Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/00193

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2017/00193

 

       Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

           

Нэхэмжлэгч: М.А

 

Хариуцагч: “ЭТТ” ХК

 

компанийн гүйцэтгэх захирлын Б/376 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.                                                                

                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх ажилд орсон ба улмаар “ЭТТ” ХК-ийн Хүний нөөцийн албаны дарга, хүний нөөц, сургалтын албаны дарга, хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, хүний нөөцийн хэлтсийн даргын ажил үүргийг хийж гүйцэтгэж байгаад тус компанийн гүйцэтгэх захирал Д.А-ын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан болно. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ алдаа дутагдал гаргалгүй гүйцэтгэж ирсэн ба 2014 оны 06 сарын 20-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авч 2015 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл хуулийн дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаад ажилдаа орсон. Одоо хүүхэд 2 настай, 2016 оны 08 сарын 13-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралттай байх хугацаанд компанийн удирдлагууд солигдож Д.Агэх хүн шинээр гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан. Ээлжийн амралтаа дуусгаад 2016 оны 09 сарын 15-ны өдөр ажилдаа ороход нэхэмжлэгчийн ажлын өрөө болон компьютерийг Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Б.Мт өгч ажил дээрээ суух ширээ сандал, компьютергүй болгосон байсан.  Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ямар нэг тушаал шийдвэр гараагүй атлаа ажиллах нөхцлөөр хангахгүй, эрхийг хохироож байна. Компанийн удирдлагын зүгээс шинэ бүтэц хийгдсэн гэсэн тайлбар хэлсэн. Ийнхүү байж байгаад гүйцэтгэх захирал Д.Ань 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаал гаргаж, 9 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн хуулийн 100-р зүйлийг зөрчсөн. Байгууллага татан буугдах, зөрчил гаргасан гэснээс бусад тохиолдолд 3 нас хүрээгүй хүүхэдтэй хүнийг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлж болохгүй. Мөн ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, өөр ажилд томилсон гэх боловч түр томилсон. Орон тоо хасагдаагүй, 617 орон тоотой байсан, 617 орон тоотой л байгаа. Гүйцэтгэж байсан ажил нь байгаа. Сургалт судалгаа, хүний нөөцийн алба болгоод даргаар нь шинээр Гомбосүрэн гэдэг хүнийг авсан байна. Би нийгмийн удирдлагын менежр хүн. Иймд дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгож, М.Аыг хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, энэ үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоолоор компанийн бүтэц, орон тоог өөрчилсөн бөгөөд уг өөрчлөлтөөр компанийн Хүний нөөцийн хэлтэс татан буугдаж байхгүй болсон тул “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/376 тоот тушаалаар Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, компанийн дүрмийн 10.11.8-д заасны дагуу цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 24.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4.3, 4.15 дахь заалтуудыг үндэслэн Захиргаа, хүний нөөцийн газрын Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахаар болсон. М.Аыг шинэ бүтцээр Захиргаа, хүний нөөцийн газрын Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохтой шинээр баталсан ажлын байрны тодорхойлолт, түүний эзэмшсэн мэргэжилд тохируулж, шинэ ажилд томилсон болно. Нэхэмжлэгч франц хэлний орчуулагч юм билээ. Иймд М.Аын Монгол улсын хууль тогтоомж, компанийн үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журамд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, буцаан ажилд томилсон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, ажлаас чөлөөлж түр томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, ажлын байрны нэр, орон тоог батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, тэдгээрийн хавсралтууд, компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сургалт судалгаа, хүний нөөцийн албаны даргын орон тоонд хүн ажилд авсан тушаал, ажлын байрны нь тодорхойлолт болон бусад нотлох баримтыг  шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг даалгуулахыг хүсэж байна.

Хариуцагч М.Аыг Монгол улсын хууль тогтоомж, компанийн үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журамд заасан үндэслэлийн дагуу урьд хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөр ажилд томилсон нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.

            Нэхэмжлэгч М.А нь “ЭТТ” ХК-д Хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байранд ажиллаж байгаад компанийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэл буюу орон тоо хасагдсан үндэслэлээр мөн сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээ нь  цуцлагдаж, Захиргаа, хүний нөөцийн газрын Нийгмийн хариуцлагын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа хүний оронд түр томилогдсон байна.

            Гүйцэтгэх захирлын тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

            Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д (зөрчил гаргасан) зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байх ба М.А 3 нас хүрээгүй хүүхэдтэй, байгууллага татан буугдаагүй байна.

            “ЭТТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахдаа хүний нөөцийн хэлтсийг байхгүй болгож, компанийн орон тоог 617 гэж тогтоожээ. Компанийн ажлын байрны орон тоо урьд мөн 617 байсан нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолоос харагдаж байна.

            Компанийн ажлын байрны нэр, орон тоог батлах тухай Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн А/170 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын захиргааны хэлтэст сургалт, судалгаа, хүний нөөцийн албыг баталж, уг албаны даргаар Ц.Гомбосүрэнг авч ажиллуулсан нь талуудын тайлбар, тушаалаар тогтоогдож байна. М.А урьд Хүний нөөц, сургалтын албаны дарга, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажилд ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэнээс харагдаж байна.

            Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэсэн атлаа ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдэлгүй хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн байна.

            Компанийн гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллаж байсан М.Аыг ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа хүний оронд өөр ажилд түр томилсон нь үндэслэлгүй болжээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Гүйцэтгэх захирлын тушаалаар компанид Захиргаа, удирдлагын газар гэж батлагдсан байхад Б/376 дугаар тушаалаар М.Аыг Захиргаа, хүний нөөцийн газарт гэж компанид байхгүй газарт ажилд томилсон байна.

            Дээрх байдлуудыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаалыг хүчингүй болгон нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв. Олговрын хэмжээ (4.914.100+3.879.200+3.880.000):3:22х87 =16.705.581 төгрөг болж байна.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн Б/376 дугаар тушаалыг хүчингүй болгон М.Аыг “ЭТТ” ХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “ЭТТ” ХК-аас 16.705.581 төгрөгийг гаргуулж М.Ад  олгосугай.

 

3. М.Ад олгох ёстой 16.705.581 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд  хариуцагчаас 241.477 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД