Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00400

 

О.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/02432 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2275 дугаар магадлалтай

О.Агийн нэхэмжлэлтэй,

Г.Бт холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сүхболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч С.Сүхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 12 дугаар гудамжны 2 тоот газрыг Я.Авирмэдээс худалдан авсан. Уг газар дээрээ очиж буух гэтэл хариуцагч нь миний газар, эндээс нүүхгүй гээд бидэнд газрыг чөлөөлж өгөхгүй чирэгдэл учруулж байна. Анх газрыг худалдан авахдаа газрын албан дээр очиж өмчлөх, эзэмших эрхийн маргаан байгаа эсэхийг шалгуулсны эцэст худалдах худалдан авах гэрээ байгуулж газрыг 5 000 000 төгрөгөөр худалдан авсан. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан ба 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гарсан гэрчилгээнд 2 айлын газрыг нэгтгэж гаргаснаас нэгж талбарын дугаар буруу гарсан учир энэ талаар Газрын албанд дахин хандаж зөвтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дахин шинээр гэрчилгээ гарсан. Газар өмнө нь Хадгаламж зээлийн хоршоонд барьцаатай байсан эсэх асуудлыг мэдэхгүй, биднийг худалдаж авахад уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээ Я.Авирмэд гэдэг хүний нэр дээр байсан, хууль зөрчөөгүй. Тиймээс өөрийн өмчлөлийн газартаа бууж өмчлөх, эзэмших эрхээ хэрэгжүүлэх хүсэлттэй байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Аг танихгүй,түүний өмнө үүрэг хүлээсэн ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй, үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг газар “Ай Эн Ти Ти” ХХК болон иргэн Л.Цэцэгмаа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний барьцаанд байсан. Тухайн үед барьцаат зээлийн гэрээг бүртгүүлээгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Ай Эн Ти Ти ХХК болон Л.Цэцэгмаа нарын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/13 тоот зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тухайн үед “Ай эн Ти Ти” ХХК-ийн эрсдэлийн албаны ажилтан Д.Пүрэвдорж гэгч нь газрын өмчлөгч Л.Цэцэгмаагаас барьцааны зүйл болох газрыг худалдах, худалдан борлуулах итгэмжлэл авсан. Ай эн Ти Ти ХХК нь 550 000 төгрөгийг хүүнд авч зээлдэгчид 5 000 000 төгрөг өгсөн. “Ай эн Ти Ти” ХХК-ийн үйлдэл нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчсөн. “Ай эн Ти Ти” ХХК нь зээлийн гэрээ дуусаагүй байхад өмчлөгчид мэдэгдэлгүй буюу дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж уг газрыг иргэн Я.Авирмэдийн нэр дээр шилжүүлж, улмаар Я.Авирмэд нь О.Ад дээрх газрыг санаатайгаар зах зээлийн үнээс хэт доогуур зарж бусдын өмчлөх эрхэд халдсан. Хариуцагчийн ээж болох иргэн Л.Цэцэгмаагийн эрх ашиг хөндөгдөж олон жил амьдарч ирсэн газраа хууль бусаар бусдад алдсан учраас “Ай эн Ти Ти” ХХК-ийг шүүхэд хариуцагчаар татаж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. “Ай эн Ти Ти” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Тухайн газарт олон жил амьдарч байгаа, өмчлөх, эзэмших эрхтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/02432 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 12 гудамж 2 тоот хаягт байршилтай, 18630310696130 нэгж талбарын дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-2201002870 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв газрыг хариуцагч Г.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2275 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/02432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Сүхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 12 гудамж 02 тоот байршилтай, 18630310696130 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-2201002870, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэл 000536744 гэрчилгээтэй газрыг Г.Бын эзэмшлээс чөлөөлүүлж О.Ад олгохоор шүүх шийдвэрлэхдээ тухайн газар анхнаасаа " Ай Эн Ти Ти" ХХК болон иргэн Л.Цэцэгмаа нарын хооронд хийгдсэн хууль бус 5 000 000 төгрөгийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 144/13 тоот зээлийн гэрээний барьцаанд байхад нь тус компанийн ажилтан гэх Д.Пүрэвдорж нь газрын хууль ёсны өмчлөгч Л.Цэцэгмаагаас барьцааны зүйл болох газрыг худалдах, худалдан борлуулах итгэмжлэл авч итгэл эвдэн Я.Авирмэд гэгчид шилжүүлэн, улмаар О.Ад зах зээлийн үнээс хэт доогуур үнээр зарж хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчсөн байдаг. Тус газар нь хариуцагч Г.Бын ээж Л.Цэцэгмаагийн өмч байсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний 144/13 тоот хууль бус гэрээ, Д.Пүрэвдоржид хууль бусаар олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж, 2013 оны 10  дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ болон Д.Пүрэвдоржид олгогдсон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх хэлэлцээгүй, "Ай Эн Ти Ти" ХХК-ний хаягийг олж тогтоон холбогдох тайлбар гаргуулах талаар 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2018/02388 тоот шүүхийн эрэн сурвалжлуулах шийдвэр гараад хэрэгжээгүй байхад Д.Пүрэвдорж, Я.Авирмэд нарын хууль бус үйлдэлд холбогдох үнэлэлт дүгнэлт өгөлгүй шүүх хэт нэг талыг барьж иргэн Л.Цэцэгмаа болон түүний хүү Г.Б нарын эрх хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан    болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

О.А нь Г.Бт холбогдуулан газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

О.А нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 12 дугаар гудамжны 02 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18630310673122 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг “Газар худалдах-худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр Я.Авирмэдээс худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, улмаар №00053353 дугаарын гэрчилгээ авснаар маргаж буй газрын өмчлөгч болжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

О.А өөрийн өмчлөлийн газрыг Г.Бын эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй боловч гагцхүү Г.Бын эзэмшил хууль бус нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тус газар нь түүний ээж Л.Цэцэгмаагийн өмч, “Ай Эн Ти Ти” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байсныг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаалагч барьцааны хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Л.Цэцэгмаа нь хууль бусаар өмчлөх эрхээ алдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар маргаж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаар захирамжаар Л.Цэцэгмаа өмчилж, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Я.Авирмэдийн өмчлөлд, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Я.Авирмэдээс О.Агийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг  хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн   40.1., 40.2., 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээхдээ өөрийн эрхийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, сөрөг нэхэмжлэл нь энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж, 73.2.-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ, бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”, маргаж буй газрыг бусдад худалдах гэрээнд өмчлөгчийг төлөөлөх эрхийг Д.Пүрэвдоржид  олгосон итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч О.А нь тус “Барьцаат зээлийн гэрээ”-ний оролцогч биш, мөн Л.Цэцэгмаагаас Д.Пүрэвдоржид олгосон итгэмжлэлд нэхэмжлэгч хамааралгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох нэхэмжлэл гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн шүүх хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй, хариуцагч бус хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Маргаж буй газрын өмчлөл нэхэмжлэгчид хууль бусаар шилжсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүх нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй тул “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ...нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2018/02432 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2275 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч С.Сүхболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД