Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 408

 

“ДЦС-4” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

 БГД-ийн ЗД-д холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                             П.Соёл-Эрдэнэ   

                                             Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн “Э” ХХК-д 3.5 га газар олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2019/0509 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч З.А нарыг оролцуулж,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн / 2002 оны / 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ДЦС-4” ТӨХК-ийн БГД-ийн ЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2019/0509 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3.  Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн захирал Б.Д:  “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ/2019/0478 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2019/0509 дүгээр магадлалыг гуравдагч этгээдийн хувьд эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар гомдол гаргаж байна. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт нь захиргааны байгууллага өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай заалт гэж ойлгож байна. Шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2 дахь хэсгийг үндэслэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. “ДЦС-4” ТӨХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2002 оны оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 дугаар захирамжаар олгогдсон газар эзэмших эрх дуусгавар болсон учир Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийг гаргах эрх зүйн үндэслэл бий болсон.

4. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана” гэж заажээ.

Хугацаа 2007 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул Засаг өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргажээ гэж дүгнэж болно. “Э” ХХК-д эзэмшүүлсэн 3,46 га газрын төлбөрийг тус компани төлж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан үүргээ биелүүлж ирсэн. Үүнээс үзэхэд “ДЦС-4” ТӨХК нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180  дугаар захирамжаар олгогдсон 741985 м.кв газрын төлбөр болох  жилийн 81618350 төгрөгийг “Э” ХХК-д газар эзэмшүүлснээс хойш төлж байгаагүй нь шүүхийн шийдвэрт дурдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас харагддаг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны А/306, 2017 оны А/356 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5. Маргаж байгаа Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 121 дүгээр захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулиар дагаж мөрдөх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Шүүх үүнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Шүүх нотлох баримтыг бүрэн гаргуулж шийдвэр гаргасангүй нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хүсэлтээр гаргуулсан Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамж  2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирснээр нотлогдож байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 515 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийг баталгаажуулсан. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2019/0509 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Баянгол дүүргийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжийн "Э” ХХК-д 3.5 га газар олгож шийдвэрлэснийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ. Дүүргийн Засаг даргын дээрх захирамж нь 2007 он буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гарсан бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж, улмаар дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалттай.

8. Нэхэмжлэлийг цаг хугацааны хувьд 2019 онд гаргаж байгаа үйлдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2017 он/-иар шийднэ гэж ойлгож хэргийг шийдвэрлэх нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд “Дүүргийн Засаг даргын 2007 оны 121 дүгээр захирамж нь 2007 онд гарсан боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "... захиргааны акт... илт хууль бус болох нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно. Харин захирамжийн хууль зүйн үндэслэл илт хууль бус болохыг тогтоох хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг тогтооход тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг /2002 он/ дагаж мөрдөх ёстой” хэмээн дүгнэсэн. Дээрх шийдвэрээс харахад маргаан бүхий асуудлыг шинэ болон хуучин хуулийн холбогдох заалтыг үндэслэж нэхэмжлэгчид ашигтай байдлаар 2007 онд болсон үйл явдалд 2019 онд нэхэмжлэл гаргаж, 2017 оны хүчин төгөлдөр хууль болон 2002 оны хүчингүй болсон хуулийг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм.

9. Нөгөөтэйгүүр “ДЦС-4” ТӨХК-д дүүргийн Засаг даргын 2014 оны А/443, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/301, 2017 оны А/356 дугаар захирамжаар тус тус Баянгол дүүргийн 20 дугаар хороонд газар эзэмших эрх олгогдсон талаарх баримтыг хэргийн материалд хавсаргасан байдаг боловч анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд бодит байдалд маргаан бүхий газрын төлбөрийг хэн төлж ирсэн талаарх баримтыг Нийслэлийн газрын алба болон холбогдох байгууллагуудаас тодруулаагүй нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхээс цуглуулаагүй гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь бодитоор хэн газрын жинхэнэ эзэмшигч гэдгийг нотолж байгаа үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

11. Нэхэмжлэгч “ДЦС-4” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан “төрийн байгууллага”-д хамаарах үндэслэлтэй гэж үзнэ, иймд нэхэмжлэгч байгууллагад мөн хуулийн 35.1.4-д заасан “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрх хамаарахгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Ийнхүү төрийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй байхад /Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 нь агуулгын хувьд хориглосон зохицуулалт гэж үзэхээр байна/ хариуцагч БГД-ийн ЗД  талуудын хүсэлтийг үндэслэн маргаан бүхий акт болох 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 121 дүгээр захирамжаар нэхэмжлэгч байгууллагын эзэмшил газраас 3.5 га газрыг гуравдагч этгээд “Э” ХХК-д олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх алдаанд хамаарч байгаа тул илт хууль бус захиргааны акт байна.

13. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул “гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4, 8-д заасан гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Тодруулбал, нэгэнт маргаан бүхий акт илт хууль бус болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл гарах ёсгүй акт гарсан бөгөөд энэ нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул гуравдагч этгээдийн газар эзэмших эрх үүссэн, гуравдагч этгээд газрын төлбөрийг төлж байсан...” зэрэг үйл баримт нь маргаан бүхий актын алдааг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий актын 2 дахь заалтаар гуравдагч этгээдэд газрыг шинээр эзэмшүүлсэн агуулгатай байх тул нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж үзэхгүй, мөн шилжүүлсэн гэх газар нь анхнаасаа нэхэмжлэгчийн газар эсэх нь эргэлзээтэй” гэж хяналтын шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан ч, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /“... 3.4 га газрыг тусгаарлан шилжүүлэх тухай “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан бичиг, гуравдагч этгээдийн өөрийнх нь тайлбар, маргаан бүхий газар нь нэхэмжлэгч байгууллагын хашаан дотор байгаа бодит үйл баримт гэх мэт/ үгүйсгэгдэж байна.     

16. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үйлчилж буй процессын хуулийг хэрэглэх ёстой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон /14 дүгээр зүйлийн 14.5-д “... захиргааны акт, ... илт хууль бус болох, ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул “нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийг хэрэглэх ёстой байсан” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 7, 8-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.

17. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь материаллаг болон процессын эрх зүйн зохицуулалтын аль алиныг нь агуулсан холимог шинжтэй хууль байсан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа одоо үйлчилж буй процессын хуулийг, харин маргаан бүхий актад тавигдах эрх зүйн алдааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-г хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг /Тодорхойлох хэсгийн 7/ хангах боломжгүй.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0478 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2019/0509 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ