Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00525

 

 

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00525

 

 

 

 

                            “ЦББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 101/ШШ2018/03759 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК хариуцагч “СЦ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 168 546 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч талын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “СЦ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, мах дайвар бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг ба үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөд зориулж 6 сарын хугацаатай 120 000 000 төгрөг зээлдүүлэхийг хүссэний дагуу 110 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр, Нийслэлийн ...166 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх, мөн тус хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, 79 м.кв талбайтай ажпын байрны зориулалттай үл хөдлөх, 90 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх 1600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаанд тавьж 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр №052/17 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон.

Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг зохих хууль журамд нийцүүлэн, талуудын тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцон байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

Зээл олгосноос хойш зээлдэгч нь 110 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 1 000 000 төгрөгийг төлсөн, үндсэн зээлээс огт төлөөгүй. 110 000 000 төгрөгийн зээлийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Зээлийн хугацаа дуусахаас өмнө болон дууссанаас хойш зээл төлөхийг удаа дараа шаардсан байдаг. Иймээс зээлдэгч “СЦ" ХХК-аас үндсэн зээл 110 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 41 973 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 725 333 төгрөг, нийт 155 698 666 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...... үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай ............ бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай ......... бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 90 м.кв талбайтай агуулахын зориулалттай, ......... үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч зээл, хүүгийн төлбөрөө төлөхгүй байгаа тул 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 73 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацааны үндсэн хүү 10 706 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 141 333 төгрөг, нийт 12 848 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 052/17 дугаартай ззэлийн гэрээг “ЦББСБ” ХХК-тай байгуулж, 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 110 000 000 төгрөгийг зээлсэн. Банкны зээлээр их хэмжээний түүхий эд татан авсан боловч борлуулах зах зээл хумигдаж, түүхий эдийн агуулахад удаан хадгалагдан чанар байдлаа алдсаны улмаас борлуулагдахгүй болсон. Манай компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч компани алдагдалд орж дампуурч, зээлээ төлж чадаагүй.

 

Зээлийн гэрээгээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хугацаа 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дууссан. Нийт зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 110 000 000 төгрөг, хүү 24 346 670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 725 333 төгрөг, нийт 138 072 003 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс 1 000 000 төгрөгийг тушаасан, одоо үлдэгдэл 137 072 003 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулж барагдуулах болно. Нэхэмжпэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжпэлийн шаардлагаа 12 848 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 168 546 666 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай компани нэхэмжпэгчийн нэхэмжилж буй их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ямар ч санхүүгийн чадвар байхгүй бөгөөд зээлийн үндсэн төлбөр, гэрээний хугацаан дахь хүүг л төлөх боломжтой. Бидний энэ нөхцлийг ойлгож, нэхэмжлэлийн шаардлагыг хасч зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээний хугацаан дахь хүүг төлөхийг зөвшөөрнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч “СЦ” ХХК-аас 168 546 666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ........ 166 м.кв талбайтай агуулахын зориулалттай Ү-22002018168 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд өхрөнгө, мөн тус хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай ................ бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай .............. бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 90 м.кв талбайтай агуулахын зориулалттай, Ү-2202017970 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1 600 м.кв талбайтай, .................... дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 227 161.33 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч “СЦ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 227 161.33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч талын давж заалдах гомдолд: “СЦ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “ЦББСБ” ХХК-аас мах дайвар бүтээгдэхүүний худалдаа эрхлэх, үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөд зориулж 6 сарын хугацаатай 110 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн байдаг. Зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсны улмаас “ЦББСБ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж үндсэн зээл 110 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 41 973 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 725 333 төгрөг, нийт 155 698 666 төгрөгийг нэхэмжилж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Гэвч 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 73 хоногоор тооцож, энэ хугацаанд дахин хүү 10 706 667, нэмэгдүүлсэн хүү 2 141 333 төгрөг, нийт 12 848 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдолтой байна.

Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-ийн Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгодог тусгай зөвшөөрлийг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт чухал шаардлагатай нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Иймд үндсэн нэхэмжлэлийн 155 698 666 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 12 848 000 төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК нь хариуцагч “СЦ” ХХК-д холбогдуулан үндсэн зээл 110 000 000 төгрөг, зээлийн хүү 52 680 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 866 667 төгрөг, нийт 168 546 666 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснээс хариуцагч 155 698 666 төгрөгийн шаардлагыг зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК нь хариуцагч “СЦ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 110 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн барьцаанд ........... 166 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай эд хөрөнгө, мөн дээрх хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай, ажлын байрны зориулалттай 79 м.кв талбай, агуулахын зориулалттай 90 м.кв талбай, худалдаа үйлчилгээний зориулалттай 1 600 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан байна. /хх6-11/

 

 Зээлдүүлэгч “ЦББСБ” ХХК зээлдэгч “СЦ” ХХК-ийн Хаан банкны ...............дугаартай дансанд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 110 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хүүд 1 000 000 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. /хх29,30, 40/

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно гэж тус тус заасан байх боловч нэхэмжлэгч байгууллагыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх баримт хэрэгт байхгүй, дээрх чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Хэргийн 5 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээнд “ЦББСБ” ХХК гэж нэхэмжлэгч байгууллагын зөвхөн нэрийг нь бичжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох, уг баримтыг шүүхэд өөрсдөө гаргаж өгөх журамтай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлнэ.

 

Шүүхээс зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн байх бөгөөд нотлох баримт бүрдүүлэх талаар зохигчдын хэн аль нь хүсэлт гаргаагүй байна. Хариуцагчийн “ ... шүүх нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрлийг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ...” гэх гомдол үндэслэлтэй. Гэвч, талууд бичгээр гэрээ байгуулж хүүгийн талаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх  хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжтой байна. /хх37/

 

Хариуцагч зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 110 000 000 төгрөг, 6 сарын хүү 24 346 670 төгрөг, нийт 134 346 670 төгрөг төлөх үүрэгтэй боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны деспозитив зарчмын хүрээнд талуудын өөрсдөө шаардлага татгалзлаа тодорхойлсон буюу хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 155 698 666 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг хуульд заасны дагуу тооцож гарсан дүнгээс илүү хэмжээгээр зөвшөөрч байгаа тул уг хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. /хх59, 72-73, 85 /

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 101/ШШ2018/03759 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “СЦ” ХХК-аас 168 546 666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-д олгосугай гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “СЦ” ХХК-аас 155 698 666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЦББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 848 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэж, 3 дахь заалтын “1 227 161,33” гэснийг “936 443,33 ” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 518 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                                                       А.МӨНХЗУЛ