Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 859

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Ч.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Соёлмаа,

хохирогч Б.Болор,

шүүгдэгч Ч.Батбаяр, түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1710010140236 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт Ч.Б 1970 оны 11 дүгээр сарын 2-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хөдөө аж ахуйн их сургуульд төслийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .. дугаар хэсэг, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............../;

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоот байрны төлбөр, тооцооны асуудлаас болж Б.Б маргалдан, улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Б холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Ч.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Ч.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг Ч.Б сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 365,000 /гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б гэх эмэгтэй нь орон сууцыг түрээсэлсэн этгээд биш юм. Би тухайн орон сууцыг зуучлалын компаниар зуучлуулж түрээслүүлсэн. Мөн Б.Б нь Б гэх түрээслүүлэгчтэй ямар нэгэн итгэмжлэл байхгүй мөртлөө тодорхой бус 2 иргэний хоорондох төлбөрийг надаас авна гэдэг байдлыг анх үүсгэсэн. Мөн Б.Б нь надад зодуулсан эмчилгээний төлбөр, 6 сарын хугацаанд ажилгүй байсны цалин зэргийг нэхэмжилж байгаа бөгөөд анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч болон улсын яллагчаас та энэ хүнийг зодох магадлалтай юм байна. Дээр нь та урьд өмнө нь ял эдэлж байсан. Мөн таны байж байгаа байдал, биеийн хувьд энэ хүнийг цохих боломжтой юм байна гэж шүүх хуралдаанд надад тулгаж хэлсэн. Мөн эдгээр нэхэмжилж буй мөнгө нь нотлох баримтгүй. Нотлох баримт байхгүй зүйлийг анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь ямар учиртай гэдгийг би ойлгохгүй байна. ...” гэв.

 

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгчээс 6.800.000 төгрөг нэхэмжилсэн. Өмнөх шүүх хуралдаанд Ч.Б нь өөрийгөө гэм буруугүй гэж байсан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Б өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Б нь хохирогч Б.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд нь анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулж, хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт ялтан Ч.Б нь давж заалдах гомдол гаргасан. Гомдолдоо тухайн үед хохирогчийг зодоогүй, харин маргаан гарсан, дараа нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж надаас төлбөр нэхээд байсан гэсэн утгатай байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад эргэлзээтэй хэд хэдэн асуудал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийг шалгах явцдаа хэргийг тал бүрээс нь бодитой байдалд тулгуурласан нотлох баримтыг бүрдүүлэх ёстой байдаг. Гэтэл хэрэг бүртгэлт болон прокурорын шатанд хэтэрхий нэг талыг баримталсан нотлох баримтуудыг цуглуулсан. Тухайлбал, прокурорын шатанд яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Ч.Б 1998 онд ял шийтгүүлж байсан буюу 20 жилийн өмнөх шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан атлаа Ч.Б ял шийтгэлгүйд тооцсон тогтоолыг хэрэгт хавсаргаагүй. Мөн энэ хэрэг мөрдөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын байгууллагад шилжсэн байхад прокурор шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хөнгөн гэмтэл учирсан байна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байсан. Гэтэл бодит байдал дээр хохирогч Б.Б болон Г нарын хооронд ямар нэгэн итгэмжлэл байхгүй. Хохирогч эмэгтэй Ч.Б яагаад түлхүүрийг нь хүлээлгэж өгөөгүй юм бэ гэдэг асуудал дээр Ганболдоос мөрдөн байцаалт, прокурорын шатанд байцаалт аваагүй. Тухайн хүн одоо хаана байна, үнэхээр байрны түлхүүр өгөх эзэн мөн юм уу, эсвэл биш юм уу, энэ түлхүүрийг яагаад Б.Б авах болсон гэдгийг тогтоогоогүй. Мөн тухайн байрны гэрээг 1 жилийн хугацаатай хийсэн атлаа байрнаас 6 сарын өмнө гарсан байсан. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн 19 тоот дугаартай дүгнэлт болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр тогтоосон мөрдөгчийн тогтоолын хэргийн товч утга дээр 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Б.Б нь үл таних 2 хүнд зодуулж гэмтэл учирсан гэж бичсэн байсан. Тэгэхээр Б.Б нь өөр 2 хүнд зодуулсан байх боломжтой. Тийм учраас Ч.Б гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. ...” гэв.

 

 

Прокурор Б.С тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Б нь давж заалдах гомдол гаргахдаа 4-5 асуудлыг хөндөж гомдол гаргасан атлаа шүүх хуралдаанд утга агуулгын хувьд арай өөр зүйл ярьж байна. Зодох магадлалтай байсан, өмнө нь ял эдэлж байсан, биеийн байдлын хувьд зодох боломжтой гэх байдлыг надад тулган хэлж, ял халдаасан гэж тайлбарлаж байна. Энэ байдал анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй, бүх болсон процесс шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн анхан шатны шүүх Ч.Б холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг гарах үед байсан Ч.Б эхнэр О, Б.Б ээж О гэх 2 гэрч, шинжээч эмч нарыг гэрчээр оролцуулсан. Шүүх хуралдаанд гэрч нар нэг нэгээрээ орж мэдүүлэг өгөхдөө О гэх хүнээс О гэх хүн байсан уу гэсэн асуулт асуухад байсан гэдгийг эхнэр нь хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Ч.Б нь давж заалдах гомдолдоо Оюунтунгалаг гэх эмэгтэй байгаагүй, залуу хүн байсан гэх асуудлыг хөндсөн байсан. Мөн хохирогч Б.Б зодоогүй талаар гомдолдоо дурдсан байсан. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байдалтай шүүхэд шилжсэн. Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд гэм буруугийн хурлаар шүүх хуралдаан завсарлах үед гэм буруутай гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудал шийдвэрлэгдсэн. Мөн гэм буруутай асуудлаа хүлээн зөвшөөрсөн учир анхан шатны шүүхээс 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу дээрээ маргаж байгаа тул энэ асуудал дээр дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Мөн шинжээч томилсон тогтоолд соёмботой уулын урд үл таних хүнд зодуулсан гэх байдлаар гомдол гаргасан. Тэгэхээр шинжээч томилсон тогтоол нь хавтаст хэргийн 19-20 дуугаар хуудсанд авагдсан. Хохирогч нь хэрэг гарсан өдөр цагдаагийн байгууллагад хандсан. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш нь уг асуудлыг шалгасан. Тэгэхээр тогтоолд дурдагдсан энэ байдал нь хэргийг шалгаж тогтоосон эцсийн байдал биш юм. Ч.Б холбогдох гэмт хэрэг нь анх зөрчлийн хэргээр шалгагдсан. Зөрчлийн хэргийг шалгаж байсан цагдааг гэрчээр мэдүүлэг авахад “тухайн үед ийм асуудал боллоо гэдэг байдлаар би хамт орж ирсэн. Байранд орж ирэхэд Б.Б гэх эмэгтэй нь зодуулчихлаа гэдэг байдлаа хэлж байсан. Би харахад яг цус болсон асуудал байгаагүй” гэсэн. Мөн 1998 оны Ч.Б холбогдох хэргийн шийтгэх тогтоолын асуудлыг ярьсан. Гэтэл ял шалгах хуудсаар 1998 онд ял эдэлж байсан байдал нь гарч ирсэн бөгөөд энэ шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр нь гарч ирээгүй. Шинэчлэн найруулсан хууль үйлчилж эхэлснээр өмнө нь ял шийтгүүлж байсан байдал нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болсон. Гэхдээ шүүхээс хувийн байдлыг тогтоох ажиллагаанд заавал өмнө нь шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудыг хуулбарлаж хэрэгт хавсаргах ёстой гэх асуудлыг хөнддөг. Тийм учраас энэ шийтгэх тогтоол нь хэрэгт хавсаргагдсан байгаа. Мөн мөрдөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлэхэд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн гэх асуудлыг ярьсан. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай ирүүлэхэд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б биед халдсан асуудал нь тогтоогдсон учир прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Г гэх хүнээс байцаалт, мэдүүлэг аваагүй талаар ярьсан. Г асуудал нь маргаан болсон процессыг нотолж буй гэрч болохоос энэ хүнийг зодож гэмтэл учруулсан үйлдлийг нотлоход зайлшгүй хийх ажиллагаа биш учраас Г гэх хүнийг асуух шаардлагагүй гэж үзсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бөгөөд Г гэх хүн нь Монгол улсад байхгүй, гадагшаа явсан нөхцөл байдалтай байсан. Иймд Ч.Б холбогдох хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн асуудалд үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Ч.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ч.Б 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны 63 тоотод, нь Б.Б байрны төлбөр, тооцооны асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг цохиж, Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Б “...би ээж О хамт Г түрээсэлж байсан байранд очиход хэн ч байгаагүй. Би хаалгыг онгойлгоод ороод хүлээж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд эрэгтэй нь намайг “бичиг баримтаа өгч байгаач, ямар хүнд мөнгө шилжүүлэх гэж байгаагаа мэдэж авъя” гэхээр нь би бичиг баримтаа өгсөн чинь над руу уурлаад “Та нар муусайн луйварчин, хулгайч, дээрэмчин, пиздаа, наахуу” гээд байхаар нь би “Та яагаад байгаа юм бэ, би бичиг баримтаа авъя” гэсэн чинь миний толгойн зүүн хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд манай ээж дундуур орж ирээд “чи яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ” гээд салгасан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх-ийн 10-11/,

гэрч Д.О “...манай охин тухайн байрыг түлхүүрээр нь онгойлгож, бид хоёр орсон. Тэгээд манай охин нөгөө хүн рүүгээ залгаад хүлээгээд сууж байтал хаалганых нь хонхыг хүн дарсан. Тэгээд би очоод хаалгыг нь тайлсан чинь зүс үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэгэхээр нь би “Байрны эзэд үү” гэсэн чинь “Тийм байна” гээд орж ирсэн. Тэгээд зүс үл таних эрэгтэй нь “Энэ түлхүүрийг өгч байгаа эзэн нь хэн бэ?, Чи ямар учиртай хүн бэ?, Чи энэ байрыг түрээсэлж байгаа юм уу” гэж манай охиноос асуусан чинь манай охин “Үгүй, манай найз надаа энэ байрны түлхүүрийг хүлээлгээд өгчих гээд үлдээсэн юм” гэсэн чинь “Бичиг баримтаа үзүүл” гэсэн. Гэтэл манай охин иргэний үнэмлэхээ үзүүлсэн чинь шууд аваад халаасандаа хийсэн. Тэгтэл манай охин “Ахаа та яахаараа миний иргэний үнэмлэхийг хурааж авдаг юм, би бичиг баримтаа авъя” гэсэн чинь нөгөө зүс үл таних эрэгтэй нь шууд босч ирээд миний охиныг нэг гараараа заамдаж аваад нөгөө гараа атгаж байгаад шанаа руу нь нэг удаа цохисон. ...” /хх-ийн 110/,

гэрч Л.О “...Манай нөхөр бичиг баримтыг нь авахад тэр эмэгтэй цагдаагаар шийдүүлье гэсэн. ...Энэ хүн миний бичиг баримтыг авчихлаа, би ямар ч буруугүй байхад миний мөнгийг өгөхгүй байна гэсэн утгатай зүйл хэлсэн. Цагдаа “та нар гомдолтой бол цагдаад өргөдлөө өгөөрэй” гэж хэлээд гэрээс гараад явсан. ...” /хх-ийн 43-44/,

гэрч М.Б “...тухайн байранд Батбаяр гэх эрэгтэйн эхнэр гэх эмэгтэй, байр хүлээлгэж өгөх гэж байгаа эмэгтэй, түүний ээж нь гэж хэлсэн санагдаж байна, тэдгээр хүмүүс байсан. Надад ...наад эрэгтэй намайг зодож, алгадсан гэж хэлсэн. Тэгтэл Б гэх эрэгтэй зодуулсан хүн ийм байдалтай байж байдаг юм уу гэж хэлсэн. Би тухайн хүмүүст хандаад та нар гомдолтой бол өргөдлөө гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлээд тухайн байрнаас гарсан. ...” /хх-ийн 46/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №14470 дугаар “...Б.Б биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Б толгойн тус газар цохиж, Б.Б бие махбодид Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх хохирогч Б.Б нэхэмжилсэн хохирлыг хавтас хэргийн 20, 98 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтад үндэслэн Ч.Б гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба хохирогч Б.Б нотлох баримтгүй нэхэмжилсэн хохирлын нэхэмжлэлийг жич иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан нь хуульд нийцжээ.  

 

Хохирогч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу уг үйл явдал болсон өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бичгээр гомдол гаргасан, уг гомдлыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагын бүртгэлд авсан,  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б бие махбодид шинжээч эмч үзлэг хийсэн болох нь хавтас хэрэгт  авагдсан Б.Б гомдол /хх-ийн 8/, Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан баримт /хх-ийн 7/, Б.Б  2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №14470 дугаар Шинжээчийн дүгнэлтийн “...2017-11-20-нд ...Б биед гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийв...” гэснээр /хх-ийн 19/ шүүгдэгч Ч.Б “...хохирогч Б.Б нь цагдаагийн байгууллагад 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргаж, 3 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гарахад зүүн талын хамрын таславч хуучин гэмтэлтэй гэснээс үзэхэд уг гэмтэл нь хэзээ, хаана үүссэн гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна...” гэх давж заалдах гомдол,

Ч.Б эхнэр Л.О гэрчээр мэдүүлсэн “...тэр эмэгтэйтэй хамт нэг настай эмэгтэй хамт байсан...” /хх-ийн 43/, цагдаагийн албан хаагч М.Б гэрчээр мэдүүлсэн “...тухайн байранд Батбаяр гэх эрэгтэйн эхнэр гэх эмэгтэй, байр хүлээлгэж өгөх гэж байгаа эмэгтэй, түүний ээж нь гэж хэлсэн санагдаж байна, тэдгээр хүмүүс байсан...” /хх-ийн 46/ зэргээр шүүгдэгч Ч.Б “...гэрч О нь тухайн өдөр Болортой цуг байгаагүй, ондоо өөр залуу хүүхэд байсан. Гэтэл гэрчээр мэдүүлэг өгсөн Оюунтунгалаг нь өөр хөгшин хүн байсан...” гэх давж заалдах гомдол тус тус няцаагдаж байна.

 

Харин мөрдөгч 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолдоо “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед иргэн Б.Б нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Соёмботой уулын урд явж байгаад үл таних 2 залууд зодуулсан...” гэж иргэн Б.Б цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд /хх-ийн 8/, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгт байхгүй үйл явдлыг бичжээ. Мөрдөгчийн  ингэж бичсэнээр Б.Болорыг “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед иргэн Б.Б нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Соёмботой уулын урд явж байгаад үл таних 2 залууд зодуулсан...” гэж үзэх үндэслэлгүй ба шүүхэд ирүүлсэн хавтас хэрэгт ийм үйл явдлын талаарх нотлох баримт байхгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б “...Ч.Б намайг гэм буруугүй гэдгийг тогтоож, цагаатгаж өгнө үү...” гэх  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ