Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2056

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/02056

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

              

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: дүүрэг  дугаар хороо Х банк ХХК.

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо дүгээр хороолол  дугаар байр тоотод оршин суух,  онд төрсөн  настай,Б овогт С.Г

 Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо  дүгээр хороолол дугаар байр  тоотод оршин суух,  онд төрсөн  настай, Г овогт Г А

Гэрээний үүрэг 33.952.267 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              

  Нэхэмжлэгч Х  банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: С.Гнь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х  банктай 500110994 дугаар зээлийн шугамын гэрээ, 2013 оны  05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 1780000310-01 дугаар баталгаат ипотекийн гэрээнд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан гэрээг шинэчлэн байгуулж 50.000.000 төгрөгийн шугамын зээлийг 8 жилийн хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Гэрээг байгуулахад Г.З нь хамтран нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 дугаар байр 7 тоот 95 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч С.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.З нар шугамын зээлийн гэрээнд заасан хугацаанд хумих боломжгүй болсон ба тэдний хүсэлтийг харгалзан гэрээний дагуу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болох, хамтран үүрэг гүйцэтгэгч болох Г.Зг хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээс чөлөөлж Г.А хамтран үүрэг гүйцэтгэгч болгох, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх зэргээр нөхцөлийг өөрчилсөн. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөн зээлдэгч С.Г, Г.А нарын хүсэлтээр зээлийн гэрээний дуусах хугацааг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор тусгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, хүү бууруулах зэргээр дахин нөхцөл өөрчилсөн. Хариуцагч нар зээлийн гэрээний төлбөрийг гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 15-нд төлөх болон түүнээс хойш төлөгдөх төлбөрийг төлөлгүй 112 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар зээлээс 2.300.000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хариуцагч С.Г, Г.А нараас 31.652.267 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Г, Г.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оныг хүртэл 2008 оноос хойш олон удаа Х  банкнаас зээл авч тухай бүр хугацаанд нь төлж ирсэн. 2015 оны 07 дугаар сард миний дүү н.Гансүх Х  банкнаас миний нэр дээр 50.000.000 төгрөг зээлээд 2017 оноос тэр зээлээ төлөх нь хүндрэлтэй болсон. н.Гансүх арваад жил Х  банкинд ажилласан. Тэгээд Яармагт том объект авч тэр бизнес нь асуудалтай болоод зээлээ төлөх нь хэцүү болсон. Энэ зээлийг авахдаа н.Гансүх банкны хүмүүстэйгээ ярьж тохирч авсан. Нэгэнт би өөрийн нэр дээр зээл авахад зөвшөөрсөн болохоор гэрээний дагуу 2020 он гэхэд зээлийг бүрэн төлөх болно гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй.  Хариуцагч С.Г2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х  банктай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.З оролцож зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ, төлөгдөөгүй дүнгийн бодолт, үнийн дүнд хариуцагч нар маргахгүй. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж зээлийг төлөх боломжгүй болсон, 2020 онд төлж дуусгах талаар хариуцагч нар тайлбартаа бичсэн. Зээлийг дүү нь авсан. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Х уулж, үндсэн зээлийг төлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 31.652.267 төгрөг нэхэмжилсэнг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа боловч миний хувьд өмгөөлөгчөөр оролцож байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөвшөөрсөнөөр шийдвэрлүүлэхгүй. Шүүхийн шийдвэр гаргуулна гэв.

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Х  банк ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч С.Г, Г.А нарт холбогдох гэрээний үүрэг 33.952.267 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 31.652.267 төгрөг гаргуулахыг шаарджээ.

            Зохигчийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулагдаж 50.000.000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд С.Гын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн байгуулж, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Г.Зг хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээс чөлөөлж Г.Аг хамтран үүрэг гүйцэтгэгч болгон гэрээний хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд дуусгавар болгохоор өөрчилсөн, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн шугамын гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, хүү бууруулах зэргээр нөхцөлийг өөрчилсөн болох нь бизнесийн зээлийн өргөдөл, харилцагчийн анкет, зээлийн шийдвэр, талуудын тайлбар, гэрээ, баталгаат ипотекийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Зээл болон ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Нэхэмжлэгч Х  банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч 2020 онд гэхэд зээлийг бүрэн төлөхөөр тайлбар гаргасан, шүүх хуралдаанд нэхэмжлэгч үнийн дүнг багасгаж 31.652.267 төгрөг нэхэмжилсэнг хариуцагчийн өмгөөлөгч үнийн дүнг зөвшөөрсөн тул хариуцагч С.Г, Г.А нараас гэрээний үүрэгт 31.652.267 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х  банк ХХК-нд олгож, барьцаа хөрөнгө С.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 дугаар байр 7 тоотод 95 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                                                                              

                                                         ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч С.Г, Г.А нараас 31.652.267 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Х  банк ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 10 дугаар байр 7 тоотод 95 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,912 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Г, Г.А нараас 386.411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х  банк ХХК-нд олгосугай.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                   

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.КУЛЬДАНА