Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00627

 

Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/1569 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 551 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Оюунгэрэлд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 661 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Ганчимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Иргэн Б.Оюунгэрэлд 8 550 000 төгрөгийг зээлүүлж 4 900 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж 3 650 000 төгрөгийг бэлнээр өгч 09 дүгээр сарын 30-ны өдөр эргэж төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд нэг удаа 100 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээл 8 450 000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн алданги 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 76 хоногийн 3 211 000 төгрөг, нийт 11 661 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Оюунгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Оюунгэрэл би Д.Ганчимэгтэй ажил хэргийн шугамаар танилцаж 9 жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд Д.Ганчимэгээс 10 хувийн хүүтэйгээр 5-6 удаа богино хугацаатай мөнгө зээлж хугацаандаа өгч, заримдаа 1 хоног хэтрүүлэх үед өдрийн 50 000-100 000 төгрөгийн торгууль гэж төлж байсан. Би 1 сарын хугацаатай 2016 оны 08 дугаар сарын 21-нд 5 000 000 төгрөг 10 хувийн хүүтэй гэрээ хийхгүйгээр авсан. Д.Ганчимэг үндсэн зээл 5 000 000 төгрөг, түүний хүүд 1 сарын 3 550 000 төгрөг, нийт 8 550 000 төгрөг төлөхөөр тохиролцов гэж оруулан зээлийн гэрээ бэлдчихсэн гарын үсэг зур гэж хэлсэн, уншиж танилцсаны дараа нотариат руу очсон. Тэр гэрээнд 3 500 000 төгрөг дээр дахин 100 000 төгрөг нэмж бичин намайг 5 000 000 төгрөгийг дансаар нэмж 3 650 000 төгрөгийг бэлнээр зээл авсан гэж бичсэн байсан учир “би зурахгүй чи намайг гүтгэсэн байна нотариатын 2 эмэгтэйгээс аваагүй байж зурах ёсгүй биз дээ” гэж асуухад болохгүй гэсэн учир би нотариатаас гарсан. Гэтэл намайг явуулахгүй би чамайг луйварчин гэж орилоно шүү гээд байсан тул би буцаж орж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Д.Ганчимэгийн таньдаг хүн байна гээд эрэгтэй хүн утсаар ярьж хэл амаар доромжлон ажил, гэрт чинь очиж ална гэж сүрдүүлсэн. Би тээврийн бизнес хийдэг Хятад, Солонгос харилцагч нартай хамтран ажилладаг. Заримдаа Хятад хэлний орчуулагч хэрэг болох үед Д.Ганчимэгийн дуудан яриулах уулзалтад хамт очдог байсан. Зээлийн хүүд гоо сайхны бүтээгдхүүний үнийг дансаар шилжүүлж өгсөн. Би 5 000 000 төгрөгийг зээл авсан нь үнэн бөгөөд 3 650 000 төгрөгийг нэмж зээлээгүй тул хүүг хуулийн дагуу үнэн зөв тогтоож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/1569 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Чонос Банзайн Оюунгэрэл /РД:ЦИ71031301/-ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 11 661 000 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Заяазаяахан овогт Даваахүүгийн Ганчимэг /РД:ЖЯ73102103/-Т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 274 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 19748 төгрөгийн буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 201 526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 181/ШЗ2016/08676 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 551 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/1569 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Оюунгэрэлээс 8 576 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 085 000 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “…201 526 төгрөг…” гэснийг “…152 178 төгрөг …” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 530 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ганчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “...зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул Д.Ганчимэг үндсэн зээл, гэрээгээр тохирсон алдангийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн атлаа ...талуудын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргах замаар гэрээг цуцалсан байхад анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1-д заасантай нийцэхгүй болно... гэсэн нь дээрх дүгнэлтээ үгүйсгэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн давж заалдах гомдолд би бичгээр болон хуралдаанд тайлбараа гаргасан боловч хариуцагчийн гомдлыг хангасан, эс хангасан эсэх талаар шүүхийн магадлалд огт дурдаагүй атлаа шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Б.Оюунгэрэл үндсэн зээл болон хугацаа хэтэрсэн алдангид 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд элдэв тайлбар гарган иргэн намайг хохироож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн  давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь хариуцагч Б.Оюунгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт 8 576 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг 2 удаа нэмэгдүүлж үндсэн зээлийн дутуу 8 450 000 төгрөг, алдангид 3 211 000 төгрөг, нийт 11 661 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс 5 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу 3 550 000 төгрөгийг хүлээж аваагүй, гэрээнд дарамталж гарын үсэг зуруулсан, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр Д.Ганчимэг нь Б.Оюунгэрэлд 8 550 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлсэн, гэрээний 2.3 дахь заалтад “...зээлдэгч нь 4 900 000 төгрөгийг ХААН банкны өөрийн дансаар шилжүүлэн авч, 3 650 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан” гэж тусгасан байх ба гэрээг нотариатчаар гэрчлүүлжээ. Уг баримтын агуулгаас үзэхэд хариуцагч нь зээлийн мөнгийг бүрэн хүлээж авсан болох нь тогтоогдсон, гэрээг хууран мэхэлж, эсвэл хүч хэрэглэж хийсэн гэрээ гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56, 59, 60 дугаар зүйл, 284 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйлийг зөв тайлбарлах замаар хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байна.

 Хариуцагч нь 8 550 000 төгрөгийн зээлийг авч, 100 000 төгрөгийг буцааж төлсөн ба үндсэн зээлийн үлдэгдэл 8 450 000 төгрөг болж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нь гэрээний 2.8-д зааснаар алданги тооцжээ. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс алдангийг нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хүрээнд боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алдангийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал гэрээний үүргийн мөн чанарт харшлаагүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 551 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

          ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА