Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 302

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

иргэний хариуцагч Ө.Х, түүний өмгөөлөгч Ц.Осоржамаа /ҮД:2-502/,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа /ҮД:0-738/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З овогт М.Б-т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000050 дугаартай, 168/2017/0089/Э индекстэй хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, З овогт М.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн ........... хошууны замд ....... маркийн ....... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Б.М-н жолоодож явсан ...... маркийн ........ ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Б.Г, О.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч П.Ц, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн харъяаллыг Улсын Дээд Шүүхээс тогтоосон тул талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Б нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн ......... хошууны сайжруулсан шороон замд ....... маркийн 74-95 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Б.М-н жолоодож явсан ........ маркийн ....... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Г, О.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч П.Ц, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед миний байнга явдаг байсан зам засвартай байсан ба урд талаар нь хусаж янзалсан зам байсан. Би тэр янзалсан замаар явж байхад нөгөө машин тусдаа өндөр дээрээс тойроод гардаг замаар явж байгаад зассан шороон замаар эргээд явах гэж байгаа юм байна гэж бодтол гэнэт миний урдуур гараад ирсэн. БНХАУ-ын цагдаа нар ирж бид нарын бичиг баримтыг хурааж аваад хэргийн газрын зураг авсан. Тэгээд бид 2 БНХАУ-д машин тэргээ янзлуулж чадахгүй, нутагтаа очиж шийдвэрлүүлье гэж тохиролцоод явсан. Монголд ирсний дараа чиний буруу гээд намайг гүтгээд байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Иргэний хариуцагч Б.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймаг руу яву байхад осол гарсан. Осол болох үед би сэрүүн байсан. Манай машин зогсоод дөнгөж хөдөлсөн байсан ба хөдлөөд хурдаа авч амжаагүй явж байхад ертөнцийн зүгээр өөдөөс ...... маркийн машин өөр замаар ирж байсан. Манай машины жолооч тухайн үед сайжруулсан замын баруун талыг бариад явж байсан юм. Тэгээд нөгөө машин баруун гар талаа барьж явж байхаар нь хажуугаар нь зөрөөд өнгөрөх юм байна гэж ойлгож байхад өөдөөс ороод ирсэн ба манай жолооч зөрүүлээд дарах боломжгүй байсан. Хэрэв зөрүүлээд дарсан бол бас л адилхан мөргөлдөх хэмжээнд байсан. Буруутай этгээд байхад би хохирогч нарт эмчилгээний зардал төлөх нь үндэслэлгүй байна. Зарим хохирогч нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь шатахууны үнийг нэхэмжилсэн байдаг ба 140.000 төгрөгийг 3 удаа бичсэн зүйл харагддаг. Ийм учраас би хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед БНХАУ-ын замын цагдаагийн алба хаагч нар жолооч нарт хандаж та хоёр хоёулаа буруутай байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.12.06-ны өдөр...Манжуур орох гээд орой 18 цагийн автобусаар Дорнод аймаг руу явсан. Тэгээд 07-ны шөнө 04 цагийн үед Дорнод аймагт ирээд автовокзал дээр очсон чинь... ....... маркийн машин Манжуур явна гээд зогсож байсан. Тэгээд автобуснаас надтай нийлээд 4 хүн тэр ....... маркийн машинд суусан. Жолооч нь  өөр бас хүмүүсийг авна гээд ярьчихсан байсан тэр хүмүүсийг аваад өглөө 07 цагийн үед хөдлөөд явсан. Тэгээд хилээр гарахад жолоочтой нийлээд 17 хүн байсан. Тэгээд 12 цагийн үед хилээр гараад ....... орох гээд явж байхад би хэсэг зуур зүүрмэглэсэн байсан. Тухайн үед намайг сэрүүн байхад бид нарын хажуугаар буюу зүүн талаар зөндөө машин зөрөөд өнгөрч байсан. Бид нар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан. Тэгээд намайг дуг хийх зуур гэнэт машинд байсан хүмүүс хүүе ээ гээд хашгираад ирэхээр нь би сэрээд харсан чинь яг манай машины...урдаас нэг... ........ маркийн машин орж ирж байхаар манай машины жолооч зугтаагаад баруун гар тийшээгээ жолоогоо дарсан чинь нөгөө...машин дагуулж зүүн гар тийшээгээ дараад манай машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Би тухайн үед яг жолоочийн арын суудал дээр сууж явсан юм. Тэгээд хүмүүс буугаад явсан би бууж чадаагүй ээ. Учир нь миний бөгсөн бие тэр чигээрээ өвдөөд босож чадахгүй байсан. Хүмүүс цагдаа, түргэн дуудсан гээд л байсан...Эхлээд Хятад улсын түргэн ирээд надтай нийлээд 4 хүн авч явсан... ..................-н эмнэлэгт гарсан эмчилгээний зардлыг... ........ машины эзэн гэх Ө.Х эгч төлсөн ойролцоогоор 800 юань болсон... ...........-н зорчигч болох Н /Б.Н/ эгч бид 2 Дорнод аймгийн эмнэлэгт хэвтсэн...Би Дорнод аймгийн эмнэлэгт 5 хоног хэвтээд ээж, аавтайгаа Улаанбаатар хотод ирсэн...Аарцаг яс хугарсан, толгой, бөөр, сав маш ихээр доргисон зүүн хөлийн өвдөгний дотор талын мах тасарсан, зүүн хөлийн өвдөгний гадна талдаа хөхөрсөн...машины эзэн Ө.Х болон жолооч Монголдоо очоод асуудлаа шийдье эгч нь асуудалгүй эмчилгээний зардлыг чинь гаргаж өгнө Улаанбаатар руу онгоцоор явуулна гэж байсан...Маш их гомдолтой байна. Намайг шууд хаячихсан би 3-н хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүн би л ажил хийж амьжиргаагаа залгуулдаг байсан. Одоо ямар ч хөдөлмөрийн чадваргүй болчихсон байна. 2 сар болж байхад хэн ч надруу залгаж асуугаагүй ээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21-24/

            4. Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байж байхад өглөө 06 цаг өнгөрч байхад жолооч Б.М нь манай гэрийн гадаа ирээд намайг авч БНХАУ-ын Манжуур хотруу явахаар болсон тухайн үед би хувийн ажлаар явах ажилтай байсан...аймгийн төвөөс гарсан тэгээд 10 цаг өнгөрч байхад БНХАУ-ын хил гараад 70 гаран км явж байхад өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн ....... маркийн тээврийн хэрэгсэл хүрч ирэхээр нь миний сууж явсан ........ маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд замаас гарахад эсрэг урсгалаас ирсэн ...... маркийн ..... ДОР дугаарын тээврийн хэрэгсэл мөргөж зогссон. Тэгээд миний сууж явсан машин дотроос зорчигч нар буухад миний хажууд сууж байсан Б.Г гэх нэртэй 29 настай эмэгтэй бид хоёр уг машинаас бууж чадахгүй байсан. Тухайн үед миний нуруу хөдөлж болохгүй амьсгалаж чадахгүй байсан бөгөөд Б.Г-н бие хүнд гэмтсэн шинжтэй хөдөлж чадахгүй намайг хөдөлж болохгүй шүү гээд байсан тэгээд хэсэг хугацааны дараа БНХАУ-ын түргэн тусламж цагдаа нар нь ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслээс намайг болон Б.Г-г буулгаад мөн манай машиныг урсгал сөрж ирж мөргөсөн ..... маркийн ...... ДОР дугаартай тээврийн хэрэгслээс бас нэг эмэгтэй хүнийг аваад бид гурвыг БНХАУ-ын ...... хошууны эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд би БНХАУ-ын ...... хошууны эмнэлэгт үзүүлээд эмнэлгээр хоёр хоног яваад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсад орж ирээд гэрээр эмчилгээ хийсэн...Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын урт сандлын голд нь суугаад зорчиж явсан...Би БНХАУ-ын ...... хошууны эмнэлгээр үйлчлүүлсэн зардал болон эм тарианы мөнгө болох нийт 900.000 төгрөгийг нэхэмжилж байна...Улаанбаатар хотруу явж нарийн шинжилгээ хийлгах зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ...М.Б нь надад учруулсан хохирлоо барагдуулаагүй тул би үнэхээр их гомдолтой байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51/

            5. Иргэний нэхэмжлэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад өөрийн хүү болох Н.Б-ны хамтаар БНХАУ-ын .......... хошууны “Мандалаа” гэх зочид буудлын үүднээс ........маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Дорнод аймаг явахаар болсон юм...БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн ....... хошуунаас хөдөлсөн тэгээд удалгүй 10 орчим км зайд явж...байхад өөдөөс ...... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж байсан тухайн үед жолоочийн хажууд сууж явсан зорчигч Ө.Х эхний машин хил гараад ирж байна шдээ гэж хэлэхээр нь би жолооч М.Б, Ө.Х хоёрын хоорондох завсараар харахад өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл донсолгоо гаргаж ертөнцийн зүгээр хойшоо хазайгаад буцаж замдаа ороод өөдөөс дөхөж ирээд баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд ертөнцийн зүгээр урагшаа дарахад миний сууж зорчиж байсан ........ маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь мөн жолооны хүрдээ зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр урагш дарсан бөгөөд хоёр тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагш хараад миний сууж явсан тээврийн хэрэгсэл жолоочийн эсрэг талын хаалгаар мөн өөдөөс ирж байсан И..... маркийн ....... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга хэсгээр мөргөлдөж зам тээврийн осол гаргасан юм...хүмүүс тодорхой хэмжээгээр гэмтэж байсан бөгөөд миний хувьд цээжин хэсгээр өвдөөд амьсгаа авч чадахгүй байсан. Харин миний хүү Н.Б-ны хувьд жолоочийн хойд талд сууж явсан бөгөөд тухайн үед толгой нь өвдөөд байна гэж хэлж бөөлжиж байсан тэгээд удалгүй БНХАУ-ын ....... хошууны цагдаа болон түргэн тусламжийн машинууд ирсэн. Тэгээд эмч нар намайг болон бусад хүмүүсийг үзээд намайг болон ...... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж зорчиж байсан Б.Г мөн тэдний машинд сууж зорчиж байсан зүс таних эмэгтэй хүний хамтаар авч яваад ........ хошууны эмнэлэгт аваачин хэвтүүлж эмчилгээ хийсэн бөгөөд тухайн үед хоёр тээврийн хэрэгслийн жолооч болох М.Б болон Б.М мөн Ө.Х нар ирээд Монгол хүмүүс байна хэдүүлээ Монголдоо очоод учир зүйгээ олъё гэж хэлж байсан бөгөөд иргэн Ө.Х нь манай машины буруу юм чинь би Монголд очоод эмчилгээний зардлыг өгнө гэж хэлж байсан...Осол гарах үед замын нөхцөл байдал өргөн шороон зам байсан бөгөөд миний сууж зорчиж байсан тээврийн хэрэгсэл уг замын гол хэсгээр явж байсан...миний сууж зорчиж байсан ....... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь баруун гарын дүрмээ барьж жолооны хүрдээ баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр хойшоо дарах ёстой байсан гэж бодож байна...Надад эмчилгээ хийлгэсэн баримт байгаа бөгөөд одоо би эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 163-165/

            6. Иргэний нэхэмжлэгч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Албан ажлаар явж байгаад зам тээврийн осолд орсон ба тухайн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг хоорондох явсан зардал, эмчилгээний зардал гэж нийт 500.000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна...Би эмчилгээний зардлаа гаргуулж авбал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...Надад Улаанбаатар хотоос Ховд аймаг руу онгоцоор нисэж ирсэн билет, Ховд аймагт ирээд хийлгэсэн эмчилгээтэй холбоотой зардлын падаанууд байгаа. Эдгээр нотлох баримтаа үндэслэн нэхэмжлэлийг 500.000 /таван зуун мянга/ төгрөг гэж тооцож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 160-161/

            7. Иргэний нэхэмжлэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн орчимд Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотруу зорчигч тээвэрлэн гарсан юм. Харин гарахаасаа өмнө өглөө Улаанбаатар хотын шуудан тосч 3-н зорчигч аваад “Хэрлэн” зочид буудлаас 9-н зорчигч нийт 12 зорчигч аваад шууд аймгийн төвөөс гарсан бөгөөд 12 цаг өнгөрөөд БНХАУ-ын хил гараад 14 цагийн орчимд БНХАУ-ын ....... хошууруу орох гэж байхад өөдөөс ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын зүүн талын эгнээ байрыг эзлээд явж байсан бөгөөд миний хувьд замын баруун гар талыг барьж замын хөдөлгөөнд оролцож явсан юм. Тэгээд уг тээврийн хэрэгсэл төхөөд ирэхээр нь би жолооны хүрдээ баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр урагш дараад замаас гарахад өөдөөс ирж байсан ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б мөн намайг дагаж жолооны хүрдээ зүүн гар тийш дарж замаас гарч хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гаргасан юм...миний зорчин явж байсан зам нь өргөн, хусаж сайжруулсан шороон зам байсан...Би өөрийн нэр дээр эзэмшдэг ....... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээ мөргүүлээд БНХАУ-ын Манжуур хотын авто засварын газрын нийт 8000 юань мөн хаалга, жолооч талын хаалганы шил, толь, урд кубер, кобуд зэрэг эд зүйлсийг Улаанбаатар хотоос 1.200.000 төгрөгөөр авчруулсан...одоо нийт 4.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 170-171/

            8. Иргэний хариуцагч Ө.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд жолооч М.Б-н хамтаар БНХАУ-ын ....... хошуунаас гарсан юм. Харин гарахдаа ....... хошуунаас хүнээс юм авах гээд зогсож байгаад 5 хүн аваад гарсан юм...Тэгээд...явж байхад өөдөөс ..... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь...нилээд хурдтай ирээд өргөн замын зүүн гар талыг барьж яваад өнгөрөх гэж байгаад огцом баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлээд манай машинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан юм...Би өөрөө ..... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд...сууж зорчиж байсан...Миний өөрийн эзэмшлийн ..... маркийн ..... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хэсэг болох нүүрний шил, их болон оврын гэрэл, урд крилон, гүбер хагарсан, аржатор, урд хоёр хаалга болон голын гүйдэг хаалга эвдэрсэн бас урд салон дотогш чихэгдсэн. Би жолооч М.Б-с нэхэмжлэх зүйл байхгүй...Миний хувьд жолооч М.Б-р жолоо бариулсан бөгөөд жолооч М.Б нь насанд хүрсэн өөрөө хэрэг хариуцах чадвартай мөн би өөрөө иргэн хүнийхээ хувьд БНХАУ-ын ......... хошууны эмнэлэгт бэртэж гэмтсэн хүмүүст өөрийн зүгээс эмчилгээний зардал болох Монгол мөнгөөр нийт 1.250.000 төгрөгийг зарцуулсан учир иргэний хариуцагчийг зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62-63/

             9. Гэрч Н.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад...би ээж Б.Н-н хамт БНХАУ-ын ........ хошууны “Мандалаа” гэх зочид буудлын үүднээс ...... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Дорнод аймаг явахаар суусан. Би жолоочийн суудлын ар талд хайрцаг дээр суугаад зүүн гар тийш хараад явж байсан...БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн ....... хошуунаас хөдлөөд 10 км орчим явж байтал урдаас ногоон өнгийн ...... маркийн автомашин ирж явсан. Тухайн хоёр автомашин шороон замар өөд өөдөөсөө явж байсан өөдөөс ирж явсан автомашин тулж ирээд баруун гар тал руугаа дартал миний сууж явсан автомашин өөдөөс ирж явсан автомашин руу дараад уг машины жолооч талын хаалга руу очиж мөргөөд хоёр машин урд зүг рүү хоёулаа харж зогссон. Осол болсоны дараа машинаас бууж ирэхэд миний сууж явсан автомашин ...... маркийн ...... ДОР улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байсан...Ер нь бол өөдөөс нь очоод л мөргөчихшиг болсон... ....... маркийн  ....... ДОР улсын дугаартай автомашины зүүн урд талын хаалга, крыло хэсэг рүү миний сууж явсан ...... маркийн ...... ДОР улсын дугаартай автомашин баруун урд талын гуфер, крыло хэсгээр мөргөсөн...Тухайн осол болсон зам нь шороон өргөн чөлөөтэй зам байсан. Мөргөлдсөн хоёр автомашинаас өөр машин тухайн замаар явж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 185-186/

            10. Гэрч Ш.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед буудлын гадаа ...... ДОР улсын дугаартай “.......” маркийн машин ирээд бид нарыг аваад хөдөлсөн. Хавиргын боомтын хилээр 12 цагийн орчим гараад цаашаа “.......” нэртэй газар луу явсан. Би машинд үүрэглээд хэсэг зуур жаахан унтчихсан байсан. Гэнэт хүмүүс хашгиралдаад байхаар нь сэрээд хартал өмнөөс ирж явсан “......” маркийн машины жолооч манай машины жолоочийн хаалганаас жаахан хойшоогоо урд талаас нь маш хүчтэй мөргөөд зогссон...боомтоос цаашаа явах замыг сайжруулж хуссан шороон зам байсан ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй байсан. Манай машины өөдөөс 1 машин ирж яваа харагдсан ба өөр ямар нэгэн машины хөдөлгөөн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 66-68/

            11. Гэрч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн орчим ...... ДОР улсын дугаартай “.......” маркийн машинтай улаан загалмайн 10 ажилтан, гадны 5 хүн, жолоочтой нийлээд 16 хүн машинд сууж хөдөлсөн. 10 цагийн үед Хавиргын боомт өнгөрөөд БНХАУ-ын “.......” гэдэг хошууны орчим явж байтал урд талаас “.......” маркийн машин ирж яваа харагдсан. Би тухайн үед унтах гээд суудлаа налаад суутал машин дотор байсан хүмүүс хашгиралдаад явчихсан би өндийгөөд хартал миний сууж явсан машины зүүн урд талаас “.......” маркийн машин их хүчтэй ирж мөргөөд хоёр машин зогссон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73-74/

            12. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 134, 135, 136/

            13. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№111/-ний дүгнэлт:

                        -Б.Г-н биед баруун умдаг ясны дээд салаа хугарсан гэмтэл тогтоогдлоо.

                        -Б.Г-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

                        -Уг гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /1хх-ийн 93/

            14. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№54/-ын дүгнэлт:

                        -О.О-н биед 4 хавирганы хугарал, тархи доргилт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон 4 хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                        -Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 104/

            15. Шинжээчийн дүгнэлт №65:

                        -Д.Ц-н биед гэмтэл учирсан байна.

                        -Д.Ц-н биед тархи доргилт, хүзүү, зүүн эгэм, зүүн хөлний шилбэний хэсгээр цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Д.Ц-н биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

                        -Д.Ц-н биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. /1хх-ийн 97-38, 178/

            16. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№169/-ын дүгнэлт:

                        -Б.Н-н биед зүүн өвдөг, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна.

                        -Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1хх-ийн 174/

            17. Шинжээчийн дүгнэлт №187: “...Энэ зам тээврийн осол Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тохиолдолд дараах байдлаар шийдвэрлэнэ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “Гол зам” уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам гэж заасан байна. Иймээс ........ маркийн ....... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн явсан замыг гол гэх үндэслэлгүй байна. Шороон зам нь замын тэмдэг болон хучилтаар ялгагдахгүй тул адил зам гэж үзсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасан тул ...... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. .......маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М-г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна...” /2хх-ийн 168/

            18. Шинжээч Р.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн 20172400050 дугаартай хэрэгт миний бие болон цагдаагийн ахлах дэслэгч Т.Анхбаяр, цагдаагийн дэслэгч Д.Далайцэрэн бид нар хэрэгтэй танилцаад 187 тоот дүгнэлтийг гаргасан. Тухайн зам тээврийн осол, хэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан тохиолдолд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “гол зам” уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам гэж заасан байна. Иймээс ..... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн явсан замыг гол гэх үндэслэлгүй байна. Шороон зам нь замын тэмдэг болон хучилтаар ялгагдахгүй тул адил зам гэж үзсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасан тул ..... маркийн ..... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б энэ заалтыг зөрчсөн гэж үзсэн. Харин ..... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М-г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж дүгнэлт гаргасан...Тэмдэг болон хучилтаар ялгаагүй тохиолдолд 2 жолооч хоёулаа адил замаар явсан гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 180-181/

            19. Шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бэр эгч Ө.Х над руу утсаар яриад чи манай машиныг бариад ........ яваад өгөөч гэж гуйсан. Би зөвшөөрч Ө.Х эгчийн эзэмшлийн ...... маркийн ....... ДОР улсын дугаартай автомашиныг жолоодон Дорнод аймгаас гарсан...2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 11 цаг өнгөрч байхад ..........-н Мандалаа зочид буудлын гаднаас Б.Н, түүний хүү болон өөр танихгүй хоёр зорчигч нийт 5 зорчигчтой Дорнод аймаг руу гарсан. .............-с гараад 10 гаруй километр газарт сайжруулсан шороон замаар замын зүүн захаар энхэл донхолоо хараад 30 км/цагийн хурдтай явж байхад миний баруун урд талаас ногоон өнгийн ....... маркийн ...... ДОР улсын дугаартай автомашин сайжруулж засаагүй шороон замаар уулаа уруудаад ороод ирэхээр нь би баруун гар талаар зөрөөд өнгөрөх юм байлгүй гэж бодоод явж байхад гэнэт баруун гар тийшээгээ жолоогоо дараад миний урдуур орж ирээд миний машины урд хэсэг нөгөө машины зүүн хажуу хэсгээр мөргөлөөд 2 машин 2-уулаа ертөнцийн зүгээр урагшаагаа хараад зогссон. Ө.Х эгч ......... рүү цагдаа болон түргэнд дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, түргэн хоёр ирж гэмтсэн Б.Г, О.О хоёрыг авч явсан...Нөгөө машинд явсан зорчигч болон манай машины зорчигч нар эмнэлэг цагдаагийн машинд суугаад ....... рүү явсан. Харин Б.М жолооч бид хоёр осол болсон газраа машин дээрээ үлдсэн. ................-н цагдаа нар хэмжилт хийгээгүй. Зураг аваад байсан. Б.М жолооч бид хоёр ...........-н цагдаагийн газар нь очиж уулзаад бид нар Монгол улсад очоод ослын асуудлаа шийдэх болно гэж хэлээд бичиг баримтаа авсан. Б.Г, Б.Н, түүний хүү нарыг Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн...Тухайн осол болсон зам нь шороон гулгаагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй зам байсан. Б.Г-н эмчилгээнд Ө.Х эгч тухайн үед 1.500.000-1.800.000 төгрөгийн зардал гаргасан гэж байсан. ................-н эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд зарцуулсан. Миний зүгээс гэмтсэн зорчигч нарын эмчилгээнд зарцуулсан зардал байхгүй болно...Би урсгал зөрөөгүй. Явж байсан замаа голлож явсан. Миний явсан зам 3 метрийн өргөнтэй зам байсан...Би барагдуулах болно. Нийт гарсан зардлын 50 хувийг барагдуулах болно. Б.М тухайн осол болох үед би хохирол барагдуулна хамт Монгол улсад очоод асуудлаа шийдье гэж гуйж байсан. Шүүх прокурорын шатанд хохирлыг барагдуулна...Би Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасныг зөрчиж бусдад хохирол учруулсан буруугаа ойлгож байна...Би БНХАУ-ын Манжуур болон Монгол Улсын Дорнод аймгийн хооронд 4 жил машин жолоодож явж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-194, 2хх-ийн 193-196/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 111, 196/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№111/-ний дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№54, №169/-ын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт №65, №187 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Б-н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч М.Б нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн ......... хошууны сайжруулсан шороон замд ...... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Б.М-н жолоодож явсан ...... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Г-н биед баруун умдаг ясны дээд салаа хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч О.О-н биед 4 хавирганы хугарал, тархи доргилт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч П.Ц-н биед тархи доргилт, хүзүү, зүүн эгэм, зүүн хөлний шилбэний хэсгээр цус хуралт болон зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, зорчиг Б.Н-н биед зүүн өвдөг, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Прокуророос шүүгдэгч М.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон,...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш /2017.12.07-ны өдөр/ 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Г 1.418.661 төгрөг, хохирогч О.О 976.435 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Н 977.992 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Ц 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М 4.063.680 төгрөг тус тус нэхэмжилснээс хохирогч Б.Г-н  баримттай 525.743 төгрөгийн /буудлын төлбөр, замын хураамж, хоолны зардал, тээврийн үйлчилгээний хөлс, шатахууны зардал, баримт хуулбарласан зардал/, О.О-н баримттай 6.000 төгрөгийн /гар утасны нэгж авсан/ нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцох боломжгүй үндэслэлээр, хохирогч О.О-н 130.000 төгрөгийн /шатахууны зардал/, иргэний нэхэмжлэгч Б.Н-н 80.000 төгрөгийн /шатахууны зардал/ иргэний нэхэмжлэгч П.Ц-н 500.000 төгрөгийн /эмчилгээний зардал/ нэхэмжлэл нь нотлох баримтгүй тул үнэлэх боломжгүй үндэслэлээр, мөн иргэний нэхэмжлэгч Б.М-н хувьд хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх боловч гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал буюу замын хөдөлгөөнд оролцохдоо хэт хайхрамжгүй хандсан /холын замд олон тооны хүн тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож явахдаа аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой, бусад замын хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж яваагүй/ байдлыг нь харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан үндэслэлээр түүний 4.063.680 төгрөгийн нэхэмжлэлийг 50 хувь бууруулан 2.031.840 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосон болохыг тэмдэглэе.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч Ө.Х-с 892.918 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Г-т, 840.435 төгрөгийг гаргуулж, хохирогч О.О-д, 897.992 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Н-д, 2.031.840 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.М-д тус тус олгох нь зүйтэй.

Мөн ...... ДОР улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Ө.Х-н эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 119/-аар тогтоогдож байх тул эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолын хэвээр үлдээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Дорнод аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

            Харин иргэний нэхэмжлэгч П.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний хариуцагч Ө.Х нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч М.Б-с өөрт учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлая.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч З овогт М.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. З овогт М.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.  М.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар ....... аймгийн ...... сум,  ..... дугаар баг, ........-н ..... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух иргэний хариуцагч Ө.Х-с 892.918 /найман зуун ерөн хоёр мянга есөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Г-т, 840.435 /найман зуун дөчин мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.О-д, 897.992 /найман зуун ерөн долоон мянга есөн зуун ерөн хоёр/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Н-д, 2.031.840 /хоёр сая гучин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.М-д тус тус олгосугай.

6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ө.Х нь гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч М.Б-с өөрт учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэний хариуцагч Ө.Х-н эзэмшлийн  ....... маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийг хэрэгслийг хохиролд тооцуулахаар ....... аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Иргэний нэхэмжлэгч П.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР