Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1706

 

 

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/01706

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух С.Г-ын  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ...байранд байрлах “ЧХ -д холбогдох,

            ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлгадаа: Миний бие “ЧХ”-д анх 2003 онд зэвсгийн мэргэжилтнээр ажилд ороод албан тушаал ахин томилогдсоор 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргаар ажиллах болсон. 2016 оны АСЕМ-ны хуралтай холбогдуулаад А.Н нь Аюулгүй байдлын менежерээр 2016 оны 4 дүгээр сард томилогдон  ирж хамтран ажиллах болсон. А.Н нь надтай үл ялих шалтгаанаар зөрөлдөж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Энэхүү менежер ховоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд намайг заавал ажлаас халуулна гэж албаны хурал дээр хэлж байсан. Түүний хэлсэн үгээр 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дахь “ЧХ”-ын Б/188 тоот тушаалаар намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн ажил үүргээ хангалттай сайн түвшинд хийж байсан. Миний бие нэг ч удаа сахилгын шийтгэл болон ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн урамшуулалт цалинг нэхэмжилж байна. Миний үндсэн цалин 1.162.282 төгрөг, удаан жил ажилласны нэмэгдэл 139.474 төгрөг, үр дүнгийн цалин 464.912 төгрөг, хоолны мөнгө 190.000 төгрөг, нийт сард 1.956.668 төгрөгийн цалинтай бөгөөд гар дээрээ 1.573.980 төгрөг авдаг бөгөөд үүнийг ажилгүй байсан 4 сараар тооцож 6.295.920 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: С.Г-ыг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 л болон хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.12-д  “нисэх буудлын салбар нэгжийн даргын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан тухайн нэгжийн даргыг ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл зохион байгуулж чадахгүй байна гэж “ЧХ”олон улсын нисэх буудлын захирал үзвэл” ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.3 ү болон хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.14-д “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн бол” гэж ноцтой зөрчилд тооцно заасны дагуу С.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Учир нь С.Г-ын шууд удирдлагын ажилтнууд болох аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 35 удаагийн алдаа дутагдал гаргаж, 45 хүн сахилгын шийтгэл авсан байдаг бөгөөд уг сахилгын шийтгэлд ажлаас чөлөөлсөн ажилтнуудын тоо ороогүй. С.Г нь тухайн албан тушаалд шаардагдах хэмжээнд хүртэл удирдан зохион байгуулах арга хэмжээ авч чадаагүй учир албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж, удирдлагааг хангаж чадаагүй, удирдах албан тушаалтны  хууль ёсны үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээүй гэж “ЧХ”олон улсын нисэх буудлын захирал үзсэн учир ажлаас нь чөлөөлсөн.  Мөн С.Гад тус албанд ажлын байр санал болгосон бөгөөд тухайн ажлын байрыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч С.Г нь  хариуцагч Буянт-Ухаа дахь “ЧХ”олон улсын нисэх буудалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч С.Гын үндэслэлгүйгээр ажлаас халсан гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.

            С.Г нь Буянт-Ухаа дахь “ЧХ”олон улсын нисэх буудалд Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргаар ажиллаж байхад нь Буянт-Ухаа дахь “ЧХ”олон улсын нисэх буудлын захирлын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14, хөдөлмөрийн гэрээний 4.2.3 л, 4.2.3 ү гэсэн заалтыг баримтлан ажлаас нь халжээ. /хх-2/

            Хөдөлмөрийн хуулийн болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар С.Гыг албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд  зохион байгуулж, удирдлагаар хангаж чадаагүй, удирдах албан тушаалтны хууль ёсны үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа 2017 оны 04 дүгээр сарын 03-ныөдрийн Б/201 дүгээр тушаалаар Аюулгүй байдлын хэлтэст аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн  нь хууль  зөрчсөн  байна.

         Учир нь ажилтан С.Г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан  гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хариуцагч байгууллага нэхэмжлэгч С.Г-ыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байвч дээрх тушаалд дурдагдсан С.Г нь албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд  зохион байгуулж, удирдлагаар хангаж чадаагүй, удирдах албан тушаалтны хууль ёсны үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдохгүй байна.

            Буянт-Ухаа дахь “ЧХ”олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд алдаа дутагдал гаргаж, 45 хүн сахилгын шийтгэл хүлээсэн нь Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дарга С.Г-ын албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд  зохион байгуулж чадаагүйгээс болсон нь нотлогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл ажилтнууд  сахилгын зөрчил гаргасан нь албаны даргын үүргээ биелүүлээгүйгээс болсон гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

            Нэр бүхий ажилтнуудын гаргасан сахилгын зөрчлийн улмаас тухайн зохион байгуулалтын нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн нь тодорхойгүй, энэ талаар шалгаж тогтоосон баримтгүй атал албаны ажилтнууд сахилгын зөрчил гаргаж байгаа нь албаны даргын албаны үйл ажиллагааг шаардлагын түвшинд зохион байгуулж чадаагүйгээс болсон гэж дүгнэсэн нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3.л-д заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг  харилцааг шууд зогсоож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч С.Г нь хөдөлмөрийн  гэрээний 4.2.3.ү-д заасан удирдах албан тушаалтны өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй зөрчлийг гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Учир нь түүнд удирдах албан тушаалтнаас хэзээ, ямар үүрэг даалгаврыг өгсөнийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч зохих ёсоор биелүүлээгүй, чанаргүй биелүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллагаас “ЧХ”олон улсын нисэх буудлын Аюулгүй байдлын ерөнхий менежер А.Нямбазарын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  “С.Гын  албаны даргаар ажиллах хугацаанд тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, сахилга дэг журам суларч, нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил дутагдал байнга гарч тус албанаас олон тооны ажилтан захиргааны арга хэмжээ авагдсан нь түүний удирдан зохион байгуулах арга барил, ур чадвар дутмаг, ажил сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажилд манлайлан оролцох идэвх хангалтгүй бөгөөд түүний ажлын хариуцлга, мэргэжлийн ур чадвар нь албаны даргын үүрэгт ажилд тэнцэхгүй байгаатай холбоотой юм. Иймд С.Г-ыг тухайн нэгжийн даргын үүрэгт ажлыг шаардлагын хэмжээнд хүртэл гүйцэтгэж чадахгүй гэж үзэж ЧХОУНБ-ын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.13, 3.3.6.14 заалтын дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, аюулгүй байдлын хэлтэст мэргэжилтнээр томилох саналтай байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг үндэслэж ажлаас чөлөөлсөн байх ба дээрх албан бичгийн агуулгаас үзэхэд С.Г нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байх тул түүний албан тушаалыг өөрчлөх саналыг гаргасан гэж үзэхээр байна.

Гэтэл С.Г нь мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/188 дүгээр тушаалд энэ талаар тусгагдаагүй байна.

Ажлаас халах тушаалд заагдсанаас өөр нөхцөл, байдлыг дурдсан тайлбар нь ажил олгогчийн  шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлохгүй.

Гэрч А.Н нь шүүх хуралдаанд “..манай аюулгүй байдлын албаны хүмүүс ажилдаа цагтаа ирэхгүй, өглөө онгоцонд үзлэг шалгалт хийхэд 22 хүн байлцах шаардлагатай болдог. Энэ 22 хүмүүс бүгд өөрсдийн пост дээрээ байх ёстой байдаг тул нэг хүн ирээгүй бол шалгалт хийх бололцоогүй болдог байсан. Тиймээс нэгдүгээрт ажилдаа ирэхгүй байсан, хоёрдугаарт аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, гуравдугаарт ажлын байраа орхиод явчихдаг байсан тул арга хэмжээ авсан. Эдгээр хүмүүсийг ахалж байгаа дарга ч гэсэн хариуцлагатай, ажил үүргийн хувьд зохих шаардлага тавьж ажиллах ёстой байдаг. Би энэ талаар 7 хоног болгон шуурхай хурлаар хэлж байсан...” гэж мэдүүлсэн боловч тэрээр нэхэмжлэгчид хэзээ, ямар үүрэг даалгаврыг өгсөнөөс хэрхэн биелэгдсэн, М.Ганбат нь үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн талаар  мэдүүлээгүй тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 4.2.3 ү-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч С.Г-ыг үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Буянт-Ухаа дахь “ЧХ”олон улсын нисэх буудалд Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг тооцож олгох нь зүйтэй.

      Нэхэмжлэгч С.Г нь ажилгүй байсан хугацаан олговорт 6.295.920 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дундаж цалин хөлсийг буруу тооцсон байх тул шүүх зөвтгөж тооцсон ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д зааснаар нэхэмжлэгч С.Гын  2017 оны 1, 2, 3 дугаар сард авсан цалингийн дундаж 2.059.116 төгрөгийг 1 сарын ажлын дундаж хоног 21.5-т хувааж нэг өдрийн дундаж цалинг 95.772 төгрөгөөр тогтоов.

      Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 95.772 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажлын  80  хоногоор тооцоход 7.661.760 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 137.538 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

 

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Г-ыг Буянт-Ухаа дахь “ЧХ”олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Буянт-Ухаа дахь “ЧХ” ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт 7.661.760 төгрөг гаргуулан С.Г-д олгосугай.

 

     2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Гын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Баттулгыг Буянт-Ухаа дахь “ЧХ” ТӨААТҮГ-т даалгасугай.

 

     3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д зааснаар Буянт-Ухаа дахь “ЧХ”олон улсын нисэх буудалаас 137.538 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР