Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00550

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00550

 

 

 

Т.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21ий өдрийн 183/ШШ2017/00005 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Хонгорзулд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Гантулга нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ч.Хонгорзулд 10 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлүүлж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч Ч.Хонгорзул нь зээлийн хүүг cap бүр төлнө гэж үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөгийг Ч.Хонгорзулаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан тайбартаа: Т.Гантулга нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ч.Хонгорзултай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж, зээлийн харилцаа үүссэн. Үүнээс хойш Ч.Хонгорзул 18 000 000 төгрөг болон хүүтэйгээ нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Иймд Ч.Хонгорзулаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 10 000 000 төгрөг, хүү 8 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлага бүрэн хангасан тул нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл хангагдаж байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Ч.Хонгорзулаас 18 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Хонгорзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие найз болох Алтаннавч түүний нөхөр Т.Гантулгын гэр бүлийг өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш АОС 63 тоот орон сууцанд 2013 оны 9 дүгээр сараас амьдруулж байсан. Надад мөнгөний хэрэг гарч 2014 оны 5 дугаар сард Алтаннавчаас 4 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сард Т.Гантулгаас 6 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг авсан. Үүний дараа 2014 оны 12 дугаар сарын 08-нд гэрээ байгуулж 10 000 000 төгрөг төлж дуустал манай байрны 2 давхарт амьдрахаар гэрээ байгуулсан. 2015 оны 8 дугаар cap хүртэл би зээлийг төлж чадахгүй байсан тул Т.Гантулга эхнэрийн хамт ирж бид 1 давхартаа амьдаръя, чи 2 давхраа түрээслүүлж зээлийн төлбөрөөс хас гээд 1 давхарт орсон. Удалгүй 10 сард нь нүүж гарсан байсан. Нүүсний дараа банкнаас зээл авах гээд орлогоо тодорхойл гэсэн нотариат дээр гэрээ хийгээд өгөөч гэсний дагуу гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Т.Гантулга, Алтаннавч нар ирж хамт нотариат орсон. Зээлийн хүүг 8 хувь cap бүр төлнө гэж хийнэ гэсэн. Харин нотариатч зээл барьцаагүй, хүү өндөр байгаа тул гэрээ хийх нь эрсдэлтэй гээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг тайлбарлаж, гэрээнд тусгасан. Иймд 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, хүү болох 8 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хийсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Хонгорзулаас зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо:...Хариуцагч Ч.Хонгорзул нь 10 000 000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа дурдсан байхад шүүх уг зээлтэй холбоотой асуудлыг дүгнэхдээ зөвхөн Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ба талууд мөнгө зээлсэнээ хэдийд ч гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулахыг хуулиар хориглоогүй. Энэ нь гэрээний чөлөөт байдлын диспозитив зарчимд нийцнэ гэж үзэж байна. Хариуцагч Ч.Хонгорзул 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр, 2014 оны 6, 8 дугаар саруудад авсан нийт 10 000 000 төгрөгөө сарын 8 хувийн хүүтэй зээл болгохоор харилцан тохиролцож 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31 өдөр хүртэл 1 жилийн зээлийн хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Ч.Хонгорзул 2015 оны 8 дугаар cap гэхэд зээлээ төлж чадаагүй. Энэ талаар хариу тайлбартаа дурдсан байдаг. Нэхэмжлэгч Т.Гантулга нь банкнаас зээл авахын тулд орлогоо нотлох зорилгоор хариуцагч Ч.Хонгорзулаас мөнгөө авч чадаагүй учраас Ч.Хонгорзултай өмнө нь харилцан тохиролцож байсан нөхцөлөөрөө дахин зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Ч.Хонгорзул нь уг гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагч Ч.Хонгорзул нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах талаарх үндэслэлээ бичиж сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно. Зохигчдын хооронд 2014, 2015 оны аль ч зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлсэн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг шүүх анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн 183/ШШ2017/00005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Гантулга хариуцагч Ч.Хонгорзулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 10 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү төлөхийг эс зөвшөөрөн маргасан байна.

 

Хариуцагч Ч.Хонгорзул 2014 оны 5 дугаар сард 4 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сард 6 000 000 төгрөг авсан, уг мөнгийг эгүүлэн төлөөгүй гэсэн тайлбар гаргаж, гэрээний талууд 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлийн харилцаа үүссэнийг хожим хүлээн зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээг тус тус зээлийн гэрээ байгуулсан асуудлаар маргаагүй байна.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид 10 000 000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нэг жилийн хуацаатайгаар зээлүүлэхээр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлдүүлэгч Т.Гантулга нь зээлдэгч Ч.Хонгорзулаас үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмаар үнэлээгүйгээс нэхэмжлэгчийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Гэрээний 4 дэх заалтад талууд зээлийн хүүгийн үнийн дүнд зээлдүүлэгч Т.Гантулга нь зээлдэгч Ч.Хонгорзулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш АОС байр 63 тоот хаягт байрлах амины орон сууцанд амьдрахаар харилцан тохиролцсон талаар заажээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг байранд нь амьдрах гэж ирээд тун удалгүй 10 сар гээд гарсан талаар дурдсан байх бөгөөд уг тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний бүх хугацаанд хариуцагчийн байранд амьдарсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Зохигчид гэрээндээ 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүү төлөхөөр тохиролцсон байгаа боловч бичгийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан байх тул талуудын зээлийн хүү төлөхөөр тохиролцсон 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 сар 28 хоногийн хугацаагаар тооцож төлүүлэх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцэх юм.

 

Иймд хариуцагч Ч.Хонгорзулаас үндсэн зээлийн 10 000 000 төгрөгийг, зээлийн хүүгийн 7 146 666 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч Т.Гантулгад олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Ч.Хонгорзулаас 17 146 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Гантулгад олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийн 2 дахь заалтын хариуцагч Ч.Хонгорзулаас 243683 төгрөг гаргуулж Т.Гантулгад олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО