Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00680

 

Т.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00005 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 550 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Хонгорзулд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Гантулга нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ч.Хонгорзулд 10 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлүүлж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч Ч.Хонгорзул нь зээлийн хүүг cap бүр төлнө гэж үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөгийг Ч.Хонгорзулаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие найз болох Алтаннавч түүний нөхөр Т.Гантулгын гэр бүлийг өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш АОС 63 тоот орон сууцанд 2013 оны 9 дүгээр сараас амьдруулж байсан. Надад мөнгөний хэрэг гарч 2014 оны 5 дугаар сард Алтаннавчаас 4 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сард Т.Гантулгаас 6 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг авсан. Үүний дараа 2014 оны 12 дугаар сарын 08-нд гэрээ байгуулж 10 000 000 төгрөг төлж дуустал манай байрны 2 давхарт амьдрахаар гэрээ байгуулсан. 2015 оны 8 дугаар cap хүртэл би зээлийг төлж чадахгүй байсан тул Т.Гантулга эхнэрийн хамт ирж бид 1 давхартаа амьдаръя, чи 2 давхраа түрээслүүлж зээлийн төлбөрөөс хас гээд 1 давхарт орсон. Удалгүй 10 сард нь нүүж гарсан байсан. Нүүсний дараа банкнаас зээл авах гээд орлогоо тодорхойл гэсэн нотариат дээр гэрээ хийгээд өгөөч гэсний дагуу гэрээ байгуулсан.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Т.Гантулга, Алтаннавч нар ирж хамт нотариат орсон. Зээлийн хүүг 8 хувь cap бүр төлнө гэж хийнэ гэсэн. Харин нотариатч зээл барьцаагүй, хүү өндөр байгаа тул гэрээ хийх нь эрсдэлтэй гээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг тайлбарлаж, гэрээнд тусгасан.Иймд 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, хүү болох 8 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хийсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Хонгорзулаас зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 550 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Ч.Хонгорзулаас 17 146 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Гантулгад олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Шийдвэрийн 2 дахь заалтын “…хариуцагч Ч.Хонгорзулаас 243 683 төгрөг гаргуулж Т.Гантулгад олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 000 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Миний бие иргэн Т.Гантулга, түүний эхнэр Алтаннавч нараас 10 000 000 төгрөг зээлсэн боловч үүнтэй холбогдуулан ямар нэгэн хүү төлөх талаар тохиролцоогүй, харин зээл төлөгдөж дуустал миний өмчлөлийн орон сууцны 2 давхарт амьдрах болсон. Т.Гантулга банкнаас зээл хүсч байгаа орлогоо тодорхойлох хэрэгтэй байна нотариатын гэрээ хийж өгөөч гэсний дагуу гэрээ байгуулсан. Гэхдээ нотариатч энэхүү гэрээг байгуулж байгаа учрыг сонсоод гэрээн дээрх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг тусгайлан тайлбарлаж гэрээнд тусгасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс миний хүчин төгөлдөр бус гэж үзэж байгааг хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэж хүүг үндсэн зээлийн хамт төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх зарчмыг алдагдуулснаас болж зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг өөр өөрөөр хянан шийдвэрлэсэн байна. Шүүх гэрээг тайлбарлах Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн шаардлагын, хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй зээлийн гэрээнүүдийн талаар дүгнэлт хийж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Т.Гантулга нь хариуцагч Ч.Хонгорзулаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 10 000 000 төгрөг, хүүд 8 000 000 төгрөг8 бүгд 18 000 000 төгрөг шаардахдаа 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 10 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй \зээлийн хүүг сар бүр төлнө гэх заалттай\ зээлүүлсэн гэрээг үндэслэл болгожээ.

Хариуцагч Ч.Хонгорзул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 10 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хүүд 8 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзахдаа 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 10 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй гэрээг үндэслэл болгожээ. Уг гэрээнд “тус мөнгөний хүүнд Ч.Хонгорзулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш АОС 63 тоот хаягт байрлах амины орон сууцанд Т.Гантулга нь гэрээний үүрэг биелэгдэж дуустал суухаар тохиролцов. Орон сууц хөлслөх гэрээг талууд тусад нь байгуулахаар тохиролцов” гэжээ.  

Дээрх хоёр гэрээг байгуулагдсан өдөр нь нотариатаар гэрчлүүлсэн боловч бодит байдал дээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ч, мөн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ч нэхэмжлэгч Т.Гантулга Ч.Хонгорзулд мөнгө зээлдүүлээгүй болох нь нэхэмжлэл болон хариу тайлбарын аль алинд нь тусгагджээ.

Нэхэмжлэгч Т.Гантулгын нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчид мөнгө зээлүүлээгүй, мөнгө шилжүүлээгүй тул энэ гэрээний дагуу үндсэн зээл болон хүү төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ үндэслэлийг шийдвэртээ тусгасан нь зөв болжээ.

Харин хариуцагч Ч.Хонгорзулын татгалзлын үндэслэл болж буй гэрээний дагуу мөн мөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжээгүй боловч хариуцагч нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг зээлсэнээ хүлээн зөвшөөрсөн тул уг төлбөрийг түүнээс гаргуулах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд хүүгийн оронд зээлдүүлэгчийг орон сууцанд суулгах тухай тохиролцоо байсныг анхаарсан боловч Т.Гантулга орон сууцнаас удалгүй гарсан гэх хариуцагчийн тайлбарыг ташаа ойлгожээ.

Тухайлбал, хариуцагч тайлбартаа нэхэмжлэгчийн гэр бүлийг 2013 оны 9 дүгээр сараас орон сууцандаа амьдруулсан, 2014 оны 05, 08 дугаар сард Гантулга болон түүний эхнэрээс нийт 10 000 000 төгрөг зээлсэн, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулсанаас хойш 10 000 000 төгрөгийг төлж дуустал нэхэмжлэгчийг өөрийн байрны 2 давхарт амьдруулахаар гэрээнд заасан, 2015 оны 8 дугаар сар хүртэл зээлийг төлж чадаагүй тул Гантулга эхнэрийн хамт байрны 2 дугаар давхараа түрээслүүл гэж санал болгон 1 дүгээр давхарт орсон боловч 10 дугаар сард нүүж гарсан гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийг байранд нь амьдрах гэж ирээд тун удалгүй 10 сар гээд гарсан ...уг тайлбараас үзэхэд хариуцагчийн байранд амьдарсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн нь ташаа болжээ.

Улмаар давж заалдах шатны шүүх гэрээ байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 сар 28 хоногийн хугацаагаар хүү тооцсон нь гэрээний оролцогч талуудын гэрээнд заасан тохиролцоонд нийцээгүй байна.  

Нэхэмжлэгч Т.Гантулга гэр бүлийн хамт хэдий хугацаанд хариуцагч Ч.Хонгорзулын байранд амьдарсан талаар хариуцагчийн тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хариуцагчийн уг тайлбарыг баримтаар үгүйсгээгүй тул 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт 8 хувийн хүү тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 550 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагчаас Ч.Хонгорзулаас 17 146 666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Гантулгад олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэснийг “хариуцагч Ч.Хонгорзулаас 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Гантулгад олгосугай” гэж, “243 683 төгрөг” гэснийг “174 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 129 297 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН