Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2017/00097

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Л.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.М-ид холбогдох 

       

            Зээлийн гэрээний үүрэгт 3,557,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ариунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Т.Урангэрэл, хариуцагч Э.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг шүүхэд болон түүний төлөөлөгч З.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 09 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг, нэг сарын  хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, алданги төлөх нөхцөлтэй Э.М-ид зээлдүүлсэн. 2014 оны 10 сарын 18-ны өдрөөс 2015 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл сар бүр 150,000 төгрөгийн хүү төлсөн. 2015 оны 09 сарын 27-ны өдөр үндсэн зээлд 500,000 төгрөг, 2015 оны 10,11,12 сард 375,000 төгрөг нийт 875,000 төгрөг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 2,125,000 төгрөг, алданги 1,062,500 төгрөг, бусад зардалд 370,200 төгрөг нийт 3,557,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

         Хариуцагч Э.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 2014 оны 09 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй зээлж зээлийн хүүгийн төлбөрт 1,800,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 875,000 төгрөг төлсөн. Алданги төлнө гэж тохироогүй. Зээлийн үлдэгдэл төлбөрт 850,000 төгрөг төлж эвлэрэх саналтай байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг хариуцагч Э.М-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,125,000 төгрөг, алданги 1,062,500 төгрөг, бусад зардалд 370,200 төгрөг нийт 3,557,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.М- нэхэмжлэлийн шаардлагаас 850,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги төлөх боломжгүй гэж маргажээ.

          Талууд 2014 оны 09 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан /хх-ийн 4 талд/ байна.

 

Хариуцагч Э.М- нэг жилийн хугацааны зээлийн хүүгийн төлбөр төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд үндсэн зээлийн гэрээний үүрэгт 825,000 төгрөг төлж үлдэх 2,125,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 Зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги 1,062,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэг нь хариуцагчийг эрэн сурвалжилж шүүхийн шийдвэр гаргахад төлсөн 70,200 төгрөг, эрэн сурвалжилж хаяг тогтооход зарцуулсан бензин шатахууны зардалд 300,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 00508 дугаар  шийдвэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.М-ийг эрэн сурвалжилж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хохирол учирсан гэж үзэх үндэстэй байна.

Харин Э.М-ийг эрэн сурвалжилж, хаяг тогтооход бензин шатахууны зардалд 300,000 төгрөгийг зарцуулсан гэж “Мөнгөн төлбөрийн баримт” ирүүлсэн боловч хэрхэн хэн, ямар зардалд зарцуулсан болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иймд хариуцагч Э.М-оос зээлийн үлдэгдэл төлбөрт 2,125,000 төгрөг, алданги 1,062,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нийт 3,257,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

          ТОГТООХ НЬ:  

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  232 дугаар зүйлийн 232.6, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.М-оос 3,257,700 /гурван сая хоёр зуун тавин долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.М-оос 67,073 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Л.Эрдэнэбилэгт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ