Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00080

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00080

 

 

Б.Өсөхбаяр нэхэмжлэлтэй
Б.Өсөхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03446 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Өсөхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Дима, Ө.Дүүхүү, Ж.Одхүү нарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК

 

Норд бенз маркын 92-72 УНО улсын дугаартай автомашиныг Ж.Одхүүд шилжүүлсэн хэлцэл, 57-37 БЧ дугаартай чиргүүлийг Ө.Дүүхүүд шилжүүлсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, Норд бенз маркийн автомашин, чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээг Б.Өсөхбаярын нэр дээр гаргаж өгөхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Өсөхбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мөнхтуяа

Хариуцагч: Б.Дима, Ж.Одхүү, Ө.Дүүхүү

Хариуцагч Б.Димагийн өмгөөлөгч: Ц.Алтанзаяа

Хариуцагч Ж.Одхүүгийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн, Г.Нямхүү

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Д.Наран

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь Б.Димагаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2011 оны 4 дүгээр сард Монгол улсад орж ирсэн Норд бенз маркын 92-72 УНА улсын дугаартай авто машиныг чиргүүлийн хамт 70 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Анх хариуцагч Б.Диматай 250 ресс явж, машиныг хувьдаа авахаар харилцан тохирч, аман гэрээ байгуулж ажилласан ба 2012 оны 5 дугаар сараас 2012 оны 6 дугаар сар хүртэл 90 орчим ресс явсан байсан. Бидний хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдэг нь Грийт гоби ложистикс ХХК-ийн захирал Б.Димагийн бичиж өгсөн албан бичиг, тодорхойлолтоор нотлогддог. 2012 оны 11 сар хүртэл улс хоорондын тээвэр хийдэг ЭСДЭ ХХК-ийн нэр дээр 112 удаагийн тээвэр хийж уг тээврийн хөлс болох 7 000 000 төгрөгийг хасуулж, 63 000 000 төгрөг болсон ба үлдсэн төлбөрийг төлөхийн тулд Т.Оюун, Ж.Одхүү нар зээл хөөцөлдөж Б.Өсөхбаярт 40 000 000 төгрөгийг зээлсэн ба 30 000 000 төгрөгийг Б.Димад бэлнээр өгсөн байдаг. Үлдэгдэл 33 000 000 төгрөгийг Б.Дима нь ЭСДЭ ХХК-ийн замын тээвэр хийх ажил олж өгч, нэг удаагийн тээврийн хөлсийг 600 000 төгрөгөөр тооцож, 55 удаагийн тээвэр хийж төлөөрэй гэж тохиролцсон. Энэ талаар 2014 оны 12 дугаар сард Б.Дима захирал Цогт Цэций сумын н.Алимаа гэх нотариатчаар 70 000 000 төгрөгөөр машин худалдахаар тохирсон, 30 000 000 төгрөгийг Б.Өсөхбаярт өгсөн. 7 000 000 төгрөгийн тээврийн хөлсийг хасуулсан ба үлдэгдэл 33,000,000 төгрөгийг төлнө гэж 2014 оны 11 дүгээр сарын 28-ны тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Тус тооцооны үлдэгдлийн баталгааг нотариатаар баталгаажуулсан ба, уг албан бичгийг үндэслэн Б.Дима Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцээд хариуцагчийн зөвшөөрлийг батласан 207 дугаар захирамж гаргасан. Уг 207 дугаар захирамжаар уг машиныг хуульд зааснаар өмчлөх эрх Б.Өсөхбаярын хувьд үүссэн гэж үзэж байна.

Өмнөговь аймгийн сум дундын прокурорын тогтоолоор 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол гарсан. Уг тогтоолд Б.Өсөхбаяр Т.Оюунаас 40 000 000 төгрөгийг зээлж авсан, зээлж авсан 40 000 000 төгрөгөө 55 600 000 төгрөг болгож төлсөн нь тус тус талуудын тайлбараар тогтоогдож байна гэсэн байдаг. Энэ цагаас хойш Ж.Одхүү гэдэг хүн энэ машиныг өөрийн эзэмшилд авахаар хууль бус бүхий л аргыг хэрэглэж ирсэн. Уг машиныг өмчлөх эрхийг үүсгэсэн Б.Өсөхбаяр мөнгийг нь төлөөд авах шүүхийн 207 тоот захирамж гарсан байхад Б.Дима, Ж.Одхүү нар хоорондоо 16 150 000 төгрөгийн төлбөр төлөх гэрээг байгуулж, энэ гэрээний үндсэн дээр машиныг Ж.Одхүүгийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ж.Одхүү, Б.Дима нарын хооронд хийгдсэн 16 150 000 төгрөгийн төлбөр төлөх хэлцлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад чиргүүл нь Ж.Одхүүгээс Ө.Дүүхүүгийн нэр дээр шилжсэн байдаг ба энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б. Өсөхбаяр намайг Норд бенз маркийн 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 57-37 БЧ улсын дугаартай чиргүүлийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмчлөх эрхтэй холбоотойгоор тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээг Б.Өсөхбаярын нэр дээр гаргаж өгөхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Дима, түүний өмгөөлөгч Г.Алтанзаяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Өсөхбаяр нь манай компанид жолоочоор ажилд орсон. 2012 оны хавар Б.Өсөхбаяр би таны машиныг авмаар байна, та надад тодорхойлолт хийгээд өгөөч гэж удаа дараа хүссэн учраас би 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.Өсөхбаярт машины үнэ 70 000 000 төгрө болно гэх тодорхойлолт хийж өгсөн. Энэ тодорхойлолтоор Б.Өсөхбаяр Голомт болон Хаан банкнаас зээл авахаар 2012 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хөөцөлдөхөд бүтээгүй. Тэрээр 2012 оны 11 сарын 7-ны өдөр над руу ...Цогтцэцийгээс манай найз Ж.Одхүүгийн эхнэр Т.Оюуны хамт очно. Маргааш та яаралтай худалдах худалдан авах гэрээ хийж өгч явуулаач... гэж мессеж ирүүлсэн байсан. Цогтцэций сумын Хаан банкнаас зээл авахаар болсон, энэ гэрээний дагуу Ж.Одхүү машиныг чинь худалдан авч байгаа юм гэж хэлсэн. 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Т.Оюун гэх хүн над дээр ирж, бид хоёр нотариат орж, сайн дураар, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр авто машиныг 40 000 000 төгрөгөөр, автомашиныг 40 000 000 төгрөгөөр, нийт 80 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Өсөхбаярын ярьсан шиг машинаар 90 ресс явсан зүйл байхгүй. Б.Өсөхбаяр хэд хоногийн дараа ирээд 30 000 000 төгрөг өгье, та надад машинаа рессээ тохироод өгчих гэж хэлсэн. Ингээд 30 000 000 төгрөгийг надад өгсөн ба 6 сарын хугацаанд нэг рессийг 600 000 төгрөгөөр 55 ресс ажил хийж, машины үнийг төлж дуусгахаар тохирсон байсан. Үүнээс хойш 2013 онд 5 000 000 төгрөг, 2014 онд 5 000 000 төгрөг өгч, үүнээс хойш Б.Өсөхбаяр алга болсон учраас би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Б.Өсөхбаяраас машины үлдэгдэл төлбөрт 19 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Б.Өсөхбаяр 6 сарын хугацаанд би 19 500 000 төгрөгийг өгье гэсэн учраас шүүхээс хариуцагчийн зөвшөөрөл баталсан 207 тоот шүүгчийн захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу сард 3 000 000 - 4 000 000 төгрөгийг графикийн дагуу төлөх ёстой байхад төлөөгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр Т.Оюунтай таарсан ба тэрээр Б.Өсөхбаярт мөнгө өгөөд явуулсан, би машиныг чинь авч байгаа, Б.Өсөхбаярын машин биш гэж хэлсэн. Энэ хэргийг харахад Ж.Одхүү, Б.Өсөхбаяр нар анхнаасаа үгсэн хуйвалдсан гэж би үзэж байна. Миний хийж өгсөн тодорхойлолтыг барьж, энэ миний машин гэж Б.Өсөхбаяр маргадаг боловч уг автомашин Монгол улсад орж ирсэн түүх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг харахад Б.Өсөхбаярын нэр дээр эзэмших эрх нь нэг ч удаа шилжиж очоогүй. Анхнаасаа энэ машин миний өмч байсан, миний Т.Оюунтай байгуулсан гэрээг Б.Өсөхбаяр үгүйсгэх ямар ч үндэслэл байхгүй. Эд хөрөнгийг хүлээн авсан нөхцөл нь Т.Оюун, Б.Дима нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байгуулагдсан авто машин, автомашиныг худалдах худалдан авах гэрээгээр тодорхойлогдоно. Энэ гэрээг үндэслэж, Хаан банк Т.Оюунтай гэрээ байгуулж, зээл олгосон. Энэ шийдвэрийн дагуу Т.Оюуны данс руу нэг өдөр 70 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг нийт 100 000 000 төгрөгийн гэрээ байгуулж шилжүүлсэн. Энэ гэрээг үндэслэж, Хаан банк авто машин, автомашиныг барьцаалсан байдаг. Өнөөдөр Б.Димагийн хийж өгсөн тодорхойлолтоор өмчлөх эрх үүссэн гэж тайлбарлаж байгаа нь хангалттай үндэслэл биш. Энэ тодорхойлолт нь зөвхөн банкинд зориулагдаж хийгдсэн баримт болохоос биш худалдан авсан гэх баримт бичиг биш юм. Өөрөөр хэлбэл гэрээ биш. Нэхэмжлэгч тал 207 тоот шүүгчийн захирамжийг удаа дараа тайлбарладаг. Энэ нь тухайн үед Б.Дима мөнгө авна гэж төөрөгдөж явж байгаад болсон нөхцөл байдал. Б.Дима тухайн үед иргэний шүүх дээр хэлсэн тайлбартаа мөн тодорхой тайлбарласан байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Одхүү, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, Г.Нямхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Өсөхбаяр нь 2010 онд манай эхнэрийн жолооны багш хийж байсан. Цогтцэций суманд таних хүн байхгүй гэртээ байлгаач гэж гуйсан учраас би 2010 оноос хойш 2015 он хүртэл Б.Өсөхбаярыг гэртээ байлгасан. 5 жилийн хугацаанд хамт амьдарч байсан учраас би түүнд маш их итгэж байсан. Сүүлд Б.Димагийн компанид ажилд орсон. Таван толгой, Цогтцэций суманд уул уурхайн салбар уналтад орж, Б.Өсөхбаяр Б.Дима дарга машинаа зарах гэж байна. Шинэ машин, би бариад удаагүй байгаа. Найзад нь банкинд тавих үл хөдлөх эд хөрөнгө байхгүй учраас авах боломж алга. Танайх энэ машиныг авчих гэж гуйсан. 2012 оны 11 дүгээр сарын 8-нд Б.Дима захиралтай уулзуулсан. Манайх тэр үед Хас банкинд 39 000 000 төгрөгийн зээлтэй байсан. Б.Өсөхбаярын удаа дараагийн ятгалгаар манайх зээл хөөцөлдөж эхэлсэн. Зээл удаж байгаад 30 000 000 төгрөг, 70 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийн зээл гарсан. Үүнээс 11,000,000 төгрөгийг манайх өөрсдөө хэрэгцээндээ авч, 39 000 000 төгрөгөөр Хас банкны зээлээ дарж, 10 000 000 төгрөгөөр нь ажил муу байгаа учраас банкныхаа хүүг төлье гэж авч үлдээд, 40 000 000 төгрөгийг Б.Дима даргад өгчих гээд Б.Өсөхбаярт хэлсэн. Б.Өсөхбаяр миний дансанд хийчих, Б.Дима даргатай хамтарч ажиллаж байсан учраас намайг бэлэн мөнгө бариад очвол машинаа арай хямд өгөх байх гэж хэлсэн. Би Б.Өсөхбаярт их итгэдэг байсан учраас түүнд 40 000 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 10 000 000 төгрөгийг Б.Өсөхбаяр үрээд 30 000 000 төгрөгийг машины төлбөрт өгсөн байсан. Б.Өсөхбаяр машинаа барьж байх үедээ бидэнд их чирэгдэл учруулсан. Үлдсэн мөнгөө машины сэлбэг, тос масло, банкны хүү зэрэгт өгсөн. Улаанбаатар хотод ирж, Б.Өсөхбаяртай уулзаж, машинаа авъя гэхэд шүүх цагдаагаар яв, найз нөхөд гэж байдаггүй юм гэсэн. Үүнээс хойш машиныг буцааж өгөөгүй, айлын хашаанд 3 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Б.Өсөхбаяр надаас мөнгө зээлсэн гэж тайлбарладаг боловч бидний хооронд мөнгө зээлэх тухай аман болон бичгийн гэрээ байхгүй. Мөн Т.Оюунаас Б.Димагийн данс руу 5 000 000 төгрөг, дараа нь 2015 оны 5 сард дахин 5 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. 2014 онд нүүрс тээвэрлэсэн учраас 2 300 000 төгрөгийн падааныг Б.Димад өгсөн. 2013 онд явсан 6 рессний мөнгө 3 600 000 төгрөгийг машины үнэнээс хасч тооцсон байдаг. Мэнд эрмүүн тулга ХХК-иас 950 000 төгрөгийг өгсөн. Ингээд хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард 16 150 000 төгрөгийг машины үлдэгдэл төлбөрт төлсөн учраас Мэнд эрмүүн тулга ХХК-иас албан ёсоор машины эзэмших эрхийг шилжүүлж авсан. Т.Оюун бид 2 гэр бүлийн гишүүд, хамтран зээлдэгч байсан учраас би уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нотлож байгаа гол баримт нь 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт байдаг. Тодорхойлолтыг үндэслэж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Өсөхбаярт машиныг худалдаагүй. Өмчлөх эрхтэй гэдгээ нотлож чадахгүй байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж тайлбарладаг.

Гэтэл анх автомашин худалдах, худалдан авах гэрээг Эс ди ХХК болон Т.Оюун нарын хооронд байгуулагдсан. Гэрээгээр Хаан банкны зээл гарсны дараа Т.Оюун машины үнийг бүрэн төлөхөөр харилцан тохирсон байсан. Уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 207 дугаартай захирамжийг үндэслэл болгодог. Хариуцагчийн зөвшөөрөл баталсан нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлдэг энэ нь Б.Өсөхбаярт ашигтай байсан. Т.Оюун Грийт гоби ложистик ХХК-иас худалдаж шилжүүлэн авсан бөгөөд гэр бүлийн хүн болох Ж.Одхүүгийн нэр дээр гэрчилгээг нь авсан байдаг. Уг машины хууль ёсны эзэмшигч нь Ж.Одхүү бөгөөд Ж.Одхүү, Т.Оюун нар гэр бүлийн хүмүүс бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б.Дима, Т.Оюун нарын хооронд машин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр хийгдсэн, стандарт гэрээ бөгөөд энэ гэрээг үндэслэж, Хаан банк зээл олгосон. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.Дүүхүү шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэгт тээврийн хэрэгслийг бүртгүүлэх маягтад 57-37 УБЧ дугаартай чиргүүлийг Ж.Одхүүгээс Ө.Дүүхүүгийн эзэмшилд шилжүүлэн өгөх тухай баримт бичиг авагджээ. Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар уг чиргүүл нь Ө.Дүүхүүгийн нэр дээр шилжсэн байна. Дээрх нотлох баримтуудаар Ө.Дүүхүү нь хуульд заасны дагуу дээрх чиргүүлийг эзэмших эрхтэй ба хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн Ө.Өсөхбаяр болон хамтран хариуцагчаар татагдсан Ө.Дүүхүү нарын хооронд чиргүүлийг худалдах, худалдан авах ямар нэг гэрээ хийгдээгүй байгааг анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу Ж.Одхүү эрхийн зөрчилгүй чиргүүлийг худалдан авагчид шилжүүлсэн, зохигчдын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зохигчид буюу хоёр тал нэгэнт байгуулсан гэрээнээс татгалзаагүй тул Б.Өсөхбаяр хөндлөнгөөс оролцох эрхгүй юм. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хаан банкны Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах салбар Т.Оюун, Ж.Одхүү нарт 30 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 70 000 000 төгрөгийн хүнд даацын машин худалдах, худалдан авах зориулалтаар нийт 100 000 000 төгрөгийн зээлийг авто машин, автмашиныг барьцаалан зээл олгосон байдаг. Банкны зээлийн бүх нөхцлийг хангаж байсан учраас 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхлээд 70 000 000 төгрөгийг, дараа нь 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан. Авто машин, автомашиныг барьцаалж, зээлийг олгосон байгаа. Уул уурхайн ажилтай холбоотойгоор зээлийн төлөлт удааширч эхэлсэн. Зээлийн төлөлт яагаад удааширсан талаар асуухад бизнес, түрээсийн орлого зэргээс гадна, барьцаанд байгаа машин, автомашинаарорлого олж, зээлийн төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл энэ машин дээр өмчлөх эрхтэй эсэх асуудал үүссэн учраас зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрч эхлэсэн. Банк шүүхэд хандаж, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 75 тоот шүүгчийн захирамж гарч, уг захирамжаар банкны зээлийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн тул шүүх талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Ж.Одхүү Хаан банкинд 36 026 162 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтрэлттэй байгаа. Хаан банкны барьцаа хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 27189 тоот, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 02888 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулах зорилгоор битүүмжилсэн байдаг. Үүнээс үүдэн машинаар зээл төлүүлэх ажиллагаа зогсож, банкны зээл төлөгдөх боломжгүй болж, манай байгууллага давхар хохирсон. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Өсөхбаярын Норд бенз маркын 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Одхүүд шилжүүлсэн хэлцэл, 57-37 БЧ дугаартай чиргүүлийг Ө.Дүүхүүд шилжүүлсэн хэлцэлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж өгөхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна. .

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо:

... Монгол улсад 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр машиныг Б.Өсөхбаяр цоо шинэ, нэг ч ачаанд яваагүй байхад нь Грийт гоби ложистик ХХК-тай Ухаа худаг уурхайгаас цагаан хад хүртэл 250 рейсээр гүйцэтгэж, гүйцэтгэлээр худалдан авахаар тохиролцож, ажиллаж эхэлсэн. Энэ тал дээр хариуцагч Дима маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэрч ч мөн нотолсон байдаг. Тухайн үед компанитай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа жолооч 200 000 - 300 000 төгрөгийн цалинтай байсан. Гүйцэтгэлээр худалдан авахаар тохиролцсон жолооч нэг рейсийг 80 000 төгрөг авч байсан. Үүний зөрүүд нэхэмжлэгч ажиллаж хохироод байна. 100 орчим рейс явсны дараа Б.Дима өөрөө мөнгөний хэрэг байна гээд 70 000 000 төгрөгөөр худалдаж ав гэсэн өөрөө санал тавьсан. 2012 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Норд бенз маркийн 92-72 УНА улсын дугаартай, автомашиныг чиргүүлийн хамт 70 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон хэлцлийг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Ингэж санал тавьснаас хойш буюу 2012 оны 6 сараас хойш зээл хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед Т.Оюун, Ж.Одхүү хоёр зээлтэй, зээлээ төлөх шаардлагатай болсон байсан тул мөнгө зээлэхээр хөөцөлдөж, би тэр авсан зээлээс нь Т.Оюунаас мөнгө зээлэхээр тохиролцсон. Т.Оюуны зээл 11 сард бүтсэн. Би тэр зээлсэн 100 000 000 төгрөгнөөс нь 40 000 000 төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгөнөөсөө 30 000 000 төгрөгийг Б.Димад өгсөн. Ингэж машины үнийн 2 дахь хэсгийг төлсөн, үүнийг шүүх анхаараагүй. "Нэхэмжлэгчийн хуульд заасны дагуу өмчлөх эрхтэй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 207 дугаартай захирамжаар маргааны зүйл болох Норд бенз маркын 92-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 57-37 БЧ дугаартай чиргүүлийн үлдэгдэл төлбөр болох 17 150 000 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр Б.Дима нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжаар тээврийн хэрэгслийг өмчлөх эрхтэй эсэх талаарх үйл баримтыг дүгнээгүй бөгөөд Б.Өсөхбаярт хуульд заасны дагуу өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн байна. Гэтэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 207 дугаартай захирамжаар Б.Дима нь Б.Өсөхбаяраас үлдэгдэл төлбөр 17 150 000 төгрөг, дээр нь өмгөөллийн зардал 2 000 000 төгрөг нийт 19 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батласан бөгөөд уг захирамжаар Б.Өсөхбаяр нь Б.Диматай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг машиныг өмчлөх эрх Б.Өсөхбаярын хувьд үүссэн Б.Димагийн өмчлөх эрх дуусгавар болсон нь дээрх захирамжаар тогтоогдсон байдаг. Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь хариуцагч Б.Дима, Ө.Дүүхүү, Ж.Одхүү нарт холбогдуулан Норд бенз маркын 92-72 УНО улсын дугаартай автомашиныг Ж.Одхүүд шилжүүлсэн хэлцэл, 57-37 БЧ дугаартай чиргүүлийг Ө.Дүүхүүд шилжүүлсэн хэлцлийг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, Норд бенз маркийн автомашин, чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгож, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээг Б.Өсөхбаярын нэр дээр гаргаж өгөхийг Авто тээврийн үндэсний төвд даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр Норд бенз маркын 92-72 УНО улсын дугаартай автомашин, 57-37 БЧ дугаартай чиргүүлийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 207 дугаар шүүгчийн захирамж, Грийн гоби ложистик ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар тодорхойлолт зэргийг үндэслэн гаргажээ. /1хх-ийн 10, 163-164 тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2011 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б.Дима, Т.Оюун нар автомашин худалдах- худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр автомашиныг 40 000 000 төгрөгөөр, мөн 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр чиргүүлийг мөн 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар талууд тус тус тохиролцсон байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Одхүү нь нэхэмжлэгч Б.Өсөхбаяраар дамжуулан хариуцагч Б.Димад өгсөн талаар тайлбар гаргаж байгаа бөгөөд зохигчид уг асуудлаар маргаагүй болно. /1хх-ийн 158-159/ Хариуцагч Ж.Одхүү, Б.Дима нар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр төлбөр төлөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Одхүү нь Б.Димад 16 150 000 төгрөгийг төлөх, төлбөрийг хүлээн аваад автомашин болон чиргүүлийн эзэмшлийг Ж.Одхүүгийн нэр дээр шилжүүлэхээр тус тус тохиролцсон, мөн өдрөө талууд төлбөр хүлээлцсэн баримт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1хх-ийн 167, 2хх-ийн 98 тал/

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 207 дугаар захирамжаар гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 150 000 төгрөг нэхэмжилж Б.Өсөхбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг шийдвэрийн дагуу Б.Өсөхбаяр нь Б.Димад мөнгө төлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг шийдвэр биелэгдээгүй байна. Дээрх шүүгчийн захирамжаар зохигчдын хэн нь тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авах эрхтэй талаар хуульзүйн дүгнэлт хийгээгүй байх тул уг захирамжийн хүрээнд Б.Өсөхбаярт хуульд заасны дагуу өмчлөх эрх үүссэн гэж үзэхгүй. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боложгүй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн хүрээнд нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь хариуцагч Б.Димагаас автомашин өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн маргааны зүйл болж эд хөрөнгийн өмчлөх эрхээ тогтоолгохоор үндэслэж байгаа нэг баримт болох Грийн гоби ложистик ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 тоот тодорхойлолтод ... Б.Өсөхбаярт автомашиныг чиргүүлийн хамт худалдах, худалдан авахаар тохирсон нь үнэн гэсэн байгаа боловч уг баримтыг үндэслэн Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар эд хөрөнгийг шилжсэн гэж үзэхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь Б.Дима, Ж.Одхүү нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан төлбөр төлөх гэрээ, Ж.Одхүү, Ө.Дүүхүү нарын хооронд байгуулагдсан 57-37 тоот БЧ дугаартай чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг үндэслэсэн байгаа боловч уг байдал нь ямар үндэслэл, ямар баримтаар тогтоогдож байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Б.Өсөхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр давж заалдах гомдолдоо ...худалдах, худалдан авах гэрээний дагуу Т.Оюунд автомашин болон чиргүүлийн үнийг төлж байсан болох нь Т.Оюуны Хаан банкинд төлж байсан мөнгөний түүний дансны хуулгаар тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа боловч Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Т.Оюуны зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгийг Б.Өсөхбаярын төлсөн мөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. /1хх-ийн 206-236 тал/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/03446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Өсөхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО