Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 855

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Б.Очбадарын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай дүгнэлтээр Д.Бд холбогдох 1810004030127, 1810007120363 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Д-н Б, 1988 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ............../,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Д.Б 2018 оны 3 дугаар сарын 11-ээс 12-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 12-199а тоотод оршин суух иргэн Н.Эийн өвлийн сууцны цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хулгайлан 2,622,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурор Б.Очбадар бичсэн дүгнэлтдээ: “...Яллагдагч Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 12-199а тоотод оршин суух иргэн Н.Эийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч үүргэвч цүнх 35 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал 20 ширхэг, бэлэг дурсгалын зүйл 3 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн оёдлын машин 1 ширхэг, ханын хивс 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 2.622.800 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр эрүүгийн 1710007120363 дугаартай хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай тус дүүргийн прокурорын газрын хяналтанд ирүүлээд байна.

Гэтэл Д.Б нь өмнө нь Б.Хосбаяртай бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 29-11 тоотод оршин суух иргэн М.Зоригтболдын гэрээс “Монел” загварын 42 инчийн ЛСД зурагт хулгайлж бусдад 583.752 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.

Д.Б нь дээрх шийтгэх тогтоолоор шийтгүүлэхээс өмнө 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны хооронд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 12-199а тоотод оршин суух иргэн Н.Эийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч үүргэвч цүнх 35 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал 20 ширхэг, бэлэг дурсгалын зүйл 3 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн оёдлын машин 1 ширхэг, ханын хивс 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 2.622.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулах боломжгүй байх бөгөөд урьд гарсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал шинээр илэрсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Прокурор Б.Очбадарын бичсэн дүгнэлтэд нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Б нь 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 29-11 тоотод оршин суух иргэн М.Зоригтболдын гэрээс “Монел” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, 589.752 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлжээ.

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны хооронд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 12-199а тоотод оршин суух иргэн Н.Эийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтэрч үүргэвч цүнх 35 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал 20 ширхэг, бэлэг дурсгалын зүйл 3 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн оёдлын машин 1 ширхэг, ханын хивс 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 2.622.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь дээрх шүүхийн тогтоол гарсны дараа мэдэгдсэн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас өөр ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдалд хамаарч байна.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Д.Бд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт хүргүүлтэл Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, Д.Бд холбогдох эрүүгийн 1810004030127, 1810007120363 тоот хэргүүдийг анхан шатны шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ