Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02273

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02273

 

 

 

Б.Нанжидын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01850 дугаар шийдвэртэй Б.Нанжидын нэхэмжлэлтэй, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-д холбогдох, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 5 022 474 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Нанжид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн захирлын Б/302 дугаар тушаалын дагуу тус компанийн Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн ажилтны албан тушаалд туршилтын хугацаагаар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/430 дугаар тушаалын дагуу үндсэн ажилтнаар томилогдсон. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаал гарч ажлаас халсан. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1.1.3, 11.1.4.6, 11.1.4.10, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудын тус тус зөрчсөн гэх боловч дээрх үндэслэлүүдийг зөвшөөрөхгүй. Тус компанид ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон холбогдох дүрэм, журамд заасан ямар нэгэн сахилгын зөрчил бодитоор гаргаагүй, ажилтнуудыг дарамтлаагүй. н.Мягмарбал нь Их засаг сургуулийн оюутан, цаг хожимдож байгаагүй, зохицуулах зүйл байгаагүй. Цалингийн зээл авч өг гэж хэлээгүй, харин түүнээс н.Мөнх-Отгонд мөнгө зээлдүүлж авч өгч байсан. Ш.Цэцэгсүрэнгээс 100 000 төгрөг зээлж аваад буцаан төлсөн. Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл надад байхгүй. Гагнуурчин н.Ганзориг 2 сар ажилдаа ирээгүй, ажлаас чөлөөлсөн. Зэс карт авахуулсан гэдгийг мэдэхгүй. Бусад хүмүүсийн бичгийг авчирч өгсөн. Үүрэгт ажлаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу үнэн шударгаар гүйцэтгэж байхад н.Баярмагнай дарга олон сарын өмнөөс намайг ажлаас халах гээд байсан санаагаа хэрэгжүүлсэн. Иймд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус компанийн хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 5 022 474 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Нанжид нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Ерөнхий удирдлагын газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ажилтнаар 2015 оны 9 дүгээр сараас ажилласан бөгөөд тус газрын Аж ахуй, үйлчилгээний хэлтсийг хариуцан ажилладаг байсан. Түүний хариуцдаг хэлтсийн ажилтнуудаас Б.Нанжидыг ажилтнуудтай зүй бус харьцдаг буюу цалингийн зээл авахуулж, эргэн төлөхгүй удаадаг, цагийн хоцрогдолтой ажилтнуудыг цагийг чинь зохицуулж өгсөн гэдэг шалтгаанаар мөнгө зээлэх нэрийн дор нэхэж авдаг, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлсэн ажилтнаас би зохицуулж өгсөн мөнгө өг гэж шаардсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаад байгаа тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Ажилтнуудын гомдлоос дурдвал, слесарь Т.Мягмарбал: Би ШУТИС-д мэдээллийн технологийн чиглэлээр ажиллангаа суралцдаг тул цагийн хоцрогдол гаргадаг байсан ба түүнийг хүний нөөцийн ажилтан мэддэг байсан. Цалингийн зээл авахад заавал хүний нөөцийн ажилтнаар дамждаг байсан тул намайг сургалтын төлбөрөө төлөх гээд цалингийн зээл авах гэж байгааг мэдээд гуйсаар байгаад мөнгө зээлсэн бөгөөд төлөлгүй удсан, үйлчлэгч Ш.Цэцэгсүрэн: Компанийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх журмын дагуу 2017 онд надад 6 000 000 төгрөг компаниас олгосон. Б.Нанжид асуудлыг чинь шийдвэрлэхэд би тусалсан гэх шалтгаанаар мөнгө зээлээч гэхэд нь 100 000 төгрөг зээлүүлсэн бөгөөд 40 000 төгрөгийг эргүүлэн өгөөгүй гэх гомдлуудыг Захиргаа хуулийн хэлтэст гаргасан. Компанийн хүний нөөцийн зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар Б.Нанжидыг байлцуулан Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар хэлэлцсэн. Уг хурал дээр Б.Нанжид нь ажилтнуудаас мөнгө зээлсэн гэхдээ эргүүлэн төлсөн, зарим ажилтнаар Зэс карт гаргуулан хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Ш.Цэцэгсүрэнгээс 100 000 төгрөг аваад 40 000 төгрөгийг буцааж өгөөгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Эдгээр үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны хориглох зүйлийг зөрчсөн буюу албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хариуцан ажилладаг Аж ахуйн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудаас цалингийн урьдчилгаа авахуулж мөнгө авсан, Голомт банк ХХК-ийн зэс карт гаргуулан ашигласан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах үндэслэл болсон. Мөн Б.Нанжид нь компанийн аттестатчиллын шалгалтад давтан хангалтгүй дүгнэгдсэн нь ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах шалтгаан болсон. Гэхдээ бид тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлаагүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Б.Нанжидын Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5 022 474 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс 95 310 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Нанжид давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Б.Нанжид миний хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн үйлдлийн тухай гэх үйл баримтыг дурдсан боловч энэ нь ажил олгогч болон ажилтан хоорондын бус Б.Нанжид миний болон бусад гуравдагч этгээдүүд хоорондын гэрээний асуудал болохыг харгалзаж үзээгүй. Тодруулбал, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Мягмарбал болон Ш.Цэцэгсүрэн нар нь надад тодорхой үнийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг зээлсэн тухайгаа мэдүүлсэн ба энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заагдсан хувь хүмүүс хоорондын зээлийн гэрээний харилцаа байхад, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заагдсан ажилтан болон ажил олгогч хоорондын хөдөлмөрийн гэрээний харилцаанаас зөв ялгаж тодорхойлоогүй. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан намайг өдөр тутамд хувь хүмүүсийн хооронд байгуулагдаж байдаг зээлийн гэрээний нэг тал болсны төлөө албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зөрчил гаргасан гэх үндэслэлгүй дүгнэлтэд хүрсэн. Шүүх талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг баримтлан, намайг тус хэсэгт заагдсан ажил олгогчийн болон хамт олны нэр хүндэд харшлах, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ мэдээлэл тараах, дарамт шахалт үзүүлэх... зэрэг буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргах ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзвэл Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заагдсан ноцтой зөрчил-ийн аль нь ч гараагүй, ажилтнуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанаас шалтгаалан Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-д сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ мэдээлэл гадагш тарсан, гуравдагч этгээдийн өмнө байгууллага болон хамт олны нэр хүнд унасан сөрөг нөхцөл байдал үүсээгүй, хариуцагчийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Энэ нь шүүх талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчил-ийн хэв шинж нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон эсэхийг хангалттай хянаж үзээгүй. Энэ нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/159 тушаалд ч мөн адил хамаарах ба ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан миний эрхийг үндэслэлгүйгээр хохироож, хөдөлмөрлөх эрхэд маань ноцтой халдсан үйлдэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нанжид намайг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн хүний нөөцийн удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн ажилтан-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 5 022 474 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Нанжид нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 5 022 474 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Б.Нанжид нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар тус компанийн Хүний нөөцийн хэлтсийн Хүний нөөцийн ажилтны албан тушаалд туршилтын хугацаагаар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/430 дугаар тушаалын дагуу үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан бөгөөд хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаалаар гарч хүний нөөцийн ажилтны үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /хх-ийн 4, 5, 6-8,10 дугаар хуудас/

Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар бүлгийн 3.1.11, 11 дүгээр бүлгийн 11.1.1.3, 11.1.4.6, 11.1.4.10, Хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалт, Хүний нөөцийн зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэж ажилтныг албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хариуцан ажилладаг ажилтнуудаас цалингийн урьдчилгаа авахуулж мөнгө авсан, дарамт шахалт үзүүлсэн зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарласан.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Аж ахуй, үйлчилгээний хэлтсийн ажилтан М.Ганболд, Д.Батхүү нараас Б.Нанжидын ёс зүй, зан харилцаа болон албан тушаалаа ашиглан ажилчдаас мөнгө авдаг талаар мэдээлэл гаргаснаар байгууллагын зүгээс шалгаж, компанийн Хүний нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцжээ./хх-ийн 37-44,73 дугаар тал/

Хүний нөөцийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд хариуцагч байгууллагын хуульч Д.Алтайсайхан гомдол гаргасан хүн нэг бүртэй уулзаж нөхцөл байдлыг тодруулсан, слесарь Т.Мягмарбалын тайлбарт 2017 оны 8 дугаар сард цалингийн урьдчилгаа авахаар өргөдлөө өгөхөд Б.Нанжид нь би өөрийн гараар дарга нараар зуруулаад өгье гээд авсан. Хэдэн цагийн дараа зуруулчихлаа, надад 150 000 төгрөг зээлчих гэхэд нь өгсөн. 7 хоноод буцааж өгнө гэсэн боловч олон удаа нэхүүлэн байж 45 хоногийн дараа өгсөн. Сүүлд дуудаж уулзахдаа чи Хаан банк руу шилжиж зээл аваач гэсэн. ... Сургалтын төлбөр хийх гэж байсан ч удирдах албан тушаалтан асуухад үгүй гэж хэлж чадахгүй өгсөн гэж, Д.Батсүхийн тайлбарт 2017 оны 6 дугаар сард авсан урьдчилгаанаас 200 000 төгрөгийг хадгалж байгаад өгье гэж байлгаж байгаад мөнгөний асуудал гараад ирэхээр 2018 оны 3 дугаар сард уг мөнгийг өгсөн гэж, үйлчлэгч Ш.Цэцэгсүрэнгийн тайлбарт 2017 оны 9 дүгээр сард ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж надад 6 000 000 төгрөг олгосон. Б.Нанжид би нэрийг чин оруулж өглөө шүү гэж байсан. Зах дээр явж байхад чи мөнгөө авсан биз дээ, надад мөнгө хэрэгтэй байна 100 000 төгрөг зээлүүлээч гээд авсан, 60 000 төгрөгийг буцааж өгөөд 40 000 төгрөгийг өгөөгүй байгаа ... гэж, Т.Сэржмядагийн тайлбарт Б.Нанжид нь намайг мөнгө зээл, эсхүл мөнгө зээлэх хүн олж өг гэхээр нь н.Болороогоос 2 000 000 төгрөг зээлж өгсөн ... гэх зэргээр байгууллагын хүний нөөцийн ажилтан нь ажилчдаас зээл нэрээр мөнгө авдаг, бусдад авч өгдөг, харилцдаг банк олж өгч зээл авахыг шаардах гэх мэт үйлдэл гаргадаг талаар тус тус дурджээ. Нэхэмжлэгч эдгээрийг үгүйсгээгүй бусдаас мөнгө авч, буцааж өгсөн талаар тайлбарласан байна. /хх-ийн 37-44 дүгээр тал/

Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Мягмарбал, Ш.Цэцэгсүрэн нар Б.Нанжидын дээрх үйлдлийг гэрчилж мэдүүлсэн. /хх-ийн 96-109 дүгээр тал/

Талуудын хоорондын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.3-т зааснаар Хөдөлмөрийн хууль болон дотоод журамд зааснаас гадна дараах ноцтой зөрчил нь ажилтныг ажил олгогчийн санааачлагаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Үүнд: - Ажил олгогчийн болон хамт олны нэр хүндэд харшлах, үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөхүйц ... дарамт шахалт үзүүлэх ... зэргээр эрх, эрх чөлөөнд нь халдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг нэрлэн зааж тохиролцсон. /хх-ийн 7 дугаар тал/

Түүнчлэн Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.7-т Хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор Компанийн нэр төр болон албан тушаалын эрх мэдэл давуу талаа ашиглахыг ажилтанд хориглосон. Мөн 11.1.4, 11.1.4.6-т Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ. /хх-ийн 31-32 дугаар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны хориглох зүйлийг зөрчсөн буюу хүний нөөцийн ажил эрхэлдэг албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хариуцсан ажилтнуудаас цалингийн урьдчилгаа авахуулж мөнгө авч ашиглан эдийн засгийн эрх чөлөөнд халдсан нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарна ... гэж ажил олгогчийн тушаалын үндэслэлийг тайлбарласан байна.

Б.Нанжид нь хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байх явцдаа бусад ажилчдаас мөнгө авах, өгөх зэргээр зээлийн гэрээний харилцаа үүсдэг ба ийнхүү зээл авахдаа хүний нөөцийн ажилтны хувьд тухайн ажилтнууд цалингийн зээл авч байгаа, авах гэж байгаа нийгмийн асуудлаа шийдвэрлүүлсэн зэрэг нөхцөл байдлыг мэдсэн, өөрийн хариуцан ажилладаг доод тушаалын ажилчдаас зээл авч байгаа асуудал нь ажлын байрны давуу байдлаа ашигласан байдлаар тэдгээрт олгогдсон мөнгийг авсан, өөртөө үлдээсэн зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 6.3-т заасан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд хамаарч байна. Энэ талаар хэрэгт авагдсан ажил олгогч байгууллагын Хүний нөөцийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, мөнгө өгсөн, авсан хүмүүсийн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдсон. Нэхэмжлэгч өөрийн үйлдлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа байхад хөдөлмөрийн гэрээний харилцаанаас ялгаж тодорхойлох ёстой байсан гэж тайлбар, гомдол гаргах хэдий ч бусдаас мөнгө авсан, өгсөн үйлдэл нь түүний хүний нөөцийн ажил албан тушаал эрхэлж буй байдалтай холбоотой гарсан тул ажил олгогч нэхэмжлэгчийг ажил албан тушаалын давуу байдлаа ашигласан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтны дээрх үйлдлүүд 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 02,03 дугаар саруудад үргэлжилсэн байдлаараа зөрчилд арга хэмжээ авах хуульд заасан хугацаа хэтрээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм. Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Б.НАРМАНДАХ