Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/00762

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/00762

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л. Б,

 

Хамтран нэхэмжлэгч: З ХХК нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Их ХХК -д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 50,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б-ний өмгөөлөгч С.Н, хамтран нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зэлмэбаатар компанийн өмч болох ... улсын дугаартай Лиүгонг /LIUGONG/ маркийн экскаваторыг түрээслэх, үр ашгийг нь хүртэх эрхийг Л.Б-д олгосон. Үүний дагуу түрээсийн гэрээг Л.Бн ИМХ ХХК-тай 2016 оны 6 сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд экскаваторыг ачин хүргэн өгч, Л.Б нь ажлаа эхэлсэн.

Гэрээний хугацаанд түрээслүүлэгч нь үүргээ зохих ёсоор биелүүлж, түрээслэгч талын ажлын талбайд экскаваторыг бүрэн ажиллах боломжийг хангасан. Гэрээнд зааснаар сарын төлбөр нь 16,000,000 төгрөг, түрээслүүлэгч нь уг төлбөрийг 7 хоног бүрт 4,000,000 төгрөгөөр төлж байхаар тохирсон боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээний хугацаа дуусахад экскаваторыг Улаанбаатарт өөрийн зардлаар хүргэж өгөх үүргээ түрээслэгч тал мөн биелүүлээгүй, бид өөрсдийн зардлаар тээвэрлэн авчирсан.

Түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас экскаватор зарим өдрүүдэд ажиллаагүй байдаг. Түрээслэгчийн усан буу эвдэрснээс ажил түр зогссон байдаг. Уг усан буу руу экскаватороор шороо хийдэг. Усан буу эвдэрсэн учир ажил зогссон. Улаанбаатар хот руу усан буугаа засахаар явуулж байсан. Түрээслүүлэгчийн буруугаас болж ажил зогсоогүй учир түрээсийн төлбөрөө бүтнээр нь нэхэмжилж байгаа.

Лиүгонг /LIUGONG/ маркийн экскаватор нь З ХХК тул хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Түрээсийн гэрээг Л.Б байгуулсан, мөн бид хоорондоо тохиролцсон зүйл байгаа учир үүргийн гүйцэтгэлийг Л.Б-д олгож шийдвэрлэж өгнө үү.

Иймд гэрээний дагуу 2 сарын түрээсийн төлбөр 32,000,000 төгрөг, алданги 16,000,000 төгрөг, тээврийн зардал 2,500,000 төгрөг, нийт 50,500,000 төгрөгийг хариуцагч ИМҮ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б-ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Хамтран нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга түрээсийн гэрээний үүрэгт 50,500,000 төгрөгийг гаргуулах гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу З ХХК нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг хавсаргаагүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж үзэж байна.

Мөн З ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б, З ХХК нар хариуцагч ИМҮ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 32,000,000 төгрөг, алданги 16,000,000 төгрөг, тээврийн зардал 2,500,000 төгрөг, нийт 50,500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч ИМҮ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч Нэхэмжлэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, З ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Л.Б, ИМҮ ХХК нар 2016 оны 6 сарын 09-ний өдөр Экскаватор түрээслэх гэрээ байгуулж, түрээслүүлэгч тал Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах түрээслэгч талын уурхайд Лиүгонг /LIUGONG/ маркийн экскаваторыг 2016 оны 6 сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэх, түрээслэгч тал нь нэг сарын түрээсийн төлбөрт 16,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.

... улсын дугаартай, Лиүгонг /LIUGONG/ маркийн экскаватор нь З ХХК-ийн өмч болох нь холбогдох тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хамтран нэхэмжлэгч З ХХК-ийн зүгээс 2016 оны 6 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Л.Б-д өөрийн өмчлөлийн Лиүгонг /LIUGONG/ экскаваторыг бусдад түрээслүүлэх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон, мөн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг авах эрхтэй гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу түрээслүүлэгч Л.Б нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг түрээслэгч ИМҮ ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, нэхэмжлэгч нарын тайлбар, гэрч М.М, Г.С нарын мэдүүлэг зэрэг баримтаар түрээслүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах түрээслэгчийн уурхайд экскаваторыг ажиллуулсан, экскаватор гэрээний хугацаанд эвдрэл гэмтэл, доголдолгүйгээр ажилласан, ИМҮ ХХК-ийн тоног төхөөрөмж эвдэрсэн шалтгаанаар экскаватор сул зогссон үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх ба Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар ИМҮ ХХК өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй тул хууль болон гэрээнд заасны дагуу хоёр сарын түрээсийн төлбөр 32,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн, түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 1-д түрээслэгч нь гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон түрээслүүлэгчид төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д нийцэж байх тул хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Гэрээнд заасны дагуу алданги тооцоход (32,000,000 х 0.5%) х 132 хоног 21,120,000 төгрөг гарч байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 16,000,000 төгрөгийн алданги гаргуулах үндэслэлтэй байна.

Хэдийгээр түрээслэгч нь экскаваторын уурхай хүртэл ирэх, буцах зардлыг хариуцахаар талууд харилцан тохиролцсон байх боловч /түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ тээвэрлэлтийн зардалд 2,500,000 төгрөг гарсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хамтран нэхэмжлэгч З ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй учир З ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч ИМҮ ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт нийт 48,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, үлдэх 2,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,

Хариуцагч компани нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр Б.С-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, 2017 оны 01 сарын 26-ны өдөр хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргаж /шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан/, 2017 оны 02 сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-с татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.Т-г томилж /шүүх хариуцагчийн төлөөлөгчид нотлох баримттай танилцах, мэтгэлцэх боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулсан/, 2017 оны 2 сарын 15-ны өдөр өмгөөлөгч Б.Б-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ /өмгөөлөгч Б.Б өвчтэй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан/.

Улмаар, хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар 2017 оны 3 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан, уг шүүх хуралдаанд зайлшгүй оролцох шаардлагатай учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн төлөөлөгч арван минутын өмнө Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнө явж байсан учир арван минутын дараа болох Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй, мөн өмнө шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болсон эмнэлгийн магадлагааны дагуу уг эмнэлэгт очиж лавлахад Б.Б гэх хүнд HAL-RAR хагалгаанд орсон, өвчний түүх нээсэн, хаасан мэдээлэл байхгүй байсан. Иймд шүүх хуралдаан давхацсан эсэхэд эргэлзээ төрж байгаа учир Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс лавлаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.

Шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Т-ийн туслахтай шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст тэмдэглэгдсэн ... дугаар утсаар холбогдон лавлахад ПЭД ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд У.Т, Б.Б хүрэлцэн ирээгүй, үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ирцээр нотлох боломжтой, шүүх хуралдааны тэмдэглэлийн эхний нүүрний зургийг авч явуулая гэсэн болно.

Иймд, 2017 оны 2 сарын 15-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өдрөөс хойш нэг сар гаруй хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцаагүй хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-н хариуцлагагүй байдал, мөн хариуцагчийн төлөөлөгч У.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарын шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ИМҮ ХХК-иас 48,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, үлдэх 2,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИМҮ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 397,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР