Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 125/2018/0042/З |
Дугаар | 436 |
Огноо | 2019-12-18 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 436
Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч
Д.Х-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн
Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн
этгээдийн улсын бүртгэгч П.Алтанцэцэгт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Цаст алтайн жинчид” ХХК-ийн 2012.8.29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах
Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 491 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гуравдагч этгээд Ц.Б
Хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Цаст алтайн жинчид” ХХК-ны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд нарын гомдлоор хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 491 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч П.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөвхөн Улсын бүртгэлийн хэлтэс хадгалагдаж байгаа “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан нотлох материалыг үндэслэж, бусад гуравдагч этгээд болон гэрчүүдийн мэдүүлэгт ач холбогдол өгсөнгүй. Ж.Олдох нь Ц.Болдбаатараас 125.000 төгрөг аваагүй гэж худал мэдүүлэг өгсөн, гэрч М.Одсүрэн, Э.Энхтайван нар худал мэдүүлэг өгч байсан.
4. Цаст алтайн жинчид ХХК-ийн 2012.8.30-ны өдөр хийлгэсэн бүртгэлийг тус компанийн үүсгэн байгуулагчдын өөрсдийн гаргасан шийдвэр, баталсан журмын дагуу хийсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчид Ж.Олдохыг хасч, Ц.Болдбаатарыг оруулсан дүрмээ өөрсдөө батлаж авч ирсэн. Компанийн тухай хуулийн 16.2.2-т “ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг заавал тусгана” гэж заасан байгаа тул Компанийн дүрэмд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэр тусгагдахгүй харин тус компанид хувь нийлүүлсэн хувьцаа эзэмшигчдийн нэр тусгагдах ёстой. Иймд тус компанийн хувьцаа эзэмшигчид өөрсдөө өөрчлөлт оруулж дүрмээ баталж гарын үсэг зурсан байгааг нотлоогүй.
5. Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ... санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасны дагуу тус компани нь жил бүр хувьцаа эзэмшигчийн хурлаа зарлан худалдуулж байсан бол Ж.Олдох нь “Цаст алтайн жинчид" ХХК-ийг байгуулагдсан 2010 оноос хойш 2018 онд гомдол гаргах хүртлээ бүтэн 8 жилийн турш хэдэн удаа хуралд оролцож хууль болон компанийн дүрмэнд заасны дагуу эрхээ эдэлж үүргээ биелүүлсэн юм. Хэрэв хурлын зар ирэхгүй байгаа бол компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 61.1.2-т заасны дагуу хэдэн удаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлага гаргасан юм, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл “Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх”, 68 дугаар зүйл “Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох журам” зэргийг хэрхэн хангаж байсан, ер нь товчоор хувь нийлүүлж хувьцаа эзэмшигч болсон компани нь ажиллаж байна уу, үгүй юу гэдэгт хэрхэн хандаж байсан зэргийг тогтоогоогүй.
6. Иймд Ж.Олдох нь 2012 онд хувьцаа эзэмшигчээс гарснаас хойш 6 жилийн дараа Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан гомдол гаргах хугацаа зөрчсөн байгаа тул Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Гуравдагч этгээд Ц.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Д.Х-ын нэхэмжлэлтэй “Цаст алтайн жинчид” ХХК-ийн улсын бүртгэл, үүсгэн байгуулагчтай холбоотой хэргийг Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг үнэн мөнөөр нь шийдэж өгөөгүй. Иргэн миний бие Ховд аймгийн шүүхээс татгалзсан боловч эс зөвшөөрч шүүх хурлыг хийсэн. Хурал хийхэд нэг талыг баримталж хийсэн. Учир нь 2014 оноос одоог хүртэл хууль бусаар “Цаст алтайн жинчид” ХХК-ийг хууль бусаар эзэмшиж байгаа, энэ хэргийг гол эзэн М.Одсүрэнгийн төрсөн дүү болох М.Нямбаяр нь Ховдын эрүү, иргэний хэргийн ерөнхий шүүгч бөгөөд уг хэргийг ил далдаар шууд нөлөөлдөг.
8. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүгч нар амьд гэрчийн мэдүүлэг “Цаст алтайн жинчид” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын өгсөн бодит мэдүүлгийг хэрэгсэхгүй байна. Ж.Олдохын үү О.Батмонгол нь М.Одсүрэнгийн хамтрагч бөгөөд 2012 оноос хойш “Цаст алтайн жинчид” ХХК-ийг хууль бусаар эзэмшиж байгаа хүний нэг юм. Иймд тус хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
10. Ж.О-ыг төлөөлж түүнээс олгосон итгэмжлэлийн дагуу Д.Х-аас “Цаст алтайн жинчид” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дүрмийг 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргахдаа “... Олдох нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс хасагдсан болохоо хүү О.Батмонголоос 2018 оны 4 дүгээр сарын эхээр утсаар мэдсэн, ... Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр өгсөн хариуг /гардаж аваагүй/ олж уншаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэж нэхэмжлэл гаргах хугацааны талаар тайлбар хийжээ.
11. Уг нэхэмжлэлийн дагуу шүүх 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн ба хариуцагчаас “... Ж.Олдох нь бүртгэлийг 2018 оны 3, 4 дүгээр сард мэдсэн гэдэг нь үнэмшилгүй, ... мэдсэн гэж байгаа дээрх хугацааг нотлуулах хүсэлтэй байна” гэж хариу тайлбар шүүхэд ирүүлж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар маргасан байна.
12. Түүнчлэн, хэрэгт авагдсан “Цаст алтайн жинчид” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолоос үзэхэд, “компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, 74 хувь нийлүүлэгчтэй болсныг, ТУЗ-ийг 5 гишүүнтэй байхаар үүнд О.Б /Ж.Олдохын хүү/-ыг ТУЗ-ийн гишүүнээр томилсон”-ыг шийдвэрлэсэн ба хувь нийлүүлэгч гэх 74 хүний нэрсийн жагсаалт болон тэдгээрийн гарын үсэг бүхий баримт /хуудас/-д Ж.О-ын нэр ороогүй, эндээс үзвэл, нэхэмжлэлд дурдсаны дагуу, нэхэмжлэгч Ж.О-ыг “Цаст алтайн жинчид” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг 2018 оны 4 дүгээр сард мэдсэн гэж үзэх, уг хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тооцож, тоолох нь эргэлзээтэй байна.
13. Гэтэл, анхан шатны шүүх 2012 оны бүртгэлийн талаар 2018 онд маргаж, нэхэмжлэл гаргасан байхад шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар огт дүгнээгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар, хэрэгт цуглуулсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ба хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 03 дугаар тогтоолыг дурдаж, Ж.Олдох хувьцаа эзэмшигчээс гарснаа 2015 онд мэдсэн” гэж нотлох баримт зааж, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байхад уг асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу, “шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн” гэх хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.Алтанцэцэг болон гуравдагч этгээд Ц.Б нараас тус тус хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.
14. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд дүгнэгдээгүй асуудлаар дүгнэлт хийх, хэрэгт авагдсан эргэлзээтэй баримтад тулгуурлан хөөн хэлэлцэх хугацааг дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 491 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг, гуравдагч этгээдээс төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ