Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2467

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.А

Хариуцагч: М ХХК

14.688.018 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 0019 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээгээр захиалагч тал Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Тэнүүн Апартмент 9 давхар орон сууцны 5 давхарт 502 тоот 56078 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1.900.000 төгрөгөөр тооцож нийт 107.882.000 төгрөгөөр захиалан бариулах, харин гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулснаар гэрээнд заасан сууцыг захиалагчид 2013 оны 03 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь орон сууцыг 2.2-т заасны дагуу ашиглалтанд хүлээлгэн өгснөөр захиалагч талд орон сууцыг актаар хүлээлгэн өгнө гэж заасан байхад орон сууцыг актаар хүлээлгэж өгөөгүй. Миний бие анх тохирсон ёсоор барилгын хийц, дотор гадна засал, халаалтын систем зэрэг нь тоо хэмжээ, чанарт тохирсон ёсоор байгаа эсэхийг актаар хүлээж авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч надад хүлээлгэж өгөөгүй. Гэрээнд заагдсаны дагуу төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний дагуу жилийн 8 хувийн хүүтэй 75.500.000 төгрөгийг зээлж авч төлж барагдуулсан. Оршин суугчдын ярианаас тайлбайн зөрүү гарч байна гэдгийг сонсоод дахин гүйцэтгэгч компанид барилгын талбайг хэмжиж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч мөн л хариу өгөөгүй. Аргаа бараад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт талбайн зөрүүтэй зөрчилтэй барилгын тухай хууль зөрчиж байгааг шалгуулах хүсэлтийг тавьсан боловч хүлээж аваагүй. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэст гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Гэхдээ энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Мэргэжлийн байгууллагууд шалгаж хариу өгөөгүй тул хувийн компаниар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэмжилт хийлгэхэд 50.69 буюу 6.09 мкв дутуу гэсэн дүгнэлт гарсан. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ буюу орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан. Орон сууц бэлэн болоогүй, дөнгөж карказ нь боссон барилга байсан. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгыг барьж дуусгасан. 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс барилгыг хүлээж авсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч гэрээ байгуулах буюу  2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр барилга баригдаж дуусаагүй байсан. Нэхэмжлэгч нь обойны өнгө болон шалны өнгө таалагдахгүй байгаа талаар хариуцагч компанид гомдол гаргаж байсан. Хариуцагч гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг өнөөдрийг хүртэл актаар хүлээлгэж өгөөгүй тул М ХХК-наас талбайн зөрүүний хохирол 11.571.000 төгрөг, банкны хүүнд төлсөн 3.000.000 төгрөг, хэмжилт хийлгэсэн үйлчилгээний хөлс 117.018 төгрөг нийт 14.688.018 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ хоёрын аль нь байгуулагдсан болохыг тодруулж байж шүүх асуудлыг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч Ц.Ань 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр М ХХК-нд 5.000.000 төгрөг төлж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, энэ өдрөө 27.364.000 төгрөгийг төлсөн. Дараа нь 2013 оны 10 дугаар сарын 04-нд банкнаас орон сууцны зээл авч үлдэх 75.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. М ХХК нь баригдаад ашиглалтад ороход бэлэн болсон орон сууцыг худалдсан. Барилга 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан юм. Компанид бэлэн байсан гэрээний маягтаар худалдан авагч нартай гэрээ байгуулсан. М ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст мэдэгдэл хүргүүлсэн. 2013 оны 08 дугаар сарын 28-нд улсын комисс орон сууцыг хүлээн авч ашиглалтанд орж айлууд нүүж орж эхэлсэн. Орон сууц улсын комисс хүлээж авсан акт нь бичгээр албан ёсоор 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Ц.Амартүвшингийнх 2013 оны 09 сард байрандаа нүүж орсон. Орон сууцны ашиглалтын төлбөр 2013 оны 09 дүгээр сараас эхлэн оршин суугч нарын нэр дээр бичигдсэн талаарх баримтыг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сард байрандаа нүүн орсноос хойш орон сууцны квм-ын талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Ашиглалтанд орсоноос хойш 3 жил 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ань хариуцагч М ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 6.09 метр квадратын үнэ  11.571.000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний хүүнд төлсөн 3.000.000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 117.018 төгрөг нийт 14.688.018 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ань М ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Тэнүүн апартмент 9 давхар орон сууцны 502 тоот 56.78 мкв талбайтай орон сууцыг 1 мкв талбайн үнэ 1.900.000 төгрөг нийт үнэ 107.882.000 төгрөгөр худалдан авахаар тохиролцож, гүйцэтгэгч М ХХК гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг гэрээний 2.2 буюу гэрээний 1.8-д заасан төлбөрийг захиалагч тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлэх талаар заасны дагуу ашиглалтанд хүлээлгэн өгснөөр захиалагч талд орон сууцыг актаар хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүргийг хүлээж гэрээ байгуулжээ.

Ц.Амартүвшин, М ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулагдсан боловч гэрээ нь утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Ц.Амартүвшин, хариуцагч М ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гүйцэтгэгч М ХХК нь Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Тэнүүн Апартмент 9 давхар орон сууцны 5 давхар 502 тоот 56.78 мкв талбайтай орон сууцыг 2012 оны 06 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2013  оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусгасныг 19 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс захиалагч байгууллагын 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 01-ний өдөрт багтаан шинээр барьсан өргөтгөл, холбогдох акт баримтуудтай танилцан шалгаж хүлээн авсан болох нь хариуцагчийн тайлбар, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт, Барилга байгууламжийн тоон зураг хүлээн авсан акт, бусад актууд, 2013 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн Комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл,  2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг актаар хүлээлгэж өгөөгүй” гэж тайлбарладаг боловч талууд гэрээний 2.2-т “төлбөрийг захиалагч тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр” тохирч орон сууцны өмчлөгчөөр Ц.А2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдэж хууль ёсны өмчлөлийн гэрчилгээ олгогдсон, захиалагч Ц.Атөлбөрийн үлдэгдлийг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулсан талаар зохигч мэдүүлсэн тул өмчлөлийн гэрчилгээ гарснаар орон сууцыг хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь орон сууцны мкв-ын зөрүүд 11.571.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.

Хариуцагч М ХХК нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө буюу 50.69 мкв талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн гэж үзэхээр боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь баригдаж дууссан буюу улсын комисс хүлээн авахад бэлэн болсон орон сууц худалдан авч, нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрх 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэгдсэн тул орон сууцыг хүлээн авсан байна.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсаныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдолын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдолын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.

Нэхэмжлэгч нь орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал барилгын ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байх талаар тус тус зохицуулсан тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр орон сууцны талбайн зөрүү төлбөрийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан байх тул хариуцагч М ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 6.09 метр квадратын үнэ  11.571.000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний хүүнд төлсөн 3.000.000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 117.018 төгрөг нийт 14.688.018 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Уран хас ХХК-ийн гаргасан барилга орон сууцны өрөө тасалгааны талбайн хэмжээг тогтоосон актанд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                                                                                                                                                                                                                                         

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч М ХХК-нд холбогдох орон сууцны талбайн зөрүү 6.09 метр квадратын үнэ  11.571.000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний хүүнд төлсөн 3.000.000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 117.018 төгрөг нийт 14.688.018 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.390 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА