Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 502

 

Л.Цэндсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Б.Уранчимэг,

ялтанЛ.Цэндсүрэн /Цагдан хорих 461 дүгээ хорих ангиас цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун, Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Цэндсүрэн, ялтны өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулууннарын хамтран гаргасан, ялтны өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Цэндсүрэнд холбогдох эрүүгийн 201525031035 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мягад овогт Лхагвын Цэндсүрэн, 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,“Итали зайрмаг” ХХК-ын жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтХан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ТТБТ 6 дугаар гудамжны 1 тоотод оршинсуух,ял шийтгэлгүй, /РД: ПВ85121111/,

Л.Цэндсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 10-наас 2015 оны 8 дугаар сарын 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 649А тоотод хадам ах болох А.Ариунзоригийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар хутгалж бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Цэндсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Л.ЦэндсүрэнгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Л.Цэндсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Л.Цэндсүрэнг 10 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Л.Цэндсүрэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Л.Цэндсүрэнгийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 13-ныг хүртэл 307 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Л.Цэндсүрэн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, хохирогчийн өмсөж явсан жинсэн өмд 1 ширхэг, дотоож 1 ширхэг, зуны хос гутал 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 ширхэг, эрэгтэй хүний тэлээ 1 ширхэг, саарал майк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан Л.Цэндсүрэнгийн эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Л.Цэндсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь би хадам ах Ариунзоригийг хөнөөх санаа зорилго, шаардлага байгаагүй. Бид бусад ах дүүсээс илүү дотно байсан. Хэрэг гарах тухайн үед хадам ах хэн нэгэнд гаргасан уураа манай гэрт миний хоёр хүүхдийн хажууд зүй бусаар авирлаж миний амь насанд заналхийлэн халдсан. Хадам ах тухайн үед миний хоолойд хутга тулгах үед би хутгыг өөрөөсөө зайлуулж хутгатай гарыг нь доош дартал хадам ах Ариунзориг хутгыг өөр рүүгээ татаж өөр өөрийгөө хутгалсан. Хадам ах өөрийгөө гэмтээж амь насаа алдсан золгүй явдалд би  харамсаж гашуудаж байна. Би хадам ахыгаа төрсөн ах шигээ бодож явдаг байсны хувьд эхнэр хүүхдийг нь харж хандаж явах болно. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Л.Цэндсүрэнгийн өмгөөлөгчШ.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун нар хамтран гаргасандавж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүхийн уг хэрэгт хийсэн дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, зөвхөн дам ярианд тулгуурласан гэрчүүдийн мэдүүлгээр ялласан, нотлох баримтыг үнэлэхдээ хэт яллах талыг барьж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, хэрэгт онцгой ач холбогдолтой шинжээч эмч, насанд хүрээгүй гэрч болон мөрдөн байцаалтын туршилтын үр дүн, хохирогч: холбогдогч нарын хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэргийг шийдвэрлэх талаар гаргасан санал зэргийг шууд орхигдуулсан гэж үзэж байна. Учир нь:

1. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.Дашзэвэг, А.Ариунтуяа, Э.Мөнгөнтуяа нарын мэдүүлгээр шүүх ял оноохдоо хэрэг учралын газарт байгаагүй, юу болсныг шууд гэрчилж чадахгүй, зөвхөн дам яриа, тухайн үед өөрт нь төрсөн сэтгэгдэл болон бусдын амнаас сонссон гэх зүйлийг түүвэрлэн авч яллах гол нотлох баримтаа болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            2. Согтуу танхай этгээдийн хутга мэс барьж довтолгоо хийж байгаа үйлдлийн эсрэг биеэ хамгаалах эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд маш тодорхой заасан ба хэрвээ тухайн үед Л.Цэндсүрэн уг хамгаалах үйлдлийг хийгээгүй бол өнөөдөр өөрөө гэмт хэргийн хохирогч болсон байхыг үгүйсгэх аргагүй гэж үзнэ.

            3. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд уг хэргийг хэрэгсэхгүй болгох хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан тул мөрдөн байцаагчийн зүгээс удаа дараа хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн боловч “биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” гэсэн ямарч үндэслэлгүй, нотлох баримтгүй үндэслэл гарган ирж ял сонсгож шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болох нь анхан шатны шүүхийн дүгнэлтээр тогтоогдсон боловч хүнийг санаатай алсангэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 91, 92, 94, 95 дугаар зүйлийг бүхэлд нь баримталсангүй, зөрчсөн.

4. Нүдээр хараагүй, шууд гэрчлэх ямар нэгэн ноцтой баримт нотолгоогүй гэрчүүдийн мэдүүлгийг гэм буруутайд тооцох гол үндэслэл, нотлох баримт болгож аваад харин шууд нотлох баримт буюу мөрдөн байцаалтын шатанд явагдсан туршилт, шинжээч эмчийн дүгнэлт байцаалтаар тогтоогдож байгаа хохирогч өөртөө гэмтэл учруулах бүрэн боломжтой тухай тайлбар мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн гэм бурууд ноцтой эргэлзээ төрүүлж байгаа нотлох баримтууд зэргийг шийтгэх тогтоолд огт дурдаагүй, дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг шууд зөрчсөн гэж дүгнэлт өгөх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 40 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасныг баримтлан Л.Цэндсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэнэ үү.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318,319,321 дүгээр зүйлүүдийг баримтлаагүй гэж үзвэл анхан шатны шүүхийн 8 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, яллах цагаатгах нотлох баримтуудыг харилцан адил тэгш харьцуулан шинжилж Л.Цэндсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1дэх хэсэгт зааснаар зүйлчилж магадлан шийдвэрлэж өгнө үү...” гэв.

           

Ялтан Л.Цэндсүрэнгийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Л.Цэндсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн объектив тал нь зөвхөн санаатай гэм буруугаар үйлдэгддэг. Гэм буруугийн санаа нь шууд ба шууд бус байж болох боловч гэмт этгээд нь бусад хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд хүргэх боломжийг урьдчилан харж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг хууль тайлбарлагч тодорхой шаардсан байдаг. Энд хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь шүүгдэгчийн амь насыг бусниулсан зорилго, сэдэлтийг тогтоох нь зайлшгүй чухал ач холбогдолтой байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг тайлбарлах тухай”2009 оны 14 дүгээр тогтоолд “Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна”гэсэн байна.Дээрхээс дүгнэвэл:Шүүгдэгч Л.Цэндсүрэн нь ямар санаа зорилго агуулж хадам ах А.Ариунзоригийн амь насыг хохироосон гэдгийг дүгнэж тогтоох нь хэргийн зүйлчлэл дээр хамгийн гол анхаарал хандуулах хүчин зүйл юм.

Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд өш хонзон, өр авлага, хардалт, урьд өмнө нь нэг нэгнийгээ заналхийлж байсан зэрэг санаатай байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн гэмт хэргийн бүрэлдхүүнийг агуулсан үйлдэл болон эс үйлдэхүй байхгүй болохыг мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоосон байтал анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлээр зүйлчлэн ял шийтгэл онгодуулсныг буруу гэж үзэж байна.Мөн анхан шатны шүүхээс гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх, гэмтлийн тоо, ил тод байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааг дүгнэж үзээгүйн улмаас хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.Мөрдөн байцаалтын явцад туршилт ажиллагааг хоёр удаа хийж фото зургаар баталгаажуулсан байдаг.Дээрх туршилт ажиллагаа, шинжээч эмч Б.Ганзориг нарын мэдүүлэгт ач холбогдол өгөхийн оронд шүүх хэрэг учрал болох үед хэргийн газар байгаагүй Э.Мөнгөнтулгын ...гартаа хутга барьсан, буйдангийн хажууд зогсож байсан гэх мэдүүлгийг үндэслэн хүнийг санаатай алсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.Шүүх шийтгэх тогтоолдоо Л.Цэндсүрэнгийн “...хохирогч миний хоолойд хүчтэй хутга тулгасан...” гэх мэдүүлгийг нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11691 дугаартай дүгнэлтэд дурьдсан Л.Цэндсүрэнгийн биед хүзүүний урд хэсэгт хатгагдсан шарх, урагдалт үүссэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан байна”гэж үзэх үндэслэлгүй байна гэж зөв дүгнэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөлгүй Эрүүгий хуулийн 91 дүгээр зүйлээр зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.Хүн хоолойдоо хутга тулгуулчихаад амь нас нь бодит аюулд ороод байхдаа хууль дүрэм юу хийж болох, ямар үр дагавар үүсэхийг бодох зав чөлөө олдох уу.Зөвхөн ямар нэгэн аргаар амиа хамгаалах үйлдэл хийх нь хэнд ч ойлгомжтой.Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад үйлчлүүлэгч Л.Цэндсүрэнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэсэн зүйл ангиар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэмт хэрэг нь:

а.Сэтгэцийн хүчтэй цочрол болон гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн байх

б.  Эдгээр нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон,
эсхүл түүний хууль бус үйлдлээс үүдсэн байх зэрэг тодорхой нөхцөлийг
шаардана. Санаа сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочрол давчдал гэнэт үүсэх нь
ихэнх тохиолдолд агшин зуур хохирогчийн хууль бус, ёс бус зан үйлийн хариу
үйлчлэл болон үүснэ. Энд гэнэт үүссэн санаатай байдаг гэдгийг хууль
тайлбарлагч тайлбарласан. Мөн цочрол давчдалд хүргэсэн хүчирхийлэл нь хууль бус байх ёстой. Хэрэв эсрэг тохиолдолд бол аргагүй хамгаалалтын тухай асуудал яригддаг талаар анхааруулж тайлбарласан. Иймд үйлчлүүлэгч Л.Цэндсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

2. Нотлох баримтын талаар: Хэрэг учрал болох үед байсан насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхбат 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлэхдээ “...эхлээд Ариука ах хутга авсан юм, тэгээд аавруу далайгаад дайрсан юм, манай гэрийн хутганууд шкафанд байдаг юм. Аав хутгыг нь булааж авсан цаашаа юу болсныг мэдэхгүй” гэж тов тодорхой хариулсан байдаг.Харин хэрэг учрал болсны дараа шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн гэрт орсон гэрч Мөнгөнтуяа “...Л.Цэндсүрэн ах гэртээ орчихоод 2 хүүхдээ загнаад чанга, чанга дуугараад байсан бөгөөд удалгүй бага охин Ц.Мөнхжин чанга уйлахаар нь би Л.Цэндсүрэн ахын гэрт орсон. Гэтэл Л.Цэндсүрэн ахын хадам ах Ариука /Ариунзориг/ гэрийн хойморт байрлах буйдангийн урьд зүүн талаараа хэвтсэн байдалтай гар нь цус болсон, мөн Л.Цэндсүрэн ахын гар нь цус болсон гартаа хутга барьсан буйдангийн хажууд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-50-52/, насанд хүрээгүй гэрч П.Нямгэрэлийн “...бид 2 цуг ортол Мөнхбат, Мөнхжин 2 уйлчихсан Ариунзориг ах гэрийн баруун хойд хэсэгт хэвтэж байсан. ...Цэндсүрэн ах гартаа жижиг хутга барьчихсан байсан. ...тэр хутга нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-53-55/, гэрч А.Ариунтуяагийн мөрдөн байцаалтан өгсөн “...намайг унтаж байхад 05 цагийн үед Л.Цэндсүрэн баруун гартаа ойролцоогоор 21 см орчим урттай манай гэрийн саарал шар өнгийн төмөр иштэй ногоо арилгадаг хутгыг барьчихсан орж ирээд би танай ахыг хутгалчихлаа гэсэн” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Хэрэг учрал болох үед хажууд нь байгаагүй гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хүнийг санаатай алсан гэж ял шийтгэл оногдуулаад байгааг үндэслэлгүй гэж үзнэ. Эдгээр гэрчүүд нь хохирогч буйдангийн өмнө хэвтэж байсан, шүүгдэгч гартаа хутга барьчихсан байсныг л гэрчилсэн болохоос үйл явдлыг гэрчилсэн шууд нотлох мэдүүлэг болж чадахгүй. Шүүгдэгч болсон үйл явдлын талаар тогтвортой мэдүүлэг болохыг анхан шатны шүүх дүгнэсэн мөртөө зөвхөн гартаа хутга барьсан гэдэгхөндлөнгийн гэрч нарын мэдүүлгээр санаатай хүний амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.Үүнээс гадна шинжээч Б.Ганзоригоос 2015 оны 10 дугаарсарын 30-ны өдөр хууль сануулж мэдүүлэг авахад “...мөрдөн байцаалтын туршилттай танилцлаа, гэрэл зургийн үзүүлэлтийг үзлээ. Энэ нөхцөл байдлыг харахад хохирогчийн үхэлд хүргэсэн цээжний зүүн дээд хэсэгт, цээжний хөндий нэвтэрч уушиг үнхэлцэг, уушигны артер гэмтээж хатгагдсан шарх нь хохирогч Ариунзориг нь хутгаа өөр уруугаа чиглүүлж барьсан үедээ гараа хүчтэй угзран татахад учрах боломжтой байна”. Өөрөөр хэлбэл туршилтаар тогтоогдож байгаа нөхцөл байдалд хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл учир боломжтой гэж мэдүүлсэн байдаг.Шинжээч Б.Ганзориг нь хэрэг учрал болоход харж байсан насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхбатын мэдүүлэг, шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн тогтвортой мэдүүлгүүдээс дүгнэх юм бол хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйл 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал байгааг анхаарч өгнө үү” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Л.Цэндсүрэнгийн үйлдлийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Л.Цэндсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 10-наас 2015 оны 8 дугаар сарын 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 649А тоотод хадам ах болох А.Ариунзоригийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар хутгалж бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шинжээчийг оролцуулсан. Л.Цэндсүрэн нь үүрийн 4 цагийн орчим гэртээ ороод насанд хүрээгүй 2 хүүхдээ суниалгасан. Талийгаач хүүхдүүдийг битгий дэглээд бай гэсний улмаас маргаан үүсч улмаар талийгаачийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс, уушигны артер, хавхлага гэмтэж нас барсан. Талийгаач баруун гартай байсан болох нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асууж тодруулснаар тогтоогдсон. Энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч 2 удаа хэргийг хэрэгсэхгүй болгох санал ирүүлсэн боловч прокурорын зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээр “талийгаачийн биед учирсан гэмтэл цээжний зүүн дээд өвчүүний ойролцоох шугамаар 3 дугаар хавирга босоо байрлалтай 1,1х0,5 см, ир үзүүл нь шархны дээд талд байрлалтай, дээрээс доош, зүүнээс баруун чиглэлд гүн хатгагдсан. Уг гэмтлийн улмаас талийгаач нас барсан” гэж дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч оролцохдоо “хүний гар хүрч байгаа тул уг гэмтлийг учруулах боломжтой” гэж хэлсэн болохоос“уг үйлдлийг хийснээс болж гэмтэл авах боломжтой” гэж мэдүүлээгүй. Шинжээч эмч нь талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох үүрэгтэй болохоос гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоох ёсгүй. Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч нар нь хэдийгээр гэмт хэрэг гарахад байгаагүй ч гэмт хэрэг гарсны дараа Л.Цэндсүрэнтэй уулзсан хүмүүс байдаг тул өөрийн харсан, мэдэрсэн нөхцөл байдлаа мэдүүлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээх саналтай байна” гэв. 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Л.Цэндсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 649А тоотод хадам ах А.Ариунзоригийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Л.Цэндсүрэнгийн “…Тухайн үед шөнийн 04 цаг болох гэж байсан байх. Тэгээд ирсэн чинь гэрт хүн байхгүй цоожтой, хоёр хүүхэд маань дүү Цагаанхүүгийнд унтаж байсан. Цуг нэг хашаанд байдаг юм. Тэгээд бид хоёр хүүхдээ сэрээгээд гэрт авч орсон чинь манай хоёр хүүхэд нойрмоглоод байхаар нь би тоглоод бос суу, бос суу гээд босгож суулгасан чинь Ариунзориг гэнэт уурлаад“чи яагаад хүүхэд ингэж байдаг юм бэ, чи чадалтай юм бол намайг тэгчих” гэхээр нь би тоглоод “чадна шүү дээ” гэж хэлтэл Ариунзориг“харъя гөлөг минь”гээд босоод хоолны шкафнаас ногоо арилгадаг шар иштэй хутга аваад миний хоолой руу чиглүүлээд тулгахаар нь “чи чадахгүй шүү дээ” гэсэн чинь дахиад цаашаа тулгахаар нь хойшоо ухраад хутгатай гарыг нь доош дугтраад хутгыг булаагаад авсан чинь цээжийг нь зүсчих шиг болсон. Цээжнээс нь цус гараад байсан. Ариунзориг “чи намайг хутгалчихлаа” гээд гэрт орилоод үлдсэн. Тэгэхээр нь хутгаа аваад халаасандаа хийгээд гэрийн доод талаас такси бариад хамаатан Баярсүрэнгийд ирсэн чинь манай эхнэр Ариунтуяа тэнд унтаж байсан. Гэрт нь Баярсүрэн, эхнэр Гэрэлчимэг, хүүхдүүдийнхээ хамтаар унтаж байсан. Тэгээд би Ариунтуяад “танай ахыг чинь би энэ хутгаар хутгалчих шиг боллоо” гэсэн”/1-р хх-116-117/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Олонбаярын “Намайг Баянхонгор аймагт байхад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 7 цаг өнгөрч байхад Бүддагий над руу мессеж бичсэн байсан. Уг мессежийг үзэхэд “Ариука ах хутгалуулсан гэнээ” гэсэн байсан. Би залгаад асуухад “Ариунзоригийг Цэндсүрэн ах хутгалсан байна. Бие нь тааруу эмнэлэгт байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө автобусаар Улаанбаатар хотод ирээд нас барсаныг нь мэдсэн. Би Ариунзоригтой 2010 онд гэр бүл болсон. Тэгэхдээ гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр 2013 онд Цэлмэг, 2014 онд Батзориг гэдэг хүүхдүүдтэй болсон. Би одоо 5 сартай жирэмсэн. Нөхөр маань хувиараа л ажил олж хийдэг болохоор боломжийн орлого олдог байсан. Манай нөхөр халамжтай, хүний хувьд хөдөлгөөнтэй нийтэч, хүнд тусч, яриа хөөрөөтэй сэргэлэн хүн байсан юм. Архи уудаг л байсан, тэгэхдээ байнга уугаад байдаггүй, баяр ёслол, найзуудтайгаа нийлэх,цалингаа авах зэрэгт архи уудаг л юм. Цуг ажил хийдэг найзуудтайгаа уудаг байсан” /1-р хх-44/, “…би одоогоор гомдол саналгүй байна, надад амалсан хэлсэн зүйл байгаа, тэгээд ч бид нар хамаатан садны холбоотой хүмүүс байгаа юм” /1-р хх-45/,

гэрч Э.Мөнгөнтуяагийн “…05 цагийн орчим гэрийн гадаа Цэндсүрэн ахын дуу гараад байсан бөгөөд нэг хүнтэй хамт юм яриад ирж байгаа сонсогдсон. Удалгүй Цэндсүрэн ах манай гэрийн хаалгыг тогшиж манай гэрт орж ирээд Нямгэрэлээс гэрийнхээ түлхүүрийг авчихаад хоёр хүүхдээ дагуулаад хамт ирсэн залуутайгаа цуг гэртээ орсон. …Тэгээд Цэндсүрэн ах гэртээ орчихоод хоёр хүүхдээ загнаад чанга чанга дуугараад байсан бөгөөд удалгүй бага охин Мөнхжин нь чанга уйлахаар нь би Цэндсүрэн ахын гэрт орсон. Тэгтэл Цэндсүрэн ахын хадам ах Ариука гэрийн хойморт байрлах буйдангийн урд зүүн талаараа хэвтсэн байдалтай гар нь цус болсон мөн Цэндсүрэн ахын rap нь цус болсон гартаа хутга барьчихсан буйдангийн хажууд зогсож байсан. Тэгээд би айсандаа Цэндсүрэн ахын гэрээс гарч буцаж гэртээ орсон бөгөөд Нямгэрэл Цэндсүрэн ахын хоёр хүүхдийг дагуулаад манай гэрт оруулж ирсэн. Удалгүй Цэндсүрэн ах орж ирээд нэгжтэй утас байна уу гэж асуусан бөгөөд байхгүй гэж хэлэхэд гэрээс гараад ямар нэгэн юм ярилгүй ертөнцийн зүгээр баруун зүг рүү буюу төв зам руу алхаад явсан. Тэгээд би Нямгэрэлийн гар утаснаас 102 дугаарт залгаж дуудлага өгчихөөд Нямгэрэл бид хоёр Цэндсүрэн ахын хоёр хүүхдийг дагуулаад Цэндсүрэн ахын үеэл дүү Бямбаагийн гэрт очсон бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн” /1-р хх-50-51/,

насанд хүрээгүй гэрч П.Нямгэрэлийн “…Би 2015 оны 8 дугаар сарын 11-ний өглөөний 05 цагийн орчимд Цагаанхүү ахынд Мөнгөнтуяа эгч, Мөнхжин, Мөнхбат гээд 2 дүүтэйгээ унтаж байтал гаднаас манай нагац ах Цэндээ орж ирээд гэрийн түлхүүр болон 2 хүүхэд Мөнхбат, Мөнхжин нарыг аваад гараад хажуу талд байдаг гэр рүүгээ орсон. Тэгээд бид нар орондоо сэргэг хэвтэж байтал хүүхэд уйлах чимээ гарахаар нь манай эгч Мөнгөнтуяа юу болоод байна гарч харъя гээд гэрээс гарсан.Удалгүй Мөнгөнтуяа эгч орж ирээд Ариука ах ухаан алдаад гар нь цус болчихсон байна гэхээр нь би босоод бид 2 цуг ортол Мөнхбат, Мөнхжин 2 дүү уйлчихсан. Ариука ах гэрийн баруун хойд хэсэгт хөндлөн хэвтэж байсан.Тэгээд бид айгаад ойртож чадаагүй 103 түргэн дуудсан.Удаагүй цагдаа болон түргэн ирсэн. …Бид хоёрыг ороход Цэндээ ах байхгүй байсан.Харин Мөнгөнтуяа эгч эхлээд ганцаараа орж харчихаад надад хэлээд бид 2 гарах гэж байхад Цэндээ ах гартаа жижиг хутга барьчихсан Цагаанхүү ахын гэрт орж ирээд утас байна уу гэж асуугаад гараад явсан хаашаа явсныг нь би мэдээгүй” /1-р хх-55/,

гэрч А.Ариунтуяагийн “Цэндсүрэн нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод зургаан жил болж байгаа бөгөөд 2 хүүхэдтэй. Ариунзориг нь миний төрсөн ах байгаа юм. …намайг унтаж байхад 05-н цагийн үед Цэндсүрэн баруун гартаа ойролцоогоор 21 орчим см-ын урттай манай гэрийн саарал шар өнгийн төмөр иштэй ногоо арилгадаг хутгыг барьчихсан орж ирээд “би танай ахыг дүрчихсэн танай ах чинь цус алдаад хэвтэж байгаа” гэж хэлсэн.Тэгэхээр нь би Цэндсүрэнгээс “хаана” гэж асуухад Цэндсүрэн “мэдэхгүй” гээд байсан. Тэгээд Цэндсүрэнг надтай хамт Баяраагийн гэрт байж байхад Цэндсүрэнгийн дүү болох Тунбаа надруу залгаад “танай ах Ариунзориг цус алдаад гэртээ хэвтэж байна цагдаа ирчихсэн байна” гэж хэлсэн” /1-р хх-46-48/,

гэрч А.Дашзэвэгийн “…2015 оны 8 сарын 11-ний өглөө 06 цагийн үед манай эгч Ариунтуяа манай эхнэр Бүддагийн утас руу залгаад би утас аваад ярьтал Цэндээ, Ариукаа хоёр хоорондоо муудсан байна нэгнийгээ хутгалсан гэнэ ээ чи гялс хүрээд ирээ гэсэн. Тэгэхээр нь би шууд гараад Ариунтуяа эгчийнд очиход гадаа нь цагдаа нар ирчихсэн намайг оруулахгүй байсан. Тэгээд Ариунтуяа эгч хэлэхдээ яг сайн мэдэхгүй байна гээд байсан. Тэгээд тэнд байсан цагдаа нар хоорондоо талийгаач гээд яриад байхаар нь Ариунзориг ахыг нас барсан гэж бодсон. Тэгээд гадаа нь байж байхад Ариунтуяа эгч надад хэлэхдээ би Цэндээ ахтай чинь муудалцаад найз эмэгтэйгийнхээ гэрт 112-т очиж хоносон юм. Тэгээд өглөө 05 цагийн үед Цэндээ ах чинь манай найзын гэрт гартаа хутга барьчихсан орж ирээд би танай ахыг чинь хутгалчихлаа одоо цус алдаад байж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд Ариунтуяа эгч цагдаа дуудаад над руу залгасан байх. Тэгээд нэг цагдаа эмч намайг эрэгтэй дүү нь ороод талийгаачийг өргөлцөөд машинд оруулаад өг гэхээр нь би гэрт ороод ахыг харахад газар хэвтчихсэн цээжний зүүн талд зүрхний хавьд хутганы шарх байсан. Цээж нь нүцгэн байсан. Тэгээд би өргөлцөөд шүүх эмнэлгийн машинд оруулсан” /1-р хх-41/,

насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхбатын /5 настай/ “…Аав тэгэхэд намайг бос суу гэж хэлсэн тэгж тоглосон юм намайг загнаагүй. ЭхлээдАриука ах хутга аваад авсан юм. Тэгээд аав руу далайгаад дайрсан юм. Манай гэрийн хутганууд шкаванд байдаг юм. Аав хутгыг нь булааж авсан. Цаашаа юу болсонг мэдэхгүй” /1-р хх-217/ гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 7-15/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 16/, хутга хураан авч, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1434 дүгээр дүгнэлтийн:“Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, уушигны артери, хавхлага гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, зүүн шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн, зулгаралт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зулгаралт цус хуралт гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, уушигны артери, хавхлага гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас нас баржээ.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдсонгүй.Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 4.7% этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна”гэсэн дүгнэлт/1-р хх-94, 95/,

“Л.Цэндсүрэнсэтгэцийн хувьд эрүүл хэрэг хариуцах чадвартай” тухай Шүүх сэтгэц гэм судлалын шинжээч нарын 2015 оны 784 дүгээр дүгнэлт /1-р хх-229/зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Л.Цэндсүрэндхолбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийнталаармөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх “хохирогч А.Ариунзоригийг биеэ хамгаалах чадваргүй хэмжээнд хүртлээ хүнд зэргийн согтолттой байсан гэж дүгнэх боломжгүй” гэж үзэж, Л.Цэндсүрэнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Л.Цэндсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хүнд биш байна.

Ялтан Л.Цэндсүрэн “…би энэ хэргийг үйлдээгүй, талийгаач өөрөө өөрийгөө хутгалсан тул миний хэргийг цагаатгаж өгнө үү”, ялтны өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун нар “Д.Цэндсүрэн өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн байж болохыг анхаарах, мөн түүний үйлдэл нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох, эсхүл бусдыг болгоомжгүй алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх”, мөн ялтны өмгөөлөгчГ.Баяржаргал “Л.Цэндсүрэнгийн хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх, үгүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох” гэсэн утга агуулгын болоод хууль хэрэглээний хувьд янз янз байдлаар давж заалдах гомдол гаргаж, шүүх хуралдаан дээр уг гомдлуудаа дэмжиж тайлбарлав.

Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар ялтан болон түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байгаагийн дээр прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд бага насны хүүхдүүдийн дэргэд үйлдэгдсэн байж болох хүн амины хэргийг өөр байдлаар хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон яллах дүгнэлт үйлдээгүйг харгалзаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Олонбаярын “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж, ялтан Л.Цэндсүрэнг “бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү гэх мэт тэдний цаашдын эрх ашгийг хамгаалахад гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэй билээ. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, ялтан Л.Цэндсүрэн, ялтны өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун нарын хамтран гаргасан, ялтны өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Л.Цэндсүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай” гэснийг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Олонбаяр цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Л.Цэндсүрэн, ялтны өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, З.Шүрэнчулуун нарын хамтран гаргасан, ялтны өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.МӨНХТУУЛ

ШҮҮГЧИД                                                                              Н.БАТСАЙХАН

                                                                                                Б.ЗОРИГ