Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 284

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Н.Нарангэрэл,

шүүгдэгч Б.Х, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар /ҮД:2-563/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б.Хосбаяр, Б овогт Д.Б нарт холбогдох эрүүгийн 1810004030127 дугаартай, 187/2018/0264/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Х

2. Монгол Улсын иргэн, Б овогт Д.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, .......-н ........ тоотод оршин суух иргэн М.З-н гэрээс “Монел” загварын 42 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч 583.752 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Х, Д.Б нар нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрсдийн хамаатны ах болох М.З-н Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ........-н ....... тоот гэрт хохирогчийг архи ууж согтоод унтаж байхад нь “Монел” загварын 42 инчийн LCD зурагтыг авч 583.752 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би хулгай хийх санаачлагыг гаргасан...Би хийсэн хэрэгтээ харамсаж байна...Миний цалин буух болоогүй байсан ба мөнгөний хэрэг гараад зурагтыг авсан. Хэд хоногийн дараа буцааж өгөх гэж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч М.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .......-н ....... тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Болсон асуудлын талаар гэвэл 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ бага зэрэг халамцуу байдалтай сууж байтал манай ахын хүүхэд Д.Б, дүүгийн хүүхэд Б.Х нар орж ирсэн. Тэр хоёр манай хороонд гэрлийн шонгийн модны нүх ухах ажил хийж байгаа болохоор хааяа манайд ирж хоол цай иддэг байсан. Тэгээд тэр хоёр хоол цай идэж байх үед гэрт байсан Хараа нэртэй архинаас хийж өгсөн. Би өөрөө нэмж ганц хоёр рунк архи нэмж уучихаад согтоод унтаад өгсөн. Нэг сэртэл Д.Б, Б.Х хоёр манай зурагтны залгуур юмнуудын салгачихсан зогсож байхаар нь өндийгөөд та нар наанаа юу хийгээд байгаа юм бэ гэсэн чинь харин залгуур нь хөндийрөөд тэрийг нь янзалж байна гэхээр нь нойрмог байсан болохоор нэг их юм бодолгүй буцаад унтаад өгсөн. Тэгтэл тэр хоёр төрсөн ах дүүгийн минь хүүхдүүд байж гэрт байсан 42 инчийн Монел загварын зурагтыг маань аваад явчихсан байсан. Анх Д.Б нар манай гэрт ирэх үед эхнэр Л.Ч байсан бөгөөд охины гэр рүү явах гэж байсан болохоор тэр хоёрыг та нар хоол цайгаа идэж уугаад байж бай гэж хэлчихээд гараад явсан байсан юм...Монел загварын 42 инчийн хар өнгөтэй LCD зурагт байсан. 2017 оны 8 дугаар сард таньдаг хүнээс 200.000 төгрөгөөр худалдан авч байсан, зурагтаа одоо 600.000 төгрөгөөр үнэлнэ...Гэхдээ зурагтаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан учраас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй ээ...Л.Ч бол миний эхнэр. Б.Х, Д.Б хоёр бол миний төрсөн ах, дүү нарын хүүхдүүд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 10/

            4. Гэрч Л.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн ..... дугаар .......-н ..... дүгээр гудамжны ..... тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим охин н.Н-н хүүхдийг харахаар Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, Яармагийн ..... тоотод очсон юм...Д.Б, Б.Х нар үлдсэн манай нөхөр М.З нь нилээн согтуу байсан тэгээд би охиныхоо гэрт хоночихоод гэртээ иртэл манай зурагт алга болсон байсан. Нөхрөөсөө асуутал би мэдэхгүй байна манай гэрт Д.Б, Б.Х нар байсан тэр 2 авсан байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би өнөөдөр цагдаад хандсан. Д.Б, Б.Х нараас зурагт авсан эсэхийг тодруулахад надаа би аваагүй мэдэхгүй байна гэж хэлсэн...Б.Х, Д.Б нар нь манай нөхөр М.З-н ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Тухайн өдөр манай гэрт хоол цай идэх гэж ирсэн. Тэр хоёр 41 дүгээр сургуулийн ард газар ухаж байгаа гэсэн. Тэгээд л тухайн өдөр манай гэрт ирсэн юм...Д.Б-г сэжиглэж байсан манай нөхөр надад хэлэхдээ манай гэрт өөр хүн орж ирээгүй Д.Б л орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

            5. Гэрч В.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Х-тай найзлаад нилээн удаж байна. Болсон асуудлын талаар одоо он сар өдрөө яг сайн санахгүй байна гэртэээ байж байсан чинь орой 18 цагийн орчим Б.Х ах Д.Б-тэй хамт орж ирсэн. Ах нь намайг зүс таньдаг болохоор Д.Б надад банкны мөнгө хэрэг болоод байна чи энэ зурагтыг аваад 150.000 төгрөг түр зээлээч зурагтаа хэд хоногоос буцаагаад авчихна гэхээр нь бага зэрэг халамцуу байсан болохоор архи дарс уучихсан байж үнэн яриад байгаа юм уу гэсэн чинь ах нь юу гэж худлаа ярьж байхав дээ гэснээ утсаар нэг хүнтэй одоо банкны мөнгө хийх гэж байна гээд яриад байсан. Тэгэхээр нь итгэсэн. Надад 150.000 төгрөг байхгүй ээ гэсэн чинь тэгвэл байгаагаа өгчих тэгэх үү гэж хэлэхээр нь 80.000 төгрөг өгсөн. 42 инчийн Monel загварын хар өнгөтэй зурагт байсан. Тэгээд маргааш нь ирээд зурагтаа авчихсан. Миний мөнгийг надад буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

            6. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл: “...Монел маркийн хар өнгийн 42 инчийн зурагт...” /хх-ийн 5/

            7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...42 инчийн хар өнгийн LCD зурагтыг хүлээлгэн өглөө...эд зүйл хүлээн авсан Л.Ч...” /хх-ийн 6/

            8. Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Зурагт...2017-08 сард Некст дэлгүүрээс худалдан авсан 42I Monel брендийн LED...589.752 төгрөг...”  /хх-ийн 22-23/

            9. Шүүгдэгч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би үеэл ах Д.Б-н хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт шонгийн модны нүх ухах ажил хийж байгаа юм. Д.Б ахын аав нь манай аавын төрсөн ах нь байгаа юм...Д.Б ах бид хоёр аавын төрсөн ах болох М.З-н гэрт хааяа очиж хоол унд иддэг байсан юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим М.З ахын гэрт очтол нилээд халамцуу байдалтай сууж байсан. Гэрт нь эхнэр болох Л.Ч хамт байсан. Бид хоёр гаднаас орохдоо 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг хувааж уусан байсан юм. Бага зэрэг согтолттой байсан. Гэрт нь ортол Л.Ч хоол унд хийж өгөөд бид нар идэж уугаад сууж байтал Л.Ч эгч охиныхоо гэр рүү явлаа гэж хэлээд гараад явсан. М.З ах ширээн дээр байсан 0,75 литрийн Хараа нэртэй задлаагүй байсан архиа задлаад бид хоёрт хийж өгөхөөр нь гурвуулаа хувааж уусан. М.З ах нилээд согтоод унтаад өгсөн. Д.Б бид хоёр ямар ч мөнгөгүй байсан, мөн нэмж архи уумаар санагдаад байхаар нь хоёулаа ярилцаж байгаад гэрт нь байсан 42 инчийн Монел загварын зурагтын утаснуудыг нь салгаж байтал М.З ах сэрээд хөөе та хоёр яах гэж байгаа юм бэ гэсэн чинь яах ч үгүй ээ гэсэн чинь буцаад унтаад өгсөн. Зурагтыг нь авч гараад ломбарданд тавих гэсэн боловч бичиг баримт байхгүй байсан учир зурагтаа бариад найз В.М-н гэрт очсон...Д.Б ах В.М-г таньдаг болохоор ахын дүү би банкны зээл хийх гээд байсан чи энийг түр хугацаагаар авчих гэтэл В.М эхлээд авахгүй гэж байснаа сүүлдээ 80.000 төгрөгөөр л авъя хурдан буцааж аваарай гэж хэлсэн. Тэр зурагтыг хулгайн юм гэж хэлээгүй, В.М-тай найзлаад удаж байгаа болохоор надад итгээд л авсан. Мөнгөө авч гараад идэж уугаад дуусгасан. 2 хоногийн дараа бил үү цагдаад баригдаад зурагтыг байгаа газрыг нь хэлж өгтөл В.М ажилтай байсан учраас ээж нь болох Д.О-с хурааж авсан байсан...Би хийсэн хэргээ хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

            10. Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би үеэл дүү Б.Х-н хамт улсаас өгсөн ажил болох Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт шонгийн модны нүх ухах ажил хийж байгаа юм. Одоо хороонд цахилгааны нэмэлт шонгуудыг суулгах гэж байгаа юм билээ. Б.Х-н аав манай аавын төрсөн дүү нь байгаа юм...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Х бид хоёр гадаа нүх ухаж байгаад гадаа даараад байсан болохоор 0,75 литрийн 1 шил Хараа нэртэй архи хувааж уусан. Ажлаа дуусчихаад аавын төрсөн дүү нь болох М.З ахын гэрт очсон. Бэр эгч Л.Ч хоол унд хийж өгөөд охиныхоо хүүхдийг харахаар явлаа гэж хэлээд гарсан. Харин М.З ах нилээд согтсон байдалтай ширээн дээр 0,75 литрийн 1 шил Хараа нэртэй архи тавьчихсан сууж байсан...Тэгээд М.З ах архиа задлаад бид гурав хувааж уугаад согтоод унтаад өгсөн. Харин Б.Х бид хоёр мөнгөгүй болчихсон, дээрээс нь дахин архи нэмж уумаар санагдаад байхаар нь гэрт нь байсан 42 инчийн Монел загварын зурагтыг аваад гарсан...Б.Х манай найз мөнгөтэй байгаа байх тэрэнд түр тавьчихъя гэж хэлсэн. Тэгээд В.М гэдэг найзынх нь гэр рүү орсон. Тэр залууг би зүс танина. Ах нь банкны зээл хийх гэсэн чинь мөнгөгүй болчихлоо 150.000 төгрөг өгөөд энэ зурагтыг өөр дээрээ хэд хоног байлгаж байгаач мөнгөтэй болохоороо ирээд авчихна гэсэн чинь та хоёр архи уух гээд байгаа юм биш үү, наадах чинь ямар учиртай зурагт юм бэ гээд байна байн асуугаад байхаар нь миний зурагт байгаа юм гэрээсээ аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд В.М-с 80.000 төгрөг аваад архи дарс уугаад дуусгасан. Маргааш нь бил үү цагдаа нар ирээд асуугаад байхаар нь В.М-н гэрт байгаа гээд үнэнээ хэлсэн. Цагдаа нар очоод ээж нь болох Д.О-с хурааж авсан байсан...Би хийсэн хэргээ хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/-аар,

            Шүүгдэгч Д.Б нь 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ....... дүүргийн шүүхийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ......... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50, 53-57, 58-61/-аар тус тус тогтоогдлоо.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-н ялтай байдал арилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй тул шүүгдэгч Б.Х, Д.Б нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Х, Д.Б нар нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрсдийн хамаатны ах болох М.З-н Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ........-н ...... тоот гэрт хохирогчийг архи ууж согтоод унтаж байхад нь “Монел” загварын 42 инчийн LCD зурагтыг авч 583.752 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Х, Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч М.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зурагтаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан учраас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй ээ...Б.Х, Д.Б хоёр бол миний төрсөн ах, дүү нарын хүүхдүүд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 10/, тэдгээрийн хувийн байдал /....../ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зохимжтой гэж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 40 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүний нийт биечлэн эдлэх ялыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Х, Д.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Б-д, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Х-т тус тус сануулсан болохыг тэмдэглэе.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б.Х, Б овогт Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д.Б-г 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-н энэ хэрэгтээ цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүний нийт биечлэн эдлэх ялыг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.  Б.Х, Д.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Б-д сануулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Х-т сануулсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Х, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР