Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00551

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2017/00551

 

 

 

Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/1569 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Оюунгэрэлд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 661 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Д.Ганчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Иргэн Б.Оюунгэрэлд 8 550 000 төгрөгийг зээлүүлж 4 900 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж 3 650 000 төгрөгийг бэлнээр өгч 9 дүгээр сарын 30-ны өдөр эргэж төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд нэг удаа 100 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээл 8 450 000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 76 хоногийн 3 211 000 төгрөг нийт 11 661 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Оюунгэрэл би Д.Ганчимэгтэй ажил хэргийн шугамаар танилцаж 9 жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд Д.Ганчимэгээс 10 хувийн хүүтэйгээр 5-6 удаа богино хугацаатай мөнгө зээлж хугацаандаа өгч, заримдаа 1 хоног хэтрүүлэх үед өдрийн 50000-100 000 төгрөгийн торгууль гэж төлж байсан. Би 1 сарын хугацаатай 2016 оны 8 дугаар сарын 21-нд 5 000 000 төгрөг 10 хувийн хүүтэй гэрээ хийхгүйгээр авсан. Д.Ганчимэг үндсэн зээл 5 000 000 төгрөг, түүний хүүд 1 сарын 3 550 000 төгрөг нийт 8 550 000 төгрөг төлөхөөр тохиролцов гэж оруулан зээлийн гэрээ бэлдчихсэн гарын үсэг зур гэж хэлсэн, уншиж танилцсаны дараа нотариат руу очсон. Тэр гэрээнд 3 500 000 төгрөг дээр дахин 100 000 төгрөг нэмж бичин намайг 5 000 000 төгрөгийг дансаар нэмж 3 650 000 төгрөгийг бэлнээр зээл авсан гэж бичсэн байсан учир би зурахгүй чи намайг гүтгэсэн байна нотариатын 2 эмэгтэйгээс аваагүй байж зурах ёсгүй биз дээ гэж асуухад болохгүй гэсэн учир би нотариатаас гарсан. Гэтэл намайг явуулахгүй би чамайг луйварчин гэж орилон шүү гээд байсан тул би буцаж орж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Д.Ганчимэгийн таньдаг хүн байна гээд эрэгтэй хүн утсаар ярьж хэл амаар доромжлон ажил гэрт чинь очиж ална гэж сүрдүүлсэн. Би тээврийн бизнес хийдэг Хятад, Солонгос харилцагч нартай хамтран ажилладаг. Заримдаа Хятад хэлний орчуулагч хэрэг болох үед Д.Ганчимэгийн дуудан яриулах уулзалтад хамт очдог байсан. Зээлийн хүүд гоо сайхны бүтээгдхүүний үнийг дансаар шилжүүлж өгсөн. Би 5 000 000 төгрөгийг зээл авсан үнэн бөгөөд 3 650 000 төгрөгийг нэмж зээлээгүй тул хүүг хуулийн дагуу үнэн зөв тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Чонос Банзайн Оюунгэрэл /РД:ЦИ71031301/-ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 661 000 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Заяазаяахан овогт Даваахүүгийн Ганчимэг /РД:ЖЯ73102103/-Т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 19748 төгрөгийн буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 201526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 181/ШЗ2016/08676 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдолдоо: ...Бодит байдал дээр хариуцагч Б.Оюунгэрэл нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4 900 000 Хаан банкны "5079079246" тоот дансаар, бэлнээр 100000 төгрөг нийт 5 000 000 хүлээн авсан болно. Нэхэмжлэгч Д.Ганчимэгээс хариуцагч Б.Оюунгэрэл нь 3 650 000 төгрөг бэлэн хүлээн аваагүй болно. Үүнээс үзэхэд шүүгч шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасныг зөрчиж 8 550 000 төгрөг зээлсэн мэтээр тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа мөнгө хүүлэх зорилго агуулсан Иргэний хуулийг зөрчиж хийгдсэн зээлийн гэж үзэж болно. Иймд 1717 тоот нотариатаар 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрчлүүлсэн 8 550 000 төгрөгийн зээлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу "...Нэхэмжлэгч болон хариуцагчийн эзгүйд ... тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно гэсний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргалын гаргаж өгсөн тайлбарт тусгагдсан "...хариуцагч Б.Оюунгэрэл нь 500 000 төгрөг шилжүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ганчимэг өөрийн найз Ц.Хандсүрэнгийн хамтаар хариуцагч Б.Оюунгэрэлээс нийт 1 140 000 төгрөгийн үнэтэй "Mongnis" брэндийн бүтээгдэхүүнийг зээлэн авсан. Үүнээс найз Ц.Хандсүрэн нь 500000 төгрөгийн үнэ бүхий барааг авсан бөгөөд нэхэмжлэгч Б.Оюунгэрэлд 250000 буцаан өгсөн. Үлдсэн 250000 төгрөгийг өөрийн найз Д.Ганчимэгт өгсөн тул Б.Оюунгэрэлийн өрнөөс хасахаар тохирсон гэж дурдсаныг харгалзан үзээгүй болно. Хавтаст хэрэгт дугаарлаагүй байсан болно гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Гачимэг нь хариуцагч Б.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч 3 550 000 төгрөгийг хүлээж аваагүй, гэрээнд дарамталж гарын үсэг зуруулсан гэж тайлбарлан маргажээ.

 

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Ганчимэг нь зээлдэгч Б.Оюунгэрэлд 8 550 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хуанлийн 39 хоногийн хугацаагаар зээлүүлсэн байна.

 

Гэрээний 2.3 дахь заалтад Зээлдэгч нь 4 900 000 төгрөгийг Хаан банкны өөрийн дансаар шилжүүлэн авч, 3 650 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно гэж тусгасан байх бөгөөд дээрх гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатч гэрчилж, нотариатын тэмдэг даржээ. / хэргийн 5 дугаар тал/

 

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-д зааснаар нотариатч нь гэрээг гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд түүний гэрчилсэн дээрх гэрээ нь хууль зөрчсөн, уг үйлдэл нь хууль бус, хүчингүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээнд гарын үсэг зурж бичгийн хэлбэрээр байгуусныг үнэлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт байгаа бичмэл нотлох баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээнд дарамт, шахалтын дор гарын үсэг зурсан, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж тайлбар гаргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт хуурамч болох талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Уг баримтад зааснаас үзэхэд хариуцагч нь 3 500 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хүлээн авсан гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ.

 

Зээлдэгч Б.Оюунгэрэл нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул зээдүүлэгч Д.Ганчимэг үндсэн зээл, гэрээгээр тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Оюунгэрэлээс шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусч, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргах замаар гэрээг цуцалсан байхад анхан шатны шүүх хариуцагчаас алдангийг гаргуулж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн заалтад нийцэхгүй болно.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 8 450 000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх 3 хоногийн алдангийн 126 750 төгрөг төлөх үүрэгтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч надаас Mongnis брендийн бүтээгдэхүүн зээлж авсан, өөрт нь 250 000 төгрөгийг буцааж өгсөн, найз нь надаас бараа авсан гэсэн үндэслэл зааж, зээлийн мөнгөнөөс дээрх зүйлийн үнийг хасуулах агуулга бүхий гомдол гаргаж байгаа боловч мөнгийн болон бараа бүтээгдэхүүн буцааж олсон байдлаа нотлоогүй, бусад хүмүүст бараа бүтээгдэхүүн олсон асуудал нь талуудын зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/1569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Оюунгэрэлээс 8 576 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 085 000 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

шийдвэрийн 2 дахь заалтын 201 526 төгрөг гэснийг 152 178 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201530 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО