Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01917

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01917

 

 

Цагаанхуаран консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02258 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Цагаанхуаран консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Буяннэмэхэд холбогдох,

 

76 291 660 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Отгонтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Бурмаа,

Хариуцагч: Н.Буяннэмэх,

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаанхуаран консалтинг ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлт-ийн хүрээнд БЗД-ийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хороололд 2,448 айлын орон сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж, улмаар 2014-2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан болно. Хариуцагч иргэн Н.Буяннэмэх нь 2015 онд ашиглалтад оруулсан 432 айлын орон сууцны барилгаас 2015 оны 9 дүгэр сарын 01-ний өдөр №263/4 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулан м.кв нь 1 840 000 төгрөг, нийт 80 408 000 төгрөгийн үнэтэй, 43,7 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр, мөн 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон болно. Хариуцагч Н.Буяннэмэх нь орон сууц захиалгын гэрээний 4-р зүйлийн 4.2, 5-р зүйлийн 5.1, гэрээний хавсралт 1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 24 122 400 төгрөгийн 15 хувь болох 12 061 200 төгрөгийн 6 000 000 төгрөгийг гэрээ байгуулахад төлсөн, 6 061 200 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5 261 200 төгрөг, 2016.07.27-ны өдөр 500 000 төгрөг төлсөн, 300 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн, үлдэгдэл 15 хувь болох 12 061 200 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар орон сууц сангаас төлсөн болно. Тэрээр 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар орон сууц сангаас 15 хувийн төлбөр орж ирснээр дутуу төлсөн урьдчилгаа төлбөрөө төлж дуусгах, ипотекийн зээлийг гаргуулах талаар идэвхтэй хөөцөлдөх, зээлээ хурдан шийдвэрлүүлэх үүрэгтэй байсан. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4-р зүйлийн 4.2, 5-р зүйлийн 5.1, гэрээний хавсралт 1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 70 хувийн төлбөр 56 285 600 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хандсан арилжааны банкны зээлийн шийдвэр гарч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын гаргасан хүсэлтээр үндэслэгдэж 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дотор 70 хувийн төлбөр хийгдэх байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөр болох 56 285 600 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 643 хоногийн хугацаа хэтрэлтэй байна. Цагаанхуаран консалтинг ХХК нь орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу Н.Буяннэмэхэд утсаар болон бичгээр төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлэн шаардсан, мөн биечлэн тухай бүрд уулзаж мэдэгдсэн боловч хариуцагч нь гэрээгээ зөрчиж байгаагаа үл ухамсарлан, төлбөрөө гүйцээн төлөлгүй байранд үргэлжлүүлэн амьдарсаар, гэрээгээ зөрчсөөр байгаа болно. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №263/4 тоот орон сууц захиалгын гэрээний 2.1, 4.2, 5.1, 6.1 дэх заалтыг үндэслэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 56 285 600 төгрөг, Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь заалт, орон сууц захиалгын гэрээний 6-р зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн 495 хоног хугацаа хэтрүүлсний алданги 8 358 412 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс алданги тооцох эрхтэй ч Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №А-295 тоот орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай тушаал батлагдан улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016.03.11-ний өдрийн А-67 дугаар тушаал буюу 5 хувийн ипотекийн нөхцөл хүчингүй болж, Капитал банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №5/6076 тоот мэдээлэл хүргэх тухай албан бичиг ирсэн хугацаанаас буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс тооцож 495 хоногийн алданги нэхэмжилсэн болно. Үүгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 148 хоногийн алданги 2 499 080 төгрөг, нэхэмжлэгчид учирсан хохирол 148 хоногийн хадгаламжийн хүүгийн орлого 2 807 186 төгрөг нийт 5,306,266 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан болохыг дурдаж байна. Мөн Иргэний хуулийн 261.1, 229.1 болон 227.3 дахь заалт, Цагаанхуаран консалтинг ХХК болон Капитал банкны хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №16/45 тоот хамтран ажиллах гэрээний 1.1, 1.2, 2.3, 2.4, 4.2.8, 4.2.9, 4.4.5 дахь заалтыг үндэслэн зайлшгүй орох байсан орлого буюу хадгаламжийн хүүгийн орлогыг жилийн 12,3 хувийн хүүгээр тооцон 495 хоногийн /хоногийн 0,03 хувийн хүү/ 9 388 901 төгрөг, нийт 74 032 912 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд: Хариуцагч Н.Буяннэмэхээс 2015 оны 9 дүгээр 01-ний өдрийн №263/4 тоот орон сууц захиалгын гэрээний 495 хоногийн алданги 8 358 412 төгрөг нэхэмжилсэн байсныг нэмэгдүүлэн 558 хоногийн алданги 9 422 209 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №263/4 тоот орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого болох хадгаламжийн хүүгийн орлогыг /хоногийн 0,03 хувийн хүүгээр тооцон/ 495 хоногийн хүү 9 388 901 төгрөг нэхэмжилсэн байсныг нэмэгдүүлэн 558 хоногийн 10 583 851 төгрөг гаргуулах, ингээд нэхэмжлэлийн шаардлагыг нийт 2 258 747 төгрөгөөр ихэсгэж нийт 76 291 659 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №263/4 тоот орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгч орон сууц худалдах нөхцөл, саналаа уг орон сууцны хотхоны гадаа самбар дээр байршуулсан байсан, уг саналд орон сууцыг ипотекийн 5 хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой гэсэн агуулгатай сурталчилгааны самбартай танилцаад, миний бие орон сууц худалдан авах хүсэлтэй байгаагаа, мөн уг орон сууцны төлбөрийг ипотекийн зээлийн санхүүжилтээр худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах боломжтой, манай компани Капитал банктай хамтарч ажиллаж байгаа, та урьдчилгаа 30 хувийн төлбөрөө компанид төлөөд үлдэгдэл төлбөрөө Капитал банкны 5 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд хамрагдах байдлаар төлөх бүрэн боломжтой гэсэн бөгөөд төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлөхөөр тохиролцож урьдчилгаа 30 хувийн төлбөрийг Цагаанхуаран консалтинг ХХК-д төлсөн болно. Ингээд үндсэн зээлдэгчээр Буяннэмэхийн Хоролсүрэн, миний бие Н.Буяннэмэх нь хамтран зээлдэгчээр тус тус Капитал банк ХХК-д ипотекийн зээл олгохыг хүссэн материалаа банкны шаардлагад нийцүүлэн өгсөн. Капитал банк ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн № 2068/17 албан тоотоор Цагаанхуаран консалтинг ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар зээл хүсэгч Б.Хоролсүрэнгийн орон сууцны ипотекийн зээл батлагдсан бөгөөд санхүүжилт нь орж ирсний дараа ҮХЭХ гэрчилгээг харилцагчийн нэр дээр гаргаж холбогдох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарыг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ гэжээ. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг ҮХЭХУБГ-г гаргаж өгөхийг шаардаж байгаагүй ба нэхэмжлэгч өөрийн санаачлагаар улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргаж түүнээс хойш 7 хоног өнгөрмөгц үлдэгдэл 70 хувийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Талууд орон сууцны 70 хувийн үлдэгдэл төлбөрийг Капитал банкны ипотекийн зээлийн санхүүжилтээр төлөхөөр тохиролцсон, Капитал банкнаас зээл олгохоор шийдвэрлэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл зээлийг зээлдэгчид бодитойгоор олгоогүй байна. Иймд хариуцагчийн зүгээс орон сууц захиалгын гэрээ болон түүний хавсралтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2 258 747 төгрөгөөр нэмэгдүүлснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагаанхуаран консалтинг ХХК-иас шүүхэд гаргаж нэхэмжилсэн үнийн дүнгээс орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 56 285 600 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ тухайгаа нэхэмжлэгч компанид байнга хэлсээр ирсэн. Харин үндсэн төлбөрөөс бусад төлбөр болох алданги 9 422 209 төгрөг, зайлшгүй орох байсан орлого 10 583 851 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн энэ нэхэмжлэлд дурдсанаар бол би болон манай гэр бүл төлбөрөө бүрэн төлөөгүй байхдаа өөрсдийнхөө хүсэлтээр орон сууцны гэрчилгээг гаргуулж авчхаад, санаатайгаар төлбөрөө төлөхгүй өдийг хүрсэн мэтээр тайлбарлажээ. Энэ хугацаанд болсон бодит нөхцөл байдал, Монголбанк, Капитал банк, Цагаанхуаран консалтинг компанийн хоорондын үл ойлголцол, төрийн бодлогын тогтворгүй байдал зэрэг нөхцөл байдлаас болж манай гэр бүл ч энэ хугацаанд амар тайван амьдарч чадахгүй өрийн дарамтад орж, эд хөрөнгө болон сэтгэл санаагаараа хохироод л явж байна. Тухайн үед Цагаанхуаран консалтинг ХХК барьж байгаа байрныхаа гадна 5 хувийн зээлд хамрагдах боломжтой гэсэн утгатай рекламны самбар гаднаа байршуулсан байсан. Ингээд тус компанийнхантай уулзахад манай компани Капитал банктай хамтран ажиллах гэрээтэй тул та тэр банкан дээр материалаа өгвөл хурдан гарна, 7 хоногийн дотор шийдэгдэнэ гэж хэлж байсан. Ингээд Капитал банкан дээр очиж уулзаад зээлийн шаардлага хангаж байсан тул зээлийн материалаа бүрдүүлж өгсөн. Үүнээс хойш 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Капитал банкны зээлийн хорооны хурлын шийдвэр гарч Зээл хүсэгч Буяннэмэх овогтой Хоролсүрэнгийн зээл хүссэн өргөдлийг хэлэлцээд 56 280 000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн гэж хэлсэн. Ийнхүү зээл бодитой олгогдож эхлээгүй байхад Цагаанхуаран консалтинг компаниас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээл хүссэн иргэдийн нэр дээр гаргаж эхэлсэн байдаг. Ийнхүү зээл олгоно гэсэн зээлийн хорооны шийдвэр гарсан, гүйцэтгэгчээс орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлаас оршин суугчид бид бүх асуудал шийдвэрлэгдчихлээ гэж бодож байсан. Гэтэл гэнэт Цагаанхуаран консалтинг компанийн хамтран ажилладаг, шуурхай, та нар тэндээс зээлээ ав гэж явуулаад байсан Капитал банк нь ипотекийн зээлийг дамжуулан зээлдүүлэх эрхгүй, шаардлага хангахгүй банк болохыг бид сүүлд Монголбанкнаас олж мэдсэн. Капитал банк зээлийг олгоогүй буруутай тул алдангийг 3 хувааж хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Хохирлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Буяннэмэхээс 60 996 705 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15 294 955 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 580 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Буяннэмэхээс 462 933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Цагаанхуаран консалтинг" ХХК нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02258 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-ийн "... нэхэмжлэлээс 15 294 955 төгрөгт холбогдох хэсэг ... -ыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсэг нь "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүй байх тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь дээрх үндэслэл, тайлбараар Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн, шүүх хэргийн нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, хэрэглэвэл зохих материаллаг хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.8 дахь заалтыг ундэслэн хариүцагч нараас гаргүүлах алдангиас 50 хувиар багасгаж, 4 711 104 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн асуудлын тухайд: ИХ-ийн 232 дугаар зүйлийн 232.8 "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно." гэсэн заалтыг хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй анзын хэмжээ илт их хэмжээ мөн үү. Нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК нь хариуцагч нараас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 558 хоногийн алданги 9 422 209 төгрөг нэхэмжилсэн болно. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс алданги тооцох эрхтэй ч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 558 хоногийн алданги нэхэмжилсэн болно. Мөн нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө буюу 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс дор хаяж 14 хоногийн өмнө нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дахин 30 хоногийн алдангийг нэмж нэхэмжлэх эрхтэй ч бид нэхэмжлээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 737 хоногийн алданги (737 хоног*хоногт 16 885 төгрөгийн алданги) 12 444 245 төгрөг нэхэмжлэх эрхтэй байсан. Гэвч бид нэхэмжлэх алдангийн хэмжээг бууруулан хоногийн алданги төгрөг 3 022 415 нэхэмжлэхээс татгалзаж, 9 422 209 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэх алдангийн хэмжээг бууруулж байгаагаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр хийсэн тайлбартаа тодорхой дурдсан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч нараас орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөр болох 6 061 200 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлөхөөр тохиролцсоныг 575 хоног хугацаа хэтрүүлэн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлж барагдуулсан асуудалд байсан алданги 1 038 450 /1806*575 төгрөг/ нэхэмжлээгүй болохоо дурдаж байсан. Нийт 4 060 865 төгрөгийн алданги нэхэмжлэхээс татгалзсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан алдангийн хэмжээний шаардлагыг хангаж байгаа болно. Хариуцагч нарын хувьд нийт 56 285 600 төгрөгийг төлөх үүргийг гуйцэтгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алданги 9 422 209 төгрөг нь уг унийн дунгийн 16,7 хувь л хүрч байгаа болно. Мөн талууд хоногт тооцох алдангийн хувь хэмжээг хуульд заасан дээд хязгаараас 0,5 хувиас харьцангуй бага хувиар буюу 0,03 хувиар тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээг "илт их" хэмээн дүгнэж, алдангийг 50 хувиар багасгасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 4 060 865 төгрөгийн алдангийн нэхэмжлэхээс татгалзсан болохоо дурдаж тайлбарласаар байхад шүүх үүнийг харгалзахгүй нэмж 4 711 104 төгрөгийг алдангиас хассан нь шударга бус бөгөөд худалдан авсан зүйлийнхээ үнийг төлөх үүрэг хэнд байх зэрэг гэрээний наад захын ойлгомжтой асуудлыг харгалзаагүй, мөн иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ." гэсэн зарчим, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 94.6-д заасны дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалах эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байна, - Иргэний хуулийн 232.8 "...хэргийн нөхцөл байдлыг харгалзан ... багасгаж болно." Хэргийн нөхцөл байдал ямар байсан бэ. Цагаанхуаран консалтинг ХХК нь иргэн Н.Буяннэмэхтэй 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулах үед манай компани нь хариуцагчийн тайлбарлаж байгаачлан "Капитал банк" ХХК-тай огт харилцаагүй байсан бөгөөд уг банктай хамтран ажиллах гэрээг 2015 оны 12 дугаар сард байгуулсан болохыг хэргийн материалаас харах боломжтой юм. Талууд гэрээ байгуулахдаа Голомт банкаар дамжуулан зээл авахаар тохиролцсон бөгөөд үүнийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №263/4 тоот орон сууц захиалгын гэрээ /хх 9-13/-ний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтаас харах боломжтой. Мөн талууд гэрээ байгуулах үед Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №А-122 тоот 8 хувийн хүүтэй журам хэрэгжиж байсан, 5 хувийн журам батлагдаагүй байсныг харах боломжтой. Тодруулбал, хариуцагчийн гэрээ байгуулах үндэслэл болсон гээд байгаа 5 хувийн ипотекийн хүүтэй журам 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №А-67 тушаалаар батлагдсан, хариуцагч өөрийн тайлбар, татгалзлыг нотлоогүй байхад зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн шүүх дүгнэлт хийсэн байна. "Капитал банк" ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б.Хоролсүрэн, Н.Буяннэмэх нарт 8 хувийн ипотекийн зээл бүс 5 хүвийн ипотекийн зээл олгохоор зээлийн хорооны шийдвэр гаргасан, шүүх хэргийн гол маргааны асуудлаар буруу ойлголттой дүгнэлт хийсэн байна. "Капитал банк" ХХК нь 2015 оны 9 дүгээр сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүй тул Монголбанкнаас орон сууцны орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр олгогдоогүй, "Капитал банк" ХХК зээл олгох эрхгүй байсан гэх тайлбар нь Монголбанкны 2017 оны 3 дугаар сарын 10-ны А-3/264 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул зэрэг дүгнэлт нь хууль бус үндэслэлгүй байна. "Капитал банк" ХХК нь зээл олгох эрхгүй байсан атлаа Н.Буяннэмэхтэй адил 5 хувийн хүүтэйгээр ипотекийн зээлд хамрагдахаар зээл хүссэн боловч зээлээ авч чадаагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан 15 иргэнд 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгосон байх уу? шүүх нэхэмжлэгчийн тайлбар, "Капитал банк" ХХК-ийн мэдээлэл хүргүүлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №4/3751 тоот албан бичгийг нотлох баримтыг үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Мөн хариуцагчийн дурдсанчлан хариуцагч Н.Буяннэмэх нь манай компанитай орон сууцны захиалгын гэрээг байгуулах болсон үндэслэл нь 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах байсан бус тэрээр урьдчилгаа төлбөрийн 15 хувийг Улаанбаатар сангаас төлүүлсэн бөгөөд, улсаас 15 хувиа буцалтгүй тусламжаар төлүүлэхэд шаардлага нь дахин төлөвлөлтийн байрнаас сонгох явдал байсан бөгөөд тэрээр дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй олон компаниас манай компанийн барьсан орон сууцыг өөрөө сонгосон болно. Хариуцагч нь гэрээгээр тохиролцоогүй 5 хувийн хүүний асуудлыг яриад гэрээний үүргээ шударгаар биелүүлэхгүй, банкандаа хэрэгжиж байгаа 8 хувиар зээлээ авах хүсэлтээ гаргахгүй хэзээ хойно буюу 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Капитал банканд хүсэлтээ гаргасан байна. Анхан шатны шүүх хариуцагчийн энэ хариуцлагагүй үйлдлийн өөгшүүлэн гэрээний үүргээ шударгаар гүйцэтгэх талуудын зарчмыг хөндөж, нэхэмжлэгчид хариуцлага ногдуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэсэн байна. Алданги 9 422 209 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-ийн борлуулагч анх хариуцагч Н.Буяннэмэхэд орон сууцыг худалдахдаа Капитал банкны 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой гэсэн саналыг гаргаж байсан, "Капитал банк" ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б.Хоролсүрэн, Н.Буяннэмэх нарт 8 хувийн ипотекийн зээл олгохоор зээлийн хорооны шийдвэр гаргасан атлаа бодитоор олгоогүй, "Капитал банк" ХХК нь 2015 оны 9 дүгээр сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүй тул Монгол банкнаас орон сууцны орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр олгогдоогүй зэрэг нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул эдгээр нөхцөл байдлаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх алдангийг 50 хувиар багасгаж, хариуцагчаас алдангид 4 711 105 төгрөгийг гаргуухаар шийдвэрлэв. Хариуцагч талын "Капитал банк" ХХК зээл олгох эрхгүй байсан гэх тайлбар нь Монголбанкны 2017 оны 3 дугаар сарын 10-ны А-З/264 дугаартай албан бичгээр тогтоогдож байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг харахад шүүх нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, хэрэглэвэл зохих материаллаг хуулийг хэрэглэн хэрэг шийдвэрлэх буюу хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг зөрчсөн байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зэрэг зарчмыг зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч талаас хэргийн материалд өгсөн дараах нотлох баримтуудыг хэргийн материалд өгсөн. Үүнд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №263/4 тоот орон сууц захиалгын гэрээ /хх 9-13/, "Капитал банк"-тай анх байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №15/54 тоот хамтран ажиллах гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээ (хх 66-74), "Голомт банк" ХХК-тай байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №16/25 байгууллагын хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №А-122, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №А-67, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №А-295 тоот орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай тушаалууд (хх-25-35, 39-47, 48-55), "Капитал банк" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №5/6075 тоот мэдээлэл хүргүүлэх тухай (хх-56), "Капитал банк" ХХК-ийн мэдээлэл хүргүүлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 26 №4/3751 (62-63), "Капитал банк" ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4/2450 Улсын Их Хурлын даргын зөвлөх Р.Болд танаа бусад банкны зээлийн хорооны шийдвэрүүд болон бусад нотлох баримтууд байна. Мөн хариуцагч талаас гаргасан шүүхийн шийдвэр, зээл хүссэн өргөдөл /2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр/ зэрэг болно. Зайлшгүй орох байсан орлого 10 583 851 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Н.Буяннэмэх гэрээний үүргээ биелүүлэхэд нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК-ийн борлуулагч анх хариуцагч Н.Буянэмэхэд орон сууцыг худалдахдаа "Капитал банк" ХХК-ийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжтой гэсэн саналыг гаргаж байсан, "Капитал банк" ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б.Хоролсүрэн, Н.Буянэмэх нарт 8 хувийн ипотекийн зээл олгохоор зээлийн хорооны шийдвэр гарсан атлаа бодитоор олгоогүй, "Капитал банк" ХХК нь 2015 оны 9 дүгээр сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүй тул Монголбанкнаас орон сууцны ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр олгогдоогүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан байх тул нэхэмжлэгчид хохирол шаардах эрх үүсээгүй гэж дүгнэж, "Капитал банк" ХХК болон Цагаанхуаран консалтинг ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний биелэгдээгүй харилцааны үр дагаврыг хариуцагч Н.Буяннэмэхэд хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч нь өөрийн эс үйлдэхүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаж байсан тул хариуцлагаа хүлээх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцнэ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэн, гэрээний үүрэг, хариуцлагыг бүрэн ухамсарлан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нар нь зөвхөн өөрийн ашиг хонжоог тооцон, банкнууд зээл өгөхгүй байна гэсэн худал тайлбар тавин гэрээний үлдэгдэл 70 хувийн төлбөрөө төлөхгүй байгаа нь гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн. Иргэний хуулиар хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор хуульчилсан. Нэхэмжлэгч нь харин ийм хэмжээний орлого олох байсан гэдгээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хэрэгт Цагаанхуаран консалтинг ХХК нь "Капитал банк"-тай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №16/45 тоот хамтран ажиллах гэрээ болон харилцагч бусад арилжааны банкнуудтай байгуулсан хадгаламжийн гэрээг нотлох баримтаар өгсөн болно. Тус гэрээний дагуу олох байсан хадгаламжийн хүүгийн орлогыг хариуцагч нарын эс үйлдэхүйн улмаас буюу шууд шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгч олоогүй хохирсон. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02258 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-ийн ...нэхэмжлэлээс 15 294 955 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Н.Буяннэмэх миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02258 дугаар шийдвэрээр хариуцагчаас алданги 4 711 105 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Байр сонирхож байх үед Цагаанхуаран консалтинг ХХК барьж байгаа байрныхаа гадаа 5 хувийн зээлд хамрагдах боломжтой гэсэн утгатай рекламны самбар гаднаа байршуулсан байсан. Ингээд тус компанийнхантай уулзахад манай компани Капитал банктай хамтран ажиллах гэрээтэй тул та тэр банкан дээр материалаа өгвөл хурдан гарна, 7 хоногийн дотор шийдэгдэнэ гэж хэлж байсан. Ингээд Капитал банкан дээр очиж уулзаад зээлийн шаардлага хангаж байсан тул зээлийн материалаа бүрдүүлж өгсөн. Үүнээс хойш 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Капитал банкны зээлийн хорооны хурлын шийдвэр гарч зээл хүсэгч Буяннэмэх овогтой Хоролсүрэнгийн зээл хүссэн өргөдлийг хэлэлцээд 56 280 000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн гэж хэлсэн. Ийнхүү зээл олгоно гэсэн зээлийн хорооны шийдвэр гарсан, гүйцэтгэгчээс орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлаас оршин суугчид бид бүх асуудал шийдвэрлэгдчихлээ гэж бодож байсан. Гэтэл гэнэт Цагаанхуаран консалтинг компанийн хамтран ажилладаг, шуурхай, та нар тэндээс зээлээ ав гэж явуулаад байсан Капитал банк нь ипотекийн зээлийг дамжуулан зээлдүүлэх эрхгүй, шаардлага хангахгүй банк болохыг бид сүүлд Монголбанкнаас олж мэдсэн. Шүүхийн шийдвэрт Капитал банкнаас 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б.Хоролсүрэн, Н.Буяннэмэх нарт 6 хувийн зээл олгохоор зээлийн хорооны шийдвэр гарсан атлаа бодитоор олгоогүй, Капитал банк нь 2015 оны 9 сараас хойш орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын шаардлагыг хангаж ажиллаагүй тул Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр олгогдоогүй зэрэг нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон" гэж дүгнэсэн. Энэ нь орон сууцны үлдэгдэл төлбөр төлөөгүй өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд хүргэхэд Капитал банкны гэм буруутай үйл ажиллагаа байсан болох нь нотлогдож байх тул миний бие алдангийг энэ үнийн дүнгээр хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02258 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК нь хариуцагч Н.Буяннэмэхэд холбогдуулан 76 291 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК нь хариуцагч Н.Буяннэмэхтэй 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Цагаанхуаран консалтинг ХХК нь хариуцагч Н.Буяннэмэхэд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 88в байр, 47 тоот, 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, хариуцагч Н.Буяннэмэх нь нийт 80 408 00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд урьдчилгаанд 24 122 400 төгрөгийг төлж, үлдэгдэл 56 285 600 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалгын гэрээ, түүний хавсралт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-ийн 9-10 дугаар тал/

 

Хариуцагч Н.Буяннэмэх нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 88в байр, 47 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 5 сарын 31-ний өдөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч Цагаанхуаран консалтинг ХХК нь гэрээний хавсралт 1-д заасны дагуу үлдэгдэл төлбөр 56 285 600 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 11, 13-р тал/

 

Харин талуудын байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт захиалагч гэрээний үүргийг зөрчсөн бол Цагаанхуаран консалтинг ХХК-д хоног тутамд 0,03 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байгаа нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, анзын хэмжээ нь илт их байгаа нь нотлогдоогүй байхад алдангийн 50 хувийг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн шаардсан алданги 9 422 209 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай тус тус нийцэх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан хохирол гэх 10 583 851 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчаас үүргээ гүйцэтгээгүйн хохиролд алданги гаргуулахаар шийдвэрлэсэн тул хохирлыг давхардуулан хариуцуулах үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Н.Буяннэмэх нь хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч тал 5 хувийн ипотекийн зээлийг гарган өгч миний байрны төлбөрийг төлөх ёстой байсан гэх боловч талуудын байгуулсан гэрээнд дээрх нөхцөлөөр тохирсон нэмэлт үүрэг байхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Нөгөө талаар Цагаанхуаран консалтинг ХХК, Капитал банк ХХК-ийн байгуулсан хамтран ажиллах гэрээ нь Цагаанхуаран консалтинг ХХК-ийн Н.Буяннэмэхтэй байгуулсан гэрээний үүрэгтэй хамааралгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/02258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 60 996 705 төгрөг гэснийг, 65 707 809 төгрөг гэж, ... 15 294 955 ... гэснийг 10 583 851 гэж,

2 дахь заалтын ... 462 933 төгрөг ... гэснийг 486 489 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 620 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 328 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ