Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01977

 

 

Х.Цэдэнбалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02562 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Цэдэнбалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,

 

Ажилгүй хугацааны цалин, нэмэгдэл хөлс, амралтын олговорт нийт 9 053 716 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Цэдэнбал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Болортуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Цэдэнбал би 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай үйл ажиллагааны гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг даргаар ажиллаж эхэлсэн. Гэвч Засаг дарга Д.Пүрэвдаваа нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/43 тоот захирамж гарган хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/470 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 221/МА2017/0632 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 584 дугаар захирамжаар хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоосон. Анхан шатны шүүх хурлын шийдвэр гарсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан 6 дугаар сарын хугацааны цалинг нөхөж олгохоор шийдвэрлэснийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар нөхөж авсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр биелүүлж, ажилд эгүүлэн томилох захирамж гаргасан. Иймд хуулийн хэрэгжилтийг баталгаажуулж, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох захирамж гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан 10 дугаар сарын цалин буюу ажлын 294 хоногийн цалин болох 6 131 540 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл албан тушаалын цалингийн 30 хувь буюу 1 839 460 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 082 716 төгрөг нийт 9 053 716 төгрөгийг нөхөн гаргуулж, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Цэдэнбал нь Баянзүрх дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас чөлөөлсөн. Энэ маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/470 дугаар шийдвэрээр түүний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр түүний хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дараагийн Засаг дарга сонгогдож, томилогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас удаа дараа шийдвэр биелүүлэх шаардлага тавьж байсан тул 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилох захирамж гарсан хэдий ч энэ албан тушаал нь сонгуульт ажил тул дараагийн Засаг дарга томилогдсон энэ нөхцөлд Засаг даргын ажлыг үргэлжлүүлэн хийх ямар ч боломжгүй юм. Манай зүгээс Х.Цэдэнбалд шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 230 506 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/390 тогтоолоор дуусгавар болсон. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажилд томилох хугацааны цалин хөлсийг ажиллаж байсан бол ийм хэмжээний цалин хөлс авах байсан гэдэг үндэслэлээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговорт 9 053 716 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл төлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Х.Цэдэнбалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 809 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.Цэдэнбал би иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүнийг төлөөлж Б.Энхзаяад холбогдох 2017 оны 6 дугаар сарын 14-нөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх 10 сарын цалин буюу 6 134 540 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл албан тушаалын цалингийн 30 хувь, 1 839 460 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 082 716 төгрөг, нийт 9 053 716 төгрөгийн төлбөр гаргуулж, эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр гаргасан маргаантай иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон. Тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дугаар 101/ШШ2018/02562 шийдвэрийг дараах үйлдлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 101/ШШ2018/02562 тоот хуралдааны шийдвэрийн үндэслэлд Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж тайлбарласан, мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарласан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 128/ШШ2017/470 тоот шийдвэр. Мөн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0632 тоот магадлал. Хяналтын шатны шүүхийн 584 дүгээр захирамжаар гаргасан шийдвэрүүдийг үгүйсгэсэн нь хууль зөрчиж байгаа үйлдлийг дэмжиж байгаа нь харагдаж байна. Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил боловч хууль бус захирамж гаргаснаас болж ажлаа хийж чадахгүй байгаа нь миний бүрэн эрхийн хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл мөн гэж би үзэж байна. Захиргааны хэргийн шүүхээс уг албан тушаалд эгүүлэн тогтоо гэсэн захирамж гарсан байтал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 2018 оны 4 дүгээр сарын 13-нд биелүүлсэн нь хариуцагчийн өөрийнх нь буруутай үйлдэл, эс үйлдлээс болсон. Захирамж гарсан даруйд хуулийг хүндэтгэн биелүүлсэн бол энэ маргаан ч үүсэхгүй байсан. Мөн захиргааны хэргийн шүүхээс уг албан тушаалд эгүүлэн тогтоо гэсэн захирамжийг шүүгч тайлбарлахдаа зөрчигдсөн эрхийг тэр хэмжээнд нь сэргээсэн бөгөөд түүнийг цаашид уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж тогтоогоогүй юм гэжээ. Шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоо гэсэн захирамж гаргасныг тогтоогоогүй байна гээд тайлбарлаад байгаа нь энэ шүүгчийн ажилдаа хариуцлагагүй хандсан хавтаст хэргийг сайтар судлаагүй дүгнэлт хийх чадваргүйг харуулж байна. Захиргааны хэргийн хяналтын шүүхээс гаргасан захирамжийг дахиж шүүгээд байгаа юм уу яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/02562 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Мөн анхан шатны шүүхэд тушаасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 809 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Цэдэнбал нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлс, амралтын олговорт 9 053 716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Цэдэнбал нь 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийг 2016 оны 12 сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 221/МА2017/0632 дугаар магадлалаар Х.Цэдэнбалыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байна. /хх-ийн 4-12-р тал/

 

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 4 сарын 13-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Х.Цэдэнбалыг тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар томилсон тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Х.Цэдэнбалын эрх зөрчигдсөн гэх үндэслэлтэй бөгөөд тэрээр нийт 208 хоногийн цалинг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхээр хариуцагчаас шаардах эрхтэй болно. /хх-ийн 17-р тал/

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт, дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгч Х.Цэдэнбалын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын цалин 797 100 төгрөгийг ажилгүй байсан 208 хоногийн хугацаагаар тооцвол /797 100 : 21,5 = 37 074 төгрөг, 37 074 х 208 = 7 711 392/ нийт 7 711 392 төгрөг байх тул хариуцагчаас 7 711 392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэдэнбалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 342 324 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ. /хх-ийн 15-16 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Баянзүрх дүүргийн Засаг дарга гэж тодорхойлсон боловч Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар 7 711 392 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 7 711 392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэдэнбалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 342 324 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 138 332 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Цэдэнбалд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 370 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ