Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1850

 

 

 

 

   2018 оны 09 сарын 25 өдөр

      Дугаар 182/ШШ2018/01850

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: Б.Н 

Хариуцагч: “МХС” ТӨХХК

 

            “МХС” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 11-ний өдрийн Б/159 тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.022.474 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, гэрч Ш.Цэцэгсүрэн, Т.Мягмарбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Н миний бие 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “МХС” ТӨХХК-ийн захирлын Б/302 дугаар тушаалын дагуу тус компанийн Хүний нөөцийн хэлтсийн “Хүний нөөцийн ажилтан”-ы албан тушаалд туршилтын хугацаагаар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тус компанийн захирлын Б/430 дугаар тушаалын дагуу үндсэн ажилтнаар томилогдсон. Улмаар 2015 оноос хойш байгууллагын дотор идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж ирсэн боловч “МХС” ТӨХХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар Б/159 тушаал гарч ажлаас халсан болно. Тус тушаалд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1.1.3, 11.1.4.6, 11.1.4.10, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудын тус тус зөрчсөн гэх боловч миний бие дээрх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тус компанид ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон холбогдох дүрэм, журамд заасан ямар нэгэн сахилгын зөрчил бодитоор гаргаж байгаагүй. Ажилтнуудыг дарамталж байгаагүй. Мягмарбал Их засаг сургуулийн оюутан, цаг хожимдож байгаагүй, зохицуулах зүйл байгаагүй. Цалингийн зээл авч өг гээгүй, харин түүнээс Мөнх-Отгонд мөнгө зээлдүүлж авч өгч байсан. Цэцэгсүрэнгээс 100.000 төгрөг зээлж аваад буцаан төлсөн. Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл надад байхгүй. Гагнуурчин Ганзориг 2 сар ажилдаа ирээгүй, ажлаас чөлөөлсөн. Түүгээр зэс карт авахуулсан гэдгийг мэдэхгүй. Бусад хүмүүсийн бичгийг авчирч өгсөн. Үүрэгт ажлаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасны дагуу үнэн шударгаар гүйцэтгэж байсан болно. Харин Баярмагнай дарга олон сарын өмнөөс намайг ажлаас халах гээд байсан санаагаа хэрэгжүүлсэн. Иймд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай “МХС” ТӨХХК-ийн захирлын 2018 оны 05 сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг тус компанийн хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 5.022.474 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь “Мэдээлэл холбооний сүлжээ” ТӨХХК-ийн Ерөнхий удирдлагын газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ажилтнаар 2015 оны 09 дүгээр сараас ажилласан бөгөөд тус газрын Аж ахуй, үйлчилгээний хэлтсийг хариуцан ажилладаг байсан. Түүний хариуцдаг хэлтсийн ажилтнуудаас Б.Ныг ажилтнуудтай зүй бус харьцдаг буюу цалингийн зээл авхуулж, эргэн төлөхгүй удаадаг, цагийн хоцрогдолтой ажилтнуудыг цагийг чинь зохицуулж өгсөн гэдэг шалтгаанаар мөнгө зээлэх нэрийн дор нэхэж авдаг, нийгмийн асуудлаа шийдвэрлүүлсэн ажилтнаас би зохицуулж өгсөн мөнгө өг гэж шаардсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаад байгаа тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Ажилтнуудын гомдлоос дурдвал, Аж ахуй, үйлчилгээний хэлтсийн слесарь Т.Мягмарбал: “Би ШУТИС-д мэдээллийн технологийн чиглэлээр ажиллангаа суралцдаг тул цагийн хоцрогдол гаргадаг байсан ба түүнийг хүний нөөцийн ажилтан мэддэг байсан. Цалингийн зээл авахад заавал хүний нөөцийн ажилтнаар дамждаг байсан тул намайг сургалтын төлбөрөө төлөх гээд цалингийн зээл авах гэж байгааг мэдээд гуйсаар байгаад мөнгө зээлсэн бөгөөд төлөлгүй удсан”, Аж ахуй, үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Ш.Цэцэгсүрэн: “Компанийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх журмын дагуу 2017 онд надад 6.000.000 төгрөг компаниас олгосон. Б.Н асуудлыг чинь шийдвэрлэхэд би тусалсан гэх шалтгаанаар мөнгө зээлээч гэхэд нь 100.000 төгрөг зээлүүлсэн бөгөөд 40.000 төгрөгийг эргүүлэн өгөөгүй” гэх гомдлуудыг Захиргаа хуулийн хэлтэст гаргасан. Компанийн хүний нөөцийн зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар Б.Ныг байлцуулан Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар хэлэлцсэн. Уг хурал дээр Б.Н нь ажилтнуудаас мөнгө зээлсэн гэхдээ эргүүлэн төлсөн, зарим ажилтнаар Зэс карт гаргуулан хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Ш.Цэцэгсүрэнгээс 100.000 төгрөг аваад 40.000 төгрөгийг буцааж өгөөгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны хориглох зүйлийг зөрчсөн буюу албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хариуцан ажилладаг Аж ахуйн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудаас цалингийн урьдчилгаа авхуулж мөнгө авсан, Голомт банкны зэс карт гаргуулан ашигласан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах үндэслэл болсон. Мөн Б.Н нь компанийн аттестатчиллын шалгалтанд давтан хангалтгүй дүгнэгдсэн нь ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах шалтгаан болсон. Гэхдээ бид тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-ыг баримтлаагүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Ш.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сард байгууллага нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна гэж 6.000.000 төгрөг өгсөн. Б.Н нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүмүүсээс хасагдсан байхад оруулж өгсөн гэсэн. Надаас 100.000 төгрөг зээлсэн ба цалин буухаар 60.000 төгрөгийг өгч 40.000 төгрөгийг өгөөгүй гэв.

Гэрч Т.Мягмарбал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Цалингийн урьдчилгаа авахад Б.Нын гарын үсгийг авдаг ба 2017 оны 08 дугаар сард цалингийн урьдчилгаа авах гэхэд Н би өмнөөс чинь хөөцөлдөөд өгье гээд авсан. Тэр мөнгөний шаардлага байна, 150.000 төгрөг өгчих гэсэн. Ажлын цагийн хожимдлын 80 цагийн асуудлыг би зохицуулж байгаа гэсэн. 3 удаа нэхүүлж байж 09 дүгээр сарын сүүлд өгсөн. 2 сарын дараа тэр уулзая гэж уулзаад цалингаа Хаан банк руу шилжүүлчих гэж ятгасан гэв.

Шүүх нэхэмжлэл, ажилд томилох тухай тушаал, үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, “МХС” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/159 тоот Б.Над сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал, Б.Нын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “МХС” ТӨХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, “МХС” ТӨХХК-ийн хүний нөөцийн зөвлөлийн ажиллах журам, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хүний нөөцийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, “МХС” ТӨХХК-ийн Ерөнхий удирдлагын газарт хүргүүлсэн ажилтнуудын тайлбар гомдол, “МХС” ТӨХХК-ийн ажилтнуудын бичгээр гаргаж өгсөн тайлбар болон бусад бичгийн баримтыг шижлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Н нь Хүний нөөцийн хэлтсийн “Хүний нөөцийн ажилтан”-аар “МХС” ТӨХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

            “МХС” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 тоот Б.Над сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалт, Хүний нөөцийн зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны хориглох зүйлийг зөрчсөн буюу албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хариуцан ажилладаг Аж ахуйн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудтай зүй бус харьцсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж марган тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг Б.Н шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Нын гаргасан зөрчил байгууллагын дотоод журамд заасан компанийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйлийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан, түүнийг ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулах тухай “МХС” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал нь хуулийн дагуу гарсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, хөдөлмөрийн гэрээний 6.3 дахь заалтад хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг тус тус заажээ.

            “МХС” ТӨХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар бүлгийн 3.1.1-д “Ажилтан албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чин шударгаар гүйцэтгэж, ёс зүй, зан харилцааны өндөр соёлтой, эрхэлж буй ажилдаа хүндэтгэлтэй хандана” гэж, 3 дугаар бүлгийн 3.1.2-т “Ажилтан нь хамт олноо хүндэтгэж ажлын байрандаа нөхөрсөг нээлттэй, эерэг уур амьсгал бүрдүүлэн, компанийн ашиг сонирхлыг дээдлэн, нэр хүндийг нь өндөрт өргөн ажиллана” гэж тус тус заасан байх ба хүний нөөц хариуцсан ажилтан Б.Н дээрхийг мөрдөн ажиллах үүрэгтэй байсан байна.

 Б.Нын хариуцан ажилладаг Аж ахуй, үйлчилгээний хэлтсийн ажиллагсдаас түүний ёс зүй, зан харилцааны талаар болон албан тушаалаа ашиглаж зээл нэрийн дор мөнгө авч, нэгээс нөгөөд мөнгө олж өгөх, банк олж өгч зээл авахыг шаардах гэх мэт үйлдэл гаргаж буй талаар захиргаа, хуулийн хэлтэст өргөдөл мэдээлэл гаргасны дагуу байгууллагаас шалгаж, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хүний нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцжээ. Б.Нын үйлдлийн талаар ашиглалтын хэсгийн менежр М.Ганболд, сантехникийн инженер Д.Батхүү нар эхэлж мэдэж мэдээлсэн байна.

Дээрх хурал дээр Б.Нын талаар Т.Мягмарбал, Ш.Цэцэгсүрэн нарын тайлбар, мөн үйлчлэгч Сэржмядагийн “мөнгө зээл, эсхүл мөнгө зээлэх хүн олж өг гэхээр нь кросын инженер Болороогоос 2 сая төгрөг зээлж өгсөн, хүүтэй авсан. 1 сая төгрөгийг түрүүлж өгөөд, үлдсэнийг нь жил шахам явж байгаад саяхан хаасан”, слесарь Батсүхийн “байгууллагаас 2017 оны 06 дугаар сард авсан урьдчилгаанаас 200.000 төгрөгийг хадгалж байгаад өгье гэж байлгаж байгаад мөнгөний асуудал гараад ирэхээр 2018 оны 03 дугаар сард уг мөнгийг өгсөн”, гагнуурчин Б.Ганзоригийн “Голомт банкнаас 500.000 төгрөгийн зэс карт авахуулсан”, үйлчлэгч Б.Мягмармаагийн “2018 оны 02 дугаар сард  мөнгө асууж байсан” гэх асуудлууд яригдаж, эцэст нь Б.Ныг ажлын байрны давуу байдлаа ашиглан ажилтнуудаас мөнгө зээлдэг, төлөхгүй удаадаг, ажлын цаг ашиглалт зэрэг байдлаар ажилтныг гарцаагүй байдалд оруулан дарамталж, ажилтны хориглох зүйлийг зөрчсөн гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Б.Н хурал дээр яригдсан асуудлыг няцаасан баримтыг гаргахгүй байна. Тэр Т.Сэржмядаг, Батсүх, Мягмармаа, Л.Сэлэнгэ нарын бичсэн тайлбаруудыг шүүхэд өгсөн боловч тэдгээр нь өөр хоорондоо зөрчилтэй, зарим үйл баримт болон он сар өдөр зөрүүтэй байна. Т.Сэржмядагийн бичигт “ээмэг бөгж тавьж зээл авахуулаагүй”, Батсүхийн бичигт “2017-05-15-нд урьдчилгаанд 448.000 төгрөг авсан”, Мягмармаагийн бичигт “цалингийн урьдчилгаа авах гэж ярьсан, мөнгө төгрөг авахуулсан зүйл байхгүй” гэсэн, зарим нэг хүнээс тайлбар байхгүй  ба харин хурал дээр яригдаагүй Л.Сэлэнгээс “Над зээл авч өгч байгаагүй” гэсэн бичгийг ирүүлсэн байна. Т.Мягмарбалаас зээлсэн мөнгийг бусдад зээлж өгсөн гэх боловч энэ нь түүний хийх ажил биш байна.

Хүний нөөцийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээс харахад ажлын цагийн хоцролт, тасалдлыг зохицуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оролцсон гэж гарцаагүй байдалд оруулж ажилтнаас мөнгө зээлж төлдөггүй, төлөхгүй удаадаг, цалингийн зээл авахуулдаг зэрэг зөрчлийг Б.Н гаргаж байсан нь харагдаж байна.

Шүүх хуралдаан дээр Т.Мягмарбал, Ш.Цэцэгсүрэн нар энэ талаар гэрчийн мэдүүлэг өгсөн нь ажил олгогч Б.Над ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болоогүйг нотолж байна.

Б.Н Ш.Цэцэгсүрэнгээс авсан 100.000 төгрөгийг бүгдийг төлсөн гэсэн боловч Ш.Цэцэгсүрэн 40.000 төгрөгийг буцааж өгөөгүйг мэдүүлж байна.

Б.Нын дээр үйлдлүүд 2017 оны 06, 08, 11 дүгээр сар, 2018 оны 02, 03 дугаар сард болсон байх ба үргэлжилсэн байдлаараа зөрчлийн шинжийг агуулж, хөдөлмөрийн гэрээний 6.3 дугаар зүйлд заасан “ажил олгогчийн болон хамт олны нэр хүндэд харшлах, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ мэдээлэл тараах, дарамт шахалт үзүүлэх... зэрэг буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн ноцтой зөрчилд хамаарч байх ба зөрчилд арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй үед арга хэмжээг авсан байна гэж үзнэ.

            Дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Б.Нын “МХС” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 сарын 11-ний өдрийн Б/159 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.022.474 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс 95.310 төгрөг гаргуулж улсад олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоноийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                   

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД