Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02243

 

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2017/02243

 

 

Ц.Амартүвшингийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02467 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Амартүвшингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Мон топ трейд ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний доголдол, хохиролд нийт 14 688 018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мон топ трейд ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Тэнүүн Апартмент 9 давхар орон сууцны 5 давхарт, 502 тоот, 56078 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 900 000 төгрөгөөр тооцож нийт 107 882 000 төгрөгөөр захиалан бариулсан. Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулснаар гэрээнд заасан сууцыг захиалагчид 2013 оны 03 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь орон сууцыг 2.2-т заасны дагуу ашиглалтад хүлээлгэн өгснөөр захиалагч талд орон сууцыг актаар хүлээлгэн өгнө гэж заасан байхад орон сууцыг актаар хүлээлгэж өгөөгүй. Миний бие анх тохирсон ёсоор барилгын хийц, дотор гадна засал, халаалтын систем зэрэг нь тоо хэмжээ, чанарт тохирсон ёсоор байгаа эсэхийг актаар хүлээж авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч надад хүлээлгэж өгөөгүй. Гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний дагуу жилийн 8 хувийн хүүтэй 75 500 000 төгрөгийг зээлж авч төлж барагдуулсан. Оршин суугчдын ярианаас талбайн зөрүү гарч байна гэдгийг сонсоод гүйцэтгэгч компанид барилгын талбайг хэмжиж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч хариу өгөөгүй. ...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэмжилт хийлгэхэд 50.69 буюу 6.09 мкв дутуу гэсэн дүгнэлт гарсан. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ буюу орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд орон сууц бэлэн болоогүй, дөнгөж карказ нь боссон барилга байсан. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгыг барьж дуусгасан бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс барилгыг хүлээж авсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч гэрээ байгуулах буюу 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр барилга баригдаж дуусаагүй байсан. Хариуцагч гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг өнөөдрийг хүртэл актаар хүлээлгэж өгөөгүй тул талбайн зөрүүний хохирол 11 571 000 төгрөг, банкны хүүнд төлсөн 3 000 000 төгрөг, хэмжилт хийлгэсэн үйлчилгээний хөлс 117 018 төгрөг, нийт 14 688 018 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ хоёрын аль нь байгуулагдсан болохыг тодруулж байж шүүх асуудлыг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч Ц.Амартүвшин нь 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг төлж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, энэ өдрөө 27 364 000 төгрөгийг төлсөн. Дараа нь 2013 оны 10 дугаар сарын 04-нд банкнаас орон сууцны зээл авч үлдэх 75 500 000 төгрөгийг төлж барагдуулсан.Мон топ трейд ХХК нь баригдаад ашиглалтад ороход бэлэн болсон орон сууцыг худалдсан бөгөөд барилга 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан. Компанид бэлэн байсан гэрээний маягтаар худалдан авагч нартай гэрээ байгуулсан. Мон топ трейд ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст мэдэгдэл хүргүүлж, 2013 оны 08 дугаар сарын 28-нд улсын комисс орон сууцыг хүлээн авч, айлууд нүүж орж эхэлсэн. Орон сууц улсын комисс хүлээж авсан акт нь бичгээр албан ёсоор 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууцны ашиглалтын төлбөр 2013 оны 09 дүгээр сараас эхлэн оршин суугч нарын нэр дээр бичигдсэн талаарх баримтыг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сард байрандаа нүүн орсноос хойш орон сууцны м.кв-ын талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, 3 жил 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Мон топ трейд ХХК-нд холбогдох орон сууцны талбайн зөрүү 6.09 метр квадратын үнэ 11 571 000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний хүүнд төлсөн 3 000 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 117 018 төгрөг нийт 14 688 018 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 390 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Ц.Амартүвшин нь "Мон Топ Трэйд" ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдор о/с 0019 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ" байгуулахдаа 56,78 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 900 000 төгрөгөор тооцож, нийт 107 882 000 төгрөгөөр захиалан бариулах, харин гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулснаар гэрээнд заасан сууцыг захиалагчид 2013 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдгаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тодорхой байдаг. Иймд Иргэний хуулийн худалдах худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан зохицуулалтуудыг шүүхээс хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Шүүхээс "'Нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрх 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн тул орон сууцыг хулээн авсан байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр о/с 0019 дугаар "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний 2.2-т "...орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ", 3.1-т "гүйцэтгэгч нь орон сууцыг 2.2-т заасны дагуу ашиглалтанд хүлээлгэн өгснөөр Захиалагч талд орон сууцыг актаар хүлээлгэн өгнө" гэж зааснаас үзэхэд орон сууцыг өмчлөлд шилжүүлсний дараа ч тухайн орон сууцыг актаар хүлээлгэн өгөх үүргээс гүйцэтгэгчийг чөлөөлөөгүй болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь гэрээгээр анх тохирсон ёсоор барилгын хийц, дотор гадна засал, халаалтын систем зэрэг нь тоо хэмжээ, чанарт тохирсон ёсоор байгаа эсэхийг актаар хүлээж авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байдаг. Иймээс нэхэмжлэгч Ц.Амартүвшин нь орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжгүй баисан. Нэхэмжлэгч нь гэрээнд заагдсаны дагуу төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний дагуу жилийн 8 хувийн хүүтэй 75 500 000 төгрөгийг зээлж авч төлж барагдуулсан. Шүүхээс гэрээнд заасан хэмжээнээс дутуу 50,69 м.кв талбай бүхий орон сууц байгааг тогтоогдсон гэж үзсэн мөртлөө гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгч талыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүхээс "...Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 болон Иргэний хуулийн 75.2.1-т зааснаар хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр орон сууцны талбайн зөрүү төлбөрийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар төлөхөос татгалзсан нь үндэслэлтэй байна" гэж үзсэн нь актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа зогссон байсан бөгөөд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 353 дутаар зүйлийн 353.2-т заасантай нийцэхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Амартүвшин нь хариуцагч Мон топ трейд ХХК-д холбогдуулан гэрээнд зааснаас дутуу шилжүүлсэн орон сууцны талбайн зөрүү үнэд 11 571 000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 3 000 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 117 018 төгрөгийг хохиролд тооцож, нийт 14 688 018 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Амартүвшин нь хариуцагч Мон топ трейд ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Тэнүүн апартментийн 9 давхар орон сууцны 5 давхар, 502 тоотод байрлах 56.78 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1 900 000 төгрөгөөр тооцож, нийт 107 882 000 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг төлөхөөр, хариуцагч Мон топ трейд ХХК нь орон сууцны барилгыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчид 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан /хх-5-8/, улмаар хариуцагч Мон топ трейд ХХК нь орон сууцны барилгыг барьж мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтад оруулсан /86-87/, нэхэмжлэгч Ц.Амартүвшин нь орон сууцны өмчлөгчөөр мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн /хх-11/ зэрэг үйл баримт тогтоогджээ.

Дээрх байдлаас үзэхэд гэрээ байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд гэрээнд заасан 9 давхар нийтийн зориулалттай орон сууцны барилгыг барьж дуусгасан байх боломжгүй тул анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууц захиалгаар барих тухай гэрээ нэртэйгээр байгуулагдсан боловч нэхэмжлэгчийн захиалгаар уг барилгыг бариагүй, хариуцагч 2013 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны барилгаас 5 давхар, 502 тоотод байрлах 56.78 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх үүргийг харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах худалдах авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Амартүвшин нь гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын /13374/ 90 дүгээр байрны 502 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар түүнийг энэ өдөр орон сууцыг хүлээн авсан гэж үзэх бөгөөд уг орон сууцны талбайн хэмжээ гэрээ болон гэрчилгээнд тусгагдсан 56.78 м.кв бус 50.82 м.кв болох нь шинжээч Уран асар ХХК-ийн хэмжилтээр тогтоогдсон, хариуцагч нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлажээ. Гэрээний зүйл нь орон сууц байгаа энэ тохиолдолд тухайн орон сууцны талбайн хэмжээ Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 стандартад заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг орон сууцыг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байх үүргийг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй худалдан авагч иргэнд ногдуулсан шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул орон сууцны талбайн хэмжээ гэрээгээр тогтоосонтой нийцэж байгааг нотолсон баримт бичгийг худалдагч нь гаргах үүрэгтэй гэж үзнэ.

Түүнчлэн шинжээч Уран асар ХХК нь орон сууцны талбайн хэмжээг MNS 6058:2009 стандартад заасан аргачлалын дагуу хэмжилт хийх цэгүүдийг тодорхойлж, лазер метр, туузан метрээр хийж, тусгай программ дээр боловсруулж баталгаажуулсан зэргээс үзэхэд эд хөрөнгийг хүлээн авах үедээ мэдэх боломжтой доголдол байх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд орон сууцны талбайн хэмжээтэй холбоотой доголдлыг илрүүлэх, гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацааны дотор хариуцагчаас шаардаж байгаагүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дээрх байдлаар үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 болгож өөрчлөх нь зүйтэй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

Хариуцагчаас 11 571 000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй тул орон сууцны зээлийн хүүгийн төлбөрт төлсөн гэх 3 000 000 төгрөг, шинжээчийн зардал төлсөн 117 018 төгрөгийн шаардлагыг тус тус хангах боломжгүй. Харин шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо арилгуулах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан нь буруу байх тул зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэний нэхэмжлэлийг шийдвэрлэж байгааг заагаагүй байгааг залруулан өөрчлөлт оруулна.

Дээр дурдсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 255 дугаар зүйлийн 255.1.1 гэснийг 82 дугаар зүйлийн 82.1 гэж, 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж тус тус өөрчилж, гаргуулах гэсний ард тухай Ц.Амартүвшингийн гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 390 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ