Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 282

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Б.Соёлмаа,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг  /ҮД:0-261/,

шинжээч Т.Чимэд-Очир,

гэрч Л.О, Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ч.Б-т холбогдох эрүүгийн 1710010140236 дугаартай, 187/2018/0263/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, А овогт Ч.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр байрны .... тоотод Б.Б-той “хүлээлгэж өгсөн байрны төлбөр тооцооны” асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр байрны .... тоотод Б.Б-г өөрийн найзын түрээсэлж байсан байрны түлхүүрийг хүлээлгэж өгөхөөр ээжийн хамт очиход нь “та нар худлаа хүний үнэтэй, цайтай байрыг түрээсэлчихээд хаа хамаагүй хүнээр хүлээлгэж өглөө..., хаалганы бариул эвдэлсэн байна..., тог цахилгаан, интернетийн мөнгө төлөлгүй явсан...” гэж хэлэн, түүний иргэний бичиг баримтыг нь авч улмаар бичиг баримтаа авах гэхэд нь Б.Б-н толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ч.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Байрны түрээсийн асуудалаас болж маргаан гарсан ба энэ нь хохирогчтой хамаагүй байсан. Шүүхийн хэмжээнд үнэлэх маргаан, зодоон гараагүй. Иргэний хүний хувьд өөрийн өмч хөрөнгө эвдрэлтэй байна, түрээслэж байсан хугацааны тог, усны мөнгө төлөгдөөгүй байна гэдэг шаардлага тавьсан. Тэгээд бид хоёр үг зөрж, маргалдсан. Гэхдээ би хохирогчийг барьж аваад зодох шаардлага байхгүй...Би хохирогчтой ойлголцох боломжгүй байсан учир цагдаагийн газарт хандаж цагдаагийн алба хаагчийг дуудсан...Оройн 20 цагийн үед байх...Би өөрөө хэлтэс рүү очиж хэлсэн...Миний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учраагүй...Хохирогч хариуцлага хүлээхгүй гэсэн ба надаас мөнгө нэхсэн. Ийм учраас би цагдаа дуудсан...Миний байрыг түрээслээгүй хүн ирж надаас мөнгө нэхээд байна гэж хандсан...Тухайн үед хохирогчийн ээж байгаагүй, яагаад гэрчээр мэдүүлэг өгснийг нь мэдэхгүй. Тухайн үед залуу эмэгтэй хүн ирсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би байрны түлхүүрийг нь өгөхөөр очсон. Би Ч.Б-н эхнэртэй нь тооцооны талаар ярьж байхад шүүгдэгч хэл амаар доромжилсон. Миний бичиг баримтыг авсан байсан болохоор би бичиг баримтаа авъя гэхэд үгийн зөрөөгүй миний толгойн тус газар гараараа цохьсон. Тэгэхээр нь би цагдаагийн алба хаагчийг дуудсан. Ч.Б гуай гарч яваад нэг цагдаа залууг дагуулаад ирсэн...Би тухайн үед цагдаа дуудсан. Миний бичиг баримтыг буцааж өгөөд явахад нь би цагдаагийн байгууллагад очиж өргөдөл өгсөн...Би хэрэг болсон өдрийн маргааш нь зураг авахуулсан...Би ээжтэйгээ хамт очсон...Миний толгойн зүүн тал руу нэг удаа цохьсон...Манай ээж намайг салгаж авсан...Би ажилгүй байсан үеийн цалин, сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...Би толгой, тархиндаа гэмтэлгүй гэсэн үед гомдолгүй гэж хэлнэ. Би эмчид үзүүлээд эмчлүүлэх шаардлагатай гэсэн учир хэвтэж эмчлүүлсэн...Тархины хаван хөөх, үйл ажиллагаа сайжруулах эм тариа хийлгэсэн...Миний толгой өвдөж байсан болохоор 2018 оны 6 дугаар сард хэвтэж эмчлүүлсэн...Би эмчилгээний зардал болох 365.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч надаас уучлалт гуйсан бол би ийм түвшинд хүргэхгүй байх байсан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Шинжээч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Овойж хавдсан гэдэг нь хуйханд байгаа гэмтэл юм. Хаван гэдэг нь тархины эдийн буюу дотор талд байгаа гэмтлийг хэлж байна...Зөөлөн эдийн эвдрэлийг хэлж байна. Бүрэн бүтэн байдал алдагдсаны улмаас хаван үүсэж байгаа...Зөөлөн эдийн няцрал нь гаднах байдлыг хэлж байгаа. Нэг хүчний үйлчлэлээр тархины доргилт бий болж байгаа...Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна...Мэдрэлийн үзлэг хийгдэнэ, дээрээс нь компьютер томографын шинжилгээний хариуг үндэслэнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Гэрч Л.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгч Ч.Б-н эхнэр...Манай нөхөр Б.Б-с ямар учиртай хүн бэ гэдгийг асууж бичиг баримтыг нь үзүүлэхийг шаардсан ба аваад халаасандаа хийсэн байсан. Б.Б миний бичиг баримтыг буцааж өг гэхэд миний халаасанд байж байг гэсэн. Хурцадмал байдал үүсээгүй. Б.Б-той ойлголцож чадаагүй учраас би мэддэг газарт нь хэлнэ гээд гараад явсан...Би тухайн үед цохьсон гэдгийг хараагүй.../Хохирогчийн ээж нь хамт байсан уу/...Байсан...Сүртэй маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Гэрч Д.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хохирогчийн ээж нь...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой манай охин нэг айлд очино гэхээр нь хамт явсан. Бид 2 очиход хүн байгаагүй байсан болохоор утасдахад ирж байна гэсэн. Тэгээд нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирэхэд нь манай охин “Танай байрыг түрээслэж байсан манай найз баримт, түлхүүрээ өгөөд барьцааны мөнгө 300.000 төгрөгийг аваарай” гэж хэлсэн гэсэн. Надад мөнгөний хэрэг гараад байна гэхэд Ч.Б иргэний үнэмлэхээ өг гэхэд нь гаргаад өгсөн. Аваад халаасандаа хийгээд өгөхгүй байсан. Бичиг баримтаа авмаар байна гээд очиход нь өгөхгүй гээд барилцаж аваад толгой руу нь цохьсон. Тэгээд би дундуур нь ороод салгасан. Тэгэхэд шүүгдэгч гарч яваад цагдаа дуудаад ирсэн. Эхнэр нь тэр үед байсан...Зүүн талын чамархай руу цохьсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            6. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би н.Г гэдэг хүнийг хэдэн жилийн өмнөөс таньдаг болсон. Тэгээд н.Г гэдэг хүн надтай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орчим уулзаад манай ээж цус харвачихаад би яаралтай гадагшаа явах болчихлоо, чи миний түрээсэлж байгаа Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ..... тоот байрны эзэнтэй уулзаад байрны түлхүүрийг хүлээлгээд өгчихөө, би яаралтай явах гээд байна, байрны эзэнтэй холбогдох гээд чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд байрны түлхүүрийг нь авч үлдсэн ба би н.Г-с ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй биз дээ гэсэн чинь байхгүй, барьцааны 300.000 төгрөг байгаа, түүнээс хэрэглээний зардал мөнгийг хасуулаад авчихаарай гэсэн. Түүнээс хойш 7 хоногийн дараа байрны эзэн Л.О гэх хүн рүү залгасан чинь утсаа авахгүй байхаар нь байрны түлхүүрийг хүлээлгэн өгөх гэсэн юм гэсэн утгатай мессеж бичсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин залгасан чинь утсаа аваад орой уулзъя гэсэн. Тэгээд орой нь би ээж Д.О-н хамт н.Г-н түрээслэж байсан байранд очиход хэн ч байгаагүй. Тэгээд би хаалгыг онгойлгоод ороод хүлээж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд эрэгтэй нь намайг бичиг баримтаа өгч байгаач ямар хүнд мөнгө шилжүүлэх гэж байгаагаа мэдэж авъя гэхээр нь би бичиг баримтаа өгсөн чинь надруу уурлаад та нар муусайн луйварчин, хулгайч, дээрэмчин, пизда, наахуу гээд байхаар нь би та яагаад байгаа юм бэ би бичиг баримтаа авъя гэсэн чинь миний толгойн зүүн хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгтэл манай ээж дундуур орж ирээд чи яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ гээд салгасан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Хамт явсан эмэгтэй нь чи ёстой харж байгаарай, чи эвгүй юманд орооцолдсон, чамайг яаж чадна шүү гэх мэтээр намайг хараагаад байсан. Гэхдээ эмэгтэй нь миний биед гар хүрээгүй...н.Г надад байрны барьцаа 300.000 төгрөгийг үлдээсэн байгаа гэсэн ба тэр мөнгөнөөс хасуулаад бодоорой гэж хэлсэн...Миний толгойн зүүн хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Өөр цохиогүй...Миний биед Ч.Б гэх хүн гэмтэл учруулсан өөр хүн учруулаагүй, нэг хүн миний биед гэмтэл учруулсан...Эмчилгээ хийлгэж чадаагүй надад эмчилгээ хийлгэх боломж олдоогүй манай ээжийн бие муу эмнэлгээр яваад байгаа болохоор ээжийгээ асарч байгаа эмчилгээ хийлгэж чадаагүй одоог хүртэл миний толгой өвдөөд байгаа өдөр бүр өвчин намдаах эм уугаад тухайн эмэндээ толгойн өвчин намдахгүй давхарлан ууж байгаа түүнд бага багаар мөнгө зарцуулагдаж байгаа түүний баримт байхгүй байна би 2017 оны 11 дүгээр сард 120.000 төгрөг гарган зураг авахуулсан түүний л баримт байгаа эмэнд зарцуулсан мөнгө гэвэл барагцаагаар 200.000 гаран мянган төгрөг болж байгаа, мөн энэ хүнд цохиулсанаас хойш ажлаа хийж чадаагүй...Нэг удаа л миний толгой руу гараа атгаж байгаад миний зүүн шанаа хэсэг чамархай руу цохьсон...Гомдолтой байна зүгээр байж байгаад энэ хүнд зодуулсандаа гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 30/

            7. Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой гэртээ байж байтал манай охин Б.Б гэрт 19 цагийн орчим ирээд надад хандан “ээж манай нэг найз надад байрныхаа түлхүүрийг орхиод гадагшаа явсан. Хоёулаа хамт яваад байрныхаа түлхүүрийг эзэнд нь өгөх үү” гэж хэлэхээр нь би яагаад түлхүүрээ үлдээгээд гадагшаа явсан юм бэ гэсэн чинь ээжийнх нь бие муудаад яаралтай явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүүхдийг ганцааранг нь явуулаад яахав гээд хамт дагаад явсан. Тэгэхдээ байрны эзэнтэй нь 20 цагаас уулзана гэж байсан. Тэгээд манай охин Б.Б бид хоёр 20 цаг гээд Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ...... тоотод очсон. Тэгтэл хүн ирээгүй байсан ба манай охин тухайн байрыг түлхүүрээр нь онгойлгож бид хоёр орсон. Тэгээд манай охин нөгөө хүн рүүгээ залгаад хүлээгээд сууж байтал хаалганых нь хонхыг гаднаас хүн дарсан. Тэгээд би очоод хаалгыг тайлсан чинь зүс үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэгэхээр нь би байрны эзэд үү гэсэн чинь тийм байна гээд орж ирсэн. Тэгээд зүс үл таних эрэгтэй нь энэ түлхүүрийг өгч байгаа эзэн нь хэн бэ, чи ямар учиртай хүн бэ, чи энэ байрыг түрээслэж байгаа юм уу гэж манай охиноос асуусан чинь манай охин үгүй манай найз надад энэ байрны түлхүүрийг хүлээлгээд өгчих гээд үлдээсэн юм гэсэн чинь бичиг үзүүл гэсэн. Тэгтэл манай охин иргэний үнэмлэхээ үзүүлсэн чинь шууд аваад халаасандаа хийсэн. Тэгтэл манай охин ахаа та яахаараа миний иргэний үнэмлэхийг хурааж авдаг юм, би бичиг баримтаа авъя гэсэн чинь нөгөө зүс үл таних эрэгтэй нь шууд босч ирээд миний охиныг нэг гараараа заамдаж аваад нөгөө гараа атгаж байгаад шанаа руу нь нэг удаа цохьсон. Тэгээд заамдсан гараа тавихгүй болохоор нь би дундуур нь ороод салгасан. Тэгтэл нөгөө эрэгтэй та нар худлаа хүний үнэтэй, цайтай байрыг түрээслэчихээд хаа хамаагүй хүнээр хүлээлгэж өглөө гээд байсан. Тэгтэл миний охин уйлаад байсан...нөгөө зүс үл таних залуу нь гараад явсан. Тэгтэл нөгөө эмэгтэй манай охинд хандан чи шүүх цагдаа гээд яваад байвал чамд өөрт чинь л муу даа гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй болон манай охин бид нар жаахан суугаад манай охин тайвшираад ярилцаж учраа олсон ба нөгөө эмэгтэй нь хаалганы бариул эвдэлсэн байна гэх мэт янз бүрийн юм эвдэлсэн энэ тэр юм яриад маргааш...ус дулааны төлбөр асууна гэж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Тэр залуу манай охиныг заамдаж аваад гараараа нэг удаа шанаан тус газар нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

            8. Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19:30 цагийн үед би түрээсийн байрныхаа түлхүүрийг ав гэж нэг хүн надруу ярьсан юм. Түлхүүрээ авах гэсэн боловч анх түрээслэсэн хүн биш түүний найз гэх хүн байсан. Уг байр бүрэн тавилгатай байр байсан юм. Үл таних эмэгтэй хүн би энэ хүнээс авлагатай учир барьцаа 300.000 төгрөг авна гэж хэлсэн юм. Уг байранд амьдарч байсан хүн байрны тог цахилгаан, интернетийн мөнгө төлөлгүй явсан байсан. Ойролцоогоор 700.000 төгрөгийн төлбөр байсан. Амьдарч байсан хүн байрны тавилга зэргийг эвдэж гэмтээсэн байсан. Би энэ байдлыг тэр хүнд хэлсэн боловч би тэр асуудлыг чинь хариуцахгүй би энэ хүмүүсээс мөнгө авах ёстой гээд байсан. Тэгэхээр нь чи энийг хариуцдаггүй юм бол би цагдаад өгнө гэж хэлээд цагдаа дээр ирсэн юм. Цагдаа дагуулаад эргээд очсон өөр зүйл болоогүй юм...Тэр эмэгтэй өөрөө намайг дуудсан би тэр хүнийг мэдэхгүй танихгүй. Тэр хүмүүсийг байрнаас гарсныг нь ч би мэдээгүй байсан юм...Би мөнгө авна би төлбөр тооцоог нь мэдэхгүй манай найз өр төлбөр байхгүй гэж хэлсэн гээд байсан. Үүнээс болоод маргалдсан юм. Маргалдаад ч сүйдтэй юм болоогүй...Би тэр эмэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй, тийм зүйл огт болоогүй би тэр хүнд гар ч хүрээгүй. Тэгээд би хорооны цагдаа дээр ирээд цагдаа дагуулаад эргээд очсон юм. Тухайн байдлыг цагдаа харсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14470/-ний дүгнэлт:

                        -Б.Б-н биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/

            10. Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Б гэх эмэгтэйд гар хүрээгүй, гэмтэл учруулаагүй байхад гэмт хэрэгт шалгагдаж байгаадаа гомдолтой байна, ямар шалтгаанаар тухайн эмэгтэй гэмтэж бэртсэнийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Б нь урьд 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ....... дүүргийн шүүхийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 29, 80-81/-аар тогтоогдлоо.

            1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн б-д “тэнсэгдсэн этгээд шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заасан, мөн 2015 оны Эрүүгийн хуулиар “ял шийтгэлгүй болох”, “ялтай байдал” гэсэн ойлголт хамаарахгүй болсон байх тул шүүгдэгч Ч.Б-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14470/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, .... дүгээр байрны .... тоотод Б.Б-г өөрийн найзын түрээсэлж байсан байрны түлхүүрийг хүлээлгэж өгөхөөр ээжийн хамт очиход нь “та нар худлаа хүний үнэтэй, цайтай байрыг түрээслэчихээд хаа хамаагүй хүнээр хүлээлгэж өглөө..., хаалганы бариул эвдэлсэн байна..., тог цахилгаан, интернетийн мөнгө төлөлгүй явсан...” гэж хэлэн, түүний иргэний бичиг баримтыг нь авч улмаар бичиг баримтаа авах гэхэд нь Б.Б-н толгойн тус газарт гараараа цохиж биед нь зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б, гэрч Д.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тогтвортой мэдүүлгүүд, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14470/-ний дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдсон гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ч.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бичиг баримтыг авсан байсан болохоор би бичиг баримтаа авъя гэхэд үгийн зөрөөгүй миний толгойн тус газар гараараа цохьсон...Би ээжтэйгээ хамт очсон...Шүүгдэгч надаас уучлалт гуйсан бол би ийм түвшинд хүргэхгүй байх байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /....../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Ч.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.

Хохирогч Б.Б-н хохиролд нэхэмжилсэн 532.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа хэдий боловч хохирогчийн шинээр гаргасан 412.000 төгрөгийн баримтаас эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт болох 167.000 төгрөгийг хасч, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 365.000 төгрөгөөр тогтоон үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Б-с нийт 365.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т олгох нь зүйтэй.

Харин хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээж өгнө үү...” гэж мэдүүлсэнтэй холбоотойгоор хохирогчийн цаашид гарах зардлыг шүүх урьдчилан тогтоох боломжгүй, мөн хохирогч Б.Б-н ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа зэргийг харгалзан хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овогт Ч.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Ч.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Ч.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ч.Б-т сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Ч.Б-с 365.000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т олгосугай.

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР