Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/00775

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/00775

 

 

М.Азжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00193 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Азжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох

 

Компанийн гүйцэтгэх захирлын Б/376 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Азжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Азжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх ажилд орсон ба улмаар "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Хүний нөөцийн албаны дарга, хүний нөөц, сургалтын албаны дарга, хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил үүргийг хийж гүйцэтгэж байгаад тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан болно. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ алдаа дутагдал гаргалгүй гүйцэтгэж ирсэн ба 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаад ажилдаа орсон. 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралттай байх хугацаанд компанийн удирдлагууд солигдож Д.Ариунболд гэх хүн шинээр гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан. Ээлжийн амралтаа дуусгаад 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа ороход нэхэмжлэгчийн ажлын өрөө болон компьютерийг Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Б.Мөнхбаатарт өгсөн байсан. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ямар нэг тушаал шийдвэр гараагүй атлаа ажиллах нөхцлөөр хангахгүй, эрхийг хохироож байна. Компанийн удирдлагын зүгээс шинэ бүтэц хийгдсэн гэсэн тайлбар хэлсэн. Ийнхүү байж байгаад гүйцэтгэх захирал Д.Ариунболд нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаал гаргаж, 9 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчсөн. Байгууллага татан буугдах, зөрчил гаргасан гэснээс бусад тохиолдолд 3 нас хүрээгүй хүүхэдтэй хүнийг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлж болохгүй. Мөн ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, өөр ажилд томилсон гэх боловч түр томилсон. Орон тоо хасагдаагүй, 617 орон тоотой байсан, 617 орон тоотой л байгаа. Урьд гүйцэтгэж байсан ажлын байр байгаа. Сургалт судалгаа, хүний нөөцийн алба болгоод даргаар нь шинээр н.Гомбосүрэн гэдэг хүнийг авсан байна. Би нийгмийн удирдлагын менежер хүн. Иймд дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгож, М.Азжаргалыг хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, энэ үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоолоор компанийн бүтэц, орон тоог өөрчилсөн бөгөөд уг өөрчлөлтөөр компанийн Хүний нөөцийн хэлтэс татан буугдаж байхгүй болсон тул "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/376 тоот тушаалаар Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Азжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, компанийн дүрмийн 10.11.8-д заасны дагуу цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.15 дахь заалтуудыг үндэслэн Захиргаа, хүний нөөцийн газрын нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахаар болсон. М.Азжаргалыг шинэ бүтцээр Захиргаа, хүний нөөцийн газрын Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохтой шинээр баталсан ажлын байрны тодорхойлолт, түүний эзэмшсэн мэргэжилд тохируулж, шинэ ажилд томилсон болно. Нэхэмжлэгч Франц хэлний орчуулагч юм билээ. Иймд М.Азжаргалын Монгол улсын хууль тогтоомж, компанийн үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журамд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, буцаан ажилд томилсон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаалыг хүчингүй болгон, М.Азжаргалыг "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Эрдэнэс таван толгой" ХК-аас 16 705 581 төгрөгийг гаргуулж М.Азжаргалд олгож, М.Азжаргалд олгох ёстой 16 705 581 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 241 477 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цолмон давж заалдах гомдолдоо:

..."Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 20 тоот тогтоолоор компанийн бүтэц, орон тоог өөрчилсөн бөгөөд уг өөрчлөлтөөр компанийн Хүний нөөцийн хэлтэс татан буугдсан тул "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/376 тоот тушаалаар Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Азжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэрк татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, Компанийн дүрмийн 10.11 Гүйцэтгэх захирал дор дурдсан үүрэг хүлээж, эрх эдэлнэ 10.11.8-д Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх гэж заасны дагуу цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.15 дахь заалтуудыг үндэслэн Захиргаа, хүний нөөцийн газрын Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахаар болсон. М.Азжаргалыг шинэ бүтцээр Захиргаа, хүний нөөцийн газрын Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохтой шинээр баталсан Ажлын байрны тодорхойлолт, түүний эзэмшсэн мэргэжилд тохируулж, шинэ ажилд томилсон болно. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч М.Азжаргал нь хариуцагч Эрдэнэс таван толгой ХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын Б/376 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эс зөвшөөрөн маргасан байна.

 

Ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ Компанийн бүтэц, орон тоог өөрчилсөн бөгөөд уг өөрчлөлтөөр компанийн хүний нөөцийн хэлтэс татан буугдсан тул шинэ бүтцээр түүний эзэмшсэн мэргэжилд тохируулж, шинэ ажилд томилсон гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Эрдэнэс таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор гарсан байх бөгөөд уг тогтоолоор 617 орон тоог батлажээ. /хэргийн 17-19 дүгээр тал/

 

Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/376 тоот тушаалаар нэхэмжлэгч М.Азжаргалыг Эрдэнэс таван толгой ХК-ийн хүний нөөцийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, захиргаа хүний нөөцийн газрын нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

/хэргийн 20 дугаар тал/

 

Ажил олгогч 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/376 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 тоот тушаалаар бүтэц, орон тоог батласан байна. /хэргийн 71 дүгээр тал/

 

Мөн Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 дугаар тушаарлаар ажлын байрны нэр, орон тоог баталсан байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Б/422 тоот тушаалаар өөр хүнийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаалд томилсон үйл баримт тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Азжаргалын албан тушаал нь хэвээр хадгалагдаж байхад түүнийг ажлаас нь чөлөөлж өөр ажилд түр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, Эрдэнэс таван толгой ХК-ийн хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалттай нийцсэн байна гэж дүгнэв.

 

Шүүх Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас 16 705 581 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/00193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Эрдэнэс таван толгой ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО