Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01294

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/01294

 

 

Л.Билгүүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00762 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.Билгүүн

Нэхэмжлэгч Зэлмэбаатар ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 50 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Идэрчулуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Түвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Билгүүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зэлмэбаатар ХХК-ийн өмч болох 90-20 УН улсын дугаартай Лиүгонг /LIUGONG/ маркийн экскаваторыг түрээслэх, үр ашгийг нь хүртэх эрхийг Л.Билгүүнд олгосон. Үүний дагуу түрээсийн гэрээг Л.Билгүүн Их мандах үйлст ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд экскаваторыг ачин хүргэн өгч, Л.Билгүүн нь ажлаа эхэлсэн. Гэрээний хугацаанд түрээслүүлэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлж, түрээслэгч талын ажлын талбайд экскаваторыг бүрэн ажиллах боломжийг хангасан. Гэрээнд зааснаар сарын төлбөр нь 16 000 000 төгрөг, түрээслүүлэгч нь уг төлбөрийг 7 хоног бүрт 4 000 000 төгрөгөөр төлж байхаар тохирсон боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээний хугацаа дуусахад экскаваторыг Улаанбаатарт өөрийн зардлаар хүргэж өгөх үүргээ түрээслэгч тал мөн биелүүлээгүй, бид өөрсдийн зардлаар тээвэрлэн авчирсан. Түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас экскаватор зарим өдрүүдэд ажиллаагүй байдаг. Түрээслэгчийн усан буу эвдэрснээс ажил түр зогссон байдаг. Уг усан буу руу экскаватороор шороо хийдэг. Усан буу эвдэрсэн учир ажил зогссон. Улаанбаатар хот руу усан буугаа засахаар явуулж байсан. Түрээслүүлэгчийн буруугаас болж ажил зогсоогүй учир түрээсийн төлбөрөө бүтнээр нь нэхэмжилж байгаа. Лиүгонг /LIUGONG/ маркийн экскаватор нь Зэлмэбаатар ХХК тул хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Түрээсийн гэрээг Л.Билгүүн байгуулсан, мөн бид хоорондоо тохиролцсон зүйл байгаа учир үүргийн гүйцэтгэлийг Л.Билгүүнд олгож шийдвэрлэж өгнө үү. Иймд гэрээний дагуу 2 сарын түрээсийн төлбөр 32 000 000 төгрөг, алданги 16 000 000 төгрөг, тээврийн зардал 2 500 000 төгрөг, нийт 50 500 000 төгрөгийг хариуцагч Их мандах үйлст ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Их мандах үйлст ХХК төлөөлөгч М.Цогтоо нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.Билгүүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй болно. Хамтран нэхэмжлэгч Зэлмэбаатар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга түрээсийн гэрээний үүрэгт 50 500 000 төгрөгийг гаргуулах гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу Зэлмэбаатар ХХК нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг хавсаргаагүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж үзэж байна. Мөн Зэлмэбаатар ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Их мандах үйлст ХХК-иас 48 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Билгүүнд олгож, үлдэх 2 500 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Их мандах үйлст ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 397 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Билгүүнд буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах гомдолдоо: ...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 заасан зохицуулалтаар түрээслүүлэгчийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн эсэхээс хамааран түрээслэгчийн үүрэг үүсэх юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх зохигчдын гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх, түрээслүүлэгч субъект нь хэн болох түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглах боломжтой эд хөрөнгийг шилжүүлсэн эсэх талаар хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу гэрч нь хэргийн бодит нөхцөл байдалтай ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэдэг нь баримтаар нотлогдох ёстой. Нэхэмжлэгчийн талын хүсэлтээр гэрчээр асуусан Г.Сайнбат болон М.Мөнхбаатар нарыг тухайн үеийн бодит нөхцөл байдлыг тодорхой мэдэх эсэх нь тодорхойгүй. Гэрч М.Мөнхбаатар "Л.Билгүүнийг 2016 оны 6 дугаар сарын дундуур, түрээсийн экскватортой ирсэн", "2016 оны 8 дугаар сарын сүүл хүртэл ажилласан. Надаас хойш буцсан гэв" гэх мэдүүлэг, гэрч Г.Сайнбат "...Ажилласан хугацаа нь 10 хоног байсан...." гэх зөрүүтэй тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтууд хоорондоо зөрүүтэй. Нэхэмжлэгч Л.Билгүүн нь хариуцагч "Их мандах үйлст" ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас сул зогссон гэдгийг баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад манай байгууллагаас 48 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь ямар ч нотлох баримтыг үндэслэлгүйгээр "Их мандах үйлст" ХХК-ийг өөрийн буруугаар түрээсийн эд хөрөнгийг ашиглаж чадаагүй гэж дүгнэснийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч талыг гэрчүүдийг асуухад оролцуулаагүй. Гэрчүүд асуулгах хүсэлтэй нь холбоотойгоор тайлбар гаргах боломжийг хариуцагч талд олгоогүй.

Шүүх хуралдаантай байх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаардаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нөхцөл нь хүндэтгэн үззх шалтгаангүйгээр ирээгүй байхыг шаарддаг. Хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдааныг хийж хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн илэрхий худал тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. У.Түвшин миний бие 2017 оны 3 дугаар сарын 16-ны одрийн 10 цаг 00 минутад Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очсон байсан. Шүүх хуралдаанд оролцох болох үед хариуцагч А.Болысхан У.Түвшин надаас татгалзсаны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Иймээс шүүх хуралдаанууд адил 10 цагт товлогдсон байсан тул Налайх дүүргээс Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх рүү явахад цаг хугацааны хувьд 10 цагаас өмнө очих боломжгүй болсон байсан.

Хариуцагчийн Их мандах үйлст ХХК-ийн өмгөөлөгч Б.Баттөмөрийг хэргийн материалтай танилцуулаагүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож хууль ёсны эрх ашиг хамгаалуулан оролцох боломжоор хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй байхад хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн.

Мөн "3элмэбаатар" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг Түрээсийн гэрээний үүрэгт 50 500 000 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон байдаг. Аливаа этгээд нэхэмжлэл гаргахдаа зайлшгүй тусгах зүйлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу "Зэлмэбаатар" ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа уг баримтыг хавсаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.11-д заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 15 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн эсэх талаар хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөх, хэргийн ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээдүүдийг гэрчээр асуулгаж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч тухайн маргаанд хамааралтай хуулийг хэрэглээгүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Билгүүн, Зэлмэбаатар ХХК нар хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 32 000 000 төгрөг, алдангид 16 000 000 төгрөг, тээвэрийн зардалд 2 500 000 төгрөг нийт 50 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Билгүүн нь хариуцагч Их мандах үйлст ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Экскаватор түрээслэх гэрээг байгуулсан, уг гэрээгээр түрээслүүлэгч Л.Билгүүн нь түрээслэгч Их мандах үйлст ХХК Лиүгонг /LIUGONG/ маркийн экскаваторыг 2016 оны 6 дугар сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэх, түрээслүүлэгч нь нэг сарын түрээсийн төлбөрт 16 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх4-6/

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилго биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч буюу түрээслэгч Их мандах үйлст ХХК гэрээгээр хүлээсэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Л.Билгүүн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй.

 

Гэрээний 5.1-д түрээслэгч нь энэ гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг гүйцэтгэгчид зохих ёсоор бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх тул шүүх хариуцагч байгууллагаас түрээсийн гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг, алданид 16 000 000 төгрөг нийт 48 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн түрээсийн гэрээний 232.4, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалттай нийцжээ. Харин шүүх нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэг болон алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй хуулийн заалт болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь заалтыг баримталсныг залруулан өөрчлөх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Билгүүн нь нэхэмжлэлийн нэг шаардлага болох тээврийн зардалд 2 500 000 төгрөгийг гаргуулах үндэслэлээ Их мандах үйлст ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хохирол учирсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байх тул зөвтгөн өөрчилөхөөр тогтов.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Зэлмэбаатар ХХК нь хамтран нэхэмжлэгчээр оролцсон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Л.Билгүүнд олгуулахаар тайлбараа гаргасан байна. /хх 33-35/

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгсон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Зэлмэбаатар ХХК үүргийн гүйцэтгэлийг нөгөө нэхэмжлэгч Л.Билгүүн шаардах эрхтэй гэсэн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Зэлмэбаатар ХХК нь хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байхад шүүх уг шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь зөрчилтэй болсон байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зэлмэбаатар ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо... гэрчүүдийг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байсан гэдэг нь тодорхойгүй, мөн хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн, ....оролцогчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, ....өмгөөлөгч Б.Баттөмөрийг хэргийн материалтай танилцуулаагүй гэсэн үндэслэл заасан байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуралтай гэх шалтгаанаар шүүх хуралд ирээгүй боловч тухайн шүүх хуралдаанд мөн оролцоогүй талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дурьдсан байна, хэргийн 22 дугаар талд хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж гарчээ.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00762 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Их мандах үйлст ХХК-иас 48 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Билгүүнд олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2 500 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж ,

 

Шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Зэлмэбаатар ХХК нь хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдуулан гаргасан 50 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгазсаныг баталсугай гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 болгон өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа У.Түвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ Ц.ИЧИНХОРЛОО