Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 501

 

Х.Төмөрхуягт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурорЭ.Гэрэлмаа,

ялтан Г.Төмөрхуяг /Цагдан хорих 461 дүгээр хорих ангиас цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, Г.Мөнхбат, Т.Багахүү,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын хамтран гаргасан, ялтны өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Төмөрхуягт холбогдох эрүүгийн 201525012810 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Хүгдээгийн Төмөрхуяг, 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтСонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн 2-А гудамжны 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НУ 83062919/,

Х.Төмөрхуяг нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” бааранд төмөр сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогч Г.Хүрэлбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Төмөрхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Төмөрхуягийг төмөр сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Х.Төмөрхуяг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Х.Төмөрхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Х.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасны дагуу үндэслэлтэй гарч чадаагүй.

1. Хэргийн зүйлчлэлийг буруу хийснээс шийтгэх тогтоол хэргийн жинхэнэ байдалтай нийцэж гараагүй. Х.Төмөрхуяг нь найз Цэрэнжаргалыг баарны хамгаалагч гэх Г.Хүрэлбаатар, Д.Цэнгэл, Д.Баасанцэрэн, Ч.Одгэрэл нарт зодуулж байхад туслах гэж очоод цохиулсан. Өөр лүү нь бүлэглэн дайрч байгаа хүмүүсээс өөрийгөө хамгаалах гэж сандал авч далайсан. Сандлаа буулгах үедээ Г.Хүрэлбаатарын гарыг гэмтээсэн. Х.Төмөрхуягийн үйлдэлд санаатай үйлдэл байхгүй ба танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй.

2. Хүрэлбаатарын гэмтлийн зэрэг үнэн зөв тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй. Эхний 16304 тоот шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан гэж үзэж дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилоход Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 04/4394 албан тоотоор “шөрмөс тасарсан тухай баримтууд хангалтгүй тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтийн талаар:

А.Уг үйл явдал болдог өдөр эхлээд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд2015 оны 11 сарын 12-ны шөнө 03 цагт очиж 03 цаг 10 минутад эмч Бурмаагаар гарын алгандаа оёдол тавиулжээ. Госпиталийн туршлагатай эмч шөрмөс тасарсныг мэдэлгүй оёдол тавиад явуулна гэж байхгүй. Энэ эмнэлэг өөрийн онцлогоороо шөнө болгон мэс заслын эмчийг нэмэлтээр гаргадаг. /хх-93/,

Б. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/4394 тоот албан бичгийн дагуу шөрмөс залгах мэс засал хийлгэсэн болгох гэж дараах баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж мэс засалд орсон баримт бүрдүүлсэн. Амбулторийн эмчлүүлэгчийн картыг 2016 оны 1 дүгээр сарын 13-нд нээлгэсэн /хх-57/. Гэтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сарвууны тасгийн эмч 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хагалгаа хийлгээд эмчилгээ бичсэн байдаг. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр үзүүлж эмчилгээ бичүүлсэн байна. /хх-60-61/

В. Мөн “Илизарав” эмнэлэгт 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр истор нээлгээд, 11 цагаас 11 цаг 40 минутын хооронд шөрмөс залгуулах хагалгаанд оржээ. /хх-63, 69/, Ингэж нэг хүн нэг өвчнөөр хоёр өөр эмнэлэгт хэвтэж мэс засал хийлгэж болдог эсэхийг мэдэхгүй байна.

3. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж эхэлсэн бол танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгддэг. Гэрч Д.Цэнгэл “…та нарыг ална гээд пиджакаа тайлаад Төмөрхуягийг цохисон” /хх-26/, “…чи согтуу хүнтэй битгий маргаад бай гэж шаардлага тавихад холоос Төмөрөөтэй маргаад байсан” /хх-25, 19/. Хохирогчийн талаар эргэлзээтэй баримт хавтаст хэргийн 51, 52 дахь талд байна.

4. Нийлж үйлчлүүлэгчдээ зодоод байсан Д.Цэнгэл, Д.Баасанцэрэн, Ч.Очгэрэл нарын мэдүүлгийг гүйцэд шалгаагүй. Камерын бичлэгт хоёр хүүхнийг доромжилж байгаа, пиво аваад шидэж байгаа, сандал шидэж байгаа, үйлчлэгчийг хэвлий рүү нь өшиглөж байгаа бичлэг байна уу. Мөрдөн байцаагч Г.Гантулга камерын бичлэгийг хохирогчоос хураан авсан баримт хавтаст хэргийн 15-17 дугаар талд байдаг. Эдгээр этгээдүүдийн монтажилж хассан бичлэгийг нотлох баримтаар үнэлсэн.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд зааснаар гүйцэд биш шалгасан. Госпиталийн эмч Л.Бурмааг гэрчээр асуугаагүй. Гэмтэл согог судлал үндэсний төв рүү явуулсан бичгийнхээ хариуг аваагүй. /хх-80/, хэрэгт авагдсан өөр өөр эмнэлэгт нэг өдөр хагалгаа хийсэн баримтыг шалгаж мухарлаагүй. Хэрэгт нийт 2 минут 10 секундийн бичлэг л байна. Камерын бичлэгийг бүрэн эхээр нь гүйцэд аваагүй. Мөрдөн байцаагч, прокурор мэдүүлгийн үнэн эсэхийг шалгах ёстой. Х.Төмөрхуяг хоёр хүүхэнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Цэнгэл гэх хамгаалагчтай бүжиглэж байгаад маргасан. Согтуугаар нь далимдуулж хамгаалагч нар үйлчлүүлэгчээ зодсон. Хамгаалагч нар бүжиглэж байх ёстой юу. Энэ талаар шалгаагүй. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг шалгаагүй. Хэвлий рүүгээ өшиглүүлсэн гээд байгаа эмэгтэйг гэрч, хохирогчоор асуугаагүй. Г.Хүрэлбаатар, Д.Цэнгэл, Д.Баасанцэрэн, Ч.Одгэрэл нар энэ баарны хамгаалагчид мөн эсэх талаар хэрэгт ирсэн хоёр баримтыг зөрөөг шалгах ажиллагаа хийгээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Ялтан Х.Төмөрхуягаас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би сэтгэл зүйн дарамтад орсон байх үедээ хохирогчид гэмтэл учруулсандаа үнэхээр их гэмшиж байна. Миний хүү аутизм өвчтэй, нэг орчинд байж, бусадтай харьцаж чадахгүй, өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй байдалтай байдаг. Үүндээ өөрөө бухимдаж, толгойгоо цохиж, орилж, өөрийгөө гэмтээх гээд байдаг. Миний хүү аавтайгаа байхдаа их тайван байдаг. Би хүүхдийнхээ хажууд байж чадахгүй болсондоо маш их харамсаж байна. Тиймээс надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Ялтны өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Х.Төмөрхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэл буруу гэж үзэж байна” гэв.

Ялтан Х.Төмөрхуягийн өмгөөлөгчГ.Ганбадрахдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хэргийн зүйчлэл тохироогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайн гэмт хэргийг Х.Төмөрхуяг нь үйлдээгүй. Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой. Хохирогч тухайн үед Х.Төмөрхуягтай маргалдаагүй, өс хонзон, өр зээлийн асуудалгүй. Харин тухайн нөхцөл байдалд тохиолдлын шинжтэйгээр Х.Төмөрхуягийг сандал өргөөд буулгахад хохирогчсандалд алгаа зүссэн. Шүүх Х.Төмөрхуягийн үйлдлийг танхайн сэдэлттэй, олон нийтийн газар гэж үзсэн нь үндэслэлгүй. Сэдэлтийн хувьд баарны хамгаалагч Цэнгэлтэй Х.Төмөрхуяг нь маргалдаж, хамар руугаа цохиулсан байдаг тул хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн гэж үзэхээр байна. Гэтэл сандлыг зэвсэг гэж үзээд ял халдаасанд гомдолтой байна.Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдлийг ухамсарлаж, гэмшиж, хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч 400.000 төгрөгийн хагалгаанд орсон байж 4.000.000 төгрөгийн хохирол авсан. Ялтан Х.Төмөрхуягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ял тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү. Х.Төмөрхуяг нь тухайн үед хүүхдээ аутизм өвчтэй гэдгийг сонсоод сэтгэл санааны байдал нь хүнд байсан. Найзынх нь төрсөн өдөр болж байгаа тул найз нөхөдтэйгөө гарч согтууруулах ундаа хэрэглэсэнбайдаг. Х.Төмөрхуягийн хүнд өвчтэй хүүхдийг одоо асран хамгаалах хүнгүй хэцүү байгаа. Х.Төмөрхуяг нь хохирлыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзнэ үү”гэв.

Өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Төмөрхуягийг Цэнгэл, Баасанжаргал нар сандал дээр суулгасны дараа найз Цэрэнжаргал нь баарны хамгаалагч нартай барьцалдсан байсан. Х.Төмөрхуяг нь найзыгаа салгахаар очиход Цэнгэл хамарт нь цохьсноор 3-4 хамгаалагч нийлээд Цэрэнжаргал Х.Төмөрхуяг нарыг зодож эхэлсэн гэдэг. Энэ нь гэрч Цэнгэлийн хэнийг яаж цохиж, өшиглөсөн болохоо тодорхой хэлсэн мэдүүлгээр нотлогддог. Цэнгэл гэх хамгаалагч хувцсаа тайлаад “ална” гэж хэлээд Х.Төмөрхуяг руу дайрахад зодуулж байсан Х.Төмөрхуяг маш их айж биеэ хамгаалахдаа сандал өргөсөн. Гэхдээ хэн нэгнийг гэмтээх зорилгогүйгээр зөвхөн өөрийгөө хамгаалж, айлгахын тулдсандал өргөсөн гэдэг. Хохирогч Г.Хүрэлбаатарын гэмт хэрэг гарсан өдрийн орой нь цагдаагийн байгууллагад гаргасан гомдол дээр “Цэнгэл ахыг цохих гээд сандал бариад далайхад нь би сандлыг нь авах гэж баруун гараараа дороос нь түшиж барихдаа зүссэн” гэсэн байдаг. Тиймээс тухайн үед Х.Төмөрхуяг нь баарны хамгаалагч Цэнгэлд зодуулж, “ална” гээд дайрч байгаа хүнээс өөрийгөө хамгаалах гэж сандал өргөснөөс энэ хэрэг үүссэн. Х.Төмөрхуягийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Х.Төмөрхуяг нь зөвхөн Цэнгэлтэй маргалдаж зодоон үүссэн. Өмгөөлөгчийн зүгээс Х.Төмөрхуягийн үйлдэл ньЭрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолдтанхайрах гэмт хэргийн талаар тайлбарласанбайдаг.Хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Хохирогч, гэрч нар хэргийн талаар үнэн зөв, зөрүүгүй мэдүүлэх ёстой. Камерын бичлэгт Х.Төмөрхуяг шил аваад шидэх гэж байгаа нь огт гардаггүй. Харин Х.Төмөрхуягийг шил авахад нь 2 хүн гараас нь аваад буулгаж байгаа л гардаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч “зүйлчлэлийг дахин нягтлах боломжтой” гэж хэлж байсныг дэмжиж байна. Тиймээс Х.Төмөрхуягт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлээр зүйлчилж өгнө үү” гэв.

Прокуророос тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:“Х.Төмөрхуяг ньхүүхдийнхээ төлөө санаа зовниж сэтгэл санаа нь тогтворгүй байдалд байхдаа дээрх асуудалд холбогдсон. Тэр бааранд согтуугаар “намайг барах хүн байна уу” гэж орилж, үйлчлүүлэгч нар дээр очиж хэрүүл өдөж, маргаан үүсгэж байсан тул баарны хамгаалагч нар удаа дараа очиж үйлдлийг нь таслан зогсоож суудалд нь суулгасан. Х.Төмөрхуяг нь маргааны явцад хөргөгчнөөс шилтэй пиво аваад хүн рүү далайсан гэдэг. Хэрвээ шилтэй пивыг шидвэл ямар үр дагавар үүсч, хэн нэг хүн эсхүл эд зүйл гэмтэж, хохирол учруулна гэдгийг мэдэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь танхайрах явцдаа эд зүйл ашиглаад бусдын биед гэмтэл учруулсан, эд хөрөнгөд хохирол учруулснаас үл хамаарна. Хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Х.Төмөрхуяг нь олон нийтийн газарт бусадтай маргаан өдөж, пиво авч бусад руу далайж, баарны хамгаалагч нар үйлдлийг нь таслан зогсоох гэхэд эсэргүүцэж байгаа үйлдэл нь танхайн сэдэлттэй байсан тул хувийн таарамжгүй харьцаанаас буюу хувийн сэдэлттэй байсан гэж үзэх үндэслэлгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.Төмөрхуягнь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” бааранд төмөр сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогч Г.Хүрэлбаатарын биед хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Хүрэлбаатарын “…Би 2015 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хороонд байлах “Скай” бааранд ажлаа хийгээд байж байх үед бүжгийн талбай дээр уянгын дуу явсан чинь Төмөрхуяг гэх үл таних залуу тайзны голд гарч ирээд “намайг барах баагий байна уу” гэж орилсон. Тэгэхээр нь манай хамгаалагч Палдий гэх залуу Төмөрхуяг дээр очоод та тайван бай гээд суулгасан. Төд удалгүй ахиж гарч ирээд тайзны урдаас харсан саран хэлбэртэй буйдан дээр сууж байсан хоёр хүүхэн рүү салаавч өгөөд нулимсан. Тэгсэн тэнд сууж байсан хоёр хүүхэн хамгаалагчаа энэ залууг аваач ээ гэж хэлэхээр нь, Би хамгаалагч Хүрэлбаатар, Цэнгэл, Палдий нартай очоод Төмөрхуяг гэх залууг Цэнгэл ах “чи зүгээр бай” гэсэн чинь Цэнгэл ахыг зуурч аваад тек рүү түлхсэн. Тэгэхээр нь Цэнгэл ах буцаагаад түлхсэн чинь Цэнгэл ахыг Төмөрхуяг шууд цохиод авсан. Тэгэхээр нь Төмөрхуягийг Палдий тэвэрч аваад цаашаа текний баруун тал руу явсан. Тэгсэн Төмөрхуягийн найз Цэрэнжаргал гэх залуу нь Цэнгэл ах руу чи манай найзыг цохидог хэн бэ гээд дайрахаар нь Цэрэнжаргалын араас нь би барьж аваад холдуулсан чинь Төмөрхуяг текний баруун талын хөргөгчнөөс шилтэй пиво аваад Цэнгэл ахыг цохих гээд дайрахаар нь Палдий гараас нь пивыг салгаж авсан. Би Цэрэнжаргалыг орхиод Төмөрхуяг дээр очоод Палдий пивыг гараас нь салгаж байх хооронд нь Төмөрхуягийг түлхсэн. Тэгсэн Цэрэнжаргал гэх залуу нь Цэнгэл ахтай ахиад ноцолдсон. Тэгээд би Цэнгэл ах, Цэрэнжаргал хоёрыг салгаж байсан чинь Төмөрхуяг үйлчлэгч эгчийн хавирга руу өшиглөхөөр нь эргээд харсан чинь Төмөрхуяг текний сандал аваад над руу дээрээс далайж байгаад цохисон. Тэгэхээр нь би толгой цохих гэж байна гэж бодоод 2 гараа дээш өргөсөн чинь сандлын ирмэг миний баруун гарыг цохисон. Тэгэхээр нь гар луугаа харсан чинь баруун гарын алганы завсар хэсэгт язарч хонхойж орсон байсан. Тэгээд Төмөрхуяг, Цэрэнжаргал хоёр баарнаас шууд гараад зугтаасан. Тэгсэн тэр хоёртой цуг явж байсан нэг залууг Цэнгэл ах аваад үлдсэн” /хх-н 19-21/, 

гэрч Ж.Цэрэнжаргалын “…2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай найз Наранбаатарын төрсөн өдөр болоод бид найзуудаараа уулзсан. Бид нар 19 цагийн үед Бөхийн өргөөний урдхан талд байдаг Паб-д орж сууцгааж байгаад нилээн оройхон сууж байсан газраасаа гараад “Скай” бааранд орсон. Тэнд ороод бид нар нэг шил архи захиалаад сууцгааж байсан чинь Төмөрхуяг бүжгийн талбайн хажууд хамгаалагчтай муудалцаад байх шиг байхаар нь бид очоод хамгаалагчтай нь маргасан. Тэгсэн юу юугүй хамгаалагчтай Төмөрхуяг бид хоёр ноцолдсон. Нэг дээгүүрээ нүцгэн хамгаалагч хаанаас ч юм гарч ирээд намайг шууд зодсон. Тэгээд баарнаас гараад явж байхад Наранбаатар бид хоёрыг “та хоёр хамгаалагчийг яачихсан юм бэ. Гараас нь цус гараад байна лээ” гэж хэлсэн” /хх-22/,

гэрч Н.Наранбаатарын “…2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний төрсөн өдөр байсан. Би ажлаасаа тараад 20 цагийн үед найзуудтайгаа уулзаад Бөхийн өргөөний хажууд паабад сууж байгаад 13-ын тэнд бааранд орсон. Бид нар тэр бааранд ахиж нэг шил 0.75 литрийн Чингис архи авч бүжиглэцгээсэн. Тэгээд би ширээн дээрээ сууж байсан чинь баарны текний хажууд хүмүүс орилж чарлаад бужигнаад байхаар нь би очсон. Тэгсэн манай найз Төмөрхуяг, Цэрэнжаргал хоёр хүмүүстэй маргалдаад байж байсан. Нэг хамгаалагч бололтой цагаан майктай залуу дэвээд хашгираад байсан. Намайг очиход Төмөрхуягийн хамраас нь цус гарчихсан дээгүүрээ цагаан майктай хамгаалагч залуу Төмөрхуяг руу “чи ямар овоо залуу вэ” гээд хашгираад дайраад байсан” /хх-23/,

гэрч Г.Эрхэмбаярын “…2015 оны 11 сарын 11-ний орой 23 цагийн үед 13-р хороололд байрлах бааранд найзуудтайгаа орж нэг ширээнд суугаад, нэг шил архи захиалсан. Тэгээд бөөнөөрөө босож бүжиглэж дуусаад ширээн дээрээ сууж байсан чинь Төмөрхуяг, Цэрэнжаргал хоёр хамгаалагчтай юм яриад зогсож байгаа харагдсан. Тэгээд би маргалдаад байгаа харагдахаар нь зохицуулах санаатай очсон чинь хамгаалагчтай маргалдсан зогсож байсан. …Тэгэхээр нь би ахиад Төмөрхуягийг салгаж аваад тэр чигээр нь түлхээд гаргасан. Гарах замдаа Төмөрхуяг хамраас нь цус гоожчихсон байхыг мэдээд “миний хамраас цус гарчихсан байна” гээд уурлаад ойр хавиарах сандал гараараа нураагаад өшиглөөд байсан” /хх-25/,

гэрч Д.Цэнгэлийн “…2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой “Скай” бааранд хамгаалагчийн ажлаа хийгээд байж байсан чинь буйдантай ширээнд сууж байсан хоёр хүүхэн дээр нэг залуу оччихсон хэл амаар доромжлоод байна гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би очиход Төмөрхуяг гэх залуу сууж байсан хоёр хүүхнийг доромжлоод зогсож байхаар нь “чи ширээн дээрээ очоод суучих” гэсэн чинь намайг “чи зайл чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бүснээс нь бариад одоо холдчихоо гээд холдуулсан чинь тэр залуу ширээ рүүгээ явсан. Тэгээд зогсож байсан чинь Цэрэнжаргал гэх залуу нь “чи яах гээд байгаа юм” гээд миний араас өшиглөхөөр нь би чирээд гаргах гэсэн гарахгүй байсан. Тэгсэн Төмөрхуяг нь миний нүүр лүү шууд цохиод авахаар нь би зууралцсан. Тэгсэн Цэрэнжаргал миний араас боогоод намайг хойш нь дарсан. Тэгсэн Төмөрхуяг гэх залуу нь ахиад нүүр лүү цохихоор нь араас боосон залууг тавиулаад одоо жинхэнэ та нарыг ална гээд өмссөн байсан пиджакаа тайлаад Төмөрхуягийг цохисон. Тэгээд би эргэж хараад араас боосон залуугаа барьж авах гээд байж байсан чинь тэр хоёр залуутай хамт сууж байсан залуучууд нь ирээд бид нарыг салгасан. Тэгсэн чинь Хүрлээ гар ийм боллоо гээд гараас нь цус гарсан байсан” /хх-26/,

гэрч Н.Баасанцэрэнгийн “…2015 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед “Леадерс” бааранд ажлаа хийгээд такс таслаад байж байсан чинь нэг хүн такс төлөхгүй яваад орчихоор нь би араас нь заалруу орсон чинь зодоон болж байсан. Тэгэхээр нь би зодолдож байсан хүмүүсийг салгах гээд очсон чинь Төмөрхуяг гэх залуу текний хажууд байсан төмөр хөлтэй сандлыг дээш өргөөд савсан. Тэгсэн чинь Хүрлээ савсан сандлыг гараараа хаагаад гараас нь цус гарч байсан. Тэгээд би сандлыг нь Төмөрхуяг гэх залуугаас булааж аваад текний хажууд тавьсан чинь Төмөрхуяг гэх залуу цаашаа яваад хөргөгчнөөс 1 шил пиво бариад дахиад Хүрэлбаатарыг цохих гээд дайрахаар нь би Төмөрхуягийн гартай нь ноцолдож байгаад пивыг нь булаагаад авсан. Тэгээд би булааж авсан пивыг Отгоо гээд барменд өгөх гэж байсан чинь үйлчлэгч Гэрлээ эгчийг Төмөрхуяг хэвлий хэсэгрүү нь өшиглөсөн. Тэгээд Төмөрхуягийн найз нь гээд 1 бүдүүнзалуу салгаад аваад гарсан” /хх-27/,

гэрч Ч.Одгэрэлийн “…Одоогоос бараг сарын өмнө байх яг он сарыг сайн санахгүй байна тэр өдөр “Скай”бааранд таксан дээр сууж байсан юм. Тэр үед бааранд хүмүүс маргалдаад байх шиг болохоор дээшээ баар руу ороход 2-3 залуучууд текний өмнө маргалдаж байсан. Тэгтэл хамгаалагч Цэнгэл “боль” гэж шаардлага тавихад тэдгээр залуучуудынбандгар шар залуу нь хамгаалагчтай маргалдаад өмнөөс зодолдож баарны тэкен дээр байсан паднуусыг шидээд хөргөгчин дотроос шилтэй пиво аваад хамгаалагч руу шидсэн. Тэгэхдээ хамгаалагчийг оноогүй шилтэй пиво газар унаад хагарсан. Тэр үед ньхамгаалагч салгах гэхэд барилцаад авсан. Би салгах гээд дундуур нь ороход миний зүүн талын хавирга орчим руу өшиглөсөн. Хажууд байсан сандлыг аваад хамгаалагч Хүрлээ рүү шидсэн. Тэгтэл Хүрлээ сандлыг нь бариад авсан. Тэр үед Хүрэлээгийн гараас нь цус гараад байсан. Тэгээд Хүрэлээ гараа надад үзүүлэхэд баруун гарын алганаас нь цус гарч байсан. Тэгээд тэдгээр залуучуудыг байлгаж байгаад цагдаа дуудаж өгсөн” /хх-28/ гэх мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “…02:50:37 цагт дэлгэцийн зүүн дээд талаас цагаан өнгийн богино ханцуйтай цамцтай цайвар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн дэлгэцийн зүүн доод буланруу явж байгаа харагдаж байна. Түүний дараа дэлгэцийн баруун доод булангаас цээжин дээрээ addidas гэсэн бичигтэй богино цамцтай, хар бараан өнгийн өмдтэй залуу гарч ирэн тек налан зогсож байгаа харагдаж байна. 02:51:04 цагт дэлгэцийн баруун доод булангаас Төмөрхуяг гарч ирэн эргэж харан Цэнгэл гэх залуутай барьцалдаж Цэнгэл рүү баруун гараараа цохиж байгаа харагдах бөгөөд хаана цохиж байгаа нь тод харагдахгүй байна. 02:51:06 цагт Цэнгэл эргүүлэн Төмөрхуягийг баруун гараараа цохиж байна. Ингээд Төмөрхуяг хойшлох үед Цэнгэлийн араас Төмөрхуягийн найз Цэрэнжаргал Цэнгэлийн толгойн тус газар баруун гараараа 1 удаа цохиж байгаа харагдах бөгөөд Цэнгэл хойш эргэн харж Цэрэнжаргалыг баруун гараараа 1 удаа цохиж байгаа харагдаж байна. Түүний дараа хэсэг хугацааны дараа Цэнгэлийг дэлгэцийн зүүн доод булангаас баруун доод буланруу үсээ дээрээ боосон эмэгтэй хүн текрүү түлхэж хорьж байна.02:51:40 цагт хохирогч Г.Хүрэлбаатар дэлгэцийн голд зогсож гараа чичилж байгаа харагдах бөгөөд Төмөрхуяг 02:51:43 цагт текний баруун талд байсан 4 хөлтэй сандлыг баруун гараараа авч дээш өргөн толгойн дээрээсээ доош савж байгаа харагдах бөгөөд яг хэнийг савж байгаа нь харагдахгүй байна. Тухайн Төмөрхуягийн өргөсөн сандлыг хар куртиктэй туранхай залуу газар тавьж байна. 02:52:03цагт Төмөрхуяг хөргөгч онгойлгон хар өнгийн шилтэй зүйл барин дайрч байгаа харагдах бөгөөд барьсан шилийг нь 2 залуу салгаж авч байгаа харагдах бөгөөд 02:52:56 цагт Төмөрхуяг текэн дээрээс хар өнгийн зүйл авч шидэж байна” /хх-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №16304 дугаар актын “...Г.Хүрэлбаатарын биед баруун долоовор хурууны нугалах шөрмөс тасарсан, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэндүгнэлт /хх-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар давтан гаргасан 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар актын “…Г.Хүрэлбаатарын биед баруун гарын хоёрдугаар хурууны нугалах шөрмөс тасарсан, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирбүхий зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-93/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдожтогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдсан СД дэх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүднь хэргийн талаарх мэдээлэлийг бүрэн өгч чадаж байгаа ба өөр хороондоо ноцтой зөрчилдөхгүй байна.Мөнхэргийнталаармөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Х.Төмөрхуягийг бусдыг илтэд үл хүндэтгэн сандлыг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуулийн тухайнзүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэннь ялтанд оногдуулсан ял шийтгэл хүндэдээгүй байна.

Ялтан Х.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын хамтран “...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хохирогчийн гэмтлийн зэргийг үнэн зөвөөр тогтоосон гэдэгт эргэлзээтэй, хохирогч нь нэг өвчнөөр нэг зэрэг хоёр өөр эмнэлэгтгарын шөрмөс залгах мэс засал хийлгэсэн, камерын бичлэгийг хохирогч өөрт ашигтай байдлаар монтажилсан, шаардлагатай гэрчүүдийг шалгах ажиллагааг хийгээгүй...” гэж,

ялтан Х.Төмөрхуягийн өмгөөлөгч Г.Ганбадрахаас “…хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, ялтан Х.Төмөрхуяг хэрэг гарах үед мөн хамар хэсэгт цохиж, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан, харилцан маргалдаж зодолдсон тул танхайн сэдэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

            Ялтан Х.Төмөрхуяг нь олон нийтийн үйлчилгээний газарт бусдыг илтэд үл хүндэтгэн, согтуугаар бусдыг хэл амаар доромжилсон, тухайн үйлчилгээний газрын хамгаалагч нарын эсрэг шилтэй пиво, эд зүйл шидэх, төмөр хөлтэй сандлыг дээш өргөж бусад руу далайх, хашгирах үйлдэл нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж байгаа хэлбэр мөн бөгөөд төмөр хөлтэй сандлаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь зэвсэг хэрэглэн догшин авирлан танхайрсан гэж үзнэ. Иймд ялтны гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчилсэн нь анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Х.Төмөрхуяг түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Г.Ганбадрах нарынгаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дүгээр зүйл 551.1 дэх хэсгийг хэрэглэхдээ хуулийн заалтыг буруу бичсэнийг Давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой, ялтны эрх зүйн байдал дордохооргүй байх тул шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр бичиг техникийн өөрчлөлт оруулав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551дэх хэсэг” гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Х.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын хамтран гаргасан, ялтны өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.МӨНХТУУЛ

 

                               ШҮҮГЧИД                                                     Н.БАТСАЙХАН

                                                                                                       Б.ЗОРИГ