Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02222

 

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02222

 

 

С.Ганбатын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 02ы өдрийн 183/ШШ2017/01706 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Ганбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-т холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чингис хаан олон улсын нисэх буудалд анх 2003 онд зэвсгийн мэргэжилтнээр ажилд ороод албан тушаал ахин томилогдсоор 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргаар ажиллах болсон. 2016 оны АСЕМ-ны хуралтай холбогдуулан А.Нямбазар нь Аюулгүй байдлын менежерээр 2016 оны 4 дүгээр сард томилогдон ирж хамтран ажиллах болсон. А.Нямбазар нь надтай үл ялих шалтгаанаар зөрөлдөж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Энэхүү менежер ховоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд намайг заавал ажлаас халуулна гэж албаны хурал дээр хэлж байсан. Түүний хэлсэн үгээр Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/188 тоот тушаалаар намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн ажил үүргээ хангалттай сайн түвшинд хийж байсан. Миний бие нэг ч удаа сахилгын шийтгэл болон ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулалт цалинг нэхэмжилж байна. Миний үндсэн цалин 1 162 282 төгрөг, удаан жил ажилласны нэмэгдэл 139 474 төгрөг, үр дүнгийн цалин 464 912 төгрөг, хоолны мөнгө 190 000 төгрөг, сард нийт 1 956 668 төгрөгийн цалинтай, гар дээрээ 1 573 980 төгрөг авдаг бөгөөд үүнийг ажилгүй байсан 4 сараар тооцож 6 295 920 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ганбатыг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3л болон хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.12-д нисэх буудлын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан тухайн нэгжийн даргыг ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй байна гэж Чингис хаан олон улсын нисэх буудлын захирал үзвэл ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.3 ү болон хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.14-д удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн бол гэж ноцтой зөрчилд тооцно заасны дагуу С.Ганбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учир нь С.Ганбатын шууд удирдлагын ажилтнууд болох аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 35 удаагийн алдаа дутагдал гаргаж, 45 хүн сахилгын шийтгэл авсан байдаг бөгөөд уг сахилгын шийтгэлд ажлаас чөлөөлсөн ажилтнуудын тоо ороогүй. С.Ганбат нь тухайн албан тушаалд шаардагдах хэмжээнд хүртэл удирдан зохион байгуулах арга хэмжээ авч чадаагүй учир албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж, удирдлагааг хангаж чадаагүй, удирдах албан тушаалтны хууль ёсны үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээүй гэж Чингис хаан олон улсын нисэх буудлын захирал үзсэн учир ажлаас нь чөлөөлсөн. Мөн С.Ганбатад тус албанд ажлын байр санал болгосон бөгөөд тухайн ажлын байрыг хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сайнцогийн Ганбатыг Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт 7.661.760 төгрөг гаргуулан С.Ганбатад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Ганбатын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Баттулгыг Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалаас 137.538 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх ...ажилтан С.Ганбат Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-л "Нисэх буудлын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан тухайн нэгжийн даргыг ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй байна гэж "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын захирал үзвэл", 4.2.3-ү "Удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн бол" гэж заасны дагуу хариуцагч байгууллагын албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах нь С.Ганбатын үүрэг болно. Гэтэл С.Ганбатыг албаны даргаар ажиллах хугацаанд тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдож, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд алдаа дутагдал гаргаж, 45 хүн сахилгын шийтгэл хүлээсэн нь С.Ганбатын албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж ажиллаагүйгээс болсонтой холбоотой. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Ганбат нь хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-ын аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/188 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, байгууллагын дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, 3.3.7, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.л, 4.2.3.ү заалтад тус тус заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /Хх-2/

Нэхэмжлэгч С.Ганбат нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ холбогдуулж шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.Ганбат нь албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж, удирдлагаар хангаж чадаагүй, удирдах албан тушаалтны хууль ёсны үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж маргасан ба ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг ажилтан гаргасан гэж үзжээ.

Нэхэмжлэгч С.Ганбат нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч байгууллагын аюулгүй байдал, хамгаалалтын албаны үйл ажиллагаа доголдсон, ажил олгогч буюу удирдах албан тушаалтнаас өгсөн ямар үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй болохыг хариуцагч нотолж чадаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.л-д "Нисэх буудлын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан тухайн нэгжийн даргыг ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй байна гэж "Чингис Хаан" ОУНБ-ын захирал үзвэл" хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.

Дээрх заалт нь ажилтны ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвартай холбоотой байхад хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэх мэдлэг, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй байна. Хариуцагч байгууллагын менежер А.Нямбазар нь ажилтны мэргэжил, ур чадвартай холбоотой дүгнэлт гаргах эрх хэмжээ олгогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй ба түүний тодорхойлолтыг байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ С.Ганбатыг шууд удирдлагын ажилтнууд болох аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд алдаа дутагдал гаргаж, 45 хүн сахилгын шийтгэл хүлээсэн нь ажлаас халах үндэслэл болсон гэж тайлбарлаж байгаа боловч С.Ганбатын удирдлагад ажиллаж байсан ажилтнууд сахилгын шийтгэл хүлээсэн явдал нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Ганбат нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу хариуцагчийн тушаалд заасан үндэслэл тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ