Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 84

 

    2017 оны 01 сарын 03 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00084

                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 5716373 регистртэй “Хүннү Молл” ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хороолол, 46 дугаар байрны Б корпуст байнгын үйл ажиллагаа явуулдаг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 10 тоотод байрлах хаягтай, хуулийн этгээдийн 5270219 регистртэй “Эксклюзив” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,198,507.32 /тавин долоон сая нэг зуун ерэн найман мянга таван зуун долоон төгрөг гучин хоёр мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, Ш.Чинхүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн /ШТҮД 2196/ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь “Эксклюзив” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, улмаар түрээслэгч нь өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр тохирч хамтран ажилласан болно. Энэхүү түрээсийн гэрээгээр түрээслэгч нь Хүннү моллын барилгын В1 давхрын 09 тоотод байрлах 107 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг “Эксклюзив брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, зарах” зориулалтаар ашиглахаар тохиролцож түрээсийн байрыг түрээслэгчид бүрэн хүлээлгэн өгсөн. Гэрээний тусгай нөхцлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 1 м.кв талбайн үнийг эхний нэг жилд 16,500 төгрөг, менежментийн төлбөрийг 1 м.кв 25,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Түрээслэгч нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт түрээслүүлэгчийн талбайг түрээслэн ашигласны төлбөрт нийт 33,028,040.32 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй байна. Түрээсийн гэрээний Ерөнхий нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу түрээслэгч нь гэрээнд заасан түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-нд төлөх үүргийг хүлээж байгаа бөгөөд хэрэв төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 2.4-т зааснаар хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх талаар талууд гэрээнд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлжээ. Гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцвол 21,807,651.77 төгрөгийг хууль болон гэрээнд заасны дагуу төлөхөөр байгаа юм. Түүнчлэн түрээсийн гэрээний Ерөнхий нөхцлийн 2.2-т “түрээслэгч нь түрээсийн байранд ашиглах телефон утас, цахилгаан эрчим хүч, интернетийн төлбөр болон бусад өөрсдийн хэрэглээнд ашиглах хэрэглээ үйлчилгээний төлбөрийг хэрэглээний хэмжээ болон тоолуурын заалтаар хариуцан төлнө” гэж заасны дагуу цахилгааны төлбөрт 8 сарын 180,015.22 төгрөг, 6 сарын хугацааны үзэсгэлэнгийн төлбөрт 1,800,000 төгрөг, хурлын өрөөний түрээс болох 165,000 төгрөг, тайзны арын анонс 165,000 төгрөг, баннер далбаа 52,800 төгрөг, нийт 2,182,800 төгрөгийг бусад түрээсийн төлбөрт төлөх үүргийг хүлээж байгаа юм. Түүнчлэн “Хүннү Молл” ХХК-ийн зүгээс “Эксклюзив” ХХК-д хамтран ажиллаж эхэлсэн цагаасаа хойш албан бичгүүдийг хүргүүлж байсан бөгөөд “Эксклюзив ХХК-ийн захирал Г.Майцэцэгийн зүгээс мөн хариу албан бичгүүдийг ирүүлж байсан болно. Өөрөөр хэлбэл дээрх албан бичгүүдээр түрээсийн төлбөрийг төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч түрээслэгч нь өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөхгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байгаа юм. Иймд “Эксклюзив” ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 57,198,507.32 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр болон менежментийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлөх байсан боловч түрээслэгч төлөөгүй байдаг. Хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн. Мөн хариуцагчийн гаргасан удаа дараагийн хүсэлтэд түрээсийн төлбөр төлөх үүргээ мэдэж байгаа гэсэн байдаг. Харин бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул өдөр бүр орлогоосоо 200,000-250,000 төгрөг төлж байя гэсэн байдаг. Иймд түрээсийн гэрээ байгуулсан эсэхэд маргахгүй байх гэж бодож байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг болон 361 дүгээр зүйлийн 361.2 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрөө шаардаж эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сар бүрийн 01-ний өдрийн хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүй бол түрээсийн гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар алданги тоцоох тухай тодорхой заасан. Түрээсийн төлбөр төлөх хугацаа хэтэрсэн бол 0,3 хувиар алданги тооцож, 30 хоногийн хугацаагаар хэтэрсэн бол 0,5 хувиар алданги тооцохоор заасны дагуу нэхэмжилсэн. Мөн гэрээний 2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул шаардлага гаргасан. Хамтран ажиллах гэрээний дагуу экспоны талбайг 6 сар түрээслэсэн, үүний төлбөрийг төлөөгүй тул тус тус нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан. Хариуцагч менежментийн төлбөрт юу ордог тухай мэдэхгүй, энэ тухай нотлох баримт гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримт гаргуулсан. Үүнийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар “Хүннү Молл” ХХК-ийн “хуулбар үнэн” тэмдгийг дарж нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагч “Эксклюзив” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  

Манай компани оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрсдийн нэрийн дэлгүүрүүдээр борлуулдаг байсан. 2014 онд Эксклюзив брэнд нь Улсын их дэлгүүрийн 1 болон 2 дугаар давхарт нийт 480 м.кв талбай түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр үед буюу 2014 оны 4 дүгээр сарын үед “Хүннү Молл” хэмээх том худалдааны төв байгуулагдах гэж байгаа тул хамтран ажиллах санал тавьсан. Гадны брэндийг манай моллд оруулбал маш хөнгөлөлттэй нөхцлөөр түрээслэн хамтран ажиллах болно хэмээн тус моллын түрээс хариуцсан захирлын хэлсний дагуу Польшоос Рубин /RUBIN/ хэмээх брэндийн төлөөлөгчийг Монголд урин авчирч үзэж танилцуулсны дагуу урьдчилсан байдлаар гэрээ хэлцэл 2014 оны 6 дугаар сард хийгдсэн. Гэвч “Хүннү Молл” үйл ажиллагаа эхлэхэд урьд хэлж амлаж байсан нөхцлүүдээ өөрчилсөн учир Польшийн Рубин брэнд татгалзсан. Монголын Эксклюзив брэнд нэгэнт талбайгаа сонгон тавилга тохижилтоо захиалан хийлгэчихсэн, Хүннү Моллд салбар нээнэ гэсэн төлөвлөгөө гарган Улсын их дэлгүүрийн 120 м.кв талбайг хүлээлгэн өгчихсөн учир аргагүй байдалд орон гэрээг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн. Хүннү Молл анх амлахдаа: түрээсийн төлбөр эхний 1 жилд 1 м.кв 0 төгрөг, 2 дахь жилд 1 м.кв нь 13,500 төгрөг, 3 дахь жилд 1 м.кв нь 45,000 төгрөг, менежментийн төлбөр 1 м.кв нь 25,000 төгрөг байхаар тохирсон боловч, үйл ажиллагаа эхлэхэд эхний жилд 1 м.кв 16,500 төгрөг, менежментийн төлбөр 1 м.кв 25,000 төгрөг байхаар өөрчилсөн. Дэлгүүрийн тохижилтод 1 м.кв 250,000 төгрөг, нийт 26,750,000 төгрөг зарцуулсан. Түрээслэгч тал үйл ажиллагаа явуулахад хэвийн орчингоор хангана гэсэн бол бидэнд 2 сарын дараагаас хүндрэл эхэлсэн. Учир нь яг зэрэгцээд солонгос хоолны хиншүү хярвас нь үйлчлүүлэгчид хувцсанд чинь хоолны үнэр шингэчихсэн байна гэж борлуулалтанд нөлөөлж байсан. Үүнийг хэлж мэдэгдсэн ч арга хэмжээ авч байгаагүй. Моллын зүгээс зар сурталчилгаа хийж байгаагүй нь түрээслэгч нар өөрсдөө үйлчлүүлэгчээ татах арга хэмжээ дор бүрнээ авч байсан. Манай компанийн хувьд Польш Монголын бизнес уулзалтыг зохион байгуулж хүмүүсийг татаж Хүннү Моллыг гадаадад сурталчлах арга хэмжээ зохиосон боловч эхэндээ ярьж тохироогүй өнгөрсөн хойно нь нэхэмжлэх бичин төлбөр тавьсан байдаг. Хүннү Моллд түрээсэлсэн хугацаанд 35 хоног нь Моллын зүгээс хаасан байдаг. Хаасан хугацааны мөнгийг нэхэмжлэх ёсгүй гэж үзэж байна. Манай компанийн хувьд татварын зүгээс данс хааж олон гэрээ хэлэлцээр цуцлагдан хүнд байгаагаа тайлбарлан Молл шинээр нээгдэн зар сурталчилгаа муу учир үйлчлүүлэгч бага, Эксклюзив брэнд үйлчлүүлэгч татахын тулд байнга хямдралтай худалдаа хийж алдагдалтай ажиллаж байгаа мөн ирсэн үйлчлүүлэгчид хиншүүтэй хувцас авахаас татгалзаад байна гэх хүндрэлүүд байгааг тайлбарлан түрээсийн нөхцлөө анх ярьж байснаа бодон хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн боловч танайхыг түрээслэх дараагийн хүнээ олсон учир гар гэсэн. Хагас жил шахам хугацаанд үйлчлүүлэгчээ татах гэж Хүннү Моллыг сурталчилсан зардалд 12,000,000 төгрөг, тохижилтонд зарцуулсан хөрөнгө оруулалт 26,750,000 төгрөг, Польшийн Рубин компанийн Монголд ирсэн, байсан бүх зардалд 3,200 ам.доллар буюу 6,400,000 төгрөг, Польш Монголын бизнес уулзалтанд 19,200 ам.доллар буюу 38,400,000 төгрөгийг “Эксклюзив” ХХК гаргасан байдаг. Энэ бүхнийг адилхан бизнес хийж байгаа хүмүүс харилцан тохиролцоод уян хатан шийдэхийн оронд хэт нэг талыг барин давуу эрхээр дээрэнгүй хандаж байгаад гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК нь хариуцагч “Эксклюзив” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 33,028,040.32 төгрөг, алданги 21,807,651.77 төгрөг, 8 сарын хугацааны цахилгааны төлбөр 180,015.22 төгрөг, түрээсийн бусад зардалд 2,182,800 төгрөг, нийт 57,198,507.32 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Эксклюзив” ХХК түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон хугацааны талаар маргахгүй боловч түрээсийн төлбөр тооцох үнийн дүн, менежментийн төлбөрийг эс зөвшөөрч маргасан.

Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 501 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 46,000 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-2206031739 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-ийн өмчлөлийнх мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 13/

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийхээр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбар нь нэхэмжлэгч талаас шинээр гаргасан нотлох баримттай танилцах хугацаа авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, зохигчийг мэтгэлцэх эрхээр ханган боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч, дахин товлогдсон 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагын захирал Г.Майцэцэг болон түүний өмгөөлөгч мэдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

            2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зохигчид Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч “Хүннү Молл” ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамжны 501 тоот хаягт байрлах “Хүннү Молл” барилгын В1 давхрын 107 м.кв талбай бүхий үйлчилгээний өрөөг түрээслэгч “Эксклюзив” ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслүүлж, түрээслэгч нь 1м.кв талбайн үнийг эхний нэг жилд 16,500 төгрөгөөр тооцон, нэг сард 1,765,500 төгрөг дээр менежментийн төлбөрийг 1 м.кв 25,000 төгрөг байхаар тохирч, сар бүрийн 01-ний өдөр, ашиглалтын зардлын хамт төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, түрээслэгчийн тооцоо, Түрээсийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 12, 33-51/

            Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний үүрэг үүсч, гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги болон ашиглалтын зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

            Талууд түрээсийн гэрээний хугацаа 2018 онд дуусахаар харилцан тохиролцсон боловч түрээслэгч “Эксклюзив” ХХК нь түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгч нь хэд хэдэн удаа шаардлага хүргүүлж байсан болох нь “Хүннү Молл” ХХК-ийн мэдэгдлүүдээр тогтоогдоно. Тийнхүү төлбөр төлөхийг удаа дараа шаардсан байх боловч түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгч тал Гэрээний тусгай нөхцлийн 9.3-т заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалжээ. /хх 19, 15-18, 31/

            Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар хариуцагч маргаагүй бөгөөд гэрээний хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 37,028,040.32 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 4,000,000 төгрөг төлж, 33,028.040.32 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК нь хариуцагч “Эксклюзив” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй байна.

            Хариуцагч нь санхүүгийн хүнд байдалд орсон, хажуугийн Солонгос хоолны газрын хиншүүний улмаас үйлчлүүлэгчид бараа худалдан авахаас татгалздаг, шинээр байгуулагдсан худалдан авагч багатайгаас “Хүннү Молл”-ыг сурталчлах зардал 12,000,000 төгрөг, тохижилтод 26,750,000 төгрөг зарцуулсан, Польш улсын Рубин брэндийг Монгол улсад оруулж ирэхээр их хэмжээний зардал гаргасан ч амжилтгүй болсон, гэрээ байгуулснаас хойшхи эхний 1 жилд түрээсийн төлбөр төлөхгүй байхаар урьдчилан тохиролцсон гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, түүнчлэн, түрээсийн төлбөр эхний 1 жилд 0 төгрөг байхаар тусгасан 20 хуудас бүхий гэрээний загварыг талууд баталгаажуулаагүй байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй. /хх 82-101/

Талууд тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан гэрээгээр болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлвэл хэтэрсэн хоног тутамд анз төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүйн алданги шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч нь тийнхүү алданги тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон Түрээсийн гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгдсөн хугацаанаас хамаарч гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх, мөн 30 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0,5 хувиар тус тус алданги тооцон, нийт 21,807,651.77 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчиж байх тул хуулийн дээрх заалтад нийцүүлэн, хариуцагч “Эксклюзив” ХХК-иас алдангийн төлбөрт 16,514,020.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-ийн алдангийн төлбөрт илүү шаардсан 5,293,631.61 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт зааснаар түрээслэгч “Эксклюзив” ХХК нь баримтаар баталгаажсан нэмэлт зардлын төлбөр төлөх үүрэг хүлээх тул нэхэмжлэгчийн шаардсан цахилгааны зардал 180,015.22 төгрөг, үзэсгэлэнгийн болон хурлын өрөөний түрээс, тайзны анонс баннер далбаа зэрэг түрээсийн бусад төлбөрт нийт 2,362,815.22 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна. /хх 11, 12, 56-58, 59-61/

            Харин түрээсийн гэрээгээр талууд харилцан тохиролцсон менежментийн төлбөрийг хариуцагч “Эксклюзив” ХХК хүлээн зөвшөөрөхгүй, үүнд юу хамаарах талаар мэдэхгүй гэж тайлбарлан маргах боловч Түрээсийн гэрээг оролцогч талууд хэн аль нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулсан, уг гэрээний Ерөнхий нөхцлийн 2 дугаар зүйлд “менежментийн төлбөр”-д юу хамаарах талаар тусгайлан заасан, үүнийг түрээслэгч хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Эксклюзив” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу түрээслүүлэгчийн менежментийн үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-иас нотлох баримтаар гаргасан.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “...хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтуудыг “Хүннү Молл” ХХК-ийн “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан нь хуулийн дээрх заалтад хамаарах учир нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж тайлбарлаж байна.

            Гэвч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг учир уг ажиллагааны мэтгэлцээнд оролцогч тал гаргавал зохих нотлох баримтыг өөрөө баталгаажуулах нь хуульд нийцэхгүй бөгөөд, ингэснээр шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй тул шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 117-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-107 дугаар хуудас хүртэлх нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-ийн “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, эдгээр баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эксклюзив” ХХК-иас 51,904,875.71 /тавин нэгэн сая есөн зуун дөрвөн мянга найман зуун далан таван төгрөг, далан нэгэн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,293,631.61 /таван сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун гучин нэгэн төгрөг, жаран нэгэн мөнгө/-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,942 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч “Эксклюзив” ХХК-иас 417,474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хүннү Молл” ХХК-д олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           А.САРАНТУЯА