Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/00807

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/00807

 

 

Хүннү Молл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 102/ШШ2017/00084 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хүннү Молл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эксклюзив ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57 198 507.32 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг

Ш.Чинхүүн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Хүннү Молл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь "Эксклюзив" ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, улмаар түрээслэгч нь өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр тохирч хамтран ажилласан болно. Энэхүү түрээсийн гэрээгээр түрээслэгч нь Хүннү моллын барилгын В1 давхрын 09 тоотод байрлах 107 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг "Эксклюзив брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, зарах" зориулалтаар ашиглахаар тохиролцож түрээсийн байрыг түрээслэгчид бүрэн хүлээлгэн өгсөн. Гэрээний тусгай нөхцөлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 1 м.кв талбайн үнийг эхний нэг жилд 16500 төгрөг, менежментийн төлбөрийг 1 м.кв 25000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Түрээслэгч нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт түрээслүүлэгчийн талбайг түрээслэн ашигласны төлбөрт нийт 33 028 040.32 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй байна. Түрээсийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслэгч нь гэрээнд заасан түрээсийн төлбөрийг cap бүрийн 1-ний өдөр төлөх үүргийг хүлээж байгаа бөгөөд хэрэв төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 2.4-т зааснаар хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх талаар талууд гэрээнд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлжээ. Гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцвол 21 807 651.77 төгрөгийг хууль болон гэрээнд заасны дагуу төлөхөөр байгаа юм. Түүнчлэн түрээсийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.2-т "түрээслэгч нь түрээсийн байранд ашиглах телефон утас, цахилгаан эрчим хүч, интернетийн төлбөр болон бусад өөрсдийн хэрэглээнд ашиглах хэрэглээ үйлчилгээний төлбөрийг хэрэглээний хэмжээ болон тоолуурын заалтаар хариуцан төлнө" гэж заасны дагуу цахилгааны төлбөрт 8 дугаар сарын 180 015.22 төгрөг, 6 дугаар сарын хугацааны үзэсгэлэнгийн төлбөрт 1 800 000 төгрөг, хурлын өрөөний түрээс болох 165 000 төгрөг, тайзны арын анонс 165 000 төгрөг, баннер далбаа 52800 төгрөг, нийт 2 182 800 төгрөгийг бусад түрээсийн төлбөрт төлөх үүргийг хүлээж байгаа юм. Иймд "Эксклюзив" ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 57 198 507.32 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Эксклюзив" ХХК-ийн захирал Г.Майцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын үед "Хүннү Молл" ХХК хэмээх том худалдааны төв байгуулагдах гэж байгаа тул хамтран ажиллах санал тавьсан. Гадны брэндийг манай моллд оруулбал маш хөнгөлөлттэй нөхцлөөр түрээслэн хамтран ажиллах болно хэмээн тус моллын түрээс хариуцсан захирлын хэлсний дагуу Польшоос Рубин /RUBIN/ хэмээх брэндийн төлөөлөгчийг Монголд урин авчирч үзэж танилцуулсны дагуу урьдчилсан байдлаар гэрээ хэлцэл 2014 оны 6 дугаар сард хийгдсэн. Гэвч "Хүннү Молл" ХХК үйл ажиллагаа эхлэхэд урьд хэлж амлаж байсан нөхцөлүүдээ өөрчилсөн учир Польшийн Рубин брэнд татгалзсан. Дэлгүүрийн тохижилтод 1 м.кв 250 000 төгрөг, нийт 26 750 000 төгрөг зарцуулсан. Түрээслэгч тал үйл ажиллагаа явуулахад хэвийн орчингоор хангана гэсэн бол бидэнд 2 сарын дараагаас хүндрэл эхэлсэн. Учир нь яг зэрэгцээд Солонгос хоолны хэншүү хярвас нь үйлчлүүлэгчид хувцсанд чинь хоолны үнэр шингэчихсэн байна гэж борлуулалтад нөлөөлж байсан. Үүнийг хэлж мэдэгдсэн ч арга хэмжээ авч байгаагүй. Моллын зүгээс зар сурталчилгаа хийж байгаагүй нь түрээслэгч нар өөрсдөө үйлчлүүлэгчээ татах арга хэмжээ дор бүрнээ авч байсан. Манай компанийн хувьд Польш Монголын бизнес уулзалтыг зохион байгуулж хүмүүсийг татаж Хүннү Молл ХХК-ийг гадаадад сурталчлах арга хэмжээ зохиосон боловч эхэндээ ярьж тохироогүй өнгөрсөн хойно нь нэхэмжлэх бичин төлбөр тавьсан байдаг. Хүннү Молл ХХК-д түрээсэлсэн хугацаанд 35 хоног нь Моллын зүгээс хаасан байдаг. Хаасан хугацааны мөнгийг нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна. Хагас жил шахам хугацаанд үйлчлүүлэгчээ татах гэж Хүннү Моллыг сурталчилсан зардалд 12 000 000 төгрөг, тохижилтод зарцуулсан хөрөнгө оруулалт 26 750 000 төгрөг, Польшийн Рубин компанийн Монголд ирсэн, байсан бүх зардалд 3 200 ам.доллар буюу 6 400 000 төгрөг, Польш Монголын бизнес уулзалтад 19 200 ам.доллар буюу 38 400 000 төгрөгийг "Эксклюзив" ХХК гаргасан байдаг. Энэ бүхнийг адилхан бизнес хийж байгаа хүмүүс харилцан тохиролцоод уян хатан шийдэхийн оронд хэт нэг талыг барин давуу эрхээр дээрэнгүй хандаж байгаад гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Эксклюзив" ХХК-аас 51 904 875.71 гаргуулан нэхэмжлэгч "Хүннү Молл" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 293 631.61 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын хураамжид урьдчилан төлсөн 443 942 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Эксклюзив" ХХК-аас 417 474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Хүннү Молл ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Майцэцэг давж заалдах гомдолдоо: ...Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй нь үнэн боловч хариуцагч болох манай компанийн зүгээс түрээсийн төлбөрөөс хэт өндөр тогтоосон менежментийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Түрээсийн гэрээнд заасан түрээсийн талбайн 1 м.кв-ын үнэ сарын 16 000 төгрөг байхад менежментийн зардал нь 1 м.кв нь сарын 25 000 байсан. Гэрээг байгуулах үед түрээслүүлэгч талаас менежментийн зардал гэдэг зар сурталчилгаа, хаяг реклам зэргийг оруулсан зардал гэж ойлгуулж байсан. Гэтэл түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгч талын үйл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Харин гэрээний Ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан "менежментийн төлбөр"-т юу хамаарах талаар тусгайлан заасан зүйлүүд нь даатгал ажилчдын цалин хөлс нийгмийн даатгал зэрэг нэхэмжлэгч талын компанийн өдөр тутмын үйл ажиллагааны өөрсдөө хариуцах ёстой зардлууд байгаа нь манай талаас уг зардлыг нөхөн төлөхөөс татгалзах үндэслэл болсон. Ялангуяа шүүхээс уг менежментийн зардал гэх зүйлд ус цахилгаанаар, хангах зардал багтсан байгааг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгч талыг цахилгааны зардал 180 015 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн түрээсийн бусад төлбөрт нийт 2 362 815 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн шаардлагаас түрээсийн бусад төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгээс 2 362 815.22 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Хүннү Молл ХХК нь хариуцагч Эксклюзив ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 028 040 төгрөг, алдангид 21 807 651 төгрөг, цахилгааны төлбөрт 180 015 төгрөг, түрээсийн бусад зардалд 2 182 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч Эксклюзив ХХК нь нэхэмжлэгч Хүннү молл ХХК-ийн Хүннү моллын барилгын В1 давхрын 09 тоотод байрлах 107 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг Эксклюзив брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, зарах" зориулалтаар ашиглах, 1 м.кв талбайн үнийг эхний нэг жилд 16500 төгрөг, менежментийн төлбөрийг 1 м.кв 25000 төгрөг тооцож хариуцагч байгууллагад төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хороонд хөлсөөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалттай нийцжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас үзэхэд хариуцагч байгууллага буюу түрээслэгч Эксклюзив ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс түрээсийн гэрээ цуцалсан буюу 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түрээсийн талбайг ашигласан, түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг түрээсийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 33 028 040 төгрөг, мөн гэрээний 10-д заасны дагуу алданги төлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул буруутгах боломжгүй болно.

 

Нэхэмжлэгч байгууллага түрээсийн бусад зардалд 2 182 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 8 сарын цахилгааны төлбөр 180 015 төрөг, 6 сарын хугацааны үзэсгэлэнгийн төлбөрт 1 800 000 төгрөг, хурлын өрөөний түрээс 165 000 төгрөг, тайзны арын анонс 165 000 төгрөг, баннер далбаа 52800 төгрөг гэж талбарлажээ.

 

Түрээсийн гэрээний 2.2-т түрээслэгч нь түрээсийн байранд ашиглах телефон утас, цахилгаан эрчим хүч, интернэтийн төлбөр болон бусад өөрсдийн хэрэглээнд ашиглах хэрэглээ үйлчилгээний төлбөрийг хэрэглээний хэмжээ ба тоолуурын заалтаар хариуцан төлөхөөр тохиролцсон байгаа боловч түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Хүннү Молл ХХК нь хариуцагч буюу түрээслэгч Эксклюзив ХХК-ийн цахилгааны төлбөрийг тус байгууллагын өмнөөс төлсөн гэсэн тайлбарыг гаргаж, 8 сарын цахилгааны төлбөр 180 015 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Хүннү Молл ХХК нь хариуцагч Эксклюзив ХХК-ийг 6 сарын хугацааны үзэсгэлэнгийн төлбөрт 1 800 000 төгрөг, хурлын өрөөний түрээс 165 000 төгрөг, тайзны арын анонс 165 000 төгрөг, баннер далбаа 52800 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагаа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч Эксклюзив ХХК нь нэхэмжлэгч Хүннү Молл ХХК-ийн сурталчилгаанд оролцож байснаа үгүйсгээгүй бөгөөд Хамтран ажиллах гэрээ-ний 2.2-д үзэсгэлэн худалдаанд оролцох хоёр хоногийн төлбөр нь 600 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцсон байх тул талуудын тохиролцсон хэмжээ буюу 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг 50 142 060 төгрөгийн /3 028 040 + 16 514 020 + 600 000/ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 102/ШШ2017/00084 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 51 904 875 төгрөг гэснийг 50 142 060 төгрөг, 5 293 631 төгрөг гэснийг 7 056 446 төгрөг гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтын 417 474 төгрөг гэснийг 185 710 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Эксклюзив ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52800 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО