Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02275

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02275

 

 

 

О.Амарсанаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/02432 дугаар шийдвэртэй О.Амарсанаагийн нэхэмжлэлтэй, Г.Батбаярт холбогдох, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Сүхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч О.Амарсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 12 дугаар гудамжны 2 тоот газрыг Я.Авирмэдээс худалдан авсан. Уг газар дээрээ очиж буух гэтэл хариуцагч нь миний газар, эндээс нүүхгүй гээд бидэнд газрыг чөлөөлж өгөхгүй чирэгдэл учруулж байна. Анх газрыг худалдан авахдаа газрын албан дээр очиж өмчлөх, эзэмших эрхийн маргаан байгаа эсэхийг шалгуулсны эцэст худалдах худалдан авах гэрээ байгуулж газрыг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан ба 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гарсан гэрчилгээнд 2 айлын газрыг нэгтгэж гаргаснаас нэгж талбарын дугаар буруу гарсан учир энэ талаар Газрын албанд дахин хандаж зөвтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дахин шинээр гэрчилгээ гарсан. Газар өмнө нь Хадгаламж зээлийн хоршоонд барьцаатай байсан эсэх асуудлыг мэдэхгүй, биднийг худалдаж авахад уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээ Я.Авирмэд гэдэг хүний нэр дээр байсан, хууль зөрчөөгүй. Тиймээс өөрийн өмчлөлийн газартаа бууж өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэх хүсэлттэй байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: О.Амарсанааг танихгүй,түүний өмнө үүрэг хүлээсэн ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй, үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг газар Ай Эн Ти Ти ХХК болон иргэн Л.Цэцэгмаа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний барьцаанд байсан. Тухайн үед барьцаат зээлийн гэрээг бүртгүүлээгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Ай Эн Ти Ти ХХК болон Л.Цэцэгмаа нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/13 тоот зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тухайн үед Ай эн Ти Ти ХХК-ийн эрсдэлийн албаны ажилтан Д.Пүрэвдорж гэгч нь газрын өмчлөгч Л.Цэцэгмаагаас барьцааны зүйл болох газрыг худалдах, худалдан борлуулах итгэмжлэл авсан. Ай эн Ти Ти ХХК нь 550 000 төгрөгийг хүүнд авч зээлдэгчид 5 000 000 төгрөг өгсөн. Ай эн Ти Ти ХХК-ийн үйлдэл нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн. Ай эн Ти Ти ХХК нь зээлийн гэрээ дуусаагүй байхад өмчлөгчид мэдэгдэлгүй буюу дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж уг газрыг иргэн Я.Авирмэдийн нэр дээр шилжүүлж, улмаар Я.Авирмэд нь О.Амарсанаад дээрх газрыг санаатайгаар зах зээлийн үнээс хэт доогуур зарж бусдын өмчлөх эрхэд халдсан. Хариуцагчийн ээж болох иргэн Л.Цэцэгмаагийн эрх ашиг хөндөгдөж олон жил амьдарч ирсэн газраа хууль бусаар бусдад алдсан учраас Ай эн Ти Ти ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татаж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ай эн Ти Ти ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Тухайн газарт олон жил амьдарч байгаа, өмчлөх, эзэмших эрхтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 12 гудамж 2 тоот хаягт байршилтай, 18630310696130 нэгж талбарын дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-2201002870 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрыг хариуцагч Г.Батбаярын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батбаяраас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Амарсанаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сүхболд давж заалдах гомдолдоо: Анх Ай Эн Ти Ти ХХК болон иргэн Л.Цэцэгмаа нарын хооронд хийгдсэн 5 000 000 төгрөгийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/13 тоот хууль бус зээлийн гэрээний барьцаанд байхад нь тус компанийн ажилтан Д.Пүрэвдорж нь газрын хууль ёсны өмчлөгч Л.Цэцэгмаагаас барьцааны зүйл болох газрыг худалдах, худалдан борлуулах итгэмжлэл авч итгэл эвдэн Я.Авирмэдэд шилжүүлэн, улмаар О.Амарсанаад зах зээлийн үнээс хэт доогуур үнээр зарж хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Тус газар нь Г.Батбаярын ээж Л.Цэцэгмаагийн өмч байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/13 тоот хууль бус гэрээ, Д.Пүрэвдоржид хууль бусаар олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ болон Д.Пүрэвдоржид олгогдсон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх хэлэлцүүлээгүй, Ай Эн Ти Ти ХХК-ийн хаягыг олж тогтоон холбогдох тайлбар гаргуулах талаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн2388 тоот шүүхийн эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан, тус шийдвэр хэрэгжээгүй байхад шүүх хэт нэг талыг барьж Л.Цэцэгмаа, Г.Батбаяр нарын эрх хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шиийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, зохигчдын маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.Амарсанаа нь хариуцагч Г.Батбаярт холбогдуулан газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

О.Амарсанаа нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 12 дугаар гудамжны 2 тоот хаягт байршилтай, 700 м.кв газрыг Я.Авирмэдээс худалдан авсан болох нь хэрэгт авагдсан газар худалдах, худалдан авах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 63, 85 дугаар тал/

 

Хэргийн 46-59 дүгээр талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаас үзвэл маргааны зүйл болох тухайн газрыг Л.Цэцэгмаа нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжаар анх гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 00024248 дугаар гэрчилгээний дагуу өмчилж, Г-2201002870 дугаарт бүртгэгдсэн, Уг газрыг Л.Цэцэгмаа нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу Я.Авирмэдийн өмчлөлд, Я.Авирмэд нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр О.Амарсанаагийн өмчлөлд тус тус шилжүүлсэн үйл баримт нотлогдсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Батбаярын эх Л.Цэцэгмаа нь маргаан бүхий газрын өмчлөгч байсан боловч өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, Г.Батбаяр нь уг газрыг эзэмшиж байгаа ч тэдгээрийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болжээ. Хариуцагч түүний өмгөөлөгч нарын ... Хууль ёсны өмчлөгч Л.Цэцэгмаа, түүний хүү Г.Батбаяр нарын эрх, хууль ёсны эрхийг зөрчсөн гэх гомдол, тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000536744 дүгээр гэрчилгээ олгогдон, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 12 дугаар гудамжны 2 тоот хаягт байршилтай, 18630310696130 нэгж талбарын дугаартай, 700 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бүртгэлийг шүүх болон эрх бүхий бусад байгууллагаас хүчингүй болгосон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч маргааны зүйл болж буй дээрх газарт олон жил амьдарч байгаа тул газрыг өмчлөх, эзэмших эрхтэй гэх боловч уг үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өмчлөх, эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тэрээр өөрийн тайлбар, татгалзал, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан тул энэ журмын дагуу эзэмших эрхийг олж аваагүй хариуцагч нарын эзэмшил хууль бус юм.

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн /хх-ийн 95 дугаар тал/, энэ талаар мэтгэлцэх боломж олгоогүй гэх үндэслэлгүй, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Давж заалдах гомдолд дурдсан өөр бусад этгээд хоорондын зээлийн гэрээ, болон барьцааны гэрээ, итгэмжлэлийн хүчин төгөлдөр бус болох, тухайн барьцааны гэрээ нь хууль зөрчсөн гэх асуудал О.Амарсанаагийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх бөгөөд хариуцагчийн хувьд энэ асуудлаар зохих этгээдүүдэд холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/02432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Б.НАРМАНДАХ