдаа явуулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн   гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02163 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2337 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч П аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН