Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 438

 

                                      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-4 эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Овоотын 9-339б тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  дугаарын регистртэй, Б овгийн Б Г-т холбогдох 1808000950212 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Сувд Хайрхан“ хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн М.О “гар утсаа өгөхгүй бол ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлэн, хоолойг нь боож, хүч хэрэглэн довтолж, “Хавай Е-6” маркийн гар утсыг гараас нь шүүрч дээрэмдэж, бусдад 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн 1808000950212 дугаартай хэргээс:

Хохирогч М.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 12 дүгээр сарын 22-ний өдөр...Сувд-Хайрхан дэлгүүрийн хажуугаар булан эргээд явж байсан чинь нэг 175 орчим см өндөртэй 20 орчим насны шар царайтай нэг залуу гарч ирээд “гар утсаа өгөхгүй бол ална шүү, хурдал” гэж хэлсэн. Тэгэхээр нь би орилоод гар утсаа гаргаж ирээд утсаа урагш нь барьсан. Тэгээд гарнаас миний гар утсыг булааж аваад зугтаасан...Би дээрэмдүүлчихсэн байхад дараа нь нэг залуу ирээд надад тусалсан юм. Би тэр залууг сэжиглэж байна...Намайг дээрэмдсэн залуу нь миний урдаас ирж байснаа зөрөнгүүтээ буцаж миний араас миний гараараа хоолойгоор ороож бариад “гар утсаа өгөхгүй бол ална шүү” гэсэн. Тухайн үед би  Хавай Е-6 маркийн утсаа гартаа бариад яриад явж байсан юм. Тэр хүн намайг дээрх байдлаар сүрдүүлснээ миний гартаа барьсан байсан утсыг маань гараас мулт татаж аваад миний ирсэн зүг рүү гүйгээд алга болчихсон...Миний утсыг дээрэмдсэн хүн миний өөдөөс гудамжаар алхаад ирж байхад нь би анзаарч харахад тэр хүн юүдэнтэй малгайтай, хар өнгийн дундаж урттай курткатай, куртканыхаа юүдэн малгайгаа өмчихсөн 20 орчим насны шар царайтай, өндөр туранхай хүн байна гэж харсан. Би эхлээд тэр хүнд утсаа дээрэмдүүлчихээд айгаад шоконд орсон байсан бөгөөд тэр хүн буцаад ирэхэд нь би ямар адилхан юм бэ гэж харсан. Гэхдээ тэр хүн малгайгүй курткатай байсан болохоор адилхан хүн л юм байна гэж бодсон...Тэр хүн дээрээс нь куртканыхаа малгайг авсан байсан юм байна лээ. Тиймээс би будилчихсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй ээ. Харин сэтгэл санааны хувьд цочролд орсон... гэжээ. /хх-22-25/,

Гэрч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 12 сарын 20-ны орчимд манай охин М.О ажлаасаа тараад гэртээ харих замдаа Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо шинээр баригдсан 129 дүгээр сургуулийн орчимд байдаг “Сувд хайрхан” хүнсний дэлгүүрийн тэнд гар утсаа дээрэмдүүлсэн юм...Шөнө 00 цаг өнгөрч байхад надтай утсаар яриад би тосож авах гэж байсан юм. Утсаар ярьж байхдаа хаана байгаагаа хэлж амжаагүй байж байтал гэнэт охин утасны цаанаас орилоод гар утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд би шууд гэрээсээ гарч гүйгээд доошоо шинэ сургууль руу гудамжаар гүйгээд гарахад нэг Приус 20 машин эргээд зогссон. Тэр машин дотроос манай охин бууж ирсэн...Манай охин надад өөрийг нь гудамжны үзүүр дээр нэг залууд гар утсаа дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Тэр оройдоо би цагдаагийн 102- т дуудлага өгч бүртгүүлсэн юм. Тэрнээс дараахан Сувд хайрхан дэлгүүрийн гадна талын хяналтын камерыг хорооны цагдаа нартай очиж шүүж үзэхэд манай охиныг нэг залуу дээрэмчихээд зугтаагаад буцаж очиж туслаж буй дүр үзүүлж байгаа бичлэг байсан. Тэр бичлэгээр хорооны цагдаа нар дээрэм хийсэн залууг гэрээс нь барьсан. Тэр залуу манай охиныг дээрэмдчихээд худлаа туслаж байгаа дүрээр хуурч над руу дөхүүлж өгсөн байсан. Тэрнийг нь камерын бичлэгээр орж мэдсэн юм. Тэр залуу нуруу хэсэгтээ задгайрдаг цахилгаантай хар өнгийн  бүсэлхий давсан куртиктэй байсан. Зугтаж байхдаа куртикнийхээ юүдэн малгайг айлын гараж дээр давуулж шидсэн байсан...Юу болсоныг тодруулахад "гар утсаа өгөхгүй бол ална шүү” гэж хэлж айлгаад гарнаас нь гар утсыг нь шүүрээд Хөтөл рүү чиглээд зугтаасан гэсэн...гэжээ. /хх-28-29/,

Гэрч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 7 дугаар гудамж 187б тоотод байрлах ”Сувд Хайрхан” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт дээгүүрээ бараан хувцастай эрэгтэй куртканыхаа малгайг тайлаад айлын хашаанд зүүж орхичихоод буцаад явж байгаа бичлэг байсан. Камерын бичлэгт бичигдсэн залуу нь хохирогчийн хэлсэн хүнтэй адилхан байсан тул бид нар уг камерын бичлэгээр сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж байсан...Тухайн үед хэргийн газрын орчим хүмүүс архи уусан тухайн мэдээлэл авагдсан бөгөөд тэдний дунд Г гэх өмнө гэрээсээ гараад сураггүй болсон гээд эрэн сурвалжлагдаж байсан залуу байсан тухай мэдээлэл байсан. Ингээд бид нар Г эх Алтанчагнаа гэх хүн рүү залгаж “Г гэртээ ирсэн юм биш үү, ирж уулз” гэж хэлээрэй гэж дамжуулсан. Ингээд 2017 оны 12 сарын 24-25-ны үед Ганцог хороон дээр буюу манай ажлын байран дээр ирсэн байхаар нь би “Сувд хайрхан” дэлгүүрийн камерын бичлэгийг үзүүлэхэд Ганцог нь бичлэгийг хараад “би мөн, дээрэм хийсэн” гэж хэлсэн бөгөөд гар утсыг нь яасан гэхэд Г нь “надад байгаа” гэхээр нь авчирч өг гэхэд Г нь утсыг авчирч хэсгийн байцаагч Б.Г өгсөн байсан...Г шууд би хэрэг үйлдсэн гэж хэлээгүй, харин намайг камерын бичлэгийг үзүүлэхэд Г нь хараад “би мөн” гэж хэлсэн юм...гэжээ. /хх-30-31/,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...2017 оны 12 дугаар сарын 20-нд гарсан байхад би орой 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байхад Баянхошууны Хөтөлд  гудамжинд машиндаа би найз Г уулзаж 2.5 литрийн нийслэл пиво хувааж уусан...манай эхнэр Алгирмаа намайг олж ирээд “архи уулаа, машин тэрэгтэй согтуу явлаа”  гээд уурласан. Тухайн үед эхнэр маань уурлаад байсан тул би Г салаад эхнэртэйгээ явсан, Г ч тэндээс салаад харьлаа гээд явсан. Цааш нь би юу болсныг санахгүй байна...Сүүлд нь Ганцог өөрөө дээрмийн хэрэгт холбогдсон гэж ярьж байсан...гэжээ. /хх-32-33/,

Шүүгдэгч  Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 12 сарын 22-ны өдөр Баянхошууны Хөтөл дээр найз Г-н хамт орой 00 цагийн орчим түүний Приус 20 маркийн машинтай 0,75 литрийн 1 шил архи, мөн 2.5 литрийн 1 ш пиво аваад хувааж уусан. Тухайн үед Г-н эхнэр А ирээд Г архи уулаа гээд загнаад авч явахаар болсон...манай найз У-н төрсөн өдөр болох гэж байсан, тиймээс надад мөнгө хэрэгтэй байсан тул тухайн үед надад урд явсан охины утсыг нь авах санаа төрөөд зөрөхдөө түүний гартаа бариад яриад явж байсан утсыг нь шүүрч аваад зугтсан. Намайг зугтах үед тэр охин куртканы малгайнаас зуурах шиг болсон ба би зугтаж байхдаа малгай маань унжаад унах гээд байхаар нь малгайгаа аваад тухайн гудамжныхаа айлын хашааг давуулаад шидчихсэн...хорооны цагдаа С булааж авсан утсаа өгсөн, мөн болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгэхэд С цагдаа утаснаасаа камерын бичлэг үзүүлээд “чи мөн үү” гэхээр би өөрийгөө мөн гэдгийг нь хэлсэн...Надад мөнгөний хэрэг гарсан, мөн согтуу байсан болохоор тийм зүйл хийсэн байсан. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна...гэжээ. /хх-47-50/,

Шүүгдэгч Б.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, эд зүйлд үзлэг хийсэн үнэлгээ /хх-35/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-19,20/, шүүгдэгч Б.Ганцогийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж,  хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Сувд Хайрхан“ хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн М.О “гар утсаа өгөхгүй бол ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлэн, хоолойг нь боож, хүч хэрэглэн довтолж, “Хавай Е-6” маркийн гар утсыг гараас нь шүүрч дээрэмдэж, бусдад 140.000 төгрөгний хохирол учруулсан болох нь

-хохирогч М.О “...явж байсан чинь нэг 175 орчим см өндөртэй 20 орчим насны шар царайтай нэг залуу гарч ирээд “гар утасаа өгөхгүй бол ална шүү хурдал” гэж хэлсэн, тэгэхээр нь би орилоод гар утасаа гаргаж ирээд утасаа урагш нь барьсан тэгээд гарнаас миний гар утасыг булааж аваад зугтаасан...Намайг дээрэмдсэн залуу нь миний урдаас ирж байснаа зөрөнгүүтээ буцаж миний араас миний гараараа хоолойгоор ороож бариад “гар утсаа, өгөхгүй бол ална шүү” гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-25-25/,

-гэрч Б.М“...Шөнө 00 цаг өнгөрч байхад надтай утсаар яриад би тосож авах гэж байсан юм. Утсаар ярьж байхдаа хаана байгаагаа хэлж амжаагүй байж байтал гэнэт охин утасны цаанаас орилоод гар утас нь холбогдохгүй болчихсон...Манай охин надад өөрийг нь гудамжны үзүүр дээр нэг залууд гар утсаа дээрэмдүүлсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг./хх-28-29/,

-гэрч Г.С ”...”Сувд хайрхан” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт дээгүүрээ бараан хувцастай эрэгтэй куртканыхаа малгайг тайлаад айлын хашаанд зүүж орхичихоод буцаад явж байгаа бичлэг байсан. Камерын бичлэгт бичигдсэн залуу нь хохирогчийн хэлсэн хүнтэй адилхан байсан тул бид нар уг камерын бичлэгээр сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж байсан...дэлгүүрийн камерын бичлэгийг үзүүлэхэд Г нь бичлэгийг хараад “би мөн, дээрэм хийсэн” гэж хэлсэн...Г нь утсыг авчирч хэсгийн байцаагч Б.Г өгсөн байсан...Ганцог шууд би хэрэг үйлдсэн гэж хэлээгүй, харин намайг утсан дээрх камерыг бичлэгийг үзүүлэхэд Ганцог нь хараад “би мөн” гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/,

-гэрч Г.Г“...Сүүлд нь Ганцог өөрөө дээрмийн хэрэгт холбогдсон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/,

-эд зүйлд үзлэг хийсэн үнэлгээ /хх-15,35/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-19,20/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын  газраас шүүгдэгч Б.Г гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж буюу хохирогчийн хоолойг боож, хүч хэрэглэхээр заналхийлж буюу ална шүү гэж айлган сүрдүүлж “Хавай Е-6” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.О 140.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч М.Отгонжаргалд эд зүйлийг буцаан өгсөн /хх-19-20/, шүүгдэгч Б.Г-с энэ шийтгэх тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж буюу хохирогчийн хоолойг боож, хүч хэрэглэхээр заналхийлж буюу ална шүү гэж айлган сүрдүүлж “Хавай Е-6” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Г нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 26 хоног цагдан хоригдсон болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.Г-н

 тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б Г-г бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Б.Г-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ганцогт оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Ганцогийн цагдан хоригдсон 26 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Б.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.  Б.Г бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт Б.Г иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын

 биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-г цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

              

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ