Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00205

 

Х.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

БЗД-Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02562 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1977 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Ц-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч БЗД-ийн ЗД-д холбогдох,

Ажилгүй хугацааны цалин, нэмэгдэл хөлс, амралтын олговорт нийт 9 053 716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ц-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Ц- би 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БЗД-ийн ЗД- Д.Пүрэвдаваатай үйл ажиллагааны гэрээ байгуулж БЗД-20 дугаар хорооны ЗД-ар ажиллаж эхэлсэн. Гэвч ЗД- Д.Пүрэвдаваа нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б/43 тоот захирамж гарган хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/470 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0632 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 584 дугаар захирамжаар хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоосон. Анхан шатны шүүх хурлын шийдвэр гарсан 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх ажилгүй байсан 6 дугаар сарын хугацааны цалинг нөхөж олгохоор шийдвэрлэснийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар нөхөж авсан.

БЗД-ийн ЗД- шүүхийн шийдвэрийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр биелүүлж, ажилд эгүүлэн томилох захирамж гаргасан.

Иймд хуулийн хэрэгжилтийг баталгаажуулж, анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилох захирамж гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан 10 дугаар сарын цалин буюу ажлын 294 хоногийн цалин болох 6 131 540 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл албан тушаалын цалингийн 30 хувь буюу 1 839 460 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 082 716 төгрөг нийт 9 053 716 төгрөгийг нөхөн гаргуулж, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Х.Ц- нь БЗД-ийн ЗД-тай гэрээ байгуулж 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БЗД-20 дугаар хорооны ЗД-ар ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас чөлөөлсөн. Энэ маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/470 дугаар шийдвэрээр түүний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр түүний хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дараагийн ЗД- сонгогдож, томилогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас удаа дараа шийдвэр биелүүлэх шаардлага тавьж байсан тул 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн томилох захирамж гарсан хэдий ч энэ албан тушаал нь сонгуульт ажил тул дараагийн ЗД- томилогдсон энэ нөхцөлд Засаг даргын ажлыг үргэлжлүүлэн хийх ямар ч боломжгүй юм. Манай зүгээс Х.Ц-д шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 230 506 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/390 тогтоолоор дуусгавар болсон.

Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажилд томилох хугацааны цалин хөлсийг ажиллаж байсан бол ийм хэмжээний цалин хөлс авах байсан гэдэг үндэслэлээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

БЗД-Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02562 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БЗД-ийн ЗД-холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговорт 9 053 716 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл төлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Х.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 809 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1977 дугаар магадлалаар БЗД-Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/02562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар БЗД-Засаг даргын тамгын газраас 7 711 392 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 342 324 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЗД-Засаг даргын тамгын газраас 138 332 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ц-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 370 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно." гэж заасан байдаг

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилд эгүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул хариуцагчаас нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгосон буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг олгосон. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон өдөр хуртэлх хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1977 дугаартай магадлалыг хүчингүй болгож, БЗД-Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02562 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Ц-ыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2017/470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0632 дугаар магадлалаар БЗД-20 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

БЗД-ийн ЗД- 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Х.Ц-ыг дүүргийн 20 дугаар хорооны ЗД-ар томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарах тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардах хууль зүйн үндэслэлтэй болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х.Ц-ын урьд авч байсан дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт, дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож, хариуцагчаас гаргуулах үнийн дүнг тогтоосон нь зөв болжээ.

Анхан шатны шүүх хорооны ЗД- харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх томилгооны 4 жилийн хугацаа нэхэмжлэгч Х.Ц-ын хувьд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссан тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор шаардах эрхгүй гэж үзсэн нь алдаатай болсон байна. Ажилтныг ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл биелүүлснээс гарах эрх зүйн үр дагаврыг албан тушаалын бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1977 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН