Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00648

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/00648

 

 

Л.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00097 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Мөнхцоожид холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 557 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл

Хариуцагч Э.Мөнхцоож

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг шүүхэд болон түүний төлөөлөгч З.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, алданги төлөх нөхцөлтэй Э.Мөнхцоожид зээлдүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл cap бүр 150 000 төгрөгийн хүү төлсөн. 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээлд 500 000 төгрөг, 2015 оны 10,11,12 дугаар саруудад 375 000 төгрөг нийт 875 000 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 2 125 000 төгрөг, алданги 1 062 500 төгрөг, бусад зардалд 370200 төгрөг нийт 3 557 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Мөнхцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлж зээлийн хүүгийн төлбөрт 1 800 000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 875 000 төгрөг төлсөн. Алданги төлнө гэж тохироогүй. Зээлийн үлдэгдэл төлбөрт 850 000 төгрөг төлж эвлэрэх саналтай байна гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 228 дyraap зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Мөнхцоожоос 3 257 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийи 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнхцоожоос 67073 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэгт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсанаа давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь хэрэгт өндөр ач холбогдол бүхий хуурамч нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байх тэмдэглэлийн дэвтэр дээрх мөнгө зээлүүлсэн тухай баримт болно. Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр харилцан тохиролцож хариуцагч нь 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан болно. Тухайн үед багш шавийн харилцаатай байсан тул бие биендээ итгэж, хариуцагч нь мөнгө авсан тухай тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн байдаг. Бичигт 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Л.Эрдэнэбилэг багшаас 3 000 000 төгрөгийг авав. Баярлалаа гэж бичсэн байдаг бөгөөд доор нь гарын үсгээ зурсан. Гэтэл хэргийн материалд авагдсан нотлох баримт болох бичигт Иргэн Э.Мөнхцоожид 3 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлүүлэв. Баярлалаа. Байлцсан хүний гарын үсэг, хэрэв хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн гараар бичиж үлдээсэн талуудын тохиролцсон хэлцлээс өөр хэлцлийг агуулсан, алданги, хүү, жил заасан хуурамч буюу нэхэмжлэгчийн өөрийн гараар бичсэн бичгийг үнэлж, шүүх шийдвэр гаргасан болно. Шүүх хуралдааны явцад удаа дараа энэ миний бичсэн бичиг биш, анхны тохиролцоо биш гэж хариуцагч мэдэгдэж байсан боловч шүүх хариуцагчийн тайлбарыг бодолцоогүй, цаашилбал тухайн нотлох баримтыг хуульд заасан аргаар олж авсан эсэх, үнэн зөв нотлох баримт мөн эсэхийг шүүх харгалзан үзээгүй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ...нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх... эрхтэй байсан бөгөөд хариуцагч талаас тухайн жинхэнэ нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байхад шүүх харгалзан үзээгүй. Хариуцагч нэхэмжлэгчид тухайн бичгийг үлдээсэн бөгөөд нэхэмжлэгчид эх хувь нь байгаа. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Талууд анхнаасаа алданги тохиролцоогүй алдангийг хариуцагчийн гарын үсэгний доор нэмэлтээр бичсэн, хариуцагчид мэдэгдээгүй байсан. Анхны хэлцэлд дурдаагүй бичгээр хийгдээгүй байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг нь хариуцагч Э.Мөнхцоожид холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 2 125 000 төгрөг, алдангид 1 062 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч алдангийн төлбөрийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Л.Эрдэнэбилэг нь хариуцагч буюу зээлдэгч Э.Мөнхцоожид 3 000 000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн, хариуцагч нь үндсэн зээлд 825 000 төгрөг, зээлийн хүүд 1 800 000 төгрөг төлсөн асуудлаар маргаагүй байна.

 

Хэргийн 4 дүгээр талд зохигчдын хооронд үйлдсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг бичгийн баримт нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байх тул Игэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Л.Эрдэнэбилэг нь хариуцагч буюу зээлдэгч Э.Мөнхцоожоос үндсэн зээл, зээлийн хүү шаардах эрхтэй.

 

Харин талууд алданги төлөх эсэх асуудлаар маргаж, бичгээр байгуулсан дээрх тохиролцоонд талуудын зурсан гарын үсэгний дараа бичигдсэн хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлнө гэсэн бичвэрийг хариуцагч эс зөвшөөрч алдангийн талаар тохиролцоогүй, уг бичвэрийнг нэмж бичсэн байна гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар Анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд дээрх анзын талаар тохиролцсон тохиролцоог талууд харилцан зөвшилцөж, гарын үсгээ зурсан гэж гэх нөхцөл байдал дээрх бичиг баримтаар тогтоогдохгүй байна.

 

Ирэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Хариуцагч буюу зээлдэгч Э.Мөнхцоожийн гарын үсэг зурсны дараа алданги төлөх талаар бичсэн бичвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг үгүйсгэсэн, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 1 062 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж тогтов.

 

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2017/00097 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 3 257 700 төгрөг гэснийг 2 195 200 төгрөг гэж, 300 000 төгрөг гэснийг 1 362 000 төгрөг гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын 67073 төгрөг гэснийг 50073 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Э.Мөнхцоожоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67100 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО