Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01895

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/01895

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02056 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Ганбат, Г.Ариунаа нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 31 652 267 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхмандах, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Батсайхан нар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Отгонбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ганбат нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хас банктай 500110994 дугаар зээлийн шугамын гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 1780000310-01 дугаар баталгаат ипотекийн гэрээнд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан гэрээг шинэчлэн байгуулж 50 000 000 төгрөгийн шугамын зээлийг 8 жилийн хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Гэрээг байгуулахад Г.Золбоо нь хамтран нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, 10 дугаар байр 7 тоот, 95 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч С.Ганбат, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Золбоо нар шугамын зээлийн гэрээнд заасан хугацаанд хумих боломжгүй болсон ба тэдний хүсэлтийг харгалзан гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох, хамтран үүрэг гүйцэтгэгч болох Г.Золбоог хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээс чөлөөлж Г.Ариунаа хамтран үүрэг гүйцэтгэгч болгох, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх зэргээр нөхцөлийг өөрчилсөн. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мөн зээлдэгч С.Ганбат, Г.Ариунаа нарын хүсэлтээр зээлийн гэрээний дуусах хугацааг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор тусгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, хүү бууруулах зэргээр дахин нөхцөл өөрчилсөн. Хариуцагч нар зээлийн гэрээний төлбөрийг гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 15-нд төлөх болон түүнээс хойш төлөгдөх төлбөрийг төлөлгүй 112 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар зээлээс 2 300 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хариуцагч С.Ганбат, Г.Ариунаа нараас 31 652 267 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оныг хүртэл 2008 оноос хойш олон удаа Хас банкнаас зээл авч тухай бүр хугацаанд нь төлж ирсэн. 2015 оны 7 дугаар сард миний дүү н.Гансүх Хас банкнаас миний нэр дээр 50 000 000 төгрөг зээлээд 2017 оноос тэр зээлээ төлөх нь хүндрэлтэй болсон. н.Гансүх арваад жил Хас банканд ажилласан. Тэгээд Яармагт том объект авч тэр бизнес нь асуудалтай болоод зээлээ төлөх нь хэцүү болсон. Энэ зээлийг авахдаа н.Гансүх банкны хүмүүстэйгээ ярьж тохирч авсан. Нэгэнт би өөрийн нэр дээр зээл авахад зөвшөөрсөн болохоор гэрээний дагуу 2020 он гэхэд зээлийг бүрэн төлөх болно. Хариуцагч С.Ганбат 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Золбоо оролцож зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ, төлөгдөөгүй дүнгийн бодолт, үнийн дүнд хариуцагч нар маргахгүй. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж зээлийг төлөх боломжгүй болсон, 2020 онд төлж дуусгах талаар хариуцагч нар тайлбартаа бичсэн. Зээлийг дүү нь авсан. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасуулж, үндсэн зээлийг төлөх хүсэлтэй байна. ... гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Ганбат, Г.Ариунаа нараас 31 652 267 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Ганбатын өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, 10 дугаар байр, 7 тоот, 95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 912 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Ганбат, Г.Ариунаа нараас 386 411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хариуцагч С.Ганбат би давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие Хас банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлсөөр ирсэн бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн шугамын гэрээгээр 50 000 000 төгрөгийг зээлдэн аваад өөрийн дүү С.Гансүхэд зээлийн төлбөрийг өгч байсан. Зээлийн төлбөрийг С.Гансүх нь банкны хүмүүстэй ярьж тохирч авч байсан. Миний бие зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй учраас төлбөр төлөх үндэслэлгүй тул анхан шатны шүүхээс зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хууль бус болсон байна. Түүнчлэн хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шугамын гэрээний нөхлөл өөрчлөх гэрээгээр зээлийн төлбөр шилжүүлэн аваагүй болно. Монгол Улсын Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйлийн 21.4 дэх хэсэгт "зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч С.Ганбат, Г.Ариунаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 652 267 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500110994 дүгээр зээлийн гэрээ байгуулж, Хас банк ХХК нь 50 000 000 төгрөгийг 27,6 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар С.Ганбатад зээлдүүлэх, С.Ганбат нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, 10 дугаар байр, 7 тоотод байрлах 95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалах, Г.Золбоо хамтран үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 14-17 дугаар тал/

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Г.Золбоог хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээс чөлөөлж Г.Ариунаа хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар талууд харилцан тохиролцжээ. /хх-ийн 13 дугаар тал/

Түүнчлэн талууд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож 500110994 дугаар зээлийн гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дуусгахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан талаар маргаагүй. /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

Талуудын байгуулсан зээл болон ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт ... гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. /хх-ийн 26-р тал/

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч С.Ганбат, Г.Ариунаа нараас шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч С.Ганбат мөн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй, зээлийн мөнгийг би хэрэглээгүй гэх боловч талуудын байгуулсан зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, гэрээний нөхцөл өөрчлөх гэрээ, зээлийн эргэн төлөлт хийсэн С.Ганбатын дансны хуулга, Хас банк ХХК-д гаргасан түүний хүсэлтүүд зэргээс дүгнэхэд тэрээр зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй гэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 10-26, 35-37, 41-42-р тал/

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ