Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00215

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00215

 

 

 

 

 

 

 

 

2018 01 17 210/МА2018/00215

 

 

 

Э.Төгссайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01786 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Төгссайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д холбогдох

 

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны олговор гаргуулах, 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү, нууцын нэмэгдэл, шагналт цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Төгссайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Алтайсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Төгссайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Төгссайханыг урьд эрхэлж байсан ажил буюу Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоохоор заасан байхад шүүхийн шийдвэрийг зөрчиж өөр ажилд томилсон. Гэвч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/190 дугаар тушаал Ерөнхий удирдлагын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн өр барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Шүүхийн шийдвэртэй нийцээгүй гэж үзэж байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж хуулийн зөвлөх О.Оюунтуяагийн оронд түүний эзгүй байх хугацаанд хуулийн зөвлөхийн үүргийн түр орлон гүйцэтгүүлэхээр тушаал гаргуулж өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэмэлт бичүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан 60 /ажлын/ хоногийн буюу ажилд томилох хүртэл цалин хөлсийг хариуцагч талаас нөхөн гаргуулах хүсэлтэй байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох өдрийн 33023 төгрөгөөр тооцсон. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрт тусгагдаагүй зөвхөн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх нийт 74 хоногийн хугацаа цалин хөлсийг тогтоосон. Ажил олгогчийн үүргээ биелүүлээгүйн төлөө ажилтан цалин хөлсөөр хохирох ёсгүй тул нэхэмжлэгч миний бие 2016 оны 3 дугаар сарын 7-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 7 сарын хугацааны үндсэн цалингийн зөрүү, хөнгөлөлт нууцын нэмэгдэл, шагналт цалингийн тодорхой хувийг нөхөн гаргуулж, ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу нэмэлт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хурлын 59/01 дугаартай Бүтэц батлах тухай тогтоолоор компанийн бүтэц орон тоог шинэчлэн баталж урьд нь байсан хуулийн албыг татан буулгаж Ерөнхий удирдлагын газарт Захиргаа хуулийн хэлтсийг шинээр байгуулж хуулийн зөвлөх гэсэн албан тушаалыг хуулийн ажилтан, мэргэжилтэн болгож өөрчилсөн. Шүүхийн шийдвэрээр Э.Төгссайханыг ажилд эгүүлэн авч Захиргаа хуулийн хэлтсийн өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь шүүхийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл биш. Иймд Э.Төгссайханы гаргасан хуулийн албанд хуулийн зөвлөхөөр томилуулах тухай хүсэлтийг дэмжихгүй байна. Нэхэмжлэгч    Э.Төгссайханы нэхэмжлэлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан 60 хоногийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг мөн дэмжихгүй. Учир нь Э.Төгссайхан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсны дараа Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 783 дугаартай магадлал гаргаж гомдлыг хэрэгсэхгүй орхисон байна. Иймд дээрхи хугацааны цалин хөлсийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.   Э.Төгссайхан нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд туршилтын журмаар ажиллаж байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д туршилтын болон сургалтын хугацаа 6 сараас ихгүй байна гэж заасан. Компанийн үр дүнгийн урамшуулал шагналт цалин олгох тухай журмаар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд шагналт цалин олгохгүй гэж заасан байдаг. Мөн дотоод журмаар туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтанд хоол унааны хөнгөлөлт олгохгүй гэж заасан. Мөн Э.Төгссайхан нь нууцын эрхлэгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байгаагүй болно. Иймд Э.Төгссайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу хариуцагч Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал, уг тушаалын дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтайсайхан давж заалдах гомдолдоо:

... Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 182/Ш2017/00238 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Э.Төгссайханыг Ерөнхий удирдлагын газрын Захиргаа хуулийн хэлтсийн өр, авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилон ажиллуулсан. Э.Төгссайхан нь анх МХС ХХК-д ажилд орохдоо жирэмсний амралттай байсан ажилтны оронд түр хугацаагаар туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсныг компанийн одоогийн захирал нь шүүхийн шийдвэрийг шударгаар биелүүлэх үүргээ биелүүлж компанийн өр, авлага барагдуулах ажилтны орон тоо шинээр гарган үндсэн ажилтнаар буюу Э.Төгссайханы ажиллах эрх зүйн байдлыг дээрдүүлэн ажиллах эрхийг хангаж шийдвэрлэсэн. Э.Төгссайхан нь компанийн үндсэн ажилтнаар томилогдсоноор компанийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хоол, унааны нэмэгдэл авах, Үр дүнгийн урамшуулал, шагналт цалин олгох журмын дагуу сар бүр хийсэн ажлаа дүгнүүлэн үндсэн цалингийн 50 хүртлэх хувийн нэмэгдэл цалин авах, компанид тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажилласан ажилтанд олгодог Нийгмийн асуудлыг шийдвэрлэх журмын дагуу орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх зэрэг эрхийг нээж өгсөн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалт нь өмнө нь эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь цөөрсөн бөгөөд уг албан тушаалд томилоход орон тоо байхгүй тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцохыг зохицуулсан хуулийн заалт гэж ойлгож байна. МХС ХХК нь бүтцийн өөрчлөлт хийж Хуулийн албыг ерөнхий удирдлагын газрын нэг хэлтэс болгон нэрийг нь захиргаа хуулийн хэлтэс болгон өөрчилж, хуулийн зөвлөх гэсэн нэршлийг хуулийн ажилтан гэж өөрчилж, ажилтнуудынхаа ажиллах чиг үүргийг тодорхойлж өр, авлага барагдуулах хуулийн ажилтан гэж тодруулсан болохоос биш нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын чиг үүрэг, цалин хөлсийг нь өөрчилсөн зүйл огт байхгүй. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01786 дугаар шийдвэрийн МХС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот ажилд эгүүлэн тогтоосон захирлын тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Төгссайхан нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 тоот тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны олговор гаргуулах, 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү, нууцын нэмэгдэл, шагналт цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэр авагдсан байх бөгөөд уг шийдвэрээр нэхэмжлэгч Э.Төгссайханыг урьд эрхэлж байсан ажил буюу Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон байна. /хх-ийн 14-16 тал/ Нэхэмжлэгч Э.Төгссайханы нэхэмжлэлийн үндэслэлд заасан шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажилд томилсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь ажилтан Э.Төгссайханыг хуулийн ажилтнаар ажиллуулахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль болон ажилтны эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хурлын 59/01 дугаар батлах тогтоолоор компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж, урьд байсан хуулийн албыг татан буулгаж Ерөнхий удирдлагын хэлтэст Захиргаа, хуулийн хэлтэс шинээр байгуулж, хуулийн зөвлөх гэсэн албан тушааалыг хуулийн ажилтан мэргэжилтэн болгон өөрчилж, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/98 дугаар тушаалаар компанийн бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиг үүргийг шинэчлэн баталж, Захиргаа, хуулийн хэлтэст хуулийн ажилтан 3 байхаар орон тоог баталсан болох нь хэрэг авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 54-57, 67-68 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байдаг бөгөөд Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5/190 дугаар тушаалаар түүнийг компанийн Ерөнхий удирдлагын газрын Захиргаа хуулийн хэлтсийн өр авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. /хх-ийн 6-11 тал/

 

Учир нь нэхэмжлэгч Э.Төгссайхан урьд нь хуулийн зөвлөхийн ажил эрхэлж байсан бөгөөд нэхэмжлэгчийн одоогийн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд үндсэн зорилт, сарын цалин, тавигдах шаардлага зөрүүтэй, өөр ажил гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 8, 69-72, 88-89 тал/ Нэхэмжлэгч Э.Төгссайхан ажил олгогч байгууллагатай 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан хуулийн ажилтанаар ажиллахаар тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх бөгөөд нэхэмжлэгч Э.Төгссайханыг хуулийн ажилтан гэх албан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байсан, ажил олгогч хууль зөрчиж нэхэмжлэгчийн өөр ажилд тавьсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Э.Төгссайханыг Ерөнхий удирдлагын газрын Захиргаа хуулийн хэлтсийн өр авлага барагдуулах хуулийн ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Э.Төгссайханыг ажилд эгүүлэн тогтоосон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дугаар тушаал болон мөн өдөр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Анхан шатны шүүхээс Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дугаар тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Э.Төгссайхан нэхэмжлэлийн нэг шаардлагаа 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 7 сарын хугацааны үндсэн цалингийн зөрүү, хөнгөлөлт, нууцын нэмэгдэл, шагналт цалингийн тодорхой хувийг гаргуулна гэж тодорхойлжээ. Хэргийн 4 дүгээр талд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 5/62 дугаар тушаал авагдсан бөгөөд уг тушаалд Э.Төгссайханыг 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар томилон ажиллуулж, нэг сарын үндсэн цалин 710 000 төгрөгийн 80 хувь болох 568 000 төгрөгөөр цалинжуулахаар тохирсон байх бөгөөд нэхэмжлэгчид нууцын нэмэгдэл, шагналт цалинг өгөхөөр тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор гомдлоо гаргах эрхтэй боловч уг хугацааны дотор гомдлоо гаргаагүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Харин ажил олгогч байгууллага Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд томилсон байх байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр хуулийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч байгууллагаас дээрх хугацааны олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2017/01786 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-иас 2 047 426 гаргуулж нэхэмжлэгч Э.Төгссайханд олгож, 2017 оны 1 дүгээр сарын 27-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д даалган, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/190 дугаар тушаал болон хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүг нөхөн гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО